Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 593

 

Г.М-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч О.О, Б.Г-О, Н.Н, хохирогч Т.М, түүний өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 917 дугаар магадлалтай, Г.М-д холбогдох 1809004521110 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар болон хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Х овогт Г-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х овогт Г-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Г.М-ыг 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М- нийт 127 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-аас нийт 236.585.960 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Б.Л-т 1.930.000 төгрөг, хохирогч Ж.Г-д 4.820.000 төгрөг, хохирогч Ж.Б-д 3.500.000 төгрөг, хохирогч Г.О-т 1.605.800 төгрөг, хохирогч Ж.А-д 2.070.000 төгрөг, хохирогч Ц.Б-д 20.500.000 төгрөг, хохирогч С.Б-д 7.126.960 төгрөг, хохирогч Б.Г-т 2.800.000 төгрөг, хохирогч Б.О-д 2.913.800 төгрөг, хохирогч Б.М-т 4.500.000 төгрөг, хохирогч Г.Н-т 10.500.000 төгрөг, хохирогч Б.Г-т 1.540.000 төгрөг, хохирогч Б.Х-д 14.120.000 төгрөг, хохирогч Г.Э-д 12.128.000 төгрөг, хохирогч Ц.Г-т 11.100.000 төгрөг, хохирогч Б.Х-т 3.500.000 төгрөг, хохирогч С.Б-О-д 3.500.000 төгрөг, хохирогч А.О-т 1.500.000 төгрөг, хохирогч М.Д-д 8.358.000 төгрөг, хохирогч Б.Г-д 8.053.000 төгрөг, хохирогч Э.Н-т 3.054.200 төгрөг, хохирогч Д.Н-д 6.528.000 төгрөг, хохирогч Б.Б-д 8.308.000 төгрөг, хохирогч Б.С-д 5.338.000 төгрөг, хохирогч Б.М-д 8.578.000 төгрөг, хохирогч Г.Д-д 8.700.200 төгрөг, хохирогч Т.М-д 3.000.000 төгрөг, хохирогч Т.Г-т 3.050.000 төгрөг, хохирогч Б.Б-д 32.480.000 төгрөг, хохирогч Б.Ө-д 3.950.000 төгрөг, хохирогч Ц.М-т 5.200.000 төгрөг, хохирогч Б.Е-Э-д 1.200.000 төгрөг, хохирогч Т.М-т 14.134.000 төгрөг, хохирогч Т.Я-д 7.000.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.М- гаргасан гомдолдоо “... миний бие гэм буруутай үйлдлээ ухамсарлан, гэм буруугаа хүлээж, хийсэн буруу үйлдлээ маш их гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоосоо төлж, үлдсэн хохирлоо төлж бүрэн дуусгахаа илэрхийлж байгаа. Гэвч анх намайг энэ хэрэгт татан оруулсан Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Батсайхан нь хэрэг шалгагдах явцад дурдагдсан боловч цааш шалгагдаагүй, яллагдагчаар татагдан шалгагдаж байсан хамтрагч Д.Т, Т.М нар нь гэрч болон хувирсанд маш их гомдолтой байна.

Г.М- би бусдад учруулсан хохирол болох 308.075.960 төгрөгөөс Д.Тт хамааралтай 17.400.000, Т.Мт хамааралтай 77.697.400 төгрөг, Цолмонд хамааралтай 4.000.000 төгрөг буюу нийт 99.097.400 төгрөгийн огт аваагүй тул мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Би өөрт холбогдох хохирлоос 89.036.960 төгрөгийн төлсөн байгаа. Хохирлын хэмжээ үнэн зөв тогтоогдвол үлдсэн хохирлоо бүрэн төлж дуусгахаа батлан илэрхийлж байна.

1. Д.Т нь Б, С, О гэх 3 хүнээс надад хэлэлгүйгээр өөрийн дансаараа 11.400.000 төгрөгийг өөрөө нотариатын гэрээ хийж надад хэлэлгүйгээр аван хувьдаа гэр, хашаа авсан ашигласан нь Хан-Уул дүүрэгт хэрэг шалгагдаж байх явцад илрэн яллагдагчаар татагдсан билээ. Д.Т нь өөрөө хэргээ хүлээж мэдүүлэг өгсөөр байтал прокурор хэрэг Сүхбаатар дүүрэгт нэгтгэхэд Д.Тийг гэрч болгон хувиргасанд маш их гомдолтой байна. Дансаар нотлогдож байгаа бөгөөд хавтас хэрэгт өгсөн Д.Т бид хоёр Г гэх хүнээс мөнгө хамтран авсаныг би  хүлээн зөвшөөрч байгаа билээ. Үүнээс 6.000.000 төгрөгийг нь Д.Т авсан.

2. Г.М- миний бие Б, Т.М нарыг танилцуулсан билээ. Гэтэл энэ 2 хүн надаас нууцаар нэр бүхий 10 хохирогчоос нийт 77.697.400 төгрөгийг авч залилан нотариатын гэрээг хохирогч нартай Т.М хийж өөрийн гараар батламж бичиж өгч охиныхоо австрали улс руу явж байгаа онгоцны тийзийг үзүүлж итгэл төрүүлсэн байдаг. Т.Мийг охиныг Б Австрали улс руу явуулж өгсөн байдаг. Би 10 хохирогчийг огт танихгүй, харж, ярьж, байгаагүй байтал надад уг хохирлыг 27 дансаар цувуулан хийсэн гэж байцаалт өгсөн байдаг. Би уг 27 дансаар огт мөнгө аваагүй бөгөөд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн бүх шатанд өмгөөлөгч нарын хамт уг 27 дансны эзэдтэй нүүрэлдэж эздийг нь тодруулах хүсэлт гаргасаар ирсэн билээ. Намайг мөнгө аваагүй дээрх 10 хохирогч гэрчилдэг. 27 дансны шалгаж өгөөгүйд маш их гомдолтой байна. Бусдын авсан хохирол үйлдлийг над дээр нэмж, миний эрх зүйн байдлыг дордуулан асар хүнд ялаар шийтгэсэнд маш их гомдолтой байна. Гэмт хэрэг хамтран үйлдсэн Д.Т, Т.М нарыг прокурор хэрэгсэхгүй болгож тогтоолоо хохирогч нарт огт танилцуулаагүй нь хохирогч нарын эрхийг маш их зөрчиж энэ хоёр хүнийг хэрэгсэхгүй болсныг шүүх дээр л мэдсэн билээ. Эдгээр хүмүүст мөнгөө өгсөн хохирогч нар мөн адил хохирч хүний мөнгө авсан хүмүүс ял завшин явж байна. Иймд иргэний хариуцагчаар татан 99.097.400 төгрөгийг төлүүлж өгнө үү. Миний хохирлоос хасаж өгнө үү.

3. БСШУ.яаманд ажилладаг Батсайхантай би UBS тв-д сэтгүүлч хийж байхдаа танилцсан бөгөөд Батсайхан надаар хүн олуулан надад зуулчлалын хөлс өгдөг байсан нь үнэн билээ. Өөрийн хувийн ажлаа хийхэд албаны дугаар нь утсыг нь чагнадаг гээд надаар миний нэр дээр дугаар авахуулан Т.Мтэй хайр сэтгэлийн холбоотой болж гэмт хэрэгт ашигласан байдаг. Намайг хэргээ ганцаараа хүлээвэл хохирлыг чинь төлж өгнө ганцаараа шүүхээр хохирол төлбөргүй орвол бага ял авна гэхээр нь би түүнд итгэж байтал одоо бүр таг болсон. Т.М, Б нарын хоорондоо бичсэн бүх мессежний хуулга хавтас хэрэгт бүх дансны хуулганы хамтаар орсоор байтал, хохирогч Т.Мт гомдолтой байгаагаа амаар болон өргөдлөөр шүүхийн шатанд өгсөөр байхад ганц намайг буруутгаж байгаад гомдолтой байна.

4. Г.М- би 2018.11.12-2019.02.15-ны өдрийг хүртэл 3 сар дүүргүүдэд байгаа хэрэг Сүхбаатар дүүрэгт нэгтгэхэд цагдан хорих 461-р ангид хоригдож байсан билээ. Би хоригдож байх хугацаандаа Цогмаа гэх хүнээс мөнгө авсан байгаагаа, мөн уг Цогмаа нь Сонгинохайрхан дүүргийн 3-р хэлтэст өргөдөл өгсөн байгаа өмгөөлөгчийн хамт мэдүүлсээр ирсэн. Тэр үед хохирогч гадагшаа явсан байна гэхээр өргөдөл нь дарагдаж явсаар сая намайг таслагдахад гарч ирсэн. Би нэгтгэх хүсэлтэй байгаагаа хэлсээр байтал өргөдөл нь олдохгүй гэх нэрийдлээр нэгтгээгүй байж одоо дахин над дээр гарч ирж шалгаж байгаад гомдолтой байна. Уг өргөдлийг хохирогч намайг цагдан хоригдож байх явцад буюу 2018 онд өгсөн байсан.

Иймд эрхэм Улсын дээд шүүхийн шүүгч та бүхэн мэргэн оюундаа тунгаан үзэж гэм буруугаа хүлээж, маш их ухамсарлаж ойлгож байгааг минь харгалзан үзэж ялыг минь багасгаж өгнө үү. Уг хэрэгт хамааралтай Т.М, Д.Т нарыг шалгаж авсан мөнгийг нь төлүүлж хохирогч нарыг хохиролгүй болгоход тусалж өгнө үү. Хэргийг дахин шалгуулж өгнө үү. Прокурор хэт нэг талыг барьж ганц хүнийг яллаж, мөрдөн шалгах явцад дутуу явагдсаны улмаас хохирогч нар хохирч, мөнгийг нь авсан эдгээр хүмүүс ял завшиж байгааг харгалзаж үзнэ үү. Нэгтгэн шалгаагүй хэргийг маань нэгтгэн шалгуулж өгнө үү” гэжээ.

Хохирогч Б.Г хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... миний бие Б.Гансүрэн нь Австрали улсад тэтгэлэгтэй суралцуулна гэсэн мэдээллийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Т овогт М-т нийт 3.553.000 төгрөг өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 917 дугаар тогтоолын шийдвэртэй дараах үндэслэлээр санал нийлэхгүй байна.

1. Т.М нийт 8 хүнээс 80 гаруй сая төгрөг авсан. Мөнхжаргалд хэдэн төгрөг өгсөн нь тодорхойгүй хохирогч Н 4.500.000 төгрөг өгснөөс өөр тодорхой мэдээлэл байхгүй. Т.М-ийг давхар давхар залилан хийсэн гэж үзэж байна. Үүнд М-ын цагдаагаас зугтаадаг мөн худал хэлдэг байдал нөлөөлж Мтэй холбоотой хэргийг нарийн нягтлан боломж өгөөгүй.

2. Анх мөнгө авахдаа охин Австралид сурч байсан гэсэн бөгөөд удалгүй Австралиас ирсэн байсан. Мөн сүүлд хүү нь бас хохирогч болсон хэмжээн санаатай худал мэдүүлэг өгсөн.

3. Мөнхжаргалтай холбоотой нөгөө зуучлагч хохирогчдын мөнгийг буцааж өгсөн байхад М өөрөө авсан мөнгөө Мөнхжаргалыг авсан хэмжээн няцааж байна.

4. М нь анхнаасаа зохион байгуулалттай мөнгө авсан бөгөөд цагдаад өргөдөл гаргасны дараа л Мөнхжаргал гэдэг хүн байгааг мэдсэн. Бид нар БГД-ийн Цагдаад өгөх үед өөрөө гэнэт хохирогч болж байсан. Мөнхжаргалыг хэргээс болоод БГДүүрэг, Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүргийн Цагдаа руу шилжилж 3 жилийн хугацаанд 8 хүнээс би л хөөцөлдсөн хэвээр байна.

5. 2017 онд мөнгө авсан этгээд Т.М ахуй байдал нүдэн дээр илт сайжирсан. Гэр хорооллоос байр түрээсэлсэн мөн машин авсан. Зурагтад байсан хашаа байшин ахынхаа охины нэр дээр шилжүүлсэн.

Дээрх үндэслэлээр мөнгө өгсөн хүнээс Т.М 8.553.000 төгрөг авсанд гомдолтой байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгч Г.М-ын үйлдсэн хэргийн “гэм буруугийн байдал”-д маргахгүй байгаа бөгөөд мөн холбогдсон хэргээ хянан шийдвэрлэх, шүүхээр хянан хэлэлцэгдэх явцад ч үйлдсэн хэргийнхээ гэм бурууд маргадаггүй бөгөөд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгдөг. Харин зарим хүмүүс тухайлбал М, Т нартай холбогдсон үйлдэлд Г.М- “иргэний хариуцагч”-аар татагдах боломжтой. Энэ асуудлыг шийдэж өгвөл мөнгө авсан жинхэнэ этгээд үнэн зөвөөр тогтоогдож, шүүгдэгч Г.М-ын болон хохирогч нарын эрх зүйн байдал дээрдэнэ.

Иймд 1. Г.М-д холбогдох хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж хэргийг нарийвчлан шалгуулах, Г.М- энэ хэрэгт шийтгүүлсэн үйлдлүүдтэй хамт үйлдэгдсэн хэргүүддээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа тул нэгтгэн шалгуулах саналтай байна.

2. Хэрвээ хэргийг дахин шалгуулах шаардлагагүй гэж үзвэл Г.М- одоо 32 настай, эмэгтэй, гэмт хэрэг үйлдэж нэлээн хэдэн жилийн амьдралаа нийгмээс тусгаарлагдаж байгаа боловч алдаагаа ойлгож байгаа төдийгүй ажил хөдөлмөр эрхэлж хохирогч нарын хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа.

Г.М-ын үйлдсэн хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.М-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг “ял шийтгэл” хүндэдсэн гэж үзэж байгаа тул Монгол Улсын дээд шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд “хэргийг бүхэлд нь хянан үзэж” Г.М-д оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.

Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн буюу Т.М, Д.Т, н.Цолмон нарын үйлдлийг хамтатган шалгах ёстой байсан. Эдгээр хүмүүс нь иргэний хариуцагчаар татагдвал Г.М-ын болон хохирогч нарын эрх зүйн байдал дээрдэх боломжтой. Т.Мт 27 удаагийн үйлдлээр шилжүүлсэн мөнгөний 5 удаагийн гүйлгээ нь Г.М-ын дансанд орсон. Бусад шилжүүлэг хаашаа орсон эсэх нь тодорхойгүй учир хохирол төлөгдөхгүй байгаа талаар хохирогч гомдолдоо дурддаг. Г.М-д 10 жилийн хорих ял оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байна. Хорих ялыг багасгаснаар хохирлыг төлөх боломж бүрдэх юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.М-д холбогдох өөр хэргийг түүний бусад үйлдлийг нэгтгэн шалгахаар прокурорт буцаасан байгаа” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Н,  Б.Г-О нар хамтран гаргасан гомдолдоо “... Миний үйлчлүүлэгч Г.М- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлдэг бөгөөд нийт хохирлын тодорхой хэсгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд барагдуулсан байхад миний үйлчлүүлэгчид ногдуулсан 10 жилийн хорих ялын хэмжээ хэтэрхий их байна гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч хэдийгээр олон үйлдэлтэй боловч амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг бид ямар баримтаар нотлон тогтоосон нь ойлгомжгүй байх бөгөөд харин хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд өөрийн нөхрийн хамт паб ажиллуулдаг байсан үйл баримт тогтоогддог.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг нэг бүрчлэн шалгаж тогтоогоогүй. Тухайлбал: Энэ хэрэгт хувийн сонирхолтой гэрч Д.Тийн болон Т.М нарыг үйлдлийг дүгнэсэн шүүхийн тогтоол, магадлалд Д.Тийн өөрөө шүүх хуралдаанд явцад гэрчээр оролцохдоо зуучилсан гэх хүмүүсийнхээ авсан төлбөрөөс хувь авдаг, Т.Мийн Зээлийн гэрээнүүд, амлалт өгсөн байдал, уг иргэдээс авсан мөнгөнөөс хэдэн төгрөгийг шүүгдэгч Г.М-д өгсөн зэргийг нарийвчлан тогтоогоогүй. Мөн энэ талаар хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт байхгүй байхад хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.М- нь Т.М, Д.Т нартай бүлэглэж үйлдсэн хэргээ ганцаараа хариуцлагыг нь хүлээх, хохирлыг нь барагдуулах боломжгүй талаараа мэдүүлдэг. Мөн эдгээр нэр бүхий хохирогчид ч шүүх хурлын болон мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийг огт танихгүй талаараа мэдүүлдэг.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад Т.М нь хохирогч нартай гэрээ байгуулах, баталгаа гаргасан зэрэг үйлдлүүд байдаг бөгөөд үүнийг Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хоёр шатны шүүх хуралд огт үгүйсгэдэггүй. Нэр бүхий найман хохирогчийг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулж үйлдэл нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх үндэслэл болно гэж үзэж байна.

Т.М, Д.Т нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо прокурор хэргийн оролцогчдод тогтоолоо огт танилцуулаагүй бөгөөд шүүх хуралд суусан зарим хохирогч нар шүүх хурлын явцад л энэ тухай мэдэж авсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан үйлдэл юм.

Түүнчлэн хохирогч Г.Нарангаравын гаргасан гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авсан боловч хохирогчоор тогтоогоогүй, болсон хэргийн талаар хохирогчоос мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх үндэслэл юм. Хохирогчийг итгэмжлэлээр асуусан нь ямар хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн ажиллагаа гэдэг нь ойлгомжгүй байна. Гэвч шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Өмгөөлөгчдийн тухайд давж заалдах шатны шүүхэд 6 хуудас бүхий Г.М-ыг яллагдагчаар татсан тогтоолыг давж заалдах шатны шүүхэд гаргаж, хэргийг нэгтгүүлэх талаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг хуульчилсан, мөн шүүгдэгч Г.М- нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан 2019 оны 08 сараас 2020 оны 03 сарын 23- ны өдрийг хүртэл хугацаанд оргон зайлж, энэ хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдсон, мөн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд энэ асуудлаар ямар нэг хүсэлт гаргасан баримт сэлт байхгүй зэргийг харгалзан түүнд холбогдох хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, үүнээс шалтгаалж шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзсэн болно ... хууль зүйн дүгнэлт нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэх хуулийн боломж байгаа боловч миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна/-т зааснаар түүний эрх зүйн байдал дордох юм. Өөрөөр хэлбэл эдгээр хэргүүд нь жилийн дараа шийдвэрлэгдвэл миний үйлчлүүлэгчийн үлдсэн  9 жилийн хорих ялаас их байхаар заасан байгаа нь яавч миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй юм.

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.4 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь мөн хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйн зарчимд нийцэх тул хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Тухайн хэргүүдийг миний үйлчлүүлэгчийг оргодог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг нь нэгтгэхгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Шүүгдэгч Г.М- нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа талаараа мэдүүлдэг бөгөөд энэ талаарх баримт нь байсаар байтал шүүх энэ нөхцөлийг анхааралгүй шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г-О шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хяналтын журмаар гаргасан гомдлоо бүхэлд нь дэмжиж байна. Т.М, Д.Т нарын үйлдэл оролцоонд шүүх хууль зүйн бодит дүгнэлт хийсэнгүй. Т.М Г.М-д хэдэн төгрөг өгсөн эсэхэд мөрдөн шалгах огт хийгдээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөн Г.М-ыг өөр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан асуудал бий бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 жилээс их хэмжээний хорих ял авах нөхцөл бүрдэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хэргийг прокурорт буцааж өгнө үү. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх асуудал ярихгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Н шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс бусад хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Гэтэл шүүх хэргийг маш хурдан шийдвэрлэсэн. Хэргийн талаар зайлшгүй шалгавал зохих асуудлууд байсан боловч шалгаагүй. Давж заалдах шатны шүүхэд яллагдагчаар татагдсан 6 тогтоолыг өгч, хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Мөнхжаргалын хэргийг энэ хэрэг болон Өмнөговь, Дорнод аймагт үйлдэгдсэн хэрэгт нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаасан. Мөн Д.Т, Т.М нарын үйлдлийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой байсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү. Хэргүүдийг нэгтгэснээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэжээ.

Хохирогч Т.М-ийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хэрэг хурдан бус харин ч удаан шийдэгдсэн. Шүүх болон цагдаагийн байгууллага миний үйлчлүүлэгчийг сэжигтнээр татаж шалгах ажиллагааг хангалтай хийсэн. Бидний зүгээс холбогдох бүх баримтыг гаргаж өгсөн бөгөөд хэргийн нөхцөл байдал маш тодорхой болсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.М- нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс  2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 40 удаагийн үйлдлээр нэг төрлийн аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдэхдээ амьжиргааны эх үүсвэрээ болгосон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн нь хуулийг зөв хэрэглэсэн. Г.М- нь хэрэг шүүхэд шилжсэн байх хугацаанд буюу 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд шүүхээс оргон зайлсан үедээ дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжтой талаар шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаагаар Т.М, Д.Т нарын оролцоо байхгүй болохыг тогтоосон ба тэд шүүгдэгчид хуурагдаж мөнгө зуучилсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Шүүх Г.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.М- болон түүний өмгөөлөгч О.О, Н.Н, Б.Г-О, хохирогч Б.Гансүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд “Боловсролын яаманд ажилладаг, хүүхэд, дүүг чинь гадаад, дотоодын их сургуулийн тэтгэлэгт хамруулж өгнө, Солонгос улсад хугацаатай хөдөлмөр эрхлэх ажилд зуучилж өгнө, виз гаргаж өгнө, Австрали улсад явуулна, Герман улсад сургана, Япон улсад сургалтанд хамруулна, гадаадад 100 хувийн тэтгэлгээр сургана” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар нэр бүхий 40 иргэдийг хуурч, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 308.075.960 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, уг зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь дадал хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.

Шүүгдэгч Г.М-ын гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үргэлжлэл, гэмт үйлдлийн шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлогыг хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлэх нөлөөлөл зэргийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.  

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан бусдын мөнгийг шилжүүлэн авч залилсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас “...Т.М, Д.Т нар нь тухайн хэрэгт хамтран оролцогч байхад тэднийг гүйцэд шалгаагүй, дахин шалгах нь зүйтэй ...” гэж гомдолдоо дурджээ.

Прокуророос Т.М, Д.Т нарыг сэжигтнээр тооцож Г.М-тай бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангаагүй, нотлогдохгүй байна гэж үзэж мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон боловч залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн шилжүүлэн авч буцааж өгөхгүй байх гэмт санаа зорилго Т.М, Д.Т нарын үйлдэлд тогтоогдоогүй тул хамтран оролцсон гэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхэд Г.М-ын өмнөх зарим үйлдлийг илчилж нэгтгэн шалгуулах, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхийн шатанд тэдгээрийг шалгаж тогтоох, хэрэгт нэгтгэх процессын эрх хэмжээ шүүхэд олгогдоогүйгээс гадна энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн хавсаргасан баримтаас өөр бусад нотлох баримтаар батлагдаагүй тохиолдолд дангаар үнэлж хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцаах боломжгүй юм. Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч О.О, Б.Г-О, Н.Н болон хохирогч Б.Гансүрэн нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн  917 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч О.О, Б.Г-О, Н.Н, хохирогч Б.Г нарын тус тус гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              С.БАТДЭЛГЭР

                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН