Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

С.Баярсайханд холбогдох захиргааны зөрчлийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Гомдол гаргагч Н.Бат-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 64 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргагч Н.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлоор С.Баярсайханд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Сартуул овогт Сосорбарамын Баярсайхан, 1973 оны 12 дугаар сарын 29-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймаг, Галуут сум, Баянхошуу 6 дугаар баг, 1-16 тоотод оршин суух, /регистрийн дугаар ВК73122911/

С.Баярсайхан нь Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрханы 1 дүгээр багт Ардчилсан намаас нэр дэвшиж, сурталчилгаа хийхдээ Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг зөрчсөн зөрчилд холбогджээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн Н.Бат-Эрдэнээс Галуут сумын Хайрханы 1 дүгээр багт АН-аас нэр дэвшигч С.Баярсайхан нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Н.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11, 12, 14, 15 дугаар зүйлүүдэд захиргааны зөрчил хянан шалгах ажиллагааны төрөл буюу нотлох баримтын эх сурвалж, тэдгээрийг цуглуулах, бэхжүүлэх, шалгах арга хэлбэр, захиргааны зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны талууд, оролцогч нарыг тодорхой заасан тул энэ дагуух ажиллагаа шүүхийн өмнөх шатанд бүрэн гүйцэд хийгдэх ёстой. Цагдаагийн байгууллага нь гомдол мэдээллийн дагуу холбогдох гэрч нарыг бүгдийг асууж шалгасан гэж үзэж байна.  2016 онд Галуут сумын Хайрханы 1 дүгээр багт нэр дэвшигч С.Баярсайхан нь сурталчилгаа хийж явж байхдаа Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасныг зөрчиж бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээг төрөл бүрээр тараах зөрчлийг гаргаж хууль бусаар иргэдийн саналыг авсан талаар гэрчүүд үнэн зөв мэдүүлээд байхад шүүгч нь зөрчлийн талаар тайлбар өгсөн хүмүүс үнэн зөв тайлбар өгсөн гэхэд эргэлзээтэй байна гэхээс гадна тухайн үеийн нөхцөл байдлыг нүдээр үзэж сонсоогүй Г.Дүүрэнбилэг, Сүхцэрэн, В.Жавхлан гэх мэт хүмүүсээс тайлбар авч хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд миний нэр хүндийг сэргээж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрханы 1 дүгээр багт нэр дэвшигч Сосорбарамын Баярсайхан нь сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа тус багийн Хуримт, Өхөгийн голын айлуудад Л.Алтанхуяг, С.Даваахүү нарт тус багийн иргэн Б.Даваадорж, С.Батболд нар хулгайгаар мод хийсэн үйлдлийг нэр дэвшигч Н.Бат-Эрдэнэ Засаг даргын тамгын газарт мэдээлж урамшуулалд 900.000 төгрөг авсан гэх худал мэдээллийг иргэд сонгогчдод тараасан буюу сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6, 70.5.13-т заасан зөрчилд холбогдож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь зөрчлийн материалд авагдсан Л.Алтангэрэл, С.Батболд, О.Жавхлан, Г.Дүүрэнбилэг, Д.Ганзориг, Г.Сүхцэрэн нарын зөрчлийн талаар асуусан тэмдэглэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шүүгчийн захирамжийг хууль ёсны гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Энэ талаар Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 28 тоот магадлалд дурдсаар байтал С.Баярсайханыг Сонгуулийн тухай хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар зөрчлийн материалд огт тусгагдаагүй болохыг дурдав гэж өрөөсгөл, тодорхой бус дүгнэлт хийжээ.

Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т ...аливаа этгээд сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол мэдээлэл гаргаж болох...-оор заасан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлнэ” гэж заасан, шүүгч нь хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэн ажиллах ёстой субъект болохыг мөн зөрчлийн материалыг шийдвэрлэж захирамж гаргахдаа оролцогч нарын гомдол гаргах эрхийг дурдалгүй орхигдуулсан, энэ талаар ч өмнөх магадлалд дурдсан байгааг цаашид анхаарвал зохино.

Иймд гомдол гаргагч Н.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч С.Баярсайханд холбогдох захиргааны зөрчлийн материалыг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т

заасныг  удирдлага  болгон ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 64 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Баярсайханд холбогдох захиргааны зөрчлийн материалыг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ