Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00147

 

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00147

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргиййён давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/04622 дугаар шийдвэртэй,

А-ийн нэхэмжлэлтэй Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 320,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч Н. Долгор нь А-ээс 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны хооронд 13 удаа зээлийн гэрээний дагуу нийтдээ 538,000,000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн 5064047*** тоот дансаар болон бусад хүмүүсийн дансаар шилжүүлэн зээлж авсан, энэ зээлээс 218,000,000 төгрөг эргүүлж төлсөн, үлдэх 320,000,000 төгрөгийг төлөөгүй.

Зээлээ төлөхөөс зайлсхийсээр байсан тул 2017 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж 3 жил гаруй болсны эцэст 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан.

Нийтдээ бид 2-ын хооронд дараах мөнгөн дүнгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн. Үүнд:

1. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 22,000,000 төгрөг,

2. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөг,

3. 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөг,

4. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 8,000,000 төгрөг,

5. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг,

6. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 260,000,000 төгрөг,

7. 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг,

8. 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөг,

9. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг,

10. 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 28,000,000 төгрөг,

11. 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөг,

12. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг,

13. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус надаас хариуцагч нь зээлж авсан. Сонгуулийн зардлыг би өөрөө бүрэн төлсөн, мөн сургалт явуулах талаар гэрээ байгуулаагүй, сургалт явагдаагүй.

Иймд хариуцагчаас 320,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 13 удаагийн гүйлгээгээр 538,000,000 төгрөгийг Б- авсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 9 баримтаас 1 баримт нь давхацсан байна. Үүнээс 4 ширхэг баримт буюу 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 30,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 50,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 50,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6,000,000 төгрөг, нийт 136,000,000 төгрөгийн баримт нь Б-т хамааралгүй баримтууд байна.

Мөн талуудын хооронд сонгуульд нэр дэвшихтэй холбоотой сургалтын харилцаа байсан. Нэхэмжлэгч нь мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 25,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээний төлбөрт буюу нэхэмжлэгч сонгуультай холбоотой сургалтын төлбөрт шилжүүлсэн. Талуудын хооронд үүссэн бүх харилцаа зээл биш, хариуцагч зээлж авсан бүх мөнгөө төлсөн. Нэхэмжлэгчээс 8 удаагийн гүйлгээгээр нийт 468,000,000 төгрөгийн хариуцагчид шилжүүлсэн боловч үүнээс 136,000,000 төгрөгийн баримт нь хариуцагчид хамааралгүй.

2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 260,000,000, 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг авснаа хариуцагч зөвшөөрдөг. Үүн дээр 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 22,000,000 төгрөгийг Б-ын дансаар дамжуулж н.Ханбүргэдэд шилжүүлснийг нэмбэл нийт 302,000,000 төгрөг болж байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчид өнөөдрийн байдлаар 364,628,450 төгрөгийг 33 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нь баримтаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл, тооцооны үлдэгдлийг бүрэн барагдуулж, 57,628,450 төгрөгийн авлага үүссэн.

Бусдаар дамжуулж мөнгө олгосон гэх боловч үүн дээр шаардах эрх үүсэхгүй. Иргэний эрх зүйн харилцаанд бусдаар дамжуулж зээл олгох зохицуулалт байхгүй. Эрүүгийн хэрэг үйлдсэн гэдэг болон иргэний журмаар шаардах эрх хэрэгжүүлэх гэдэг нь тусдаа ойлголт юм. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэв зээлийн үлдэгдэл байна гэж үзвэл Иргэний хуулийн 82 дугаар зүйлд зааснаар татгалзах эрх үүссэн байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-оос 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд олгогдсон зээлийн гэрээний үүрэгт 144,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 176,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 877,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, тодорхой хэмжээний мөнгө зээлж авч байсан дээр маргаагүй боловч нэхэмжлэгчийн зүгээс шилжүүлсэн мөнгөн төлбөр бүр зээлийн харилцаа биш юм.

Тодруулбал, нэхэмжлэгч А- нь 2016 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд 2016 оны УИХ сонгуульд нэр дэвшихээсээ өмнө хариуцагч Б-той харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 01 дүгээр сарын 10 өдөр Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж тус гэрээгээр үйлчилгээ үзүүлэх хөлс 60,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч Б- нь гэрээнд заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгч А-т 132 кредит цагийн сургалт, хичээл орсон бөгөөд 132 багц цагийн ганцаарчилсан сургалтын төлбөрт зориулж нэхэмжлэгч А- нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр /А-ээс/ гэх гүйлгээний утгаар 25,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр /Ганцэцэгээс/ гэх утгаар 25,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчийн зүгээс үлдэх 10,000,000 төгрөгийг /lesson/ гэх гүйлгээний утгаар 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Б-ын дансанд шилжүүлсэн байдаг.

Гэвч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, мөн хариуцагчийн тайлбар татгалзлын үндэслэлээ нотлох боломжийг хязгаарласан байдаг. 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 132 кредит цагийн ганцаарчилсан сургалт орж байсантай холбоотой 10ш сиди-д үзлэг хийлгэх хүсэлт гаргасан болов ч шүүхийн зүгээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. 2015 оны 01 дүгээр сарын 10 өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх гэрээ-г нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч нь өөрт байгаа бүхий л баримтуудаа гаргаж өгсөн бөгөөд сиди-д байгаа дүрс бичлэгийг, зурган хэлбэрт оруулж шүүхэд гаргаж өгөхөөс өөр боломжгүй болсныг дурдах нь зүйтэй. Мөн дээр дурдсан гэрээ болон зурган баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчид сургалт орж байсан болох нь нотлогдож байгаа юм.

4.2 Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр lesson буюу хичээл гэх утга мөнгөн төлбөр шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 41 дүгээр зүйл 41.1-т ...Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна... гэх хуулийг тайлбарлан хэрэглэж чадаагүй. Хичээл гэх агуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчид 10,000,000 төгрөг шилжүүлж байгаа нь талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдож байгаа бөгөөд цаашлаад тухайн гэрээний үүргээ нэхэмжлэгч нь биелүүлж мөнгөн хөрөнгө шилжүүлж байсныг нотолж байна.

4.3 Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөөс дараах мөнгөн төлбөрүүдийг зээлийн төлбөртөө тооцон гуравдагч этгээдүүдэд шилжүүлж байсан болно. Үүнд: 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол ньюс ХХК-д 21,500,000 төгрөгийг хариуцагч Б- нэхэмжлэгч А-ийн өмнөөс зээлийн төлбөртөө төлсөн байдаг.

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол ньюс ХХК-д 2,487,500 төгрөгийг хариуцагч Б- нэхэмжлэгч А-ийн өмнөөс зээлийн төлбөртөө төлсөн байдаг.

Мөн Ай энд Жааг ХХК-д 21,806,818 төгрөгийг нэхэмжлэгч А-ийн өмнөөс зээлийн төлбөртөө төлсөн. 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Мэдиа Холдинг ХХК 25,050,000 төгрөг, нийт 70,844,318 төгрөгийг зээлийн төлбөртөө нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн бөгөөд тухайн төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох үндэслэлтэй хэмээн маргасан боловч шүүхийн зүгээс тус үйл баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй.

4.4 Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч А-ийн 5122005482 тоот дансанд 13,292,000 төгрөгийг орлого орсон байна. Гэвч энэхүү орлого нь хариуцагч шилжүүлсэн буюу зээлийн буцаан төлөлт гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэжээ.

Н.Баярсайханыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон бөгөөд гэрч мэдүүлэхдээ 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 13,292,000 төгрөгийг 5122005482 тоот А-ийн дансанд Долгороос Ганцэцэгт орлого гэх утгаар Б-ын өмнөөс шилжүүлсэн болохоо тайлбарласан байдаг. Мөн тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагч бус өөр этгээдээс нэхэмжлэгчид шилжүүлсэн бол тухайн орлогын баримт хариуцагчид байх боломжгүй юм. Энэ ч утгаараа шүүхийн тус дүгнэлт үндэслэлгүй байна.

4.5 Иргэний хуулийн 79 дүгээр зүйл 79.1 ...Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана .. хэмээн Иргэний хуульд зохицуулж өгсөн байдаг. Энэхүү хуулийн ойлголт нь Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нь үүрэг гүйцэтгүүлэгчид хандан үүргээ хүлээн зөвшөөрч буй тохиолдолд хэрэглэгдэх хуулийн ойлголт бөгөөд Цагдаагийн байгууллагаар шалгуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах үндэслэл болохгүй юм. Гэвч шүүхийн зүгээс хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйл 208.2 дахь хэсэгт заасан шаардах эрхээ 2015 онд хэрэгжүүлж байсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон. Иймээс хэрэв хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн үлдэгдэл төлбөртэй бол тухайн төлбөрийг шаардах хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байхаар хуульчилж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 13 удаагийн үйлдлээр 538,000,000 төгрөгийг хариуцагч Б-т зээлсэн, үүнээс 218,000,000 төгрөг төлөгдсөн тул үлдэх 320,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, зарим үүрэг нь зээлийн гэрээний үүрэг биш, зээлийн төлбөрийг төлж дуусгасан гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд мөнгө зээлж авсан гэх үйл баримтыг зөв тогтоож, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн энэхүү маргааныг эрүүгийн журмаар шалгаад Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ /1хх 17/.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгатай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь уг мөнгийг шаардаж, эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, түүнийг шийдвэрлэх хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасантай адилтган үзнэ.

 

4. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 362,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс 218,000,000 төгрөг төлөгдсөн тул хариуцагчаас 144,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн.

 

4.1 Нэхэмжлэгчээс хариуцагч руу 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг lesson буюу хичээл гэдэг утгыг зааж шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүний орчуулгаар тогтоогдсон тул уг шилжүүлгийг зээлийн гэрээний үүрэгт хамааруулан үзэхгүй /1хх 248, 2хх 220/.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 352,000,000 төгрөг зээлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна /1хх 8-11, 247/.

 

4.2 Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн хариуцагч нь зээлийн төлбөрөөс 218,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болсон /1хх 118-124, 126/.

Гэхдээ хариуцагчийн төлсөн төлбөрт 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр А-ийн ХААН банк дахь 5122005482 тоот данс руу хийгдсэн 13,292,000 төгрөгийн орлогыг оруулж тооцоогүйг залруулна.

Дээрх гүйлгээг Б-ын даалгаснаар А- рүү шилжүүлсэн болохоо гэрч Н.Баярсайхан мэдүүлсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар бусад баримтаар няцаагаагүй /1хх 125, 2хх 15-16/.

 

4.3 Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид 352,000,000 /362,000,000-10,000,000/ төгрөгийг зээлсэн, үүнээс хариуцагч 231,292,000 /218,000,000+13,292,000/ төгрөгийг төлсөн байх тул үлдэх 120,708,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хэмжээгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5. Талууд сургалтын гэрээ байгуулсан гэх үйл баримт хэрэгт баримтаар нотлогдоогүй тул сургалтын гэрээ, түүний төлбөрийн асуудлыг зээлийн гэрээний харилцаанд харилцан тооцож шийдвэрлээгүй, энэ талаар жич нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй.

Үүнтэй холбоотойгоор талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсэн эсэх, үр дүн гарсан эсэх дээр маргаагүй гэж анхан шатны шүүх дүгнээд си ди /CD/-нд үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.

2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 24-ний өдөр Монгол ньюс ХХК, Ай энд Жааг ХХК, Медиа холдинг ХХК зэрэгт нэхэмжлэгчийн өмнөөс 70,844,318 төгрөгийг зээлийн төлбөрт тооцон хариуцагч төлсөн гэж маргаж байгаа боловч зээлийн гэрээний үүргийг ийнхүү төлж барагдуулахаар талууд тохиролцсон, хариуцагч өөрийн мөнгөн хөрөнгөөр төлбөр тооцоог хийж гүйцэтгэсэн зэрэг үйл баримт тогтоогдсонгүй.

 

6. Дээрх дүгнэлтээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/04622 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...144,000,000 төгрөг... гэснийг ...120,708,000 төгрөг... гэж, ...176,000,000 төгрөгт... гэснийг ...199,292,000 төгрөгт... гэж

2 дахь заалтын ...877,950 төгрөг гэснийг ...761,490 төгрөг... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 877,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ