Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00101

 

 

 

 

 

2023 01 06 210/МА2023/00101

 

 

*.* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/03374 дугаар шийдвэртэй

*.* гийн нэхэмжлэлтэй, *.***, *.******нарт холбогдох

Гэм хорын хохиролд 11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *.* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие 2020 оны 07 сарын 24-ний өдөр *.*** Тоёота приус маркийн 00-00 *** улсын дугаартай автомашиныг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шангриллагийн зүүн уулзварт жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчин миний жолоодож явсан Тоёота кроун маркийн 00-00 *** улсын дугаартай автомашиныг мөргөсөн.

Тухайн үед замын цагдаагийн газраас хэмжилт хийж *.***ын буруу талаар дүгнэлт гаргасан. Би өөрийн автомашинд учруулсан хохирлоо *** ХХК -аар үнэлүүлэхэд 8,344,000 төгрөг болсон, миний хохирлыг барагдуулаагүй тул хариуцагчаас гаргуулна.

Мөн миний бие хөдөө орон нутгаас хэд хэдэн удаа ирж очсон зардал, 1 сар гаруй хугацаанд ажилдаа явах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул ажил хийж чадаагүй үеийн мөнгө, үнэлгээний төлбөр 392,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийг *.***аас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч *.***ын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие 2020 оны 07 сарын 24-ний 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гадаад харилцааны яамны урд уулзварт урагшаа чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байгаад чигээрээ явах гэрлэн дохио асахаар нь явахад хажуу талд явган зорчигч зам хөдлөн гарахаар зам дээр явсан учраас машинаа зүүн гар тийш эргүүлээд саадыг тойрохоор эсрэг урсгал руу ороход эсрэг урсгалаас кроун 200 маркийн улаан хүрэн өнгийн машин маш хурдтай ирж миний автомашиныг мөргөсөн.

Үүний улмаас миний автомашин эсрэг урсгалын зүүн хойно гэрлэн дохионд байсан машиныг мөргөөд зогссон. Тоёота Кроун Маркийн 00-00 *** улсын дугаартай автомашины урд талын хэсэг гэмтсэн, миний приус 20 маркийн 00-00 *** улсын дугаартай автомашины урд талын копуд, гупер, 2 гэрэл, мотор, гар, жолооч талын зүүн урд дугуй гэмтэж 3,800,000 төгрөгийн хохирол учирсан.

Тоёота Кроун маркийн 00-00 *** улсын дугаартай автомашины эзэмшигч *.* биш тул хохирлыг шаардах эрхгүй.

Тухайн үед миний жолоодож явсан Тоёота Приус 20 маркийн 00-00 *** улсын дугаартай автомашин нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан тул Тоёота Кроун маркийн 00-00 *** улсын дугаартай автомашины хохирлоос 2,325,000 төгрөгийг шилжүүлсэн.

Мөн Тоёота Кроун маркийн 00-00 *** улсын дугаартай автомашины журмын хашааны болон ачилтын мөнгөнд 170,000 төгрөг, оношилгооны төлбөрт 50,000 төгрөгийг тус тус төлсөн.

Уг автомашины гэмтлийг үнэлгээний компани 8,344,000 төгрөгөөр үнэлсэн ч энэ нь бодит хохирлын үнэлгээ биш, миний буруутай үйлдлээс болоогүй тул хохирлыг төлөх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *.*****ийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие *.* гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь үнэлгээ үндэслэлгүй гарсан. *.***ын унаж явсан машин миний нэр дээр байсан нь үнэн. Нөхөн төлбөрийг *.******миний бие төлж чадахгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *.***, *.******нараас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 6.411.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.589.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *.***, *.******нараас 117.526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *.* д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Тоёота кроун 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч *.***** болох нь Тээврийн цагдаагийн албаны түүхчилсэн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын байгууллагаас мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байхад *.* г нэхэмжлэгч гэж үзсэн нь үндэслэлгүй.

5.2. Хэргийн 19 дүгээр талд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тоёота кроун 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ямар ч эвдрэлгүй гэж тэмдэглэсэн байдаг.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилох хүсэлтийг хангасан боловч шинжилгээний байгууллагаас үнэлгээ хийх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Гэтэл шүүх шаардлага хангахгүй үнэлгээг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

6.1. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шаардлагатай бүхий л нотлох баримтыг цуглуулж хэрэгт хавсаргасан ба хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгч байгаагүй.

Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж байсан тул нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэж үзэх боломжгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар *.*ыг гэм буруутай гэж дүгнэсэн ба түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул зөрчлийн хэргийг хаасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *.* ыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаар хүсэлт гаргаж, холбогдох баримтыг цуглуулах гэсэн боловч шүүх хуралдааны явцад хариуцагч маргаангүй гэж хэлж, хэргийг шийдвэрлүүлсэн. Түүнчлэн, худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн бөгөөд энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн. *.* нь хууль ёсны өмчлөгч мөн талаар баримт хэрэгт авагдсан.

6.2. Шүүх тээврийн хэрэгслийн үнэлгээг дахин хийлгэхээр шинжээч томилсон болохоос үнэлгээ зөрүүтэй гэж үзээгүй. Мөн хариуцагчаас нотлох баримт шаардсан боловч ирүүлэхгүй байсан тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд шинжээчийг томилсон

Хэргийн газрын үзлэг, зөрчлийн хэргийг шалгах явцад хийгдсэн баримтууд байдаг. Тээврийн хэрэгсэл маш их гэмтэлтэй, тос масло нь холилдсон байсан тул шинжээчээр тогтоолгохоор эвдрэлийг тэмдэглэхгүй орхисон. Үүнийг эвдрэлгүй байсан мэт тайлбарлаж байна. Зөрчилтэй маргаангүй, шинжээч томилуулах шаардлагагүй гэж тайбарлаж, хэргийг хаалгасан тул мөрдөгчийн тогтоол гараагүй. Мөрдөгчийн магадлагаа гарсан бөгөөд уг баримтыг эрх бүхий этгээдийн дүгнэлттэй адилтган үзэх боломжтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *.***, *.******нарт холбогдуулан гэм хорын хохирол 8,344,000 төгрөг, үнэлгээний төлбөр 392,000 төгрөг, хөдөө орон нутгаас ирж очсон унааны зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 11,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар 500,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. *.*** нь 2020 оны 07 сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангриллагийн зүүн уулзвар орчимд *.*****ийн өмчлөлийн тоёота приус 20 маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51, Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т заасныг тус тус зөрчин *.* гийн жолоодон явсан *.* ын эзэмшлийн тоёота кроун 200 маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан үйл баримт хэргийн 1 дүгээр хавтасны 86-116 дахь талд авагдсан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материал зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

3.а. Анхан шатны шүүх хариуцагч *.***ын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч *.* гийн жолоодож явсан автомашинд хохирол учирсан нь шалтгаант холбоотой болохыг тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шаардах эрхтэй талаар зөв дүгнэжээ.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгч *.* г тоёота кроун 200 маркийн 00-00 *** улсын дугаартай автомашины өмчлөгч биш тул гэм хорын хохирол шаардах эрхгүй гэж маргасан байна.

 

4.а. Хэргийн 1 дүгээр хавтасны 146 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар уг автомашин 2021 оны 03 сарын 30-ны өдөр *.* ын өмчлөлд шилжсэн байх боловч *.* ын 2022 оны 01 сарын 20-ны өдрийн тодорхойлтод ...2020 оны 07 сарын 15-ны өдөр *.* д тоёота кроун 200 маркийн 00-00 *** улсын дугаартай автомашиныг худалдсан нь үнэн болно... гэснээс дүгнэвэл, тэрээр автомашиныг *.* д худалдах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч *.* гэм хорын хохирлыг хариуцагч нараас шаардах эрхтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмын дагуу үнэлээгүй байна.

 

Тодруулбал, *** ХХК -ийн 2020 оны 07 сарын 25-ны өдрийн тайланд тоёота кроун 200 маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр шууд болон шууд бус зардлыг нийт 8,344,000 төгрөгөөр тодорхойлжээ. /хх195, 201/

 

5.а. Нэхэмжлэгч автомашинаа сэлбэгт өгсөн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд дээрх үнэлгээнд дурдсан шууд бус зардал болон засварын зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Учир нь задалж сэлбэгт өгсөн автомашины шанаа, лонжром, крыло, кузов зэргийг засварлаж, будах үүнтэй холбоотой ажлын хөлс гарах боломжгүй тул уг зардлыг үнэлгээний үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн автомашины үнэлгээний 8,344,000 төгрөгөөс шууд бус зардал 490,000 төгрөг, засварын зардал 501,000 төгрөг, ажлын хөлс 450,000 төгрөг нийт 1,441,000 төгрөгийг хасаж, үнэлгээг 6,903,000 төгрөгөөр тогтооно.

 

6. Мандал даалтгал ХХК-ийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн нөхөн төлбөр олгох тухай албан бичгээр даатгуулагч *.*****ийн автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт олгох 5,000,000 төгрөгийн 2,325,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь *.* ын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх39/

 

Нэхэмжлэгч нь *** ХХК -аас *.* ад төлсөн 2,325,000 төгрөгийг авснаа зөвшөөрч байх тул уг төлбөрийг үнэлгээний 6,903,000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй. /6,903,000-2,325,000=4,578,000/

 

Мөн, үнэлгээ гаргуулахад нэхэмжлэгчийн төлсөн 392,000 төгрөгийг үнэлгээний төлбөр 4,578,000 төгрөгт нэмж, хариуцагчаас 4,970,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *.* д учирсан гэм хорын хохирлыг хариуцагч *.***, *.******нараас гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

8. Нэхэмжлэгч нь тоёота кроун 200 маркийн автомашиныг сэлбэгт өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд тухайн автомашин биетээр байхгүй тохиолдолд дахин үнэлгээ хийх боломжгүй тул анхан шатны шүүх *** ХХК -ийн үнэлгээг үндэслэн маргааныг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/03374 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...6,411,000 гэснийг ...4,970,000 гэж, ...4,589,000 гэснийг ...6,030,000 гэж,

2 дахь заалтын ...117,526 гэснийг ...94,470 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *.***ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ