Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00659

 

Б.Төвшинбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01395 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 453 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Төвшинбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Бор-Өвгөн нь МИАТ-ийн Захиргааны газрын даргаар 30 гаруй жил ажилласан бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 8-4-3 тоотод 3 өрөө байраар шагнуулсан юм. Улмаар аав Бор-Өвгөн маань энэхүү 3 өрөө байраа надад өв залгамжлуулж өвлүүлсэн. Гэтэл М.Номуундарь нь гэр бүл болохоос өмнө надад байсан хуваарьт хөрөнгө болох 3 өрөө байрыг өөрийн өмч мэтээр өмчилж авсан төдийгүй намайг болон нас өндөр аавын минь хамтаар өнөөдөр гудамжинд хөөн гарган увайгүй зан гаргасан бөгөөд одоо аав Бор-Өвгөн бид хоёр орох оронгүй оочих аягагүй өөрийн өмчгүй явж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас маргаж буй 3 өрөө байрыг нь илт хууль бусаар дуудлага худалдаанд оруулж 357 175 000 төгрөгөөр эхнэр М.Номуундарь гэрийн гаднаас хувийн үнэлгээчнээ дагуулан ирж илт бодит бусаар үнэлэн үнийг тогтоосон байдаг. Өнөөдөр би ямар үнэлгээний компаниар юуг үндэслэн үнэлгээ хийсэн нь тодорхой бус байна. Эдгээр процесс нь хуульд заасан журмын дагуу явахгүй байгаад аав бид 2 гомдолтой байна. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “хүний өмч халдашгүй дархан эрхтэй зөвхөн хуулиар хязгаарлана” гэж заасан атал өнөөдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс миний аавын олж авсан үл хөдлөх эд хөрөнгийг шууд утгаар дээрэмдэж байна. 2015 оны 8 дугаар сард анхны дуудлага худалдаанд намайг оруулахгүй үнэ санал болгох хурал надад огт мэдэгдэлгүй үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний аавын ганц хөрөнгө болох уг үл хөдлөх хөрөнгийг маань шууд дуудлага худалдаанд оруулж, өнөөдөр надад 5 920 000 төгрөгийг өгнө, чи аавын хамт хаана амьдрана бидэнд хамаагүй гэж хөөж байна.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 3586 тоот захирамжаар 3 өрөө байр буюу 102 м.кв үл хөдлөх хөрөнгийг 3 тэнцүү хувааж оногдох хэсгийг Б.Төвшинбаяр, Т.Цолмон, М.Номуундарь нарт тус бүр 119 058 300 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл уг захирамжид гуравдагч этгээд болох С.Бор-Өвгөнийг оруулалгүй шийдвэрлэсэн. Уг үнэлгээний компанид нэг хүнд 90 000 000 төгрөг олгохоор үнэлгээ хийлгэсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба надад дур мэдэн үнэлгээ бууруулж 5 920 000 төгрөг өгөх гээд байгаа нь хууль бус бодит байдалд огтхон ч нийцэхгүй байна.Иймд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 тоот шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж буй ажиллагааг хүчингүй болгох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас зохион байгуулсан анхны дуудлага худалдаа болон хурлын шийдвэрийг хүчингүй болгох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүчингүй болгож миний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шийдвэрээр Б.Төвшинбаяраас 172 645 200 төгрөг гаргуулж М.Номуундарьд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад Б.Төвшинбаяр нарын 3 иргэний дундын өмчлөлд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 8/4 дүгээр байрны 3 тоот 3 өрөө орон сууц нь бүртгэлтэй бөгөөд үүрэг ногдуулсан хэлцэлд бүртгэлгүй талаар хариуг ирүүлсэн байна. Төлбөр төлөгч Б.Төвшинбаярт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгдөөгүй байна. Төлбөр төлөгч Б.Төвшинбаярын дундын өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрөө төлөх хүсэлт гаргасан тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 8/4 дүгээр байрны 03 тоот 105 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 140/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 140/02 тоот тогтоолоор хураан авсан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад орон сууцыг 357 175 000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлгээг тогтоосон. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон тус албанаас зохион байгуулагдаж буй 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд өдөр тутмын хэвлэл Өнөөдөр сонинд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй болно.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр албадан дуудлага худалдааны комиссын хурлаар 2 дахь дуудлага худалдааны үнээр төлбөр авагчид санал болгож, зөрүү 5 901 200 төгрөгийг төлбөр төлөгчид олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгч Б.Төвшинбаярын хүсэлтийн дагуу 1 сарын хугацааг олгосон байна. Төлбөр төлөгч Б.Төвшинбаяр нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжпэлийг буцааж шийдвэрлэсэн байдаг. Иймд тус алба нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул төлбөр төлөгч Б.Төвшинбаярын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь нэн даруй хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага 2 хоорондоо тохирохгүй байна. Нэхэмжлэлийн агуулгыг харахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн агуулгатай байна. Санал болгох хурлын комиссын хурлаар 14 хоногийн хугацааг Б.Төвшинбаярт өгсөн. Энэ хугацаанд өөрөө хувиараа зарж борлуулна гэж гарын үсэг зураад гарч байсан. Дуудлага худалдааны үнийг Б.Төвшинбаяр өөрөө тогтоосон. Бид энэ үнийг нь хүлээн зөвшөөрсөн. 2 удаа дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Энэ ажиллагаа 2 жилийн хугацаанд үргэлжлэн явагдсан. Б.Төвшинбаяр өөрөө энэ байрын үнэлгээнд гомдоогүй. Улсын дээд шүүхийн тогтоол дээр хөндлөнгийн үнэлгээний газрын үнийг баримталсан. Үнэлгээн дээр гомдсон бол тухайн үедээ гомдол гаргаагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба өөрсдийн саналаар үнэлгээг тогтоосон зүйл байхгүй. Энэ хүн өөрийнхөө гаргасан үнэлгээн дээр л гомдоод байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01395 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 453 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар дугаар 02-ны өдрийн 181/ШШ2016/01395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт тус тус зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Төвшинбаярт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Төвшинбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гуравдагч этгээд М.Номуундарь би эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлага анхнаасаа тодорхой бус байсан бөгөөд анхан шатны шүүх хурлын үед шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох гэж өөрчлөгдсөн боловч үүнд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон гуравдагч этгээдээс тайлбар, нотлох баримт нэмж гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Уг нь нэхэмжлэгч Б.Төвшинбаяр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3586 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албанаас зохион байгуулсан анхны дуудлага худалдааг болон хурлын шийдвэр хүчингүй болгох байсан юм.Дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, өөрчлөгдсөн тохиолдолд хариуцагч талаас дахин тайлбар, нотлох баримт гаргуулах ажиллагааг анхан шатны шүүх дутуу хийснээс болж гуравдагч этгээд буюу төлбөр авагчийн эрх ашиг ноцтой хохирч үлдэж байна. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3586 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй ажиллагааг хүчингүй болгуулах буюу эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, эд хөрөнгийн үнэлгээ тогтоох, анхны дуудлага худалдаа, санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэж бичсэнээс харахад нэхэмжлэгч тал шүүхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгоод өг гэж шаардлага гаргаагүй мэт харагдаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр албаны шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхам шүүхэд тухайн үед би өөрт байгаа хэргийн материалаа бүгдийг өгсөн гэж байгаа боловч энд төлбөр авагч Б.Төвшинбаярын банкны дансны хуулга, банкны лавлагаанууд мөн төлбөртөө орон сууцаа тооцож өгөхөөр өөрөө гаргасан хүсэлт зэрэг чухал баримтуудыг хэрэгт хавсаргаж өгөөгүй байна.Нөгөө талаараа шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд бид маш гомдолтой байна. Олон жил шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа хэрнээ “та яагаад төлбөр төлөгчийн банкнаас авсан лавлагаа, дансны хуулга зэрэг баримтуудаа шүүхэд өгдөггүй юм бэ” гэхэд “би наад ажлуудыг чинь угаасаа хийгээгүй юм, тэгээд яах юм, одоо шүүхэд гомдол гаргах хугацаа чинь өнгөрсөн, та нартай ярих юм байхгүй өөр шийдвэр гүйцэтгэгчид хуваарилагдсан” гэж бидэнд хэлсэн. Үүнийг бид төлбөр авагчтай шийдвэр гүйцэтгэгч үгсэн тохиролцож шүүх дээр өөрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албаар хүчингүй болгуулж, төлбөр авагчийг цаг хугацааны хувьд хохироодог санаатай үйл ажиллагаа гэж ойлгож байгаа.Иймд   давж   заалдах   шатны   шүүхийн   магадлалыг   хүчингүй   болгож,   хэргийг   дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гарсан эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Төвшинбаяр нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа гэж маргажээ.

Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай эрх зүйн маргааныг гурван шатны шүүх хянан шийдвэрлэсний эцэст энэ хэргийн нэхэмжлэгч Б.Төвшинбаяр нь 171 450 000 төгрөгийг М.Номуундарьд төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч Б.Төвшинбаярын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, үнэлгээ хийлгэх, албадан дуудлага худалдаанд оруулах, дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д заасан журмыг баримтлаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй шүүхийн шийдвэрт төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулахаар тухайлан заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дан ганц орон сууцны үнээс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь учир дутагдалтай болжээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах бөгөөд төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлдэг. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллага харгалзан үзэх боломжтой юм.

Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулах учиртай.

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг зохих банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлэх, нэхэмжлэлийн шаардлага хангах хэмжээний мөнгөн хөрөнгө төлбөр төлөгчийн хадгаламжийн болон харилцах дансанд байхгүй бол энэ талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авах үүрэгтэй болно.

Түүнчлэн, төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого нь банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд ордог бол төлбөр гаргуулж болохгүй орлогыг хасаж, төлбөрийг шилжүүлэх, дээрх эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар хуульд заасан байна.

Харин дээрх эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах ёстой.

Давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн зохицуулалтыг тухайн маргааныг хянан шийдвэрлэх үндэслэл болгохдоо хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 453 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН