Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00118

 

 

 

 

 

2023 01 09 210/МА2023/00118

 

 

ххх ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03770 дугаар шийдвэртэй,

ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй, х.х д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 841,361 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ххх нь х.х тай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/170835608 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 500,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч х.х нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироож байна.

 

Иймд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 473,195,88 төгрөг, үндсэн хүү 232,074.88төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 95,332.97 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 40,757.97 төгрөг, нийт 841,361.70 төгрөгийг хариуцагч х.х аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие ххх-нд зэс картын өрийг бүрэн төлж дуусгасан байтал шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Саппоро салбар дээр очиж шүүлгэхэд манайд хугацаа хэтэрсэн зэс картын өр байхгүй байна гэж тус салбараас тодорхойлолт гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч х.х аас 568,528.85 /таван зуун жаран найман мянга таван зуун хорин найман төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххх ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 272,832.85 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч х.х аас улсын тэмдэгтийн хураамжид 17,705.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ххх ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зээлдэгчийг хугацаандаа зээлийг эргэн төлөх, гэрээндээ хүү тооцохоор заасан бол хүүгийн хамт эргүүлэн төлөх тухай зохицуулсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийг эргүүлэн төлж дуусах хүртэл хүүгийн төлбөр шаардах эрхтэй юм.

Гэрээний 3.9-т кредит картын зээлийн зохицуулалтаа бүрэн төлөөгүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү нь тэдгээрийн төлбөрийг бүрэн төлөх өдөр хүртэлх хугацаанд бодогдоно. гэж заасан нь хуулийн дээрх заалттай нийцэж байна.

Иймд х.х аас зээлийн гэрээний үүрэгт нийт 800,603 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь 2018 онд 500,000 төгрөгийн картын зээл авч дуусгаад, хугацаа сунгаж 2020 онд 400,000 төгрөгийн зээл авч удалгүй 440,000 төгрөг болгон төлсөн.

Гэтэл банк гэрээний дагуу төлбөр дууссан талаарх тооцоо мэдээлэл нь тодорхой бус, хариуцагчийн овог нэр, РД буруу бичиж карт олгосноос одоо авсан зээлээ төлөөгүй юм шиг өр төлбөр нэхэмжилж байгааг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1. Төв аймагт ххх ХХК байхгүй тул зэс карт болон картын зээлийн үйлчилгээ байдаггүй. Хаан банк ХХК нь гэрээнд заасан зөрчлийг засаж явуулдаг тул маргаан үүсдэггүй.

х.х нь ххх ХХК-аас 500,000 төгрөгийн эрхтэй зээлийн карт авч, 2020 оны 10 сарын 01-ний өдөр буцаан төлсөн байтал банк картыг хураан авч, хариуцагчийн мэдээллийг ашиглан х гэх эцгийнх нэрийг х болгон бичиж, өөр зээлийн гэрээ байгуулж, мөнгө авдаг байсан.

Картыг дахин сунгахдаа 400,000 төгрөгийн картын төлбөрийг төлчхөөд байхад анхан шатны шүүхээс эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн. Анхан шатны шүүхээс х гэх хүнийг эрэн сурвалжилж, Цагдаагийн байгууллагад дуудагдан очиход регистрийн дугаар, нэр 2 нь зөрүүтэй байсан. ххх ХХК-ийн 2 карт байснаас 1-ийг нь хурааж авсан бөгөөд х-ын х-ы дансанд мөнгө хийж, авдаг асуудал гарсан. Анхан шатны шүүх хэргийг 40 минутын турш зөвлөлдөж, хуулийг зөв хэрэглэж үндэслэл бүхий шийдвэрлэсэн. х.х ы зүгээс өр төлбөрөө төлж, дахин шинээр карт авсан гэж хэлэхэд өр төлбөргүй гэх бичиг хийж өгсөн. 2018 оны зээлийн гэрээнд 2022 оны 01 дүгээр сард эрэн сурвалжлуулах захирамж гаргаж, өр төлбөртэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. х.х нь 500,000 төгрөгийн зээл авсан боловч ххх ХХК зээлээ 500,000 төгрөгөөр хязгаарладаггүй. ххх ХХК нь хурааж авсан картаар мөнгө авч байсан гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч 2018 оны 10 сарын 01-ний өдрийн гэрээгээр кредит карт авсан ба гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 01-ний өдөр дууссан. Үүнээс хойш өөр зээлийн гэрээ байгуулж, дахин карт аваагүй.

ххх ХХК харилцагчтай кредит картын гэрээ байгуулахдаа зээлдэгчийн овгийг х гэж, регистрийн дугаарын 1 үсгийг нь сольж бичсэн алдаа гаргасан нь зээлдэгчийн зээлийг эргэн төлөх үүрэгт саад болохгүй.

Зээлдэгч нийт 2,450,361 төгрөгийг ашигласнаас нийт 1,600,900 төгрөгийн эргэн төлөлт хийсэн болох нь хүү тооцооллын хүснэгтээс харагдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ххх ХХК нь хариуцагч х.х д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 841,361 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. ххх ХХК-ийн 2022 оны 07 сарын 29-ний өдрийн албан бичигт х овогтой х (РД:НЬ000000) нь 2022 оны 07 сарын 29-ний өдрийн байдлаар тус банканд хугацаа хэтэрсэн зээлийн өр болон зээлийн хүүгийн өр төлбөргүй болохыг тодорхойлж байна гэж,

мөн банкны 2022 оны 10 сарын 19-ний өдрийн албан бичигт х овогтой х (РД:НЬ000000) харилцагч дээр регистрийн дугаар буруугаас хоёр бүртгэл үүсч бүртгэлийн алдаа гарсан байна. 2022 оны 10 сарын 19-ний өдрийн байдлаар ххх-нд 486 хоногийн хугацаа хэтрэлттэй, зээлийн мэдээллийн санд муу ангилалтай 864,928 төгрөгийн үлдэгдэлтэй кредит карт болон хэвийн ангилалтай 2,147,939 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байна. гэж тус тус бичигджээ.

 

3.а. Дээрх хэргийн баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох кредит картын гэрээний нэг тал х.х мөн эсэх нь тодорхойгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан. Уг гэрээнд нэг талаас ххх ХХК, нөгөө талаас х овогтой х /РД МЬ000000/ гэж бичжээ. /хх9/

 

Кредит картын зээлийн гэрээний зээлдэгчийн овог, регистрийн дугаар зөрүүтэй бичигдсэн гэж хариуцагч маргаж байгаа тохиолдолд ххх ХХК-д хын х-ы нэр дээр 2 өөр бүртгэл байгаа эсэх, 2 бүртгэлээр зээлийн харилцаа үүсэж, өр төлбөртэй байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

 

4. Нэхэмжлэгч ххх ХХК-аас шүүхэд ирүүлсэн кредит картын тооцооллын хүснэгтэд аль нь бэлэн мөнгөний гүйлгээний 3,5 хувийн хүү, аль нь бэлэн бус гүйлгээний 2 хувийн хүү болох нь тодорхойгүйн улмаас зээлийн тооцоолол бодох боломжгүй байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх замаар зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул зохигчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх шаардлагагүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч ххх ХХК-ийн төлсөн 7,612 төгрөг, хариуцагч х.х ы төлсөн 17,705 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ