Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2016/01395

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Й

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Т

 

Хариуцагч: Налбанд холбогдох

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагааг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа болон хурлын шийдвэрийн хүчингүй болгуулах, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Д.Долгорлхам, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.    

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний аав Бор-Өвгөн нь МИАТ-ийн Захиргааны газрын даргаар 30 гаруй жил ажилласан бөгөед Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 8-4-3 тоотод 3 өрөө байраар шагнуулсан юм. Улмаар аав Бор-өвгөн маань энэхүү 3 өрөө байраа надад өв залгамжлуулж өвлүүлсэн. Гэтэл М.Номуундарь нь гэр бүл болохоос өмнө надад байсан хуваарьт хөрөнгө болох 3 өрөө байрыг өөрийн өмч мэтээр өмчилж авсан төдийгүй намайг болон нас өндөр аавын минь хамтаар өнөөдөр гудамжинд хөөн гарган увайгүй зан гаргасан бөгөөд одоо аав Бор-өвгөн бид хоёр орох оронгүй оочих аягагүй өөрийн өмчгүй явж байна.

Налбанаас миний аав С.Бор-өвгөний улсад 30 гаруй жил үнэнч шударгаар үр бүтээлтэйгээр ажилласныг нь төр тухайн үеийн төр засгаас үнэлж түүнд олгосон ганц хөрөнгө болох маргаж буй 3 өрөө байрыг нь илт хууль бусаар дуудлага худалдаанд оруулж 357.175.000 /гурван зуун тавин долоон сая нэг зуун далан таван мянга/ төгрөгөөр эхнэр Номуундарь гэрийн гаднаас талаас шууд хувийн үнэлгээчнээ дагуулан ирж илт бодит бусаар үнэлэн үнийг тогтоосон байдаг.

Өнөөдөр би ямар үнэлгээний компаниар юуг үндэслэн үнэлгээ хийсэн нь тодорхой бус байна. Эдгээр процесс нь хуулийн журмын дагуу явахгүй байгаад аав бид 2 гомдолтой байна.

Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “хүний өмч халдашгүй дархан эрхтэй зөвхөн хуулиар хязгаарлана” гэж заасан атал өнөөдөр Налбаны зүгээс миний аавын төрийн байгууллагад 30 гаруй жил хөдөлмөрлөж олж авсан үл хөдлөх эд хөрөнгийг шууд утгаар дээрэмдэж байна.

2015 оны 8 дугаар сард анхны дуудлага худалдаанд намайг оруулахгүй үнэ санал болгох хурал надад огт мэдэгдэлгүй үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний аавын ганц хөрөнгө болох уг үл хөдлөх хөрөнгийг маань шууд дуудлага худалдаанд оруулж, өнөөдөр надад 5.920.000 төгрөгийг өгнө, чи аавын хамт хаана амьдрана бидэнд хамаагүй гэж хөөж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3586 тоот захирамжаар 3 өрөө байр буюу 102 мкв үл хөдлөх хөрөнгийг 3 тэнцүү хувааж оногдох хэсгийг Б.Б.Т, Т.Цолмон, М.Номуундарь нарт тус бүр 119.058.300 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл уг захирамжид гуравдагч этгээд болох С.Бор-өвгөнийг оруулалгүй шийдвэрлэсэн. Уг үнэлгээний компанид нэг хүнд 90.000.000 төгрөг олгохоор үнэлгээ хийлгэсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба надад дур мэдэн үнэлгээ бууруулж 5.920.000 өгөх гээд байгаа нь хууль бус бодит байдалд огтхон ч нийцэхгүй байна.

Иймд  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3586 тоот шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж буй ажиллагааг хүчингүй болгох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас зохион байгуулсан анхны дуудлага худалдаа болон хурлын шийдвэрийг хүчингүй болгох,  Налбаны үнэлгээг хүчингүй болгож миний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү” гэв.

 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Налбаны 2 дахь дуудлага худалдааг Б.Тт мэдэгдэээгүй. Учир мэдэхгүй хөгшин хүнд мэдэгдсэн байдаг. Б.Т энэ дуудлага худалдаанд оролцох эрх бүхий этгээд байгаа. Энэ эрхийг нь эдлүүлээгүй. 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллээр нийтээд зарлах ёстой. Гэтэл 10 хоногийн өмнө зарласан байдаг. Төлбөр төлөгчид хурлын товыг ойр ойрхон мэдэгдсэн байдаг. 3 хүний хөрөнгийг хуваагаад өөрт ногдох хэсгээ тогтоолгож байна. Комиссын хурал хийгээд Номуундарьт олгохоор шийдвэрлээд Ахлах шийдэвр гүйцэтгэгч Бямбасүрэн гэсэн мөртлөө гарын үсэг байхгүй. Тухайн үед үнэлгээн дээр гомдол гаргая гэж байхад энэ бол хувиарт хөрөнгө гээд өмгөөлөгч нь гомдол гаргуулаагүй. Энд нэг хүний эрх ашгийг хөндөж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэр дээр Номуундарь болон охин Цолмон нарт олгохоор шийдвэрлэсэн ч гэсэн мөн адил Б.Тт мөнгө олгохоор шийдвэрлэсэн байгаа. Налбаны 2 дахь албадан дуудлага худалдааг Б.Тт мэдэгдээгүй. Бор-Өвгөн гэдэг хүнд мэдэгдсэн. Бор-Өвгөн Б.Тыг төлөөлнө гэсэн ямар нэгэн баримт байхгүй. Санал болгох хуралд хэрхэн яаж үнэлсэнийг бид ойлгохгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан гэдэг нь эргэлзээтэй байна. Төлбөр төлөгчийн эрх ашиг хохирч байна. Байраа өгөөд өөрөө хоосон болж байгаа юм. Энэ хөрөнгийн 3/1-ийг авах эрхтэй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б.Тын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шийдвэрээр Бор-Өвгөний Б.Таас 172.645.200 төгрөг гаргуулж М.Номуундарьд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад Б.Б.Т нарын 3 иргэний дундын емчлөлд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 8/4 дүгээр байрны 3 тоот 3 өрөө орон сууц нь бүртгэлтэй бөгөөд үүрэг ногдуулсан хэлцэлд бүртгэлгүй талаар хариуг ирүүлсэн байна.

Төлбөр төлөгч Б.Б.Тт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгдөөгүй байна.

Төлбөр төлөгч Б. Б.Тын дундын өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрөө төлөх хүсэлт гаргасан тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 8/4 дүгээр байрны 03 тоот 105 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 140/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 05 дугаар сарын 01 -ний өдрийн 140/02 тоот тогтоолоор хураан авсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад орон сууцыг 357.175.000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлгээг тогтоосон.

Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тоггоосон зах зээлийн үнийн 70 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон тус албанаас зохион байгуулагдаж буй 2015 оны 06 дугаар 19-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд өдөр тутмын хэвлэл “Өнөөдөр” сонинд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй болно.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох юод үнийг тогтоон 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй байна.

Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр албадан дуудлага худалдааны комиссын хурлаар 2 дахь дуудлага худалдааны үнээр төлбөр авагчид санал болгож, зөрүү 5.901.200 төгрөгийг төлбөр төлөгчид олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгч Б.Б.Тын хүсэлтийн дагуу 1 сарын хугацааг олгосон байна.

Төлбөр төлөгч Б.Б.Т нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болгуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжпэлийг буцааж шийдвэрлэсэн байдаг.

Иймд тус алба нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул төлбөр төлөгч Б.Б.Тын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь нэн даруй хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага 2 хоорондоо тохирохгүй байна. Нэхэмжлэлийн агуулгыг харахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн агуулгатай байна. Бид энэ ажиллагаанд уужуу тайван хандсан. Бид шахаж шаардаагүй. Санал болгох хурлын комиссын хурлаар 14 хоногийн хугацааг Б.Тт өгсөн. Энэ хугацаанд өөрөө хувиараа зарж борлуулна гэж гарын үсэг зураад гарч байсан. Дуудлага худалдааны үнийг Б.Т өөрөө тогтоосон. Бид энэ үнийг нь хүлээн зөвшөөрсөн. 2 удаа дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Энэ ажиллагаа 2 жилийн хугацаанд үргэлжлэн явагдсан. Шүүхийн шийдвэр дээрх үнэлгээнд гомдоод байгаа юм шиг яриад байна. Б.Т өөрөө энэ байрын үнэлгээнд гомдоогүй. Улсын дээд шүүхийн тогтоол дээр хөндлөнгийн үнэлгээний газрын үнийг баримталсан. Үнэлгээн дээр гомдсон бол тухайн үедээ гомдол гаргаагүй. Налба өөрсдийн саналаар үнэлгээг тогтоосон зүйл байхгүй. Энэ хүн өөрийнхөө гаргасан үнэлгээн дээр л гомдоод байна. Энэ байрны маргаан 2009 онд анх эхэлсэн. Энэ хүн Моноголын шүүхээр үнэн тоглож байна. Бид 7 жил хөөцөлдөөд явж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр нь хариуцагч Налбанд холбогдуулж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагааг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа болон хурлын шийдвэрийн хүчингүй болгуулах, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлд нь хүчингүй болгуулах буюу эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, эд хөрөнгийн үнэлгээ тогтоох, анхны албадан дуудлага худалдаа, санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 734 дүгээр тогтоолоор хариуцагч Б.Б.Таас 171.450.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Номуундарьд олгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэр  болон 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1394 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 146 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Налбаны ахлах гүйцэтгэгчийн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 116 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Налбаны “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 140/01 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 8-4-3 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2206008231 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжлэн тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан авч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч Б.Б.Тт танилцуулан тэмдэглэлийг үйлджээ.

 

Хариуцагч Налба нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “эд хөрөнгө хураах” тухай 140/02 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгүүдийг хураан уг ажиллагаанд оролцсон төлбөр төлөгч Б.Б.Тт танилцуулан тэмдэглэл үйлдсэн нь хуульд нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т   “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно“ гэж заажээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Б.Б.Т нь 357.175.000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч М.Намуундарь дээрхи үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 8-4-3 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2206008231 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 357.175.000 төгрөгийн 70 хувиар тооцон 250.022.500 төгрөгөөр 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэх хуудсуудыг болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус төлбөр төлөгчийн  төлөөлөгчид гардуулжээ.

 

Анхны албадан дуудлага худалдааны явцад Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 8-4-3 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2206008231 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан авах талаар үнийн санал ирээгүй болох нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 8-4-3 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2206008231 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 357.175.000 төгрөгийн 50 хувиар тооцон 178.587.500 төгрөгөөр 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэх хуудсуудыг болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус төлбөр төлөгчийн  төлөөлөгчид гардуулсан ба дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-т “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана” гэж заажээ.

 

2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай Налбаны санал болгох хурлаар Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 8-4-3 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2206008231 дугаарт бүртгэлтэй орон сууцыг төлбөрт санал болгох ажиллагаанд нэхэмжлэгч Б.Б.Т оролцсон болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Б.Б.Таас 171.450.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Номуундарьд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул Б.Б.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан хариуцагч Налбаны Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3586 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР