Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0090

 

П.А-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.А-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.С-д холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.С-ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай” 161 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий П.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д давж заалдах гомдолдоо:

“ ... 1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй ба шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговрыг олгохдоо нэхэмжлэгч нь тухайн байгууллагад өөр ажил, албан тушаалд ажиллаж, тийнхүү хөдөлмөрлөсний төлөө авсан цалин, хөлсийг нь нөхөн олговорт суутган тооцож, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах нөхцөлийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй юм...” гэж заасан нь ойлгомжгүй бас үндэслэлгүй байна.

Учир нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байдаг атал өмнө гарсан шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг шүүх хүчингүй болгоод байгаа юм уу, эсвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж өөрчлөөд байгаа юу, эсвэл шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн заавал биелэгдэх шинжтэй биш, байгууллага албан тушаалтан өөрийн үзэмжээр шүүхийн шийдвэрийг өөрчлөн биелүүлж болно гэж дүгнээд байгаа юм уу агуулгын хувьд ойлгомжгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь агуулгын хувьд ойлгомжгүйгээс гадна хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх энэхүү дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын талаар заасан байдаг. Тэгвэл хуульд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтанд нөхөн олговор олгох талаар заасан байгааг цалин хөлс гэсэн агуулгаар ойлгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгч нь цалин хөлс давхардуулан авч төсөв хохироосон гэж дүгнэснийг анхан шатны шүүх зөвтгөснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь урьд нь шүүхээс нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 2.268.139 төгрөг нь ажилгүй байсан хугацааны цалин бус харин ажилгүй байсан хугацааны олговор гэж үзэж байна.

3. Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг цалин хөлс давхардуулан авч төсөв хохироосон гэж заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан байдаг. Тэгвэл П.А-г ажлаас үндэслэлгүй халж, уг захирамж нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон албан тушаалтан болох тухайн үеийн Засаг даргаар уг шүүхийн шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг буцааж төлүүлэх талаар акт тогтоох нь аудитын байгууллагын үүрэг гэж үзэж байна.

Гэтэл аудитын байгууллага нь уг хуулийн заалтын дагуу гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх талаар акт тогтоогоогүй атлаа ажилгүй байсан хугацааны олговроо хуулийн дагуу авсан ажилтнаар олговрынх нь зарим хэсгийг буцааж төлүүлэх шийдвэр гаргасан байхад анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 103, Иргэний хуулийн 498.5 дахь зохицуулалт нь энэ маргааны хувьд хамааралгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл маргаан бүхий актад төрд учирсан хохирлын талаар дурдсан атал тухайн хохирлыг хэн хариуцах талаар дүгнэх нь хэрэгт хамааралтай гэж үзэж байна.

4. Мөн маргаан бүхий захиргааны актад төрд 1.513.593 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэснийг нэхэмжлэгч тал баримтаар няцааж, төрд хохирол учраагүй гэж мэтгэлцэж байхад энэ асуудал дээр шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Маргаан бүхий акт болох Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай” 161 дүгээр актаар “... шүүхийн шийдвэрээр цалин авахдаа албан тушаалын цалингийн шатлалын зөрүүгээр бус албан тушаалын цалинг давхардуулан авсан зөрчил нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16.5.5 “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж Дөрвөлжин сумын Санхүүгийн албаны дарга П.А-д 1.513.593 төгрөгийн нөхөн төлбөр тогтоожээ.

Тус актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч П.А “... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн дагуу би хариуцагч Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан авсан. Хариуцагч тухайн үед цалингийн дүн дээр маргаагүй, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байдаг учир ажилгүй байсан хугацааны цалинг авсан. Хариуцагчийн актад заасан хуулийн заалт нь төсвийг зарцуулахад баримтлах зарчмын төдий ерөнхий утгатай зохицуулалт байх бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалинг хэрхэн олгох талаар зохицуулсан ямар ч утга агуулга байхгүй, ... ямар ч хуульд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд цалинг давхардуулан олгохгүй гэсэн заалт байхгүй, ... намайг ажлаас үндэслэлгүй халсан албан тушаалтанд акт тогтоож, байгууллагад учирсан хохирол болох миний ажилгүй байсан хугацааны цалинг түүнээс шүүхээр нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй ... надад акт тогтоож байгаа нь үндэслэлгүй ... ” гэж маргажээ.

Хариуцагч “... П.А нь 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд төрийн сангийн төсвийн мэргэжилтэн, санхүүгийн албаны дарга гэх албан тушаалд ээлжлэн томилогдож ажилласан, ингэж ажиллахдаа дунд нь нэг ч хоногийн зөрүүгүйгээр ажиллаж түүнд ногдох цалин, хөдөлмөрийн хөлсийг авсан байгаа нь тухайн байгууллагын санхүүгийн холбогдох баримтуудаар нотлогдож байгаа. Шүүхэд тухайн үед ажилгүй байсан хугацааны цалин гэж буруу ойлгогдохоор нэхэмжлэл гаргасан байсан, албан тушаалын цалингийн зөрүүг нэхэмжлэх ёстой байсан ... тухайн үед өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахаар тушаал гаргасан байдаг, ... төсвийн мэргэжилтнээр ажиллахдаа ТЗ-3-2 шатлалаар 491.444 төгрөг, санхүүгийн албаны даргаар ажиллахдаа ТЗ-5-2 шатлалаар 540.033 төгрөгийн үндсэн цалин авч байсан цалингийн зөрүү 48.589 төгрөг, маргаантай саруудын нийлбэр 330.600 төгрөгийг албан тушаалын цалингийн шатлалын зөрүүгээр авах байсан ... нийт 1.513.593 төгрөгийг төсвөөс илүү авсан нь хууль зөрчсөн байх тул тус мөнгийг нөхөн төлүүлэхээр акт гаргасан ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч П.А нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Санхүүгийн албаны даргын үүрэгт албан тушаалаас түүнийг чөлөөлсөн Б/73 дугаар захирамжийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, Дөрвөлжин сумын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2.268.139 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэрэг холбогдох суутгалыг тооцон бичилт хийж, 1.844.192 төгрөгийг П.А-д олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна.  

Эрх бүхий албан тушаалтны ажилтныг буруу халсан буруу шилжүүлсэн үеийн олговрыг хэрхэн олгох талаар заасан дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоогдох үндэслэлтэй тохиолдолд хэрэв ажилтан бага цалинтай ажил хийж байсан бол өмнөх ажил, албан тушаалын цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг, харин ажилтан тухайн хугацаанд огт ажил эрхлээгүй бол өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалынх нь цалин хөлстэй тэнцэх олговор олгогдохоор байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч П.А нь Дөрвөлжин сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар Санхүүгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх боловч 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар Төсөв, сангийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж тус албан тушаалын цалин хөлсийг авч байсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч үүнтэй маргаагүй байна.

Хэдийгээр П.А-г 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар Санхүүгийн албаны даргын үүрэгт албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш ажилгүй байсан гэж үзэж түүнд шүүхийн шийдвэр гарах хугацааны цалин хөлсийг тооцож шийдвэрлэсэн Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 14 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх боловч нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар Төсөв, сангийн мэргэжилтнээр томилогдсон, тус ажил албан тушаалыг эрхэлж, цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдож байх тул Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 161 дүгээр актаар “1.513.593 төгрөгийн албан тушаалын цалин давхардуулан авсан зөрчлийг арилгуулахаар нөхөн төлбөр тогтоосныг үндэслэлгүй, хууль бус гэж буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч 2016 оны Б/73 дугаар захирамжаар Санхүүгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа Төсвийн мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллаж, уг албан тушаалын цалин хөлсийг авч байсан, түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговор авсан нь тогтоогдсон” талаар мөн маргаан бүхий актыг нэхэмжлэгч мэдсэнтэй холбоотой нэмж нотлох баримт цуглуулах шаардлагагүй талаар, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй талаар тус тус үндэслэлтэй зөв дүгнэсэн, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн тус хэсгүүдтэй холбогдуулан гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж тус тус заажээ.

Албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдийн учирсан хохирлыг тухайн байгууллага барагдуулсны дараа буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлэх үүргийг тус байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгжид үүрэгжүүлсэн дээрх хуулийн зохицуулалт нь энэхүү маргаанд хэрэглэгдэхээргүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч П.А-г 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар буруу чөлөөлсөнтэй холбогдуулан хохирлыг барагдуулсны улмаас хариуцагч захиргааны байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн үед шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар төлүүлэх асуудлыг тус захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцах талаар заасан агуулга бүхий зохицуулалт байна.

Харин энэ тохиолдолд бага цалинтай ажил хийж байсны зөрүүтэй тэнцэх олговрыг бус огт ажил эрхлээгүй байсан гэж тооцож түүнд олгогдсон ажилгүй байсан хугацааны олговроос бага цалинтай ажил хийж байсны зөрүүтэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч П.А-аар нөхөн төлүүлэхээр төлбөр ногдуулсан акт үндэслэлтэй эсэх талаарх маргааныг шүүх шийдвэрлэж байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж ажилтны буруу халсан буруу шилжүүлсэнтэй холбоотой олговрыг “ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүг” гэж ялгамжтай зааж хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хуульд ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтанд нөхөн олговор олгох талаар заасан байгааг цалин хөлс гэсэн агуулгаар ойлгож байгаа нь үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:                                                            

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

                                ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ