Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0248/З |
Дугаар | 221/МА2019/0040 |
Огноо | 2019-01-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2019/0040
2019 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 221/МА2019/0040 | Улаанбаатар хот |
Л.С, “О.Т.Х” ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Л.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “С.Г.К.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээд “Х.Х.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0669 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор, Л.С, “О.Т” ТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0669 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Оюу толгойн хяналт” ТББ-иас Ашигт малтмал, газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “С.Г.К.Т” ХХК-д олгосон МҮ-017038 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “С.Г.К.Т” ХХК-д олгосон МҮ-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.2-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан, Ашигт малтмалын газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “С.Г.К.Т” ХХК-д олгосон МҮ-017038 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, Ашигт малтмалын газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “С.Г.К.Т” ХХК-д олгосон МҮ-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэн Л.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Л.С нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хуульд үндэслэсэн байна...” гэсэн зохицуулалтыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байгаа учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь би нэхэмжлэлээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлүүдийг хүлээн авч шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4 дэх заалтыг хэрэгжүүлээгүй, учраас эрх зүйн зөрчил үүсэж, уг актууд хууль бусаар гарсан.
Миний Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан эрх, хууль өгсний ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн учраас маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна...” гэж заасан байдаг. Эрх зүйт төр буюу эрх зүйт ёс, хуулийн засаглалын үндсэн үзэл санаа бол төр, иргэн хоёр харилцан хариуцлага хүлээх явдал бөгөөд иргэн нь ч төрийн, төр нь иргэнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн үг гэж ойлгож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага маргаан бүхий тусгай зөвшөөрлийг олгохдоо “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай” хуулийн зохицуулалт, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй. Хэрэв эдгээр хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажилласан бол маргаан бүхий тусгай зөвшөөрлүүд анхнаасаа олгогдох ёсгүй байсан бөгөөд миний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд болон хуулийн заалтуудыг баримтлан шийдвэр гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаас гарсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0669 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “...”О.Т.Х” ТББ-аас “...дээрх тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэр, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн авах боломжгүй байна...”, “...”О.Т.Х” ТББ-ийн үйл ажиллагааны тайлан бусад нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дүрмийн зорилготой бүрэн нийцээгүйгээс гадна дүрэмд тодорхойлсон асуудлаар гурваас доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагааг явуулсан байх хуулийн шаардлагыг хангаагүй...’’, “...нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий чиг үүргийг шүүхэд төлөөлөн хэрэгжүүлэх боломжгүй байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд нь 2010 онд үүсгэн байгуулагдсан үеэс хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг нотолсон баримт юм. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заалтыг үндэслэн манай байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл “О.Т.Х” ТББ нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар хуулийн зохицуулалтыг бүрэн хангасан байгууллага юм.
Манай байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг иргэн Л.С-гийн нэхэмжлэлтэй нэгтгэн шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж гомдол гаргах эрхгүйгээр шүүгчийн захирамж гарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д “...Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй...” гэж заасан зохицуулалтыг зөрчиж шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйгээр гарсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т “...шүүх хуралдаан болсноос хойш долоо хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.” гэж заасан байтал давж заалдах өргөдөл гаргах хүртэл шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байна.
Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд болон хуулийн заалтуудыг баримтлан шийдвэр гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаас гарсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0669 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэж оролцох боломжоор хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч иргэн Л.С, “О.Т.Х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0669 шийдвэрийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв. Юуны өмнө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг гомдлын хүрээнд хянасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1/ “О.Т.Х” ТББ-иас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тухайд : Уг төрийн бус байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасныг баримтлан нэхэмжлэл гаргаж байгаа ажээ. Хуулийн энэхүү заалтын дагуу нэхэмжлэл гаргахын тул мөнхүү заалтын шаардлагыг нэг бүрчлэн хангасан байх ёстой.
Уг зүйлд: “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаас гадна, уг этгээд дараах шаардлагыг хангасан байх ёстойг хуульчилжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 зүйлийн 18.3.1-т нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, 18.3.2-т дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэжээ.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “О.Х.Т” ТББ анх 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээг хэрэгжүүлэхдээ талууд Монгол Улсын хууль, олон улсын гэрээ конвенци, олон улсын стандарт, гэрээний өөрийн зүйл заалтуудад хэрхэн нийцүүлж ажиллаж байгаад хяналт тавих, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах, санал гомдол хүргүүлэх зорилготой гэж зорилго, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байжээ. Дээрх үйл ажиллагааны зорилго чиглэлдээ хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Тодруулбал эхний удаа 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаараа ... уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин ба хүний нийгэмд учрах нөлөөллийг олон улсын байгаль орчин ... стандартад нийцүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг арилгуулах нөлөөллийн үйл ажиллагаа, эрх нь хөндөгдсөн талуудын эрх ашгийг хамгаалах ... гэж, хоёр дахь удаагаа 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар “О.Т.Х” ТББ нь уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин ба хүний нийгэмд нөлөөллийг Монгол Улсын хууль, олон улсын байгаль орчин ба хүний эрхийн гэрээ конвенцийн эрх зүйн норм, олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын хамгааллын бодлогын стандартад нийцүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг арилгуулах нөлөөллийн үйл ажиллагаа, эрх нь хөндөгдсөн талуудын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах судалгаа, сургалт явуулах, үндэсний, гадаадын болон олон улсын байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаа явуулна гэж өөрчилсөн болох нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүх энэхүү 2 удаагийн өөрчлөлтөд анхаарлаа хандуулснаас гадна “”О.Т.Х” ТББ-ийн үйл ажиллагааны тайлан бусад нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дүрмийн зорилготой бүрэн нийцээгүйгээс гадна дүрэмд тодорхойлсон асуудлаар гурваас доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагааг явуулсан байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн эрх ашгийг хөндсөн гэх маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, түүнийг олгохоор шийдвэрлэсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах асуудлаар нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий чиг үүргийг шүүхэд төлөөлөн хэрэгжүүлэх боломжгүй байна” гэж зөв дүгнэсэн байна.
Учир нь “О.Т.Х” ТББ нь анх байгуулагдсан зорилго, оноосон нэр зэргээс үзэхэд бөгөөд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээг хэрэгжүүлэхдээ талууд Монгол Улсын хууль, олон улсын гэрээ конвенци, олон улсын стандарт, гэрээний өөрийн зүйл заалтуудад хэрхэн нийцүүлж ажиллаж байгаад хяналт тавих, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах, санал гомдол хүргүүлэх зорилготой байжээ. Харин сүүлд дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлтийг оруулмагц автоматаар тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан гэж тооцогдох ёстой гэж үзэх боломжгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр "О.Т.Х" ТББ-аас тус шүүхэд гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл бүхий байна.
Давж заалдах гомдолд дурдсан ... “шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулийн хугацаанд гаргаагүй” гэх зөрчил нь хэргийг шийдвэрлэсэн шүүгчтэй бус тухайн шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн нарийн бичгийн даргын үйл ажиллагаатай холбоотой. Нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэлийг удаан бичиж бэлэн болгосон үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй. Түүнчлэн давж заалдах гомдолд ... “Гомдол гаргах эрхтэй захирамжид “гомдол гаргах эрхгүй” гэж бичсэн” ... нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гэсэн үндэслэлийг заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШЗ2018/7144 дүгээр “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Л.С-гээс гаргасан “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд уг захирамжид 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг зааж байжээ.
Хоёр дахь удаад "О.T.X" ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Л.С-ийн өмгөөлөгч Г.Д-ээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” заасныг баримтлан, өмнө нь тухайн асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байна гэж үзээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хэрвээ өмгөөлөгч гомдол гаргах ёстой, эрхтэй гэж үзэж байсан бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 “Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасны дагуу захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан байлаа ч уг захирамжид гомдол боломжтой байсан гэж үзнэ.
2/ Иргэн Л.C-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тухайд : Хэрэгт авагдсан баримтаар анх Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Гашуутолгой-1 нэртэй XV-011187 тоот тусгай зөвшөөрлийг /хуучнаар/ Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул, уурхай Кадастрын албанаас 2003 онд “С.Г.К.С" ХХК-д олгосон. Уг зөвшөөрлийг 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “С.Г.К.Т” ХХК шилжүүлэн авсан байна.
Анх шилжүүлэн авсан 66228.31 га талбайгаас 2012 оны 11 дүгээр сарын 13-нд 15255.9 га талбайг буцаан өгсөн бөгөөд үлдсэн 50972.4 га талбай бүхий тусгай зөвшөөрөл нь 11187Х, 17038А болсон байна. Улмаар 11187Х талбайдаа хүсэлт гаргаж MV-19036А тусгай зөвшөөрлийг 2014 онд авчээ. Мөн онд MV-17038А тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 6448.17 га талбайг, MV-19036А тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 2439.68 га талбайг буцаан хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна 2017 онд MV-17038 талбайгаас 12101.29 га талбайг орон нутагт буцаан өгсөн байна. Өнөөдрийн байдлаар анх олгосон гэх 66228.31 га талбайгаас нийтдээ 35175.64 га талбайг буцаан хүлээлгэн өгсөн нь нийт талбай 53.1% болж байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар үлдэх ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий MV-017038, MV-019036 талбай нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй болох”-ыг тодорхойлжээ. Энэхүү байдал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2018.01.25-ны өдрийн лавлагаа, 2018.03.27-ны өдрийн лавлагаа гэсэн баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн дээрх талбай нь иргэн Л.С-гийн эзэмших эрх бүхий /2005 онд гэрчилгээгээ авсан/ талбайтай ямар нэгэн байдлаар давхцалгүй болох нь тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч талаас “... тусгай зөвшөөрлүүдийг “С.Г.К.Т”-ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй; 25 дугаар зүйлийн 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт; 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ; хавсаргаагүй өргөдлийг хариуцагч хүлээн авч энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-т өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх; 26.3.3-т хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгох... ёстой” гэж маргасан байна.
“С.Г.К.Т” ХХК-иас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүрдүүлбэрт байх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өгсөн, дээрх шийдвэр гарах өдөртэй зэрэгцэн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт заалт өөрчлөлтөөр орсноор энэ талаарх баримтыг хавсаргах шаардлагагүй, маргаан бүхий тусгай зөвшөөрөл бүхий газарт Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан усны нөөц, түүний сав газрын захиргаа байдаггүй, тус компанийг ...хайгуулын өрөмдлөгийн ажил хийсэн бөгөөд үйл ажиллагаа явуулах хугацаандаа техникийн нөхөн сэргээлтийг зохих төвшинд хийж, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад журмыг дагуу ажилласан ...” болох нь тогтоогдож байна.
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ХХ-12-21 дугаар дүгнэлтээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн чулуун нүүрсний Хүрэнцавын хэсэгт 2014-2016 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, Гашуун толгойн хэсгийн нөөцийн тодотголыг хэлэлцэн Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Н-136 тушаалаар Гашуун толгой, Хүрэн цавын хэсгийн чулуун нүүрсний нөөцийг бүртгэсэн байна.
“С.Г.К.Т” ХХК-иас 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дээрх газар дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч дахин өргөдлөө бүрдүүлбэрийн хамт бүрэн гаргасны дагуу хариуцагчаас холбогдох баримтад шүүлт хийж үзээд “Татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа” гэж дүгнэсэн боловч Сонгон шалгаруулалтад орох талбайтай давхцалтай, Төсвийн хөрөнгийн хайгуул хийсэн талбайтай давхцалтай. Тусгай хэрэгцээний газартай болон хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөлтэй давхцалтай гэх шалтгаануудыг заасан боловч үүнийгээ ...Кадастрын зураглалын тухай хуулийн 5.4-т зааснаар давхцалд тооцохгүй.Тусгай хэрэгцээний талбай, тусгай зөвшөөрлийг /2003 онд/ олгогдсоноос хойш авсан... гэж тайлбарлажээ
Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн 653 дугаар шийдвэр түүнийг үндэслэн олгосон 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн МҮ-017038 тусгай зөвшөөрөл, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн 653 дугаар шийдвэр, түүнийг үндэслэж олгосон МҮ-019036 тоот тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын хуульд заасан шаардлагад нийцсэн, олгохгүй байх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шаардлага хангаагүй өргөдөл гаргасан гэх тайлбар үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүхийн хийсэн “... нэхэмжлэгчээс “С.Г.К.Т” ХХК-д олгосон МҮ-017038, МҮ-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн Тост, Тосон бумбын нуруунд орших “И.Х.С” ТББ-ын үйл ажиллагаа явуулж буй эзэмшил газартай давхцалтай” гэж тайлбарлах боловч энэ талаар тус төрийн бус байгууллагаас тусгайлан ямар нэг гомдол гаргаагүй.
Тусгай зөвшөөрлөөр тогтоогдсон эдэлбэр талбайд уурхай болон боловсруулах үйлдвэр барьснаар олборлолт явуулах эрх үүсэх, учраас нэхэмжлэгч Л.С нь цаашид оршин суугаа бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг хууль бус үйлдлээс өөрийн зөрчигдсөн эрхээ хангуулахаар маргах эрх нээлттэй. Гуравдагч этгээд “С.Г.К.Т” ХХК нь хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн, бүс нутгийн экологийн тэнцвэртэй байдлыг илтэд алдагдуулахгүй байх иргэд, малчдын амьдрал ахуйд үзүүлж буй нөлөөлөл хүчин зүйлсийг анхааран авч үзэж, байхыг дурдах нь зүйтэй гэсэн дүгнэлтүүдийг хийсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь “Баянтэс чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дурдсанаар “... Баянтэс чулуун нүүрсний ордыг ашиглах төслийн үйл ажиллагааны улмаас ”...Баруун тэрэлжтийн булаг, Хуршуутын булаг, Цагаан дэрсний булаг, Мухар шандын булаг Шар шэлэнгийн булаг, Хавчиг шандын булаг, Дэлийн булаг ...” сөрөг нөлөөлөлд өртөхөөр байна. Дээр дурдсан булгийн усыг нутгийн хүмүүс унд, ахуйн хэрэгцээндээ ашигладаг, мал амьтан усыг нь уудаг гэдгийг төсөл хэрэгжүүлэгч анхаарч ажиллах шаардлагатай” гэж тэмдэглэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0669 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР