Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 214/МА2023/00003

 

Х.Э*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 132/ШШ2022/00657 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Э*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.М*******т холбогдох

3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ж.М*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э*******, хариуцагч Ж.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Э*******ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: “09-10 орх улсын дугаартай “sonata-6” маркийн авто машиныг 6 000 000 төгрөгөөр худалдсан юм. 3 000 000 төгрөгийг бэлнээр авсан үлдэх 3 000 000 төгрөгийг Ж.М*******эс гаргуулж өгнө үү. Орхон аймгийн 7 дугаар микрын урд талын машины зогсоол дээр байж байтал Ж.М******* ирээд би авъя гэсэн.  6 сарын дараа 3 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл төлбөрт 5 бүл зөгий өгье гэж тохирсон. 2 бүл зөгий зааж өгсөн. Тэр нь Булган аймгийн Бугат сумаас ирсэн. Өвчтэй зөгий байсан тул бал гарахгүй байсан. Шилний ёроолоор 2 хуруу л гарч байсан. Манайд 3 литрийн савтай зөгийн бал авч ирж өгч байсан. Мөн эхнэр бид 2 мөнгөөр зөгийн бал авч байсан. Зөгийн бал гарахгүй байгаа гэдэг хэрнээ Улаанбаатар руу манай хүүхдийн машинаар 100 кг зөгийн бал ачуулж байсан. Мөнгийг маань өгнө л гэдэг. 3 000 000 төгрөгөө л авъя гэж байгаа. Машиныг хүү Э.А*******ын нэр дээр авсан байсан ч би өөрөө машинаа унадаг байсан. Бид ам тохиролцоо хийсэн байсан” гэжээ.

2. Хариуцагч Ж.М******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Х.Э******* ахаас “sonata 6” маркийн авто машиныг 2019 онд авсан. Тухайн үед үнийг 6 000 000 төгрөг гэж хэлээгүй. Чамд хямдхан өгнө гэж байсан. Хуучин оны машин байсан. Зөгий маллахаар хамтарч ажиллая гэж тохирсон. 2 бүл зөгий өгсөн. Манайх зөгийгөө өвөл зооринд хийсэн байсан. Зоориноос гаргахад зөгийнүүд үхсэн гарч ирсэн. 2020 онд төсөл бичиж Хангал сумаас 10 000 000 төгрөгийн зээл авсан.  Сэлэнгэ аймаг болон Орхон аймгаас 15 бүл зөгий худалдаж авсан. Одоо 25 бүл болж өссөн байгаа. 1 хайрцаг зөгий 750 000 төгрөг байдаг. 5 бүл зөгий өгье гэж байсан боловч тэр үед зөгий өсөж үржихгүй байсан. Дараа нь зөгий худалдаж авсан. Зөгий өсч үржихгүй байгаа учраас мөнгийг нь өгөх боломжгүй байна. Бэлэн мөнгө өгч чадахгүй. Зөгийн бал өгч болно” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.М*******ээс 3 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагч Ж.М*******ээс 62 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э*******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ж.М******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Нэхэмжлэгч Х.Э******* бид хоёр анхнаасаа машины үнийг тохиролцоогүй. Ах нь хоёр дүүдээ хямдхан өгнө л гэж байсан. Бэлнээр надаас 3 000 000 төгрөг, дээр нь 2 бүл зөгий авч хайрцаг дээр нь тэмдэглүүлсэн. Х.Э******* нь бусдад машинаа 4 000 000 төгрөгөөр өгч байгаа гэж ярьсан байсан учраас надад 4 000 000 төгрөгөөр өгч байгаа юм байна гэж ойлгож байсан. Хамаатан садан хүмүүс учир 1 500 000 төгрөгөнд тооцож 2 бүл зөгий өгсөн. Бүл зөгийний зах зээлийн ханш 900 000 төгрөг байгаа. Ах нь хадгалах газаргүй байж байг гээд зооринд минь хийлгэсэн. Тиймээс би гарсан эрсдлийг хариуцах ёсгүй гэж бодож байна. Тухайн үедээ нэхэмжлэгч нь эхнэрийн хамт 2 бүл зөгийнөөсөө 10 литр бал хураан авсан. Хэн нэгэн дэлгүүрээс талх худалдан аваад манайх хадгалах хөргөгч байхгүй танайх хадгалж бай гээд дараа нь хатчихаж, муудчихаж гэж буцаадаггүй. Иймээс өөрсдийн сайн дураар үлдээсэн гэдэг нь тодорхой байна. Гэтэл шүүгч хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Анхнаасаа дээр нь мөнгө нэмж өгнө гэж бид тохиролцоогүй. Харин ч 10 литрийн саваар 2 удаа, 1.5 литрийн саваар 3 удаа, 24.5 литрийг 35 000 төгрөгөөр нийт 857 500 төгрөг, 850 граммын шилээр 3 удаа 90 000 төгрөг,  850 граммын шилээр 4 удаа 100 000 төгрөгөөр тус тус тохиролцож бал авсан. Нийт үнийн дүн 1 047 000 төгрөгийн зөгийн бал өгсөн байгаа. Иймээс бидний хооронд мөнгөний өгөө, аваа үлдээгүй. Шүүхийн шийдвэр хэт нэг талыг баримталсан, нэхэмжлэл гаргасан этгээдэд давуу тал олгосон хууль ёсны бус шийдвэр байх тул хэргийн дахин хэлэлцүүлж өгнө үүгэжээ.

5. Нэхэмжлэгч Х.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 46 жил тээвэрт явж байна. Би муу тээврийн хэрэгсэл барьж явж байгаагүй. Хариуцагч дандаа худлаа ярьж байна. Надаас мөнгө авах хандлагатай байдаг ” гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Э.А******* нь Ж.М*******т холбогдуулан автомашины төлбөрийн үлдэгдэл 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх эрхийг 3 жилийн хугацаагаар аав Х.Э*******т итгэмжлэл олгосон байна. /хх-7/

2а. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э******* дээрх итгэмжлэлд заасны дагуу  Ж.М*******т холбогдуулан автомашины төлбөрийн үлдэгдэл 3 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргажээ.

3. Хариуцагч Ж.М******* “sonata 6” маркийн авто машиныг Х.Э******* ахаас 2019 онд авсан. Тухайн үед үнийг 6 000 000 төгрөг гэж хэлээгүй, чамд хямдхан өгнө гэж байсан. Зөгий маллахаар хамтарч ажиллая гэж тохирсон. 2 бүл зөгий өгсөн. Манайх зөгийгөө өвөл зооринд хийсэн байсан ба зоориноос гаргахад зөгийнүүд үхсэн гарч ирсэн. 1 хайрцаг зөгий 750 000 төгрөг байдаг. 5 бүл зөгий өгье гэж байсан боловч тэр үед зөгий өсөж үржихгүй байсан. Зөгий өсч үржихгүй байгаа учраас бэлэн мөнгө өгөх боломжгүй, харин бал өгч болно гэсэн тайлбарыг гаргаж талууд мэтгэлцсэн.

4. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Х.Э*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.М*******т холбогдох 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр анх хэлэлцүүлэхээр товлосон боловч нэхэмжлэгч Х.Э******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан байдаг.

5. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 132/ШЗ2022/02144 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжинд Х.Э*******ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.  

5а. Нэхэмжлэгч Э.А******* өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг Х.Э*******т олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э******* хариуцагч Ж.М*******т холбогдуулан автомашины үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан ба Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 132/ШЗ2022/02212 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжинд нэхэмжлэгч Х.Э*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.М*******т холбогдох 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн байна.

5б. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 132/ЗТ2022/00074 дугаартай тогтоолоор ...хэрэг шилжүүлэх тухай хэлэлцсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 132/2022/00600/И хэргийн индекстэй, Э.А*******ын нэхэмжлэлтэй, Ж.М*******т холбогдох 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч О.Одончимэгээс шүүгч Г.Мягмарсүрэнд шилжүүлсэн байна.

6. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргээс уг иргэний хэргийн нэхэмжлэгч нь Э.А******* байх атал иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжинд нэхэмжлэгчийг Х.Э******* гэж тодорхойлсон нь урьд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжинд заасан үндэслэл үгүйсгэгдсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа эрхийн актуудад нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зөв тодорхойлоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ.

Мөн хэрэг шилжүүлсэн зөвлөгөөний тогтоолд Э.А*******ын нэхэмжлэлтэй, Ж.М*******т холбогдох иргэний хэрэг гэсэн нь хэрэг үүсгэсэн захирамжаас зөрүүтэй болсон байна.

6а. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий автомашины өмчлөгч Э.А*******аас Х.Э*******т олгосон 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр Х.Э*******ыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж зөв дүгнэсэн атлаа хариуцагчаас автомашины үнийг гаргуулж нэхэмжлэгчид олгох байтал итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э*******т олгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 132/ШШ2022/00657 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.М*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 62 950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

 

                                     ШҮҮГЧИД                                С.УРАНЧИМЭГ

 

                                                                                     

                                                                                     Л.АРИУНЦЭЦЭГ