Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2022/00657

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, О баг, *-*-** тоот багт оршин суух, Х******* овогт Х*******гийн Э******* -ын

Хариуцагч: Булган аймгийн Хангал сумын * дугаар багт оршин суух, Т******* овогт Ж*******ын М******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2022/00600/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгч Х.Э*******,

          Хариуцагч Ж.М*******,

          Нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Х.Эрдэнбаатар нь Ж.М*******ээс 3,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

**-** ОРХ “sonata-6” маркийн авто машиныг 6,000,000 төгрөгөөр зарахаар Орхон аймгийн 7 дугаар микрын урд талын машины зогсоол дээр байж байтал М******* ирээд би авъя гэсэн.  6 сарын дараа 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл төлбөрт 5 бүл зөгий өгье гэж тохирсон. 2 бүл зөгий зааж өгсөн. Тэр нь Булган аймгийн Бугат сумаас ирсэн. Өвчтэй зөгий байсан тул бал гарахгүй байсан. Шилний ёроолоор 2 хуруу л гарч байсан. Манайд 3 литрийн савтай зөгийн бал авч ирж өгч байсан. Мөн эхнэр бид 2 мөнгөөр зөгийн бал авч байсан. Зөгийн бал гарахгүй байгаа гэдэг хэрнээ Улаанбаатар луу манай хүүхдийн машинаар 100 кг зөгийн бал ачуулж байсан. Мөнгийг маань өгнө л гэдэг. 3,000,000 төгрөгөө л авъя гэж байгаа. Машиныг хүү Анхбаярын нэр дээр авсан байсан ч би өөрөө машинаа унадаг байсан. Бид ам тохиролцоо хийсэн байсан гэв.         

2. Хариуцагч Ж.М******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх Э******* ахаас sonata 6 маркийн авто машиныг 2019 онд авсан. Тухайн үед үнийг 6,000,000 төгрөг гэж хэлээгүй. Чамд хямдхан өгнө гэж байсан. Хуучин оны машин байсан. Зөгий маллахаар хамтарч ажиллая гэж тохирсон. 2 бүл зөгий өгсөн. Манайх зөгийгөө өвөл зооринд хийсэн байсан. Зоориноос гаргахад зөгийнүүд үхсэн гарч ирсэн. 2020 онд төсөл бичиж Хангал сумаас 10,000,000 төгрөгийн зээл авсан.  Сэлэнгэ аймаг болон Орхон аймгаас 15 бүл зөгий худалдаж авсан. Одоо 25 бүл болж өссөн байгаа. 1 хайрцаг зөгий 750,000 төгрөг байдаг. 5 бүл зөгий өгье гэж байсан боловч тэр үед зөгий өсөж үржихгүй байсан. Дараа нь зөгий худалдаж авсан. Зөгий өсч үржихгүй байгаа учраас мөнгийг нь өгөх боломжгүй байна. Бэлэн мөнгө өгч чадахгүй. Зөгийн бал өгч болно гэв. 

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 679 дугаартай итгэмжлэл, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0172 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Х.Э******* нь Ж.М*******ээс 3,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч Х.Э******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ **-** ОРХ улсын дугаартай, “sonata 6” маркийн тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөөр худалдаж, 3,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа тул гаргуулна” гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч Ж.М******* нь “үлдэгдэл төлбөрт 5 бүл зөгий өгч хамтран ажиллахаар тохирсон ба бэлнээр 3,000,000 төгрөг өгөх боломжгүй, зөгийн бал өгч болно” гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлаж байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Х.Э*******  Ж.М******* нар нь  2019 оны 6 дугаар сард “Sonata-6” маркийн **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар харилцан  тохиролцож, Ж.М******* нь 3,000,000  төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 3,000,000 төгрөгт 5 бүл зөгий өгч хамтран ажиллахаар тохирч, тээврийн хэрэгслийг Ж.М*******ийн эзэмшилд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

Харин үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөөгүй, 5 бүл зөгий өгч хамтран ажиллахаар тохирсон тохиролцоогоо биелүүлээгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Тус гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь төлбөрийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч Ж.М******* нь худалдан авсан эд зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

4.2.Талууд худалдсан тээврийн хэрэгсэлийн үлдэгдэл төлбөрт 5 бүл зөгий авч хамтран ажиллахаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч уг тохиролцоогоо биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг мөнгөн хэлбэрээр буюу 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Ж.М*******ээс тээврийн хэрэгсэлийн үлдэх төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э*******т олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

5.Маргааны зүйл болох **-** ОРХ sonata 6 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Э.Анхбаяр байх бөгөөд Э.Анхбаяраас Х.Э*******т 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийгөө төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэлийг олгосон тул Х.Э******* нь түүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэв.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 /жаран хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагч Ж.М*******ээс 62,950 /жаран хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э*******т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.М*******ээс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э*******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 /жаран хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагч Ж.М*******ээс 62,950 /жаран хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН