Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 83

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Д” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох,

Гуравдагч этгээд: “У” ХХК, “Э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар “У” ХХК-д газар ашиглуулахаар олгосон 797 гэрчилгээний дагуу газар ашиглуулахыг даалгаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэргүй кадастрын солбилцолд өөрчлөлт оруулсан 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн болон 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийн дагуу “Д” НҮТББ-д газар ашиглуулахыг даалгах, Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д” НҮТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, гуравдагч этгээд “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Ц.Ц, гэрч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Манай “ Д” НҮТББ нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Хан-Уул дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан 

хорооны ард иргэдтэй хамтран Цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 11 хороо, Богины аманд 10 га газар олгох хүсэлт гаргасан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус газрыг бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй болохыг тодорхойлж 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийг манайд ирүүлсэн атлаа бидний цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглахаар хүсэлт гаргасан 10 га газрыг “У” ХХК-ийн 30 га газрын кадастрын зургийг өөрчлөн тус компанид олгосон байсан.

Иймд бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга асан н.Эрдэнэчимэгийн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “У” ХХК-ийн 797 дугаар газар ашиглах гэрчилгээг сунгахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүй солбицлыг өөрчилснийг, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга н.Б нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 797 дугаар газар ашиглах гэрчилгээний хавсралтан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүйгээр өөрчлөлт оруулж солбицлыг өөрчилснийг хууль бус гэж үзэн удаа дараа маргаж энэ талаар тус сайд Н.Б-т гомдол гаргаж хууль бус шийдвэрийг хүчингүй болгохыг шаардсан боловч өөрийн яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга нарын хууль бус шийдвэрийг өөрчлөхгүй байсаар байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нарын энэ хууль бус шийдвэрээс болж Монгол Улсын иргэн, Аж ахуй нэгж зөвшөөрөгдсөн нөхцөл журмын дагуу тусгай хамгаалалт бүхий газарт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд газар ашиглах болно гэсэн хуулийн дагуу бид тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхтэй. Гэтэл бидний гаргасан хүсэлт, улмаар цаашид газар ашиглаж болох эрх дээрх шийдвэрээс болж зөрчигдөж өөрсдийн хөрөнгө оруулсан газрыг ашиглах боломжгүйд хүрч бидний хуулиар олгосон эрх зөрчигдөж байна.

Мөн Богд Уулын Богины аманд Хан-Уул дүүргийн 50 жилийн ойн баярт зориулан 10.000 мод тарьж өөрийн нийгэмлэгийн нэрэмжит “Гэгээн хайрын төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн ашиг сонирхол зөрчигдөж байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нар нь өөрийн яамны сайдын тушаал шийдвэргүйгээр бие даан дур мэдэн тус компаний солбицлыг өөрчилсөн шийдвэр нь бидэнд сөргөөр нөлөөлж цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн газрын тожижилт тус газарт баригдсан 6 ширхэг 2 давхар ажилчдын байр, Сагсан бөмбөгийн талбай газрын теннисийн талбай, үерийн ус зайлуулах 400 метр инжинерийн байгууламж зэрэг олон арван сая төгрөгөөр барьж байгуулсан бидний өмч хөрөнгө “У” ХХК-ийн газар дээр баригдсан болж, үүнээс шалтгаалан бид 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгөөрөөр хохирч эд хөрөнгөө хамгаалах, өмчлөх эрх зөрчигдөж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Эрдэнэчимэгийн /тухайн үеийн нэрээр/ Байгаль орчны яамнаас “У” ХХК-д олгогдсон 30 га газрын 797 дугаар гэрчилгээний хугацааг 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сунгахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүй тус компаний газрын солбицлыг өөрчилсөн шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Б “У” ХХК-д олгогдсон 30 га газрын 797 дугаар гэрчилгээний хавсралтанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүй 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулж газрын солбицлыг өөрчилсөн шийдвэрийг хүчингүй болгохыг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар сайдын тушаалаар олгосон 797 дугаар гэрчилгээтэй 30 га газрыг 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хавсралтаар батлагдсан анхны солбицлын дагуу “У” ХХК-д газар ашиглуулахыг даалгах, “Д” НҮТББ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгээр тохиролцосны дагуу 10 га газрыг ашиглуулахаар гэрээ байгуулж газар олгохыг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...“Д” НҮТБайгууллагаас тус гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан-Уулын Богины амны нутаг дэвсгэрт орших 7 га газрын ертөнцийн зүгээр урд хэсэгтэй нь давхацуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А/321 дүгээр тушаалаар “Э” ХХК-д олгосон 4 га газар болох нь шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлд тусгажээ.

Дээрхи байдал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хөндөж байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “Д” НҮТББ-ын тэргүүн Ц.Д шүүх хуралдааны үед гаргасан хүсэлтдээ:

“...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүйгээр солбилцолд өөрчлөлт оруулсан 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэв. 

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлд “У” ХХК-ийг “В” ХХК гэж алдаатай бичсэн” байна. “У” ХХК-нд Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүст орших Богины ам гэдэг газарт аялал жуулчлалын зориулалтаар 30 га газрыг ашиглах зөвшөөрөл олгож, яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас газар ашиглах 797 дугаар гэрчилгээг олгон, гурвалсан гэрээг байгуулсан байна. Мөн тус компанийн газар ашиглах эрхийг 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5 жилийн хугацаагаар сунгасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны энэхүү шийдвэрүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжын дагуу гарсан бөгөөд иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хохироосон зүйлгүй болно. Тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 8/2789 дугаар албан бичгээр “У” ХХК-нд хандан Эрчим хүчний яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрч буй 20 км Цахилгаан дулаан ашиглалтын шугам, 2 дэд станцын угсралтын ажил хийгдэж байна. Иймд трасс дайран өнгөрч буй газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг саадгүй гүйцэтгүүлэх тухай мэдэгдэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Н “У” ХХК-нд хандан 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5/145 дугаар албан бичгээр танай А, С тэмдэглэгээ бүхий талбай нь “М” ХХК, М корпораци, “Д” ХХК, “А" ХХК-ийн зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай тул Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хандана уу гэсэн тайлбар, мөн тус компани өөрийн ашиглаж буй газраар дайран өнгөрч буй дээрх зам, станц, давхцалтай холбоотойгоор газрын гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулж өгнө үү гэж 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 01/03 дугаар албан бичгээр хүсэлт гаргасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр газар ашиглах гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулсан.

Харин “Д” НҮТББ-д хандан Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бичиг баримтын бүрдүүлбэр дутуу, MNS 6426:2013 стандарт баримтлаагүй учир танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн, мөн Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц “Д” НҮТББ-д хандан “У” ХХК-ийн 797  дугаар гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулсан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй байна гэсэн тайлбарыг тус тус хүргүүлж байсан.

Тус төрийн бус байгууллага зөвхөн газар ашиглах хүсэлт гаргаж байсан гэдэг үндэслэлээр бусдын газар ашиглах эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлын эсрэг шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “У” ХХК-ийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Монгол Улсын хуулийн этгээд болох “У” ХХК нь Богдхан Уулын Дархан цаазат газрын Богины ам нэртэй газарт Байгаль орчны сайд /тухайн үеийн нэрээр/-ын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 797 дугаар гэрчилгээний үндсэн дээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Анх 2004 онд манай компани төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчны яамнаас 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1/33 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээгээр Богдхан Уулын Дархан цаазат газрын Богины ам гэдэг газарт 10 га газрыг ашиглах эрх авч байсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомж хийгээд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 30 дугаартай гэрээний дагуу ашиглах талбайгаас гадна түүний эргэн тойрон байгаа 20 га газрыг хариуцан хамгаалуулах хэлбэрээр манай компанид өгсөн.

Улмаар 2008 онд хариуцан хамгаалах гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй болсон тул хариуцан хамгаалж байсан газраа өөрсдийн ашиглалтад авахыг төрийн захиргааны байгууллагаас санал болгосны дагуу бид 2008 оноос ийнхүү 30 га газрыг ашиглаж төрийн захиргааны байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу газрын төлбөрийг төлсөөр ирсэн.

Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2008 онд 5 жилээр сунгаж, улмаар хариуцан хамгаалах талбайг ашиглах талбайд нэмсэн тул бид Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг дахин хийлгэж төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудаар батлуулсан.

Манай компани нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, төрийн захиргааны байгууллагаас батласан барилгын зураг төслийг үндэслэн амрагчдын сууцны барилга угсралтын ажлыг өөрсдийн ашиглаж буй талбай дээр явуулж байна.

Амрагчдын сууцны “Дипломат” хотхоны зарим сууцны дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэхээр Н.Ч /Ц.Д-ын нөхөр/ анх өөрийн “И” ХХК-иар Ажил гүйцэтгэх гэрээг 2013 онд байгуулж ажилласан.

Улмаар 2013 оны 12 дугаар сард манай компанийн эхлүүлсэн 20 ширхэг амрагчийн сууц бүхий төслийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, барилга угсралтын ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэх тухай Н.Ч өөрийн эхнэр Ц.Д-ын хамт гаргасан. Г.Ч нь “манай компанид олон солонгос ажилчид байна, энэ хэдэн сууцнуудыг хурдан хугацаанд барих боломжгой” гэдэг саналыг тавьж байсан. Энэ саналаа тавихдаа ихээхэн итгэл үнэмшилтэйгээр, ажил хэрэг байдал, найрсаг зантай байсан. Энэ байдалд бид итгэн Н.Ч-тэй Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах тухай гэрээг 2013 оны 12 дугаар сард байгуулсан.

Амрагчийн сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэхдээ төрийн захиргааны байгууллагаас баталсан зураг төслийн дагуу хийгээгүй бөгөөд барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваагүй. Мөн түүнчлэн гуравдагч этгээдийн барилгын суурийн шороог Богинын аманд өөрсдийн дур зоргоор авчирч буулгасан байгалийн жалга шуудууг дүүргэн 9000 м.кв талбайг ашиглахаар зориуд бий болгосон.

Бид газар ашиглагчийн хувьд зохих ёсоор шаардлагыг Н.Ч болон түүний эхнэр Ц.Д нар тавьдаг боловч бидний шаардлага, мэдэгдлийг хүлээн авалгүй дур зоргоороо үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

Түүнчлэн бид зохих зөвшөөрөлгүй буюу батлагдсан зураг төслөөс өөр барилга байгууламж барьж эхлэхэд, түүнчлэн байгалийн жалга шуудууг барилгын шороогоор дүүргэж эхлэх үед тухай бүр Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдэж байсан.

Манай компанийн ашиглаж буй талбайн хойд хэсгээр автозам, урд хэсгээр өндөр хүчдлийн цахилгааны шугам тавигдсан. Өндөр хүчдлийн шугам тавигдах болсон тухай, өндөр хүчдлийн трасс дайран өнгөрөх газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг саадгүй гүйцэтгүүлэхийг тус яамнаас 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 8/2789 дугаар албан бичгээр бидэнд мэдэгдэж байсан.

Манай компанийн ашиглаж буй талбайн зарим хэсэг тухайн автозам болон өндөр хүчдэлийн шугам, түүний хамгаалалттай зурвастай давхцсан. Мөн иргэн Н.Ганзоригийн ашиглаж буй талбайтай зарим хэсгээр давхцсан байдаг. Үүний учир бид эдгээр давхцлуудыг арилгах тухай хүсэлтийг 2013 оноос удаа дараа төрийн захиргааны төв байгууллагад гаргаж байсан. Улмаар яамны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг болон Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн зургаар манай компанийн ашиглаж буй талбайнуудад өөрчлөлт оруулж, давхцлыг арилгах боломжтой болохыг мэдэгдсэн. Бид Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн зургийг үндэслэн давхцлыг арилгаж, нэмж өөрчлөлт хийх боломжтой талбайн зургийг тусгай зөвшөөрөл бүхий “Т” ХХК-иар хийлгүүлж 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус яаманд ашиглаж буй талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг хүссэн хүсэлтээ гаргасан байдаг. Үүний дагуу манай компанийн ашиглаж буй газрын талбайн зарим хэсгийн булангийн цэгүүдийг өөрчилсөн байдаг.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл аливаа газрыг хууль ёсоор эзэмшхийн тулд төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшдэг. Түүнээс бус тухайн газарт ямар ч гэрээ, гэрчилгээгүй буюу тухайн газрын хуульд заасан журмын дагуу бус өөрийн дур зоргоор эзэмшиж байсан нь түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд тухайн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно. Иймд “Д сэтгэл нийгэмлэг” НҮТББ-ын хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан Уулын Дархан цаазат газар тусгай хамгаалалтгай газар нутгийн Баруун Богины ам нэртэй газарт Аялал жуулчлалын зориулалтаар 4.01 га талбайг ашигладаг билээ.

Бид “Байгаль хүрээлэн” төслийг хэрэгжүүлэхээр анх 2015 оны 04 дүгээр сард дээрх газар дээр хүсэлт гаргасан байдаг. Улмаар 2015 оны 06 дугаар сарын 24-нд компаниа үүсгэн байгуулж 2015 оны 06 дугаар сарын 26-нд Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүсэлтээ шинэчилэн гаргаж холбогдох материалуудыг хавсарган өгсөн. Энэ үед тус газар дээр бусад этгээдийн аливаа эрх бүртгэгдээгүй байсан ба төрийн байгууллагаас хуулийн дагуу манай хүсэлт болон материалыг хянан үзээд газар ашиглах эрх олгосон гэж ойлгож байна.

Нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрх нь баталгаажаагүй байх тул нэхэмжлэгчийн хүссэн 7 га газартай давхцуулан манай компанид газар олгосон гэх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна.

Бид дээрх газар дээр нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг үйлдэн баталгаажуулж, газрын анхны төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн болно.

Манай компани нь өнөөдрийн байдлаар дээрх газар дээр амралт, аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр зураг төслийн ажлыг гүйцэтгүүлж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдаж мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох ёстой.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс харвал газар ашиглах эрх олж авах эрх ашиг зөрчигдсөн гэхээс өөр үндэслэл, нотолгоо авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн манай компанитай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Д” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын /цаашид Д гэх/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д нь анх Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж, “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богино аман дахь 7,2 га газарт аялал жуулчлалын чиглэлээр цогцолбор байгуулж гадаад, дотоодын жуулчдад зориулсан орчин үеийн шийдэлтэй явган зам талбайг гэрэлтүүлгийн хамт хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлыг хийхийн зэрэгцээ 2 га орчим уулын жалга, гууны хогийг цэвэрлэж хогт ургамал шарилжийг түүж зүлэгжүүлэх, мод бут тарьж байгалийн нөхөн сэргээлтийг зураг төслийн дагуу “Гэгээн хайрын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг хийж гүйцэтгэх” тухай хүсэлтээ 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 05/14, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 05/17 дугаартай албан бичгүүдээр илэрхийлж, хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн зэрэг үйл баримтууд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримт, тайлбарууд болон тус яаманд хийсэн баримт бичгийн үзлэгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Гэвч хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж байгаа тайлбарууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтэд хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6964 дүгээр албан бичгээр “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахаар ирүүлсэн бичиг баримтын бүрдэл дутуу байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна...” гэсэн хариуг өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч Д нь уг хариуг 2016 оны 01 дүгээр сард хүлээн авсан гэх боловч энэ нь гуравдагч этгээдүүдийн газар ашиглах эрхийг хууль бус гэж үзэн маргах үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд маргаан бүхий газрын асуудлаар хандсан байх бөгөөд үүний хариуд тус яамны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09/731, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/2292 дугаар албан бичгүүдээр “...Байгаль орчны сайд /тухайн үеийн нэрээр/-ын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар, 30 га газрын ашиглах эрхийг “У” ХХК-д олгож, 797 дугаар газар ашиглах гэрчилгээ олгосон, Улаанбаатар хотын ерөнхий цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс болон Богдхан-Уулын хойд хэсэгт шинээр авто зам баригдсантай холбогдуулан тус компанийн 797 дугаар газар ашиглах гэрчилгээний хавсралтад 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт орж, кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн, Монгол Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах түр журмын 3 дугаар зүйлийн 3.7 дахь заалтыг баримтлан шийдвэрлэсэн” талаар тус тус хариуг өгчээ.

Гуравдагч этгээд “У” ХХК нь анх Байгаль орчны сайдын 2008 оны 283 дугаар тушаалаар Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах, Хан-Уул дүүргийн Богины аманд байрлах, 30,0 га талбай бүхий газрыг, аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар, 797 дугаар бүхий гэрчилгээгээр ашиглах эрхтэй болсон байх бөгөөд уг газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, газрын байршлыг шилжүүлэн, 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар, газар ашиглах эрхийг сунгаж, гуравдагч этгээд “Э” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар, Хан-Уул дүүргийн Баруун богины аманд, 4,01 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон байх бөгөөд энэ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэж байна. 

Гуравдагч этгээд “У” ХХК-ийн ашиглаж байсан газрын байршлыг “...Улаанбаатар хотын ерөнхий цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс болон Богдхан-Уулын хойд хэсэгт шинээр авто зам баригдсан” гэх үндэслэлээр  өөрчлөх шаардлагатай болсон гэх үйл баримт нь хэрэгт авагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 8/2789, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/145, “У” ХХК-ийн Байгаль орчин, ногоон  хөгжил, аялал жуулчлалын яаманд хандан гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/03 дугаар албан бичгүүд болон шүүхээс хариуцагч яамны архивт хийсэн бичиг баримтын үзлэгийн баримт, үүнтэй холбогдуулан гаргасан хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчээс гаргасан “... “У” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүйгээр солбилцол өөрчилсөн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс “Э” ХХК-д маргаан бүхий газар дээр дахин газар олгосон гэж маргах боловч уг газар дээрээ нэхэмжлэгч нь албан ёсоор газар ашиглах эрхийн гэрчилгээгүй, газар ашиглах эрх үүсээгүй байсан тул гуравдагч этгээд “Э” ХХК-д бусдын газар дээр давхцуулж газар олгосон мэтээр маргах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэлээ.

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтуудаас гуравдагч этгээд “Э” ХХК-ийн хувьд Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандахдаа тодорхой огноогүй, албан ёсоор компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтээр газар ашиглах хүсэлтээ гаргасан зэргийг үндэслэн газар ашиглах эрхийг олгосон үйл баримтууд тогтоогдож байх боловч энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хийсэн баримт бичгийн үзлэгээр тус яаманд ирсэн огноо нь тодорхойлогдсон тул эдгээр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхөөргүй байна гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Д-ийн үүсгэн байгуулагчдийн 2015 оны 01 дүгээр тогтоолоор баталсан төрийн бус байгууллагын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагаа явуулна: 1. Боловсролын чиглэлээр, 2. Эрүүл мэндийн чиглэлээр” гэсэн үйл ажиллагааг эрхлэхээр байгуулагдсан байгууллага болох нь тогтоогдож байх тул “...аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглан үйл ажиллагаа явуулах нь тус нийгэмлэгийн дүрэмд нийцэхгүй” талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан бусад баримтуудын талаар дурдвал Нийслэлийн хөрөнгө 

оруулалтын газраас 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/341 дүгээр албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад газар чөлөөлөх асуудлаар хандсан байх ба үүнд гуравдагч этгээдүүдийн газар багтаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбаруудаар тогтоогдож байхын зэрэгцээ Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу нэхэмжлэгч Д-ээс хариуцагчид хандахаас өмнө гуравдагч этгээд У ХХК-ийн өөрчлөгдөх солбилцол нь давхцалгүй талаар албан бичиг хүргүүлсэн байгаа нь мөн хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нотлогдож байна.

Мөн гуравдагч этгээд “У” ХХК-ийн хувьд 2009-2013 оныг дуусталх хугацаанд газрын төлбөрөө бүрэн төлж ирсэн болох нь Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09/991, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09/1152 дүгээр албан бичгүүдээр, түүнчлэн тус компани нь Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж газрын давхцлаа арилгуулах, газар ашиглах эрхээ сунгуулах талаар хүсэлтүүдээ илэрхийлж байсан болох нь 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02, 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/16 дугаар албан бичгүүдээр тус тус нотлогдож байна.

Хариуцагчаас гуравдагч этгээд “Э” ХХК-д газар ашиглах эрхийг олгохдоо Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар “Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7-д “Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд, төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасныг баримтлан газар ашиглуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий актуудаар гуравдагч этгээдүүдэд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг ... гаргана” гэж заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар “У” ХХК-д газар ашиглуулахаар олгосон 797 гэрчилгээний дагуу газар ашиглуулахыг даалгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэргүй кадастрын солбилцолд өөрчлөлт оруулсан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийн дагуу "Д” НҮТББ-д газар ашиглуулахыг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүйгээр солбилцолд өөрчлөлт оруулсан 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэх хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. ”, 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6025 дугаар захирамжаар Газрын харилцаа геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, “Д” НҮТББ-ын маргаан бүхий газар “У” ХХК-ийн газартай хэрхэн давхцаж байгааг тодруулсан бөгөөд шинжээчийн зардал 1,279,476 /нэг сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг гарсныг нэхэмжлэгч “Д” НҮТББ 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” НҮТББ-ын “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар “У” ХХК-д газар ашиглуулахаар олгосон 797 гэрчилгээний дагуу газар ашиглуулахыг даалгаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэргүй кадастрын солбилцолд өөрчлөлт оруулсан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийн дагуу “Д” НҮТББ-д газар ашиглуулахыг даалгах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүйгээр солбилцолд өөрчлөлт оруулсан 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” НҮТББ нь шинжээчийн зардал 1,279,476 /нэг сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөгийг урьдчилан төлсөн болохыг дурдсугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА