Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 33

 

“Д с н” ТББ-ын нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, Танхимын тэргүүн: М.Батсуурь,

            Шүүгчид:                                       Г.Банзрагч,

                                                                  Б.Мөнхтуяа,

                                                                 Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                             П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:             Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Д с н” ТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7,01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0520 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 576 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Т нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0520 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д с н” ТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Эко ногоон аялал” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч “Д с н” ТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7,01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Д с н” ТББ, гуравдагч этгээд “Эко ногоон аялал” ХХК-ийн газар ашиглах хүсэлт, холбогдох материалыг хуульд заасны дагуу дахин хянан үзэж, сонголт хийн дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321-р тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 576 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0520 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 5, 33 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлийн 1,2,3,5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6964 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг хуульд заасны дагуу зохих журмаар шийдвэрлэхийг даалган, “7.01 га газар ашиглах эрх олгохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Эко ногоон аялал” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч “Д с н” ТББ-ын ашиглахыг хүссэн газартай давхацсан хэсгийг шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хяналтын гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг үндэслэл бүхий 4 зүйлээр тогтоосон атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ дээрх буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч зөвтгөсөн шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь бус, зөвхөн гомдол гаргасан шаардлагын хүрээнд хариулт өгөх байдлаар хянан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь захиргааны хэргийн шүүхэд эрх бүхий төрийн байгууллагын албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийн улмаас эрх ашиг нь зөрчигдөж хохирсон иргэн, аж ахуй нэгж байгууллагын эрх ашгийг хамгаалдаг.

4. Өмнөх шүүх хуралдаануудад хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар огт оролцож байгаагүй бөгөөд Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 77-р тогтоолыг гардаж авахгүй байсан учраас анхан шатны шүүхээс 47 хоногийн дараа албан бичгээр хариуцагч болон гуравдагч этгээдэд гардуулсан. Гэтэл шүүх хуралд ирэхгүй, оролцохгүй, шүүхийн шаардсан нотлох баримтыг хугацаанд нь гаргаж өгөхгүй, хавтас хэрэгтэй огт танилцаагүй.

5. Энэхүү маргааныг Улсын дээд шүүхээс 2 удаа, давж заалдах шатны шүүхээс 2 удаа тус тус хэргийг бүхэлд нь хянах шаардлагатай гэж буцаагаад байхад хэргийг бүхэлд нь хянах бус нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хариу өгч шийдвэрээ гарган, өмнөх магадлал, тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхгүй байна. Гуравдагч этгээдийг оролцуулахгүй шүүх хуралдааныг хийсэн нь хэргийг үнэн зөв шударга мэтгэлцээнээр хурлыг хийлгэх боломжийг алдагдуулж, хууль бус гаргасан шийдвэрийн өмнө цаг хугацаа болон эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаж байна. Тодотгоход: хариуцагч болон гуравдагч этгээд нар шүүх хуралд оролцохгүй байгаа нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх ч боломжтой байна.

6. Улсын дээд шүүхийн 77-р тогтоолд “Газар ашиглах хүсэлт түрүүлж гаргаснаар биш, үйл ажиллагаа явуулах стандартын шаардлагыг харгалзан ашиглах эрх үүсэх болно, давах болон дээд шүүхийн өмнөх магадлал тогтоолыг бүрэн хэрэгжүүлээгүй тухай” дүгнэсэн ч энэхүү алдааг дахин давтаж шийдвэрлэсэн.

7. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар маргаж байгаа 2га газрыг ашиглах тухай үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж хэргийг буцаасан ч энэхүү заалтыг огт хэрэгжүүлээгүй талаараа шийдвэртээ тусгаагүй.

8. Давж заалдах шатны шүүхийн 45-р магадлалаар нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдийг нотлох няцаах баримтуудыг авах шаардлагатай гэж хэргийг буцаасан ч хариуцагчаас шаардсан нотлох баримтуудыг хангуулж ирүүлээгүй болохыг анхан шатны шүүхийн 520-р шийдвэрийн 15,16-р хуудсанд тодорхой зааж бичсэн нь шүүх өөрөө шаардсан нотлох баримтаа авалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэлгүй өмнөх магадлалыг хэрэгжүүлсэн мэт хянасан.

9. Магадлалд Д с н-ийн ашиглахыг хүссэн 7.01 га газраас 5га газар нь бусдыг ашиглахыг хүссэн газартай давхцалгүй байна... гэсэн дүгнэлт өгсөн байна. Энэ дүгнэлт нь хариуцагч 5га газар ашиглуулахаас хууль бусаар татгалзсаныг тодорхойлсон баримт юм. Гэтэл давж заалдах шатны шүүх Дулаан сэтгэл нийгэмлэгийн нэхэмжлэлдээ тусгасан 7.01 га газар ашиглуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй шийдэл болсон.

10. Дулаан сэтгэл нийгэмлэгийн газар ашиглахыг хүссэн хүсэлтэд хариу өгөхдөө хууль бусаар татгалзсан хариу өгсөн ... гэж дүгнэсэн... яагаад бусдын ашиглаж буй газартай давхцаагүй 5га газрыг ашиглуулахыг даалгах нь үндэслэлгүй хэмээн үзсэн нь үл ойлгогдож байна.

11. Д с н хөрөнгө оруулалт хийсэн тул газар ашиглах эрх олгохыг даалгах тухай... утга бүхий хүсэлт гаргаагүй. Монгол улсын иргэн аж ахуйн нэгж байгууллага газар ашиглах тухай хүсэлт гаргах эрхтэй гэсэн ерөнхий үндэслэлийг заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх байдлыг гуйвуулж дархан цаазат газрын барилга байгууламж барих зөвшөөрөл олгоогүй байхад нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийсэнд хариуцагчийг буруутгаж газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах нь хууль зүйн үндэслэлгүй юм гэсэн байна. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар гадаадын иргэн, байгууллагаас бусад нь газар ашиглах эрхтэй байхад Дулаан сэтгэл нийгэмлэг ТББ “эрхгүй” хэмээн үзэж үндэслэлгүйгээр татгалзсан нь тогтоогдсон байхад хууль зүйн үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй шийдэл болсон юм.

12. “Э н а” ХХК, яаманд хандан 1 хуудас хүсэлт гаргасныг хүлээн авч уг хүсэлтээс өөр ямар ч бичиг баримт шаардахгүйгээр Баруун богины аманд 4.1 га газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргаж уг шийдвэрийг үндэслэн 2 хоногийн дотор баруун богины аманд 4.1 га газар ашиглуулах гэрчилгээ олгож, кадастрын зураг зуруулж мэдээллийн санд оруулсан. “Э н а” ХХК-д бусад шаардагдах баримтаа нөхөн бүрдүүлж шинэ акт гаргуулан авах бололцоо олгон 6 сараар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

13. Э н а ХХК-ны 1 хуудас баримтад үндэслэж шийдвэр гаргасан атлаа  Дулаан сэтгэл нийгэмлэгийн хуулийн хүрээнд бүрэн бүрдүүлж өгсөн 80 гаруй хуудас төсөл зөвшөөрөл бүхий албан бичгүүд захиргааны акт зэрэг баримтууд стандарт нөхцөл зэргийг харгалзаагүй. “Баруун богины ам”, “Богины ам” гэсэн 2 газар буюу газар зүйн байршлын хувьд хоорондоо зайтай 2 өөр газар байхад үүнийг шалган шийдвэрлэхээс зайлсхийж, эцэст нь газар зүйн байршлыг “Тайлбар тодорхойлолт” мэтийг үндэслэн 1 газар хэмээн дүгнэлт өгсөн нь мөн л маргааныг шударгаар шийдвэрлэхээс зайлсхийсэн явдал.

14. Газар эзэмших ашиглахтай холбоотой ерөнхий харилцааг Газрын тухай хуулиар, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулана гэж ойлгох бөгөөд хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-т заасан ерөнхий зохицуулалт болох “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан.

15. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлт гаргасан нэхэмжлэгчид бус, гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон нь дээрх заалтыг зөрчсөн, 4-р зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” тухай төрөөс газрын талаар баримтлах зарчимд нийцэхгүй шийдвэр болсон байх ба уг шийдвэрийн улмаас маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэстэй болохыг 2019.01.23-ны өдрийн 0045-р магадлал, 2019.08.27-ны өдрийн 0520-р шийдвэрт тус тус тогтоож, нэхэмжлэгч нь газар ашиглах эрх олж авах хүсэлтээ шударгаар шийдвэрлүүлэх эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

16. Зүй нь хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36-р зүйлийн 4-т заасан “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт ашиглуулах газрын зориулалт орших бүс байршил зааг, хэмжээ, дангаар буюу дундаа ашиглах талаар тодорхой заана” гэснийг хэрэгжүүлж тухайн газар бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаж байгаа эсэхийг тогтоон хууль бусаар өөр этгээд эзэмшиж ашиглаж байгаа тохиолдолд уг асуудлыг шийдвэрлэсний дараа гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгох тухай шийдвэрлэх учиртай.

17. Хариуцагчийн нотлогдох боломжгүй тайлбарыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээс нотлогдохгүй болохыг дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь бус хянаснаас энэхүү маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэж чадсангүй.

18. 576-р магадлал хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн тухайд: нэхэмжлэгч нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах түр журамд заасны дагуу газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргасан. 396 тоот захиргааны актаар санал хүргүүлсэн, тус актыг үндэслэн Байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас тушаал шийдвэр гарах хуульд заасан шат дамжлагаар ашиглах эрх хүссэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагчийн эс үйлдэхүйг 0520-р шийдвэрээр тогтоосон байхад илтэд мушгин гуйвуулж хамгаалалтын захиргааны 396 тоот захиргааны актыг, төлөөлөх эрхгүй субъект үйлдсэн болох нь тогтоогдсон 608 тоот албан бичигтэй харьцуулж шударга бус.

19. 576-р магадлалын 10-р нүүрт хариуцагчаас шаардсан материалыг ирүүлээгүй байх тул “байхгүй материалыг цуглуулах ойлголт байхгүй” гэж хянасанд туйлын гомдолтой. Өөрөөр хэлбэл өмнөх магадлалд тогтоолд байх боломжгүй баримтуудыг анхан шатны шүүхийг цуглуулахыг шаардсан гэж үзэхээр байна.

20. Маргааныг үнэн зөв шударгаар шийдвэрлэж чадаагүй болохоо газар ашиглах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэнтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар захиргааны байгууллагаас шийдвэр гараагүй тул нотлох баримтуудыг үнэлэх шаардлагагүй гэж хянасан нь Дээд шүүхийн 353 дугаар тогтоолд хариуцагчийн шийдвэрийн үндэслэл бодит эсэхэд шүүхийн зүгээс хяналт тавих учиртай гэж буцаасан үндэслэлийг “нэхэмжлэгч маргаагүй” гээд өмнөх магадлал тогтоол хэрэгжүүлээгүй хэргийг бүхэлд нь бус хянасанд гомдолтой байна.

21. Авилгатай тэмцэх газрын 2017 оны 05/5261 тоотоор ... бусдын эрхийг хязгаарлах давуу байдал олгосон байна гэж “зөрчил арилгуулах тухай” албан бичгийг захиргааны хэргийн нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэнд гомдолтой байна.

22. Улсын дээд шүүхийн 2017 оны 353-р тогтоолд хэргийг бүхэлд нь хянуулахаар буцаасан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдсон, хариуцагч цаашид гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэдгээ албан бичгээр илэрхийлээд байхад шүүхийн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

23. Иймд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хянахдаа, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлсэн зарим хэсгийг хангахдаа аль хэсэгт хангаж аль хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болсон байна гэж дүгнэсэн атлаа эцсийн шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж маргаагүй асуудлаар дүгнэлт хийж гаргасан 576-р магадлал нь хууль зүйн үндэслэл бүхий болоогүй тул хавтаст хэрэгт цугларсан 3000 орчим нотлох баримтуудад бодит үнэн дүгнэлтийг өгч хэргийг бүхэлд нь хянаж, хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

24. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6964 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоосон байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “...106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” ...гэж заасныг зөрчиж байна.

25. Дээрх албан бичгийг хүчингүй болгох шаардлагыг нэхэмжлэгч огт гаргаагүй ба үүнтэй маргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа ч дууссан. Нэхэмжлэгч анх 2016 оны 03 дугаар сарын 15-нд шүүхэд хандаж байсан ба үүний дараа нилээд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулахдаа ч энэ албан бичгийг хүчингүй болгох шаардлага гаргаж байгаагүй.

26. Анхан     болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх" гэж, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “...1/”төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага/ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг...” хэлнэ гэж заасныг 8 дугаар зүйлийн “...1.1/дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан...” бол татан буулгана гэж заасныг зөрчиж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч ТББ нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, бизнесийн, /ашгийн төлөө/ үйл ажиллагаа явуулах эрхгүй, санхүүгийн чадамжгүй байдаг.

27. Нэхэмжлэгч төрийн бус байгууллага төрөөс дээрх хуулийн дагуу тавьж буй нөхцөл, шаардлага, болзол, санхүүгийн зардал, стандартыг огт хангахгүй гэдэг нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтууд, яаманд өгсөн материалуудаас тогтоогдож байсан. Мөн гадаадын шашны байгууллагатай ижил регистрийн дугаартай байна гэсэн татварын байгууллагын албан бичиг хүртэл хэрэгт авагдсан.

28. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11.-д “...дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж. байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд м2 тутамд 500 төгрөг төлнө” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу Хан-уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 11 дүгээр тогтоолоор баталсан улирал бүр төлөх газрын төлбөрийг төлөх чадамжгүй нь нотлох баримтуудаар тогтоогдож байсан.

29. Нэгэнт хуульд тогтоомж, стандарт шаардлага хангахгүй байгааг яам шалган шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ нь дахин тогтоогдож байхад шүүх дахин шинэ акт гаргах, яамны албан бичгийг хүчингүй болгож байгаа зэрэг нь хуулийг тогтоомжийг илтэд зөрчиж. нотлох баримтыг дутуу шинжлэн судлаж байна гэж үзэхээр байна.

30. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

31. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байх боловч зарим шаардлагын тухайд дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

32. Нэг. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

33. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3-т зааснаар аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглуулах шийдвэр гаргахдаа хоёр ба түүнээс дээш этгээд хүсэлт гаргасан тохиолдолд иргэн, аж ахуй нэгж байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг бааз, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал, олон улсын стандарт түвшинд хүрсэн байдлыг харгалзан захиргааны байгууллага сонголт хийж, хэнд газар ашиглуулахыг шийдвэрлэх байна. 

34. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримт нь нэхэмжлэгч  2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 7 га, гуравдагч этгээд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4 га газар тус тус ашиглах хүсэлт гаргасан,  эдгээр газар нь 2.3 га газраар давхцжээ.

35. Хариуцагчаас хоёр хуулийн этгээд хүсэлт гаргасан байхад хэрхэн сонголт хийж, ямар үндэслэлээр гуравдагч этгээдийн төслийг “илүү” гэж үзсэн, нэхэмжлэгч ямар шалгуурыг хангаагүй тухай үндэслэлээ тайлбарлаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагыг сонгох боломжийг буруу хэрэгжүүлсэн, зорилгодоо нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг газар давхцсан хэмжээгээр хангах нь зүйтэй байна.

36. Нэгэнт захиргааны байгууллагаас хууль зөрчсөн нь илэрхий буюу хэрхэн сонголт хийснээ тайлбарлаж чадаагүй, үндэслэл тодорхойгүй шийдвэр гаргасан буюу гуравдагч этгээдийн “Байгаль хүрээлэн” төсөл нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг хэрхэн хангасан нь тодорхойгүй, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал, олон улсын стандарт түвшинд хүрсэн байдлын талаар огт дурдаагүй, зөвхөн газрын байршлын зохион байгуулалт, байрлах эд зүйлийг нэрлэн зааснаас өөр зүйл бичээгүй[1] төсөл ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс “захиргааны байгууллагыг хоёр төслийг харьцуулан, сонголт хийж, шинэ акт гаргахыг даалгасан” нь буруу, Сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг 2.3 га хэмжээгээр хүчингүй болгосон өөрчлөлт шийдвэр, магадлалд оруулав.

37. Харин ийнхүү гуравдагч этгээдэд ашиглуулсан 4 га газраас давхцал бүхий 2.3 газрыг хүчингүй болгосон нь уг газрыг нэхэмжлэгчид шууд ашиглуулах үр дагавар үүсгэхгүй.

38. Хоёр. 7 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

39. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад тодорхой зориулалт хугацаа болзолтойгоор, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор байна.

40. Энэ тохиолдолд захиргааны байгууллага өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд газар ашиглах тухай хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг судалж, хуулийн шаардлагад нийцүүлэн газар ашиглах эрх олгох эсэхийг шийдвэрлэх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах тухай хүсэлтэд татгалзсан хариу өгсөн боловч энэ нь “хууль зөрчсөн” талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэсэн, нэхэмжлэгчийн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг хүссэн хүсэлтэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар судлан заавал хариу өгөх зохицуулалттай ба ийнхүү шийдвэрлээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргажээ.

41. Иймээс давж заалдах шатны шүүхийн “газар ашиглах” тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасны дагуу зохих журмын дагуу шийдвэрлэхийг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

42. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий 7 га газарт 9 барилга зөвшөөрөлгүй барьсан, зарим нь бүрэн баригдсан, зарим нь барилгын суурь цутгасан байдалтай байгаа, ямар учраас газар ашиглах зөвшөөрөл гараагүй байхад барилга барьсан талаар тодруулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан боловч нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс “хамгаалалтын захиргааны ажилтны зөвшөөрлөөр барьсан” гэх боловч үүнийг нотолсон баримт байхгүй, нөгөө талаар ийнхүү тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй байшин барьж байхад захиргааны байгууллага уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ аваагүй байна.

43. Түүнчлэн, нэхэмжлэгчээс анх “7.2 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр, 2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан, энэ 2 га газарт хөрөнгө зарж, далан байгуулж, мод тарьсан” гэж маргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, 2 га газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ асуудлаар одоо хяналтын шатны шүүхэд маргах эрхгүй, нэхэмжлэгчийн “цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар маргаж байгаа 2 га газрыг ашиглах тухай үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж хэргийг буцаасан ч энэхүү заалтыг огт хэрэгжүүлээгүй, шийдвэртээ тусгаагүй” гэх гомдол үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийхгүй.

44. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/6964 дүгээр албан бичгээр “...баримт бичгийн бүрдэл дутуу байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, жуулчны бааз хоорондын зай 1 км-ээс багагүй байна” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн боловч ямар баримт дутуу талаар нэрлэн заагаагүй, аль жуулчны баазаас ямар зайтай байгаа, энэ нь хууль, журамд хэрхэн нийцэхгүй талаар дурдаагүй, энэ утгаараа захиргааны байгууллагын татгалзал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 5-д нийцээгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэжээ. Иймээс хариуцагчийн “нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй албан бичгийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн” тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

45. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч ТББ нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, бизнесийн, /ашгийн төлөө/ үйл ажиллагаа явуулах эрхгүй, санхүүгийн чадамжгүй, хуулийн дагуу тавьж буй нөхцөл, шаардлага, болзол, санхүүгийн зардал, стандартыг огт хангахгүй гэдэг нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтууд, яаманд өгсөн материалуудаас тогтоогдож байсан” гэж хяналтын гомдолд дурдсан ч  захиргааны байгууллага энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг газар ашиглах хүсэлт гаргах үед татгалзаж байгаагүй, ямар баримт нь татгалзах шалтгаан болж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, өөрт олгогдсон бүрэн эрхээ зохих журмын дагуу хэрэгжүүлсэн гэдгээ нотлоогүй тул гомдол үндэслэлгүй байна.

46. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0520 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 576 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн  3, 5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д с н” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэлийн хүсэлт гаргасан газартай давхцалтай бүхий 2.3 га газрын хэмжээгээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн 7 га газрыг ашиглах тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгасугай” гэж өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 


[1] 5 дахь хавтаст хэргийн 117-118 дугаар талa