Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0561/З |
Дугаар | 221/МА2019/0041 |
Огноо | 2019-01-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2019/0041
2019 оны 01 сарын 17 өдөр |
Дугаар 221/МА2019/0041 |
Улаанбаатар хот |
“З.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0687 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ийн давж заалдах гомдлоор, “З.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0687 дугаар шийдвэрээр:
“Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 17 дугаар зүйлийн 17.4, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З.М” ХХК-ийн гаргасан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Д-ийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн 1-д заасан Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалын 2 дахь хэсгийн “Шарга-3” гэснийг хассугай” заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Ашигт малтмал, газрын тосны газар нь газрын тосны хайгуулын “Шарга-3” талбайд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахдаа төрийн захиргааны төв байгууллагаас чиглэл авалгүйгээр сонгон шалгаруулалт явуулсан. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зарлаад 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгосон нь тухайн сонгон шалгаруулалтад бусад оролцогчид тэгш оролцох, ил тод өрсөлдөх боломжийг хаасан, Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалаар сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсний дагуу эхний захиалга ирснээс хойш захиалга хүлээн авах эцсийн хугацааг зарлахаар заасан нь хуулийн хугацааг хэтрүүлсэн, сонгон шалгаруулалтад зөвхөн нэг этгээд санал ирүүлсэн байхад уг саналыг хэрхэн харьцуулж Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн” гэж үнэлсэн нь тодорхойгүй зэргээр хуулийн Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 17 дугаар зүйлийн 17.4, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
Түүнчлэн уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Газрын тосны тухай хууль, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах болон Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар батлагдсан “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг баримтлан ажиллах үүрэгтэй байх боловч уг журмын 2 дугаар зүйлийн 2.2.10-д “тухайн зарласан талбайн бүх захиалга нь холбогдох хууль болон энэхүү журамд нийцээгүй тохиолдолд уг талбайг дахин нээлттэй зарлуулах хүсэлтийг төрийн захиргааны байгууллагаас төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар дахин нээлттэй залруулах хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэлгүй журмыг зөрчжээ.
Нэг этгээдийн ирүүлсэн саналыг ямар ч харьцуулалтгүйгээр “хамгийн сайн” гэж үнэлэх нь “шалгаруулалт явуулсан” гэж үзэхэд учир дутагдалтай. “З.М“ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан хууль зөрчсөн гэх үйл явдал, хуулийн заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тухайлбал “...сонгон шалгаруулалт явуулахдаа төрийн захиргааны төв байгууллагаас чиглэл авалгүйгээр сонгон шалгаруулалт явуулсан...” гэжээ.
Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах, хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай” тушаалаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 дугаар тогтоолыг үндэслэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 04 дүгээр 30-ны өдрийн 104 дүгээр тушаалын 1 дүгээр зүйлийн “Т.Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Газрын тосны хайгуулын “Шарга-3” талбайд дахин нээлттэй сонгон шалгаруулалт явуулах үүргийг Газрын тосны газрын дарга Г.Ө-д үүрэг болгосон.
Тогтоох хэсэгт “...2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зарлаад 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгосон нь тухайн сонгон шалгаруулалтад бусад оролцогчид тэгш оролцох, ил тод өрсөлдөх боломжийг хаасан. Захиалга хүлээн авах эцсийн хугацааг зарлахаар заасан сүүлийн хугацааг хэтрүүлсэн Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн гэж үнэлсэн нь тодорхойгүй зэргээр хуулийн 8.1.4, 17.4, 20.1, 21.1 дэх заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон” гэжээ.
Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 183 дугаар тушаалаар хайгуулын “Шарга-3” талбайг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс нээлттэй зарласан. Эхний захиалга 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирсэн тул Газрын тосны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаар тушаалаар захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 минутаар тасалбар болгосон. Хугацаа дуусах үед Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар шинээр зохион байгуулагдсантай холбогдуулан даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/02 дугаар тушаалаар захиалга хүлээн авах эцсийн хугацааг түр түдгэлзүүлж, энэ тухай “Шарга-3” талбайд захиалга ирүүлсэн “З.М” ХХК-д 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/68 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар “Шарга-3” талбайд захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17:00 цагаар тасалбар болгосны дагуу захиалгыг хаахад “З.М” ХХК-иас өөр компани захиалга ирүүлээгүй байсан тул даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр 10-ны өдрийн А/27 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж “З.М” ХХК-ийн хайгуулын “Шарга-3” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар ирүүлсэн захиалгын материалыг судалж, хянан захиалагчаас бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлд өгсөн санал болон гэрээнд холбогдох бусад асуудлаар хэлэлцээ хийж дүгнэлт гаргасан.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар байгуулсан Үнэлгээний хороо ажлын хэсгийн дүгнэлтийг нягтлан шалгаж “З.М” ХХК-ийг ялагчаар тодруулсан.
Энэ талаар 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3/6700 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэдэгдсэн.
Эрх хамгаалуулах нотлох баримт, эрх зүйн зохицуулалтын хувьд тогтоох хэсэгт дурдсан Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 17 дугаар зүйлийн 17.4, 20 дугаар зүйлийн 20.1,21.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэжээ.
Дээрх хуулийн заалтууд нь хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах, хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх, хамгийн ашигтай санал ирүүлсэн захиалагчийг ялагчаар тодруулах гэсэн утгыг агуулсан байдаг. Тухайн нөхцөл байдалд Ашигт малтмал, газрын тосны газар нь Газрын тосны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлах, Үнэлгээний хороогоор дүгнэлт гаргуулах, захиалга авах эцсийн хугацааг зарлах, ялагчаар тодруулах, энэ талаар төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх эрх, үүрэгтэй.
Эхний захиалга 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирсэн тул захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагаар тасалбар болгосон.
Хугацаа дуусах үед Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар шинэ зохион байгуулалтад орсноор сонгон шалгаруулалтыг явуулах алба, түүнийг хэрэгжүүлэх албан тушаалтнууд халагдаж, солигдон өөрчлөлт орсон тул сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлэх болсон.
Нэгэнт эхэлсэн сонгон шалгаруулалтыг дуусгахын тулд нэг хоногийн хугацаатай зарласан Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасныг зөрчсөн гэх үндэслэл болохгүй. Сонгон шалгаруулалтыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн зарлаж 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх 10 сар 5 хоногийн турш сонгон шалгаруулах нээлттэй зар явагдаж байхад өөр компани захиалга ирүүлээгүй нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “...Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар батлагдсан “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.10-д “тухайн зарласан талбайн бүх захиалга нь холбогдох хууль болон энэхүү журамд нийцээгүй тохиолдолд уг талбайг дахин нээлттэй зарлуулах хүсэлтийг Төрийн захиргааны байгууллагаас Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар дахин нээлттэй зарлуулах хүсэлтийг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй” гэжээ.
2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Уул уурхайн сайдын 195 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах, хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай” тушаалаар “Шарга-3” талбайд дахин нээлттэй сонгон шалгаруулалт явуулах үүргийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд үүрэг болгосны дагуу Газрын тосны тухай хуульд заасан эрх хэмжээнд сонгон шалгаруулалтыг явуулж, ялагчийн талаар Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.10 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй.
Мөн Тогтоох хэсэгт “...Энэ захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна” гэжээ.
“З.М” ХХК нь нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохын тулд бичиг баримт бүрдүүлэх, боловсруулахад нарийн мэргэжлийн ажилчин албан хаагчдыг татан оролцуулсан. Техник, эдийн засгийн үндэслэл, техник тоног төхөөрөмж, машин механизм, ажиллах хүчин бэлдэхэд зориулж ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж ирсэн.
Мөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд Ашигт малтмал, газрын тосны газрын ажлын хэсэг компанийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан. Ер нь сонгон шалгаруулалтын бүхий л үйл ажиллагаанд компани Монгол Улсад хэрэгжиж буй хууль, журмын хүрээнд оролцож, ялсан боловч эцэст нь бүтээгдэхүүн хуваах гэрээ хийх эрхээ эдэлж чадахгүй хохирч байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0687 дугаар шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу гомдлын хүрээгээр хязгаарлав.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд /хуучин нэрээр/ Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 183 дугаар тушаалаар “Шарга-3” талбайд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн сонгон шалгаруулалт явуулах тухай мэдээллийг олон улсад нээлттэй зарласан, нэхэмжлэгч “З.М” ХХК 2016 оны 06 дугаар сарын 28-нд сонгон шалгаруулалтад оролцох материалаа ирүүлсэн байна.
Аливаа “сонгон шалгаруулалт” зарлахын “зорилго” нь тухайн шалгаруулалтад хамруулах, өрсөлдөөнийг хангахад орших бөгөөд “агуулга” нь тухайн шалгаруулалтад оролцогч этгээдийг бусад оролцогч этгээдүүдтэй харьцуулан үнэлснээр дурдсан шалгуурыг хамгийн сайн хангаж буй этгээдийг шалгаруулахад орших учиртай.
Энэхүү сонгон шалгаруулалтын зорилго болон агуулга энэхүү тохиолдолд бүрдээгүй. Ашигт малтмал, газрын тосны газар /шинэ нэрээр/ нэг этгээдийн ирүүлсэн саналыг ямар ч харьцуулалтгүйгээр хамгийн сайн гэж үнэлэх нь “шалгаруулалт явуулсан” гэж үзэхэд учир дутагдалтай төдийгүй сонгон шалгаруулалтад зөвхөн нэг этгээд санал ирүүлсэн байхад уг саналыг хэрхэн харьцуулж Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн гэж үнэлсэн нь тодорхойгүй юм. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.
Харин “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дүгээр “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалын 1 дэх заалтаар Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалын “Шарга-3” гэсэн хэсгийг хасахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв” гэсэн нь учир дутагдалтай болжээ.
Учир нь дээрх сонгон шалгаруулалтад оролцохыг тул нэхэмжлэгчийн зүгээс тодорхой цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан, хөрөнгө мөнгө, хүний нөөц ашигласан нь ойлгомжтой юм.
Иймд төрийн захиргааны төв байгууллагаас тухайн талбайд дахин сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд нэхэмжлэгч компанийн оролцох болон хохирлоо шаардах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр, магадлал хөндөхгүй юм.
Түүнчлэн анхан шатны шүүхийн хийсэн зарим дүгнэлт учир дутагдалтай болсныг тэмдэглэх нь зүйтэй. Тодруулбал “Дээр дурдсан хуулийн заалтуудаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газар нь газрын тосны хайгуулын “Шарга-3” талбайд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахдаа төрийн захиргааны төв байгууллагаас чиглэл авалгүйгээр сонгон шалгаруулалт явуулсан, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зарлаад 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгохоор шийдвэрлэсэн нь тухайн сонгон шалгаруулалтад бусад оролцогчид тэгш оролцох, ил тод өрсөлдөх боломжийг хаасан, Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалаар сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсний дагуу эхний захиалга ирснээс хойш захиалга хүлээн авах эцсийн хугацааг зарлахаар заасан хуулийн хугацааг хэтрүүлсэн, сонгон шалгаруулалтад зөвхөн нэг этгээд санал ирүүлсэн байхад уг саналыг хэрхэн харьцуулж Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн гэж үнэлсэн нь тодорхойгүй зэргээр хуулийн 8.1.4, 17.4, 20.1, 21.1 дэх заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлтүүдийн “2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зарлаад 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгохоор шийдвэрлэсэн”, ...“эхний захиалга ирснээс хойш захиалга хүлээн авах эцсийн хугацааг зарлахаар заасан хуулийн хугацааг хэтрүүлсэн” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Учир нь хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн атлаа 1 хоногийн хугацаатай зарласан мэтээр дүгнэсэн нь хоорондоо зөрчилтэй болжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын сарын 09-ний өдрөөр тасалбар болгохоор шийдвэрлэсэн ямарваа нэгэн хуулийн заалтыг зөрчөөгүй төдийгүй харин ч илүү урт хугацааг оролцох сонирхол бүхий талуудад олгожээ.
Захиалга авах эцсийн хугацааны тухайд төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалж сунгагдсан болох нь тогтоогджээ. Хугацааны талаар хийсэн анхан шатны шүүхийн энэхүү 2 дүгнэлтийг үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
Гэхдээ зөвхөн энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР