Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00237

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00237

 

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03122 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

3,798,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Герман хэлний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг А ХХК-тай гэрээ байгуулж, сургалтын төлбөр 11,400,000 төгрөгийн төлбөрөөс урьдчилгаа 4,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн. Сургалтын төвийн хичээл 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор эхэлсэн боловч миний бие хөхний хавдартай болсноо мэдэж, яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсноор цаашид суралцах боломжгүй болсон. Иймд сургалтад 4 хоног хамрагдсан хугацааны төлбөрийг хасаад, үлдэх 3,798,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.А ХХК нь ХБНГУ-ын мэргэжлийн сургуульд суралцах хүсэлтэй иргэдэд элсэн суралцах тухай зөвлөгөө, мэдээлэл өгөх, зуучлалын үйлчилгээ үзүүлэх болон герман хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Б- 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагын сургалт, зуучлалын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтэд бүртгүүлэн, ХБНГУ-ын Мэргэжлийн сургуульд сувилагчийн чиглэлээр элсэх тухай танилцуулга, зөвлөгөө мэдээлэл авч гэрээ байгуулан, 102/22 дугаартай зуучлалын гэрээний 6.2.1-т заасны дагуу зуучлалын үйлчилгээний төлбөрт 2,000,000 төгрөг, 102/22 дугаартай сургалтын гэрээний 4.2.1-т заасны дагуу герман хэлний сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг төлсөн. Сургалт 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эхэлж, Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 5, 6, 7, 8-ны өдрүүдэд сургалтдаа хамрагдаад, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас хагалгаанд орох болсон тул үргэлжлүүлэн суралцах боломжгүй тухайгаа мэдэгдсэн.

2.2.Б- нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө буюу хичээл эхлэхээс өмнө гэрээнээс татгалзах, цуцлах тухай хүсэлтээ гаргасан бол бид төлсөн төлбөрийг буцаан өгөх хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэвч бид гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж эхэлсний дараа гэрээнээс татгалзах, цуцлах тухай саналыг гаргасан тул Зуучлалын гэрээний 9.4-т "Зуучлуулагч энэхүү Гэрээний дагуу зуучлалын үйлчилгээ үзүүлж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргавал хүсэлт гаргах хүртэл хугацаанд төлсөн төлбөрийг буцаан олгохгүй гэж, мөн Сургалтын гэрээний 7.6-д Суралцагч энэхүү гэрээний дагуу Герман хэлний сургалтад хамрагдаж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргавал гэрээний 4.2.1-т заасан төлбөрийг буцаан олгохгүй" гэж зааснаар мөнгийг буцааж олгох боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт тус тус баримтлан хариуцагч А ХХК-аас 3,798,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,718 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээг хөлсөөр ажиллах гэрээ хэмээн алдаатай дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээнд дараах өвөрмөц нөхцөлийг харилцан тохирсон. Үүнд: Сургалтын байгууллагын хувьд гэрээний 3.1.2-т нь герман хэлний танхимын эсхүл цахим сургалтыг зохион байгуулах техник, тоног төхөөрөмжийг бэлтгэж, тогтоосон цагт, оновчтой, үр дүнтэй арга барилаар хичээл заах үүрэгтэй 3.1.4-т Суралцагчийн сурлагын чанарт хяналт тавьж, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулахаар шаардлага тавих эрхтэй гэж заасан. Харин суралцагчийн хувьд гэрээний 3.2.3-т Хичээлийн цаг, тогтоосон хуваарийг нарийн чанд баримтлан, хичээлийн цагаас хоцрохгүй байхаар бүх эрсдэлийг тооцон сургалт, давтлагад хамрагдах үүрэгтэй гэж, 3.2.5-д багшийн өгсөн үүрэг, даалгаврыг тухай бүрд нь хийж, гүйцэтгэх үүрэгтэй гэж тохирсон. Мөн талууд гэрээний хугацааг 6.1-т Гэрээ талууд харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгохоос бусад тохиолдолд сургалтад бүрэн хамрагдаж дунд шатны В1 түвшний шалгалтад тэнцсэнээр сургалт амжилттай болсон гэж үзэн дуусгавар болно хэмээн заасныг анхаарах нь зүйтэй. Иймд, талуудын хооронд байгуулагдсан сургалтын гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээ бус Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй гэрээ юм.

4.2. Гэрээнээс татгалзах тухай ойлголтыг ихэвчлэн хиймэгц биелэх буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгддэг. Гэвч Б-ын хувьд анх элсэлтэд бүртгүүлэхдээ ХБНГУ-ын мэргэжлийн сургуульд сувилагчийн чиглэлээр элсэх тухай танилцуулга, зөвлөгөө мэдээлэл авсан бөгөөд манай байгууллагын герман хэлний сургалтад 9 сарын 5, 6, 7, 8-ны өдрүүдэд хамрагдсан. Өөрөөр хэлбэл, гэрээ нэгэнт хэрэгжиж эхэлсэн бөгөөд гэрээний үр дагаврыг буцаах боломжгүй тул гэрээнээс татгалзах тухай биш гэрээ цуцлах зохицуулалтыг дүгнэх ёстой байсан. Гэтэл шүүхийн зүгээс зөвхөн гэрээнээс татгалзах үед ашиглагддаг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл юм.

4.3. Талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээний 3.3, зуучлалын гэрээний 9.4 энэхүү гэрээний дагуу зуучлалын үйлчилгээ үзүүлж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргавал хүсэлт гаргах хүртэл хугацаанд төлсөн төлбөрийг буцаан олгохгүй гэж, мөн сургалтын гэрээний 7.6-д Суралцагч энэхүү гэрээний дагуу герман хэлний сургалтад хамрагдаж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргавал гэрээний 4.2.1-т заасан төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасныг анхаараагүй.

Герман хэлний сургалтын үйл ажиллагаа 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эхэлсэн бөгөөд үүнээс өмнө нэхэмжлэгч гэрээнээс татгалзах, цуцлах тухай хүсэлтээ гаргасан бол түүний төлсөн төлбөрийг буцаан өгөх нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэвч гэрээний нэг тал болох бид гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж эхэлсний дараа гэрээнээс татгалзах, цуцлах тухай саналыг гаргаж байгаа нь нэхэмжлэлд дурдсан 4,000,000 төгрөгийг буцаан гаргах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч А ХХК-д холбогдуулан сургалтын болон зуучлалын гэрээний төлбөр 3,798,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А ХХК болон Б- нар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, А ХХК нь суралцагчийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд герман хэлний сургалтанд хамруулах, Б- нь сургалтын төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж,

мөн А ХХК болон Б- нар нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, А ХХК нь зуучлуулагчийг ХБНГУ-ын мэргэжлийн сургуульд элсэн суралцахад нь зуучлалын үйлчилгээ үзүүлэх, Б- нь зуучлалын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа гэж анхан шатны шүүх тус тус дүгнэсэн нь хуульд нийцсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр байна. /хх 6-16/.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээний урьдчилгаа төлбөр 4,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримтыг зөв тогтоожээ..

 

5. Нэхэмжлэгч Б- 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хөхний хавдартай болсон гэх эрүүл мэндийн шалтгааны улмаас гэрээний үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон талаар мэдэгдэж, зуучлалын гэрээнээс татгалзаж, 4 хоногийн сургалтад суусан тул хөлсөөр ажиллах гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлсэн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж заасантай нийцсэн байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасныг зөв дүгнэжээ.

Харин анхан шатны шүүх энэ тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсгийг дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд хүндэтгэн үзэх шалтгаан заахгүйгээр талууд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан болно.

 

5.1. Зуучлалын гэрээний 9.4-т Зуучлуулагч энэхүү гэрээний дагуу зуучлалын үйлчилгээ үзүүлж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргах хүртэл хугацаанд төлсөн төлбөрийг буцааж олгохгүй гэж заасан боловч зуучлалын гэрээгээр тохиролцсон зуучлалын үйл ажиллагаа эхлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлсэн тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй болно.

 

5.2. Сургалтын гэрээний 7.6-д Суралцагч энэхүү гэрээний дагуу Герман хэлний сургалтад хамрагдаж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргавал гэрээний 4.2.1-д заасан төлбөрийг буцаан олгохгүй гэж талууд тохиролцсоныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ цуцлах тохиолдлыг зохицуулсан гэж дүгнэхээр байна.

Харин Б- нь эрүүл мэндийн улмаас сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний 7.6-д заасан тохиролцоо хамаарахгүй тул тэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг буцаан шаардах эрхтэй болно. Ийнхүү төлбөрийг буцаан шаардахдаа гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлс 4 өдрийн сургалтын төлбөр 202,000 төгрөгийг хасч нэхэмжилсэнд хариуцагч маргаагүй.

Нэхэмжлэгч Б- нь эрүүл мэндийн нөхцөл байдлаа 2022 оны 08 дугаар сарын 20-ын өдөр дүрс оношлогоонд үзүүлсэн, эмгэг судлалын сүүлийн дүгнэлт 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарсан байхад гэрээний сургалтын гэрээний 3.3-т заасан гэрээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж болзошгүй аливаа асуудлыг нөгөө талдаа түргэн шуурхай мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг цуцлах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэхэд саад болохгүй юм.

Иймд сургалтын гэрээг цуцалж, 1,798,000 төгрөгийг буцаан олгохоор анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Харин гэрээ цуцлах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээнээс илүү төлсөн байхад буцаан олгоогүйг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын 56.1 гэсний дараа 58 дугаар зүйлийн 58.1 гэж, үлдээж гэсний дараа илүү төлөгдсөн 3,232 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгч Б-д буцаан олгож, гэж тус тус нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ