Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00249

 

 

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00249

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/03108 дугаар шийдвэртэй,

А-ын нэхэмжлэлтэй Б-т холбогдох,

Гэм хорын хохиролд 14,375,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ** ** УБМ улсын дугаартай Мерседес бенз маркийн автомашинаар А-ын ** ** УНҮ улсын дугаартай, 2016 оны Лексус ар экс 350 маркийн автомашиныг мөргөж, их хэмжээний хохирол учруулсан. Тухайн өдөр Б- нь автомашиныг засч өгнө, хүний машин унаж яваа, даатгалгүй, цагдаа битгий дуудаач гэсэн гуйлтын дагуу цагдаад хандаагүй. Дараа хэд хэдэн газар очиж янзлуулах гэж очиж, асуусан боловч засах боломжгүй, сэлбэгийг нь авчирсны дараа засах боломжтой гэж хэлж байсан.

Гэтэл Б- автомашиныг засуулж өгч чадахгүй, шүүх цагдаагаар яв гэж хэлсэн. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалт явуулж, зам тээврийн осол нь Б-ын 100 хувийн буруугаас болсныг тогтоосон. А-ын тээврийн хэрэгсэлд 9,152,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн үнэлгээгээр тогтоогдсон. Бодитойгоор 14,375,150 төгрөгийн зардал гарахаар байгаа тул хариуцагч Б-аас гэм хорын хохиролд 14,375,150 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ** ** УБМ улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг жолоодож байх үедээ А-ын өмчлөлийн ** ** УНҮ улсын дугаартай Лексус ар экс 350 маркийн автомашины баруун урд хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гаргасан нь үнэн бөгөөд тухайн үед нэхэмжлэлд дурдсан шиг гэмтэл учраагүй.

А-ын автомашинд учирсан эвдрэл гэмтэл бага байсан учраас засварын газраар засварлуулж өгөхөөр тохиролцож, хэн аль нь даатгал дуудалгүй ослын газраас хөдөлсөн. Тухайн өдрөө хэд хэдэн засварын газраар орсон боловч цар тахлаас шалтгаалан засварын газрууд ажиллахгүй, эсхүл сэлбэг байхгүй байсан тул дахин уулзахаар болж салсан. Гэтэл А- нь надад мэдэгдэлгүйгээр үнэлгээ хийлгэж, тухайн автомашины эвдрээгүй, элэгдсэн эд ангиудыг эвдэрсэн мэтээр үнэлгээ гаргуулж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: 2016 оны тээврийн хэрэгсэл харьцангуй шинэвтэр учир нэхэмжилсэн үнийн дүнг бодит гэж дүгнэж байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б-аас 9,021,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож, нэхэжлэлийн шаардлагаас үлдэх 5,354,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 229,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас улсын тэмдгийн хураамжид 159,286 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч Б-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирлын үнэлгээг Тэнцвэр эстимэйт ХХК нь зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлсэн. Тухайн ослын үед эвдрээгүй байсан эд ангийг нэмж эвдэрсэн болгон шүүхэд нэхэмжилсэн. Осол болсон өдөр А-ын ** ** УНҮ улсын дугаартай Лексус 350 маркийн автомашинаар засварын газар хайж өдөржин цуг явсан. Тухайн үед эд анги болох тэнхлэг, гэрэл, дугуй ямар нэг гэмтэлгүй байсан нь осол болсон үед авсан гэрэл зургээр нотлогддог.

Иймд 9,021,000 төгрөг гаргуулах анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хохирлын үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлсэн асуудал байхгүй. Гомдолд дурдагдсан үнэлгээ нь осол болох үед замын цагдаа дээр хийгдсэн үнэлгээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр дахиж үнэлгээ хийлгэсэн. Тухайн 2 үнэлгээний хооронд их хэмжээний зөрүү байхгүй. Автомашины эвдэрсэн эд ангийг нэмж, хассан асуудал байдаггүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан гэм хорын хохиролд 14,375,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Б- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Мерседес бенз маркийн ** ** УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8 дахь заалтыг зөрчсөний улмаас А-ын ** ** УНҮ улсын дугаартай, Лексус маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар арилгах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс өөрийн жолоодож явсан автомашинаар бусдын буюу нэхэмжлэгчийн автомашиныг мөргөж уг автомашинд гэмтэл учруулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг зааснаар тодорхойлсон нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигчийг өөрөө зөрчил гаргасныг шаардахгүй, харин түүний өмчлөлийн эсхүл эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан өөр этгээдийн зөрчлийн улмаас бусдад учирсан хохирлыг орчин тойрондоо аюултай эд зүйлийн өмчлөгч, эзэмшигчийн нь хувьд хуулиар хариуцуулахаар хуваарилсан явдал юм.

 

 

5. Нэхэмжлэгчид уг зам тээврийн ослын улмаас 14,375,150 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон бол хариуцагч нь зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан тохиолдолд нэхэмжлэгч хохирлын хэмжээг нотлох үүрэгтэй юм.

5.1.Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд урд буфер, баруун урд их гэрэл, баруун крыло, баруун урд тэнхлэг эвдэрсэн, үүнээс шалтгаалан баруун урд их гэрэл, урд буфер, буферийн зам, баруун урд крыло, крылоны нарийн хүрээ, баруун урд амортизатор баруун урд цап, баруун урд обуд зэргийг солих шаардлагатай болжээ.

5.2.Энэ нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3100024210045867 дугаар шийтгэлийн хуудас, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлан, Дельта авто сервис ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн оношлогооны дүгнэлт, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдсон тул хариуцагчийн гаргасан гэмтэлгүй эд ангийг нэмж хохиролд тооцсон гэх гомдол үндэслэлгүй /хх 4-7, 11-12, 15, 43-52/.

 

 

5.3.. Нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг Тэнцвэр Эстимэйт ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлангаар 9,152,000 төгрөг гэж үнэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх хохирлын үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахад 8,095,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тодорхойлжээ.

 

5.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн тогтоосон 8,095,000 төгрөгийн үнэлгээнд тулгуурлан тус дүгнэлтэд баруун урд их гэрэл солих үнэлгээг 2,500,000 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100/200 ланд сэлбэг гэх газраас 3,500,000 төгрөгөөр худалдан авсан, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Топ моторс ХХК-иас 3,020,000 төгрөгийн сэлбэг худалдан авсан, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дельта авто сервис ХХК-д авто машины оношилгоог 38,000 төгрөгөөр хийлгэсэн, 2021 оны 12 сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Дельта партнерс ХХК-д 2,050,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн, Тэнцвэр Эстимэйт ХХК-д 413,000 төгрөгийн үнэлгээний зардал төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 

5.5.. Харин анхан шатны шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

6.1 Хэргийн 17 дахь талд буй 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Топ моторс ХХК-иас 3,020,000 төгрөгийн сэлбэг худалдан авсан баримт нь англи хэл дээр бичигдсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулна, 7.4 гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасан шаардлагыг хангаагүйг анхан шатны шүүх анхааралгүй уг баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй.

Шүүх хуралдаанд Топ моторс ХХК-ийн сэлбэгийн зөвлөх гэх С.Өнөрзаяагийн гэрчээр өгсөн мэдүүлгээр э нэхэмжлэгч тухайн компаниас сэлбэг худалдан авсан байдлыг г нотлох бөгөөд англи хэл дээр бичигдсэн 3,020,000 төгрөгийн сэлбэг худалдан авсан баримтын үнэн зөвийг тодорхойлохгүй юм.

Түүнчлэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн дүгнэлтээр баруун урд их гэрэл солих үнэлгээг 2,500,000 төгрөгөөр тодорхойлсон байхад нэхэмжлэгч нь 100/200 ланд сэлбэг гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр их гэрлийг 3,500,000 төгрөгөөр худалдан авсан гэх үндэслэлээр анхан шатны шүүх шинжээчийн гаргасан дүгнэлтээс илүү хэмжээгээр хохирлыг тодорхойлсон нь буруу болжээ. Учир нь шинжээчийн тогтоосон үнэлгээнээс өссөн дүнгээр баруун урд их гэрэл авах болсон шалтгаан нөхцөл баримтаар тогтоогдоогүй байна.

 

6.2 Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэхдээ алдаа гаргасныг залруулж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасанд нийцүүлж, нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан баримтад үндэслэж хохирлын хэмжээг тогтоох боломжтой байна.

Иймд хохирогчид учирсан бодит хохирлын хэмжээг Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайлангаар тогтоосон 8,095,000 төгрөг, Дельта авто сервис ХХК-иар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр автомашины оношилгоо хийлгэхэд гарсан зардал 38,000 төгрөг, Тэнцвэр Эстимэйт ХХК-д төлсөн үнэлгээний зардал 413,000 төгрөг, нийт 8,546,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,829,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв /хх13-14, 43-52/.

2021 оны 12 сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Дельта партнерс ХХК-д 2,050,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн зардал нь Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайлангаар тогтоосон зардалтай давхцах учир үүнийг хохиролд давхардуулан тооцохгүй.

Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд өөрчлөлт орсон тул улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлтийг оруулна.

 

7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан 2016 оны тээврийн хэрэгсэл харьцангуй шинэвтэр учир нэхэмжилсэн үнийн дүнг бодит гэж дүгнэж байна гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байгааг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/03108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 499 дүгээр зүйлийн 499.1 гэснийг хасч, 9,021,000 төгрөгийг гэснийг 8,546,000 төгрөгийг гэж, 5,354,150 төгрөгийг гэснийг 5,829,150 төгрөгт холбогдох хэсгийг гэж,

2 дахь заалтын 159,286 төгрөгийг гэснийг 151,686 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ