Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 10

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар М.Урантуяагийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 10 сарын 13-ний өдрийн Б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дээрх даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Урантуяа, хариуцагч Д.Батмэнд, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 10 сарын 13-ний өдрийн Б/7 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 3. Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, 4. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймагт Худалдан авах ажиллагааны алба 2013 онд анх байгуулагдсан. Анх байгуулагдахдаа дөрвөн орон тоотойгоор байгуулагдсан бөгөөд миний бие мэргэжилтэн гэдэг орон тоон дээр ажиллаж байсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын даргын Б/7 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаалыг миний бие эс зөвшөөрч Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Учир нь Орон нутгийн өмчийн алба, Худалдан авах ажиллагааны алба хоёр нэгдээд Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар гэж шинээр байгуулагдсан. Энэхүү шинээр байгуулагдсан байгууллагын бүтэц орон тоон дотор миний эрхэлж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдсан байдаг. Тийм учраас намайг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй хэмээн үзсэн. Өмнө нь Худалдан авах ажиллагааны алба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ажилладаг. Ингэж ажиллахдаа хоёр мэргэжилтэн нь ажил, бараа гэж ялгалгүйгээр ажлаа хуваагаад л тэнцүү хийдэг байсан. Өөрөөр хэлбэл над дээр бараа зохион байгуулах тендер ирэх юм бол зохион байгуулна, хэрвээ ажил зохион байгуулах тендер ирэх юм бол адилхан л зохион байгуулна. Тэгээд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоо болохоор миний хийж байсан ажлыг хоёр мэргэжилтэнд ялгаж өгөөд төрөлжүүлчихсэн юм байна. Өмнө нь бол бараа, ажил, үйлчилгээний алийг нь ч хийдэг байсан. Тэгэхээр би бараа, ажил, үйлчилгээний мэргэжилтний алийг нь ч хийх боломжтой хэмээн үзэж байна гэв.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батмэнд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газрыг ажиллуулахаар тогтоосон. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжаар шинээр Орон нутгийн өмчийн газрыг байгуулж, хуучин Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, шинээр байгуулсан Орон нутгийн өмчийн газрын дүрэм, бүтэц зохион байгуулалтыг баталж, Худалдан авах ажиллагааны албыг байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгосон шийдвэрүүд гарсан байгаа. Энэ шийдвэрийн үндсэн дээр Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэгт ажилд миний бие томилогдож батлагдсан шинэ бүтэц зохион байгуулалтыг хийсэн юм. Дээрх шийдвэрээр шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоонд М.Урантуяагийн дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байр байхгүй болж орон тоо хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт Төрийн жинхэнэ албан хаагч тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэснийг үндэслэж чөлөөлсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт Төрийн байгууллага нь татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан,...эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг тухайн байгууллагаас олгоно гэснээр чөлөөлөгдсөн М.Урантуяад тэтгэлэгийг олгож эдгээр хуулийн заалтуудыг үндэслэн чөлөөлсөн нь хууль зүйд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан тайлбар гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь нэг хүний хийх ёстой ажлыг Ганболд, Нямдаваа, Урантуяа гэдэг гурван хүн хийдэг байсан. Бараа, ажил, үйлчилгээ гэдгийг гурав ангилахаас арга байхгүй. Эдгээр хүмүүс 2016 онд 16-хан ажил, барааны тендер шалгаруулсан байна лээ. Үүнээс бараг барааны тендер шалгаруулж байгаагүй юм шиг харагдсан. Тэгэхэд Хөвсгөл аймагт 2016 онд 1700 тендер шалгаруулсан байгаа. Эдгээр хүмүүс тендерийн талаар олон нийтэд сурталчилан таниулах ажлаа мартчихсан байсан. Барааны тендер гэхэд л 29 сургуулийн үдийн цайны хөтөлбөр, дотуур байрны хоол, 35 цэцэрлэгийн хоол гэх мэт 130-140 сая төгрөгийн тендер шалгаруулаагүй байдаг.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 47 дугаар тогтоол, мөн Монгол Улсын Засгийн газрын 09 дүгээр тогтоолыг үндэслэж аймгийн Засаг дарга 231 дүгээр захирамж гаргасан. Байгууллага татан буугдсан тохиолдолд тухайн ажлын байрны чиг үүрэг хэвээрээ байсан ч гэсэн ажилтнууд нь ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Анх байгуулагдахдаа дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, бусад байж болно гэсэн байсан. Өмнө нь Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байсан Пүрэвжаргалтай би өөрөө очиж уулзсан. Тэгэхэд албаны даргаар би ажиллаж байсан, ахлах мэргэжилтнээр Ганболд, мэргэжилтнээр Г.Нямдавааг томилсон гэж хэлсэн. Тэгээд М.Урантуяаг ямар албан тушаалд томилсон юм бэ? гэхэд хэрвээ цалингийн сандаа багтаж байвал бичиг хэрэг, архив, дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ав гэж аймгийн Засаг дарга чиглэл өгсний дагуу томилсон. Дараа жил нь Сангийн яамнаас гуйж байгаад нэг ажилтны цалингийн төсөв батлуулсан гэж ярьсан. Тийм учраас М.Урантуяагийн ажлын байр өнөөдөр байхгүй. Хэрвээ байгаа гэж үзэх юм бол Г.Нямдаваа ямар ажил хариуцаж байсан юм бэ? Тийм учраас ганцхан миний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэдэг үүднээс хандаж болохгүй гэдгийг хэлмээр байна.

Эрх бүхий албан тушаалтнаас ямар нэгэн захирамж, тушаалаар орон тоо батлагдах ёстой. Гэтэл Худалдан авах ажиллагааны албаны орон тоог баталсан эрх зүйн баримт бичиг байхгүй. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Засаг дарга батлав гээд л гарын үсэг зурж, байгууллагын дотоод дүрэмд нь зааж өгсөн байдаг гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Өлзиймаа миний бие 2012 оноос хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сард байгууллага татан буугдаж халамж үйлчилгээний хэлтэстэй нэгдэж ажилгүй болсон. Үүнээс хойш ажил идэвхтэй хайж байсан. 2016 оны 10 дугаар сарын 24-нд Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтнээр түр томилогдож орсон. Шүүх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Урантуяа нь Завхан аймгийн орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, орон нутгийн өмчийн газрын ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тодруулан дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Нэг: Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 13ы өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/0дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг болох Худалдан авах ажиллагааны албыг шинээр байгуулж, уг албаны үйл ажиллагааны дүрмийг баталжээ. Худалдан авах ажиллагааны албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-д Худалдан авах ажиллагааны алба нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэнтэй байхаар зохицуулсан байна.

Үүний дагуу Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалаар /хавтаст хэргийн 4-р хуудас/ М.Урантуяаг худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр түр томилж, ТЗ-5 зэрэглэлээр цалинжуулан ажиллуулжээ.

Улмаар нэхэмжлэгч М.Урантуяаг төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн гэсэн үндэслэлээр Худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар тушаалаар /хавтаст хэргийн 5-р хуудас/ аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр тус тус томилсон байна.

Нэхэмжлэгч М.Урантуяа нь намайг анхнаасаа Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр томилсон ба мэргэжилтэн Г.Нямдаваагийн хамт бараа, ажил, үйлчилгээ гээд бүх худалдан авах ажиллагааг бид хоёр адилхан хувиарлан авч хийж гүйцэтгэж байсан. Худалдан авах ажиллагааны албыг шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт шилжүүлснээр миний эрхэлж байсан бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа, миний урьд эрхэлж байсан ажлын зорилт, чиг үүргүүд нь шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын бараа зөвлөх үйлчилгээний мэргэжилтэн, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн гэж нэрлэгдсэн албан тушаалуудад салж, хувиарлагдсан байгаа учраас аль нэг албан тушаалд нь эгүүлэн томилогдох үндэстэй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нь Худалдан авах ажиллагааны алба нэгэнт эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр татан буугдсан, өмнө нь ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн ажиллаж байснаас мэргэжилтний орон тоо цөөрсөн, М.Урантуяа нь батлагдсан орон тоонд ажиллаж байгаагүй, архив, бичиг хэрэг, дотоод зохион байгуулалтын ажлыг хариуцан эрхэлж байсан бөгөөд түүний ажиллаж байсан орон тоо одоо байхгүй болсон тул түүнийг чөлөөлсөн нь үндэстэй, шинээр бий болсон мэргэжилтнүүдийн ажлын байранд инженерийн мэргэжилтэй хүн ажиллах шаардлагатай болсон хэмээн маргаж байна.

Маргаан бүхий захиргааны актыг хариуцагч Б/7, Б/07 гэсэн 2 өөр дугаартай /хэргийн 6, 29-р хуудас/ батлан гаргасан байх бөгөөд энэ талаар хариуцагч Б/7 дугаартай тушаалд дарга гэж илэрхий алдаатай бичигдсэнийг зөвтгөн Б/07 дугаартай тушаалыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж засч гаргасан хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Б/7, Б/07 дугаартай тушаалууд агуулга, үг, өгүүлбэрийн хувьд адил байх бөгөөд тушаалыг батлан гаргасан эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч өөрөө тайлбарлаж байгаа, нэхэмжлэгч энэ талаар маргахгүй байх тул түүний тайлбарыг үнэн зөв гэж үзэж энэ хэрэгт маргаж буй захиргааны актыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай тушаал гэж тодорхойлсон болно.

Маргаан бүхий Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжийг тус тус үндэслэн Худалдан авах ажиллагааны алба татан буугдаж, бүтцийн өөрчлөлт орсон гэх үндэслэлээр Худалдан авах ажиллагааны албаны дотоод ажил, архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн М.Урантуяаг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, гурван сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх Б/07 дугаар тушаалд М.Урантуяагийн эрхэлж байсан ажил үүргийг дотоод ажил, архив, бичиг хэрэг гэж тодорхойлсон байх боловч М.Урантуяаг анх томилохдоо түүнийг Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр томилж байсан байна /хавтаст хэргийн 4, 5-р хуудас/. М.Урантуяагийн ажлын байрны тодорхойлолтоос харахад /хавтаст хэргийн 7-р хуудас/ ажлын байрны нэр нь мэргэжилтэн, ажлын байрны чиг үүрэгт бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх, дотоод ажил архив, бичиг хэрэг хариуцах гэж заажээ. Худалдан авах ажиллагааны албаны 2015 онд зохион байгуулсан тендер шалгаруулалтын материалыг судалж үзэхэд /хавтаст хэргийн 97-131-р хуудас/ нэхэмжлэгч М.Урантуяа нь үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, тендерийг хянан үзэх, тендерийн баримт бичгийг боловсруулах, үнэлгээний дүгнэлт гаргах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байжээ. Үүнээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн Би худалдан авах ажиллагаанаас гадна дотоод ажил, архив, бичиг хэргийн ажлыг давхар хариуцан гүйцэтгэж байсан гэсэн тайлбар үндэстэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон байх бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газрыг /худалдан авах ажиллагааны албатай/ хэрэгжүүлэгч агентлаг байхаар тогтоожээ. Үүний дагуу Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Орон нутгийн өмчийн албыг, Худалдан авах ажиллагааны албатай нэгтгэж, Орон нутгийн өмчийн газар нэртэй зохион байгуулсан байна.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжаар өмнөх Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, түүний эрх үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-д зааснаар хуулийн этгээдийг татан буулгах нэг үндэслэл нь үүсгэн байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр бөгөөд аймгийн Засаг даргын дээрх А/231 дүгээр захирамжийг Худалдан авах ажиллагааны албыг татан буулгах талаар үүсгэн байгуулах эрх бүхий албан тушаалтнаас гарсан шийдвэр гэж хариуцагч тодорхойлж, маргаан бүхий захиргааны актад түүнийг үндэслэжээ.

Орон нутгийн өмчийн газарт харьяалагдах худалдан авах ажиллагааны албыг дарга, бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, хуулийн мэргэжилтэн гэсэн 4 орон тоотой байхаар тогтоосон байна.

Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааны дүрмийн 1.2-д зааснаар /хавтаст хэргийн 143-р хуудас/ тус газрын Худалдан авах ажиллагааны алба нь ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт заасан өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг орон нутагт хуулийн дагуу зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг худалдан авах ажиллагааны мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж байна.

Уг чиг үүргийг урьд нь Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба бүхэлд нь хэрэгжүүлж ирсэн нь аймгийн Засаг даргаас баталсан уг албаны үйл ажиллагааны дүрмийн 1.1 дэх заалтаас /хавтаст хэргийн 48-р хуудас/ тодорхой харагдаж байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 144 дүгээр тогтоолын дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан өмнөх Худалдан авах ажиллагааны алба нь зохион байгуулалтын бүтцийн хувьд өөрчлөн байгуулагдаж, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын бүтцэд багтаж, өмнөх чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байх тул уг алба нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь зохицуулалтын дагуу нэгтгэгдэх байдлаар өөрчлөн зохион байгуулагдсан байна.

Иймд хариуцагчийн Худалдан авах ажиллагааны алба татан буугдсан тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д ... тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө, 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан бөгөөд худалдан авах ажиллагааны алба татан буугдаагүй, мэргэжилтний орон тоо хасагдаагүй, үйл ажиллагаа, чиг үүрэг нь хэвээр үргэлжилж байна.

Нэгэнт Худалдан авах ажиллагааны албаны зорилт, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тул уг албаны мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч М.Урантуяагийн тухайд төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах нөхцөл үүссэн гэж үзэхээр байна.

Өмнөх Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагааны дүрмийн 3.1 дэх заалтаас харахад тус алба нь дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтний орон тоотой байсан байх ба шинээр байгуулагдсан Худалдан авах ажиллагааны бүтэц орон тоотой харьцуулж үзэхэд зөвхөн ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж, бусад орон тоонууд, тодруулбал 2 мэргэжилтний орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн байна. Мөн Орон нутгийн өмчийн газарт дотоод ажил, архив, бичиг хэргийн ажилтны орон тоо бий болгож ажиллуулсан байна.

Тухайн үед мөн М.Урантуяа, Г.Нямдаваа нар нь Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний албан тушаалд хамт томилогдсон, тэдний ажлын байрны тодорхойлолтоос харахад /хэргийн 7, 41-р хуудас/ нэгэн адил үүрэг гүйцэтгэдэг байсан, гэрч Т.Пүрэвжаргалын мэдүүлгээр ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг 2 мэргэжилтэн хамт хийдэг байсан нь харагдаж байна. Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг /хавтаст хэргийн 134-140-р хуудас/ харахад М.Урантуяа, Г.Нямдаваа нарын өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлыг салгаж, бараа зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагааг 1 мэргэжилтэн, ажил худалдан авах ажиллагааг 1 мэргэжилтэн тус тус хариуцан гүйцэтгэж байхаар болсон байна. Үүнээс дүгнэж үзвэл худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоо цөөрөөгүй, хасагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний албан тушаал, одоо маргаж буй орон нутгийн өмчийн газрын мэргэжилтний албан тушаалын ангилал, зэрэглэл, ажлын байранд тавигдах боловсрол, туршлага, мэргэшлийн шаардлага ижил байна.

Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний урьд хэрэгжүүлж байсан чиг үүргүүдийг салган хэд хэдэн ажлын байруудад ийнхүү хуваарилсан тохиолдолд шинээр бий болсон ажлын байруудын алинд нь түүнийг томилох асуудлаар хариуцагч шийдвэр гаргахаар байна. Гэтэл хариуцагч 2 мэргэжилтний орон тооны аль нэгэнд М.Урантуяагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан томилох үүргээ биелүүлэлгүй гаднаас өөр хүн томилсон байгаа нь буруу байна.

Дээрх шалгаруулалтыг хариуцан зохион байгуулж, шийдвэрлэх нь хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй буюу нэмж шалгах, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах, нотлох баримт цуглуулах хүрээ хязгаараас хэтэрсэн байна.

Учир нь Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааны дүрмийн 1.7-д заасны дагуу байгууллагын ажилтныг тус газрын дарга томилохоор эрх олгогджээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай.

Түүнчлэн Захиргааны байгууллага нь Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлээр тогтоосон журам, үндэслэлийг баримтлах ёстой бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөгдөх аль ч үндэслэл бүрдээгүй буюу орон тоо нь хасагдаагүй байхад түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх, 4.1.5-д заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмуудад нийцээгүй төдийгүй, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийнжинхэнэ албан хаагчийн төрийн албанаас халагдахгүй байх нөхцөл баталгааг зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх-ээр заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргад даалгаж, тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох зохицуулалттай байна.

2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд холбогдох бичилт хийлгүүлэхийг даалгуулах шаардлагын тухайд:

Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/07 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох үндэстэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Урантуяагийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдрийг хүртэлх ажлын 86 хоногоор тооцож олговрыг олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан М.Урантуяагийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 6, 7, 8дугаар саруудын дундаж цалин хөлс 813232 төгрөгнөөс нэг хоногийн хөлсийг 36965 төгрөгөөр тооцон гаргасан болно. Нэхэмжлэгч М.Урантуяа нь 2016 оны 9 сард ээлжийн амралтаа авсан гэж тайлбарлаж байх тул түүний 9 сарын цалинд ээлжийн амралтын мөнгө тооцогдсон байх үндэслэлтэй тул дээрх 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцсон болно.

Шүүх М.Урантуяагийн ажилгүй байсан 86 хоногийг дээрх 1 хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоходтүүнд 3178996 төгрөгийн нөхөн олговор олгогдохоор байна гэж үзлээ. Нэхэмжлэгч М.Урантуяа нь ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж 2010000 /хоёр сая арван мянган/ төгрөг авсан гэж тайлбарлаж байх тул уг мөнгийг ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцон олгох боломжтой болохыг дурьдаж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгох дээрх олговрыг хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулах нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1-д зааснаар ажилтнууд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулахаар байх ба 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийн 2 хувийг аж ахуйн нэгж, байгууллага эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу М.Урантуяагийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн албаны дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/-д даалгаж, тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Урантуяагийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдрийг хүртэлх 86 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэхолговор 3 178 996 төгрөгнөөс холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон даатгалын дэвтрүүдэд бичилт хийж олгохыг Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Урантуяад олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний аль нэгэнд М.Урантуяаг томилсон шийдвэр гаргаагүй бол тус Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн Б/07 дугаар тушаал хүчингүй болохыг дурьдсугай.

5. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА