Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2019/0056

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаарh221/МА2019/0056

Улаанбаатар хот

 

Ж.Ц-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ж.Ц түүниий өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0730 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Ц-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0730 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 112 дугаар зүйлийн 112.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 102 дугаар зүйлийн 102.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/28 тоот захирамжийг хүчингүй болгож, Ж.Ц-г Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Ж.Ц-д 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,248,693 /дөрвөн сая хоёр зуун дөчин найм мянага зургаан зуун ерэн гурав/ төгрөгийг олгож, Ж.Ц-н эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “Ж.Ц миний биед учирсан хохирол болох өмгөөөлийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн хэсэг болон хэрэгсэхгүй болгосон хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Илт хууль бус захиргааны актын хувьд:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд хангаж ”эрх зүйн үйлчлэлгүй болгож" “нэхэмжлэгчийн эрхийг сэргээж” байгаа хэдий ч илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг “хүчингүй болгож" шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь маргаан бүхий захиргааны акт болох "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 06 сарын 11-ны өдрийн Б/28 тоот тушаал” нь дүүргийн Засаг даргын хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж хорооны Засаг даргыг чөлөөлөх шийдвэр гаргасан.        

Үүнийг шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Дүүргийн Засаг даргад ямар ч хуулиар “хорооны Засаг дарга өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй тохиолдолд бие даан чөлөөлөх" эрх олгогдоогүй болохыг “хуульд заасан үндэслэлээр огцруулах бол" тус эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.4-д заасны дагуу тухайн хорооны Иргэдийн Нийтийн хуралд “санал" гаргаж улмаар “шийдвэрийг” Иргэдийн нийтийн хурал хэлэлцэн эцэслэн гаргах эрхтэй болохыг тус тус нотолсон.

Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зөвхөн харьяалах иргэдийн Нийтийн Хурлаар шийдвэрлүүлэхээр "санал” гаргах эрх бүхий албан тушаалтан тус санал бус харин эцэслэн ажлаас чөлөөлөх “шийдвэр” гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт” гаргасан гэж заасан нөхцөлийг хангаж байна.

Мөн Ж.Ц нь Засаг даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгөөгүй байхад мөн Засаг даргаас огцруулах үндэслэл үүсээгүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр бие даан "чөлөөлөх” тушаал гаргаж төрийн албанд ажиллах эрх, улс төрийн албан хаагчийн хувьд "сонгогдон ажиллах” эрхэд халдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 "иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангана.

Шийдвэрт илт хууль бус актын дээрх шинжийг хангахаас татгалзах үндэслэлээ "Илт хууль бус гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно" гэжээ.

Захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасны шинжийг агуулж байгаа бол тус актын хэн харахаас үл хамааран “илт хууль бус” захиргааны актад тооцогдох ёстой.

Нөгөө талаас захиргааны актын "илт хууль бус” эсвэл "хүчингүй” гэх ойлголтууд нь захиргааны эрх зүйн нарийвчилсан ойлголт бөгөөд хуульч биш хүн тэр ч атугай захиргааны эрх зүй чиглэлээр мэргэшээгүй хуульч ч ялгах боломж байхгүй тул шүүхийн тус дүгнэлт үндэслэлгүй юм.

Тус захиргааны акт хүчингүй болох "илт хууль бус болох” хууль зүйн үр дагавар Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т зааснаар "гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үр дагаваргүй байна” гэж зааснаар ялгагдана.

Иймээс ч нэхэмжлэгчийн зүгээс “илт хууль бус болохыг тогтоолгохоор” нэхэмжлэл гаргасан болно.

Учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний хувьд:

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж заасан байна. Өмгөөллийн хөлс нь захиргааны актын улмаас учирсан шууд хохирол биш шууд бус хохирол ба харин албан тушаалтаас чөлөөлсөн захиргааны актын улмаас нэхэмжлэгч цалин хөлсгүй байсан нь захиргааны актын улмаас учирсан шууд хохирол юм" гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Б/28 тоот хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн төдийгүй бодит хохирол учирсан тул хуульд заасан үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлсэн.

Нэхэмжлэгч Ж.Ц нь өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах шаардлагаар Өмгөөллийн “Мон Ло" ХХН-тэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ" байгуулж тус нөхөрлөлийн гишүүн өмгөөлөгч Ө.Э миний бие Ж.Ц-н өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд Ж.Ц нь тус нөхөрлөлд өмгөөллийн хөлсөнд төлсөн 3.000.000 төгрөг нь түүнд учирсан бодит хохирол юм.

Хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон сөрөг үр дагавар бөгөөд гол шинж нь тооцож хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил, үр дагаврын шалтгаант холбоо байх, нөхөн төлөгдөх шинжтэй байдаг. Өмгөөллийн хөлс нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэлтэй шууд хамааралтай буюу тэрхүү үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгохын тулд гарсан зардал тул өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаагүй бол дээрх хохирол гарахгүй байсан гэдгийг мөн анхаарч үзэх шаардлагатай.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ 14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ...хууль зүйн туслалцаа авах” гэж заасан.

Нэхэмжлэгч Ж.Ц-д учирсан хохирол болох өмгөөллийн зардал нь Сүхбаатар дүүргийн засаг даргын “илт хууль бус” шийдвэрийн улмаас учруулсан хохирол мөн бөгөөд тус хохирлыг нөхөн төлүүлэх, эрх эрх чөлөөг Монгол Улсын иргэний хувьд хөтөлбөргүй эдлэх ёстой.

Шүүхийн шийдвэр үндэслэлээ "өмгөөлөгч авах эсэх нь сайн дурын асуудал” гэж гаргасан байна. Тухайн маргаан нь өөрийн онцлогоос хамаарч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн нарийвчлан зохицуулалтыг хэрэглэх нөгөө талаар "илт хууль бус” захиргааны акт болохыг тогтоолгож эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломж нь мэргэжлийн өмгөөлөгчтэй оролцсоны үндсэн дээр хэрэгжих боломжтой.

Мөн хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргыг тус маргаанд мэргэжлийн баг бүхий хууль зүйн хэлтэс төлөөлөн оролцож байгаа бөгөөд түүнтэй маргаж буй нөхцөлд өмгөөлөгч авсны үндсэн дээр талуудын тэгш байдал хангагдах мэтгэлцэх боломжтой юм.

Иймд өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгчийн хувьд сонголт гэхээсээ илүү шаардлага гэж үзвэл илүү зүйд нийцнэ.

Иймд гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Б/28 тоот илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирол тул ийнхүү шаардах эрхтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д шууд болон шууд бус гэж ангилан ялгамжлаагүй зөвхөн хохирол гэж нэг мөр зохицуулсан байхад “шууд хохирол биш” байна гэж үзэж тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл шүүх шийдэлдээ "актын улмаас үүссэн шууд бус хохирол байна” гэж хүлээн зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 102.1-д “актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно" гэж заасныг тэмдэглэсэн атлаа тус хуульд байхгүй шууд бус хохирол бол нэхэмжлэхгүй гэх дүгнэлт хийсэн нь хуульд заагаагүй хязгаарлалтыг бий болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч актыг хууль ёсны гэж үзэж хамгаалах үндэслэлээр хохирлыг хүлээн зөвшөөрөөгүй тайлбар өгсөн бөгөөд хохирол учирсан эсэх талаар болон хэмжээний талаар маргаагүй.

Гэтэл шүүх актыг илт хууль бус гэж үзсэн атлаа түүний улмаас үүссэн хохирлыг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримтгүйгээр үгүйсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох зарчимтай харшилна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 0730 дугаар шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлээгүй хэсэг болон хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн шийдвэрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” Б/28 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгүй хүчингүй болгосон болон нэхэмжлэгчид учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгүүдийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, дараах үндэслэлүүдээр гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “...сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох…”, 28 дугаар зүйлийн 28.4-д “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж тус тус зааснаар дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгчийн хувьд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хорооны Засаг даргыг томилох, чөлөөлөх эрхтэй байна.

Иймээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга маргаан бүхий захирамжаар тус дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Ж.Ц-г ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь дүүргийн Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй, уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д /тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан/ заасан “илт хууль бус” захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс илт хууль бус болгохыг тогтоолгохоор маргаж буй захиргааны актыг гаргах эрх зүйн харилцаа болон үндэслэлийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээр дурдсан холбогдох зүйл хэсгээр тусгайлан зааж журамласан байхад уг захиргааны актаар нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл огт байгаагүй гэж үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй юм.

            Энэ тохиолдолд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Ж.Ц “эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргах”-аар дээрх хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад түүнийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн дүүргийн Засаг даргын захирамж нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны зөрчигдсөн болох нь тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчид учирсан хохиролд өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Ц нь “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авч, 3,000,000 төгрөгийн хөлс төлсөн нь хуульд заасан эрхээ эдэлсэн үйлдэл бөгөөд энэ нь нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүнд учирсан хохирол гэж үзэхгүй. Энэ асуудлаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

               ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН