Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00657

 

Б.Одгэрэл, Б.Итгэл нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/06861 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 569 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Одгэрэл, Б.Итгэл нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Болдод холбогдох,

38 401 000 төгрөг гаргуулах, 30 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны гэрээ байгуулсанд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Одгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Итгэл нь С.Болдын гуйсны дагуу 2011 оны 6 дугаар сард Голомт банкны салбараас өөрийн нэр дээр хашаа байшин барьцаалж, 20 000 000 төгрөгийн зээлийг түүнд авч өгсөн. С.Болд нь 2014 оны 3 дугаар сараас эхлэн зээлээ төлж чадахгүй болсон тул түүний гуйлтын дагуу Б.Итгэл банкны үлдэгдэл зээлийг хааж, мөнгө нэмж зээлсэн. Иргэний хуулийн 153, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу бид харилцан тохиролцож нийт мөнгөн дүнг гаргаад 3 хувийн хүү өгөх, авахаар тохиролцож, мөнгө төлөгдөөгүй хугацаа алдсаны дагуу өссөн дүн бүрт хүү бодон, мөнгөн төлбөрийн үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор удаа дараа бичгээр баримт үйлдэж харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан. Бидний бичгээр үйлдсэн баримт бол хуулийн шаардлага хангасан.2015 оны 6 дугаар сарын 16-нд С.Болд нь “Мөнгө төлөх баталгаа” гэсэн нэртэй баримт үйлдэж Б.Итгэлээр 18 200 000 төгрөг төлүүлж, 800 000 төгрөг зээлж 19 000 000 төгрөг болсон. Дээр нь Треда маркийн автомашины 3 000 000 төгрөг, Хас банкны зээл чөлөөлсөн 1 000 000 төгрөг, нийт 23 000 000 төгрөг, хүүгийн хамт нийт 35 413 600 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэж баталгаа гаргаад гарын үсэг зурсан байгаа. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр С.Болд Б.Итгэлд 35 413 600 төгрөгийн өртэй нь үнэн тул хашаа байшингаа зээлийн барьцаанд тавихад татгалзах зүйлгүй гэсэн бичиг хийж өгсөн. С.Болд нь үүргээ хугацаанд нь гүйцэтгэхгүй байсан тул нэмэлт хугацаа тогтоож талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байсан. Өнгөрсөн хугацаанд С.Болд нь “...би хашаа байшингаа зараад мөнгө өгнө” гэсэн боловч нэг ч удаа зар өгөөгүй. Мөн хариуцагч тал хүү төлснөө тооцож тооцооноос хассан баримт ч хэрэгт байгаа.Иймд мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд нийт 38 401 000 төгрөгийг С.Болдоос гаргуулах, С.Болдтой байгуулсан газар, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гарсан тул талуудын удаа дараа бичгээр байгуулсан гэрээ, хүлээсэн үүргийн дагуу 30 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хангуулахаар барьцааны гэрээ байгуулсанд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн нэмэлт шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:Нэхэмжлэгч Б Итгэл нь 38 401 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн зүгээс зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би 2011 онд Б.Итгэлтэй тохиролцож, Голомт банкнаас хашаа байшин худалдан авах урт хугацааны зээлийн гэрээг 10 жилийн хугацаатайгаар 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг Голомт банкны зээлийн гэрээ Б.Итгэлийн нэр дээр байсан боловч би зээлийн хүү, төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцон тухайн үед зээл бүтсэний дараагаар би баярласнаа илэрхийлэн 1 000 000 төгрөг өгч байсан. Гэхдээ энэ мөнгийг би түүнд өгөх ёстой дүнд оруулахгүй, найздаа тусалсанд нь талархаад өгсөн мөнгө байсан.Ингээд харилцан тохиролцсоны дагуу зээлийн гэрээний графикийн дагуу би 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 34 сарын турш, cap бүр 361 000 төгрөгийг Б.Итгэлийн нэрийн өмнөөс Голомт банкинд хийж шилжүүлж нийт 11 913 000 төгрөг өгсөн. С.Болдын төлбөрийн чадвар муудсан учир нөхцөл байдлаа тайлбарлаж, тухайн үед Б.Итгэл 18 200 000 төгрөгийг төлж зээлийн гэрээг хаасны дараа 800 000 төгрөг нэмж зээлсэн. Би түүнд 19 000 000 төгрөгийг өглөгтэй болж үүнийг нь төлсний дараагаар хашаа байшингаа буцааж нэр дээрээ шилжүүлж авахаар тохиролцсон. Мөн Б.Итгэлийн эгч Б.Одгэрэлээс тухайн үед 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн бөгөөд Б.Одгэрэлд би 1 000 000 төгрөгийн зээлийн хүү болох 500 000 төгрөгийг төлж байсан. Нэхэмжлэгч нарт төлсөн мөнгийг тооцож үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, бэлнээр 1 000 000 төгрөг болсон.Ийнхүү анх Б.Итгэлийн нэр дээр зээл гаргуулан авснаас хойш банкны зээлийн хүүд 11 913 000 төгрөг, зээл хаасны дараагаар 7 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад буй автомашины төлбөр 3 000 000 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Б.Итгэлээс ямар нэг машин худалдаж авсан зүйл огт байхгүй. Мөн нэхэмжлэлд 23 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж гэрээ хийсэн гэжээ. Гэвч бодит байдал дээр бид хоорондоо зээлийн гэрээ хийж бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 282 дүгээр зүйл 282.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас 23 000 000 төгрөгөөс хүү тооцож төлөх нь үндэслэлгүй юм. Би Б.Итгэлийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр банкны зээлийн гэрээг хаахад нь төлсөн 18 200 000 төгрөг нэмж зээлсэн 1 800 000 төгрөг нийт 20 000 000 төгрөг өгөх ёстойгоос 7 000 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 13 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан байдаг. С.Болд нь зээл авч өөрийн гэр бүлийн бизнест зарцуулах зорилгоор Б.Итгэлтэй өөрийн өмчлөлийн хашаа байшинг худалдаж буй мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийж, уг дүр үзүүлэн хийсэн хэлцлийнхээ үндсэн дээр Голомт банктай зээлийн гэрээ байгуулсан хэлцлийг Б.Итгэлтэй хийлгэж, уг зээлийн гэрээний дагуу олгогдсон мөнгийг авч хэрэглэсэн ба тодорхой хэмжээнд буцаан төлөлт хийсэн байна.Иймд С.Болд, Б.Итгэл нарын хооронд 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан газар худалдах-худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 3 өрөө, хувийн сууцны хууль ёсны өмчлөгчөөр сэргээн тогтоож өгнө үү гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/06861 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч С.Болдоос 12 950 261 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Итгэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 450 739 төгрөгт холбогдох хэсгийг болон үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны гэрээ байгуулсанд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан, С.Болд, Б.Итгэл нарын хооронд 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь эх 2 дугаар гудамж, 3030 тоот хаягт байрлах 269 м.кв газар, мөн хаягт байрлах 53 м.кв 3 өрөө хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч С.Болдыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь эх 2 дугаар гудамж, 3030 тоот хаягт байрлах 269 м.кв газар, мөн хаягт байрлах 53 м.кв 3 өрөө хувийн сууцны өмчлөгчөөр сэргээн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 349 955 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 349 955 төгрөгөөс үлдэх 279 755 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Одгэрэл нарт буцаан олгож, хариуцагч С.Болдоос улсын тэмдэгтийн хураамжид 222 154 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Одгэрэл нарт олгож, нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Одгэрэл нараас 378 150 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Болдод олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 569 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/06861 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Болдоос 13 249 514 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Одгэрэл нарт олгож, нэхэмжлэлээс 25 151 486 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэл хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулсанд тооцуулах тухай хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 4 дэх заалтыг “...222 154...” гэснийг “...224 197...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 350 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт байгаа нотлох баримтад ач холбогдол өгөлгүй, үнэлж үзэлгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтыг хэрэглээгүй, нэг талд үйлчилсэн шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.Нэхэмжлэгч Б.Итгэл нь С.Болдыг амьдардаг хашаа, байшингаа алдах гэж байхад хүү, алданги, төлбөр торгуультай банкнаас зээлсэн мөнгийг нь төлж өгснөөр өнөөдрийг хүртэл хохирч байна. Одоо хүртэл үндсэн зээлүүлсэн мөнгө болон улсын дугаар аваагүй сэлбэгэнд оруулж ирсэн машины үнээ ч олж авч чадахгүй байгаад шүүхээс дүгнэлт өгсөнгүй. Иргэний хэрэгт хариуцагч С.Болдын зээлсэн нийт мөнгөний дүн өөрийнх нь удаа дараа бичиж өгч, гарын үсэг зурсан баримтаар 23 сая төгрөг болж хүүгийн хамт 38 сая гаруй төгрөг болсон байхад буруу тооцсон.Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь төлөөгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэг хүлээнэ гэсэн заалтыг хэрэглээгүй нь нэг талд үйлчилсэн шийдвэр боллоо. Хариуцагч С.Болд Голомт банкнаас зээлсэн 20 сая төгрөгийг хуваарийн дагуу cap бүр төлж байсан бол 2014 оны 3 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд зөвхөн 33 сарын хүүд 7 783 124 төгрөг төлөх тооцоо гарах нь хэрэгт байгаа зээлийн баримтаар нотлогдож байгаа. Б.Итгэлийн хувьд хүнд 1,5 хувийн хүүтэй мөнгө зээлүүлэх боломжгүй бөгөөд өөрөө Солонгосоос сэлбэгийн хуучин машин оруулж ирэн засаж, банкнаас энэ хүүгээр мөнгө зээлж амжиргаагаа дээшлүүлж байсан....Шүүхүүд “автомашины үнэ, төлбөртэй холбоотой үйл баримт нотлогдоогүй, эд хөрөнгө шилжүүлж өгснөө нотлоогүй” гэж үндэслэлгүй дүгнэсэн. С.Болд нь “Нэхэмжлэгч Б.Итгэлийн Төгсбуянд зээлээр өгсөн машиныг 3,2 сая төгрөгт тооцож төлөх” тухай баримт бичиж өгсөн нь эх хувиараа хэрэгт байгаа. Энэ миний гарын үсэг биш гэж маргасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдлын талаар Төгсбуян давхар нотлож “С.Болд Б.Итгэлийн машиныг шилжүүлэн авсан мөнгийг төлөөгүй” гэдгийг тодорхой тайлбарлан бичиж, нотариатаар гарын үсгээ баталгаажуулж өгсөн баримт хэрэгт авагдсан....Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсгээ зурсан бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэсэн заалтын дагуу С.Болд нийт зээлсэн мөнгөндөө cap бүр 3 хувийн хүү тооцон буцааж төлөхөөр хүлээн зөвшөөрч удаа дараа өөрөө бичиж өгч, талууд баримт үйлдэж гарын үсэг зурсан байдаг. Баримт бүр дээр мөнгөний хэмжээ cap бүр тооцох хүү зэргийг тодорхой бичиж байсан. С.Болд Б.Итгэл нарын хооронд зээлийн гэрээ болон мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн тухай гэрээнүүд байгуулагдсан нь хуулийн хувьд зээлийн гэрээг бичгээр үйлдсэн байвал зохих шаардлагыг ч хангаж байгаа.Түүнчлэн тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхдөө маргаж байгаа үнийн дүнгээс илүү мөнгийг төлсөн ба мөн шүүхийн магадлалаар үнийн дүнд өөрчлөлт орсон байгаа тул тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 66 293 төгрөгийг буцаан олгох талаар шүүхийн тогтоолд зааж өгөхийг хүсье.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулж, талуудын удаа дараа бичгээр байгуулсан гэрээ, хүлээсэн үүргийн дагуу 38,4 сая төгрөгийн өр төлбөрийг С.Болдын үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэл хангуулах тухай заалтыг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

                                                                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Одгэрэл нар нь хариуцагч С.Болдод холбогдуулан зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 38 401 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ байгуулагдсаныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Болд зөвшөөрөөгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрөл, тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий тодорхойлжээ.

Тухайлбал, зохигчдын хооронд 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хариуцагч С.Болдын нэхэмжлэгч нарт төлөх зээлийн төлбөртэй холбогдолтой ба зээлийн гэрээний үүрэг нь хариуцагчийн өмнөөс банкны зээл төлсөн нэхэмжлэгч нарын авлагатай холбоотойгоор үүссэн гэх маргааны үйл баримтыг шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Хариуцагчийн нэхэмжлэгч нарт төлбөл зохих төлбөрийн хэмжээ, тухайн өр ямар үүргээс бүрдсэн зэрэг маргааны үйл баримтыг шүүх зөв тогтоосноос гадна талуудын хооронд байгуулагдсан хэлцэл, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлийн хүчин төгөлдөр байдал зэрэг хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.  

Мөн автомашины үнэд 3 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд хийсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдааг залруулсанаас гадна хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг илүү бодитоор тодорхойлсон байна.

Давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээний үүргийн хэмжээг тогтооход хийсэн үндсэн үүрэг, хүүгийн тооцоолол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2.-т заасан шаардлага, зохигчдын гэрээний нөхцөлд нийцжээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн байх ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлийг хангах боломжгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “хүчингүй болгох” гэж магадлалд алдаатай тусгасныг залруулах нь зүйтэй гэж үзлээ. Давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн гэх мөнгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.   

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 569 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “тус тус хүчингүй болгосугай” гэснийг “тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “улсын тэмдэгтийн хураамжид 350 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 000 төгрөгөөс 285 203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-д зааснаар 64 797 төгрөгийг буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН