Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 11

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Д.Нямдаваагийн нэхэмжлэлтэй тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох  2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих дансанд төвлөрүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага  бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Д.Нямдаваа, хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 3 дугаар сараас эхлэн аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэнээр томилогдон ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 9 дугаар сарын 12-ны өдрийн А\231 тоот захирамжаар төрийн захиргааны байгууллагын бүтэц орон тоо шинэчлэгдэн байгуулагдсантай холбогдуулан аймгийн Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, тус албаны албан хаагчдын орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шинээр байгуулагдсан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар томилогдсон Д.Батмэнд нь хуучин Орон нутгийн өмчийн алба, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнүүдийг өрөөндөө хүлээн авч уулзахдаа та бүхнийг бүгдийг ажлаас түр чөлөөлж шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт чиг үүрэг шилжиж байгаа тул буцаан томилно хэмээн албан ёсоор мэдэгдэж байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11.00 цагийн үед Д.Батмэнд дарга нь Худалдан авах ажиллагааны албанд надтай хамт ажиллаж байсан мэргэжилтэн М.Урантуяа бид хоёрыг өрөөндөө дуудан уулзаж ажлаас чөлөөлж байгаа тухай мэдэгдэн, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б\6 тоот тушаалыг уншиж танилцуулсан. Уг тушаалд бидэнд урьдчилан мэдэгдэж байснаар буцаан томилох агуулга байгаагүй тул гайхан тодруулсан боловч биднийг буцааж томилохгүй, та хоёрт 3 сарын цалингийн тэтгэлэг олгож чөлөөлж байна. Бид өөр хүмүүс авна та нарыг авах албагүй гэж мэдэгдэж миний төрийн албанд ажиллах эрхэнд халдсан.

Иймд Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих дансанд төвлөрүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг даалгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр тушаалаар Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад мөн оны 11 дүгээр сард төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар тушаалаар албан ёсоор орон тооны мэргэжилтэн болсон. Худалдан авах ажиллагааны алба нь анх дарга, ахлах мэргэжилтэн, 2 мэргэжилтэн гэсэн 4 орон тоотой байгууллагдаж байсан бөгөөд цөөхөн орон тоотой байснаас шалтгаалан мэргэжилтнүүдэд ажил үүргийг хуваарилахдаа надад худалдан авах ажиллагаа, программ хангамж, нягтлан бодогчийн ажлыг давхар хариуцуулан ажиллуулж байсан болно. Хариуцагч нь намайг программ хангамж, хариуцсан мэргэжилтэн байсан гэж шалтаглаж байгаа нь хууль бус үндэслэл юм. Түүний тайлбарлаж  байгаа  программ хангамж гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн  53.7-д заасны дагуу, мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тендерийн будлиан авилга, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааг 100 хувийн онлайн хэлбэрт шилжүүлнэ гэсэн зорилтын хэрэгжилтийг хангах, худалдан авах ажиллагааны үйл явцыг шуурхай, олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй зохион байгуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор худалдан авах  ажиллагааны газрын захилгаар хийгдсэн цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем юм. Уг системийн зорилго нь улсын болон орон нутгийн төсвийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор худалдан авах ажиллагаатай холбоотой үйл ажиллагаануудыг цахим орчинд нэгдсэн нэг удирдлага, хяналтын дор үйл ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгууллах түүнд олон нийтийн хяналт тавих, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх юм. Уг системийг худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр ажиллаж байсан надад хариуцуулан ажиллуулж байсан бөгөөд уг системийг ажиллуулах тусгай сургалтад хамрагдаж хувийн нууцлалын код PKI эрх авч ажиллаж байсан. Дээрх сургалтад хамрагдах  системийн тусгай эрх хувийн нууцлалын код авах тухай албан бичиг бусад нотлох баримтууд нь хуучин Худалдан авах ажиллагааны албаны архивт байгаа. Уг системийг одоо шинээр байгууллагдан ажиллаж байгаа орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албанд ашиглан ажиллуулж байгаа бөгөөд шинээр томилогдсон мэргэжилтнүүдийн  аль  нэг  нь хавсран ажиллаж байгаа. Эндээс харахад миний ажлын байрны тодорхойлолтод программ хангамж, хариуцсан мэргэжилтэн гэж бичсэн байгаа нь зөвхөн дотоод ажил үүргийн зохион байгуулалтай холбоотой надад хариуцуулсан ажлуудын нэг бөгөөд зөвхөн программ хангамж хариуцсан мэргэжилтэн байгаагүй юм. Мөн аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжаар байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын бүтцийг Худалдан авах ажиллагааны алба нь дарга, бараа, зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, хуулийн мэргэжилтэн, ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн гэсэн 4 орон тоотой байгуулсан байна. Шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын дэргэдэх худалдан авах ажиллагааны алба нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг  төлөвлөх, зохион байгууллах үйл ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах, уг хуулийн 53 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага түүний чиг үүргийн дагуу ажиллаж байгаа бөгөөд энэ нь өмнөх буюу хуучин худалдан авах ажиллагааны албаны үндсэн зорилго чиг үүрэг, дүрэмтэй нэг ижил юм. Эндээс харахад Завхан аймгийн Засаг даргын захирамжаар Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, тус албаны албан хаагчдын орон тоо, цалингийн санг эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шинээр байгууллагдсан Орон нутгийн өмчийн газар руу шилжүүлсэн гэж үзэж байгаа тул миний хуучин орон тоо хэвээрээ байгаа гэж үзэж байна. Мөн шинээр байгууллагдсан Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албанд шинээр бараа, зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн гэсэн шинэ нэр томъёо гаргаж, хуучин миний ажиллаж байсан орон тоог байхгүй гэж тайлбарлаж байгаа нь хуулиа мушгин, гуйвуулах гэсэн оролдлого гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хуулийн нэр томъёог 5.1.10бараа гэж эдийн засгийн ач холбогдол үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг, ажлын үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг ажлын гэрээ гэж тооцно. 5.1.11 ажил гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг барааны гэрээ гэж тооцно. 5.1.15 зөвлөх үйлчилгээ гэж  гүйцэтгэгчээс төсөл зохих, хэрэгжүүлэх сургалт, явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, тусгай мэдлэг ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээ гэж байдаг.  Хуульд бараа, ажил үйлчилгээг дээрх байдлаар тайлбарласан байдаг бөгөөд худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нь бараа, ажил үйлчилгээний худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулдаг үндсэн ажилтан болно. Миний бие Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр ажиллаж байх үедээ бараа, ажил үйлчилгээний чиглэлийн бүхэл тендерүүдийг зохион байгуулж байсан. Тийм учраас миний хийж байсан ажлын чиг үүрэг шинээр байгуулагдсан худалдан авах ажиллагааны албаны ажлын чиг үүрэгт хадгалагдан үлдсэн. Мөн шинээр томилогдсон хоёр мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг үзэхэд миний хийж байсан ажлын чиг үүрэгтэй адилхан байна. Энэ бол маш хариуцлагатай ажил юм. Өөрөөр хэлбэл нэг хүнд бараа, нэг хүнд ажил, нэг хүнд үйлчилгээ гэж хариуцуулах нь хүнд байдаг. Магадгүй нэг хүнд нэг л ажлыг хариуцуулаад байхаар ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай. Тийм учраас бид гуравт бараа, ажил, үйлчилгээг байнга ээлжээр хуваарилж хийлгэдэг байсан. Ингэж ажиллуулах нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг арга хэмжээ юм. Бид нарыг анх томилогдож байхад Худалдан авах ажиллагааны төв байгууллагаас ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаар чиглэл өгдөг байсан. Энэ чиглэлийн дагуу л байнга ажлаа хуваарилж, ээлжилж ажилладаг байсан. Ер нь худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр дандаа эдийн засагч мэргэжилтэй хүмүүсийг ажилд авдаг. Түүнээс биш яг тийм мэргэжилтэй байна гээд нарийн заадаггүй. Хамгийн гол шаардлага бол худалдан авах ажиллагааны чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан байх бөгөөд А3 сертификаттай байх ёстой. Хариуцагчаас инженер мэргэжилтэй хүн зайлшгүй байх шаардлагатай гэж ярилаа. Үүнийг тайлбарлахад программ хангамжийн асуудал ерөөсөө цахим тендер дээр яригдаад байгаа юм. Энэ цахим тендерийн тухайд бол дээрээ цахим тендерийн төв сервертэй байдаг. Тийм учраас цахим тендерийн үед ямар нэгэн доголдол гарах юм бол төв сервертэйгээ заавал холбоо барьдаг. Үүний дараа хаанаас, юунаас доголдол гарсан гэдгийг тодруулсны үндсэн дээр асуудлыг шийдвэрлэдэг байгаа. Түүнээс биш хариуцагчийн яриад байгаа төхөөрөмжүүд нь байгууллагатай ямар ч хамааралгүй асуудал юм. Хэрвээ тэр гадна талын төхөөрөмж дээр асуудал гарсан бол бид нар түүнийг засах эрх ч байдаггүй. Интернетээс шалтгаалан гарч байгаа доголдлын тухайд тухайн компанийг нь дуудаж янзлуулдаг. Дээрх байдлыг мэргэжилтнүүд ерөөсөө хариуцдаггүй, зөвхөн программаа л хариуцдаг юм. Тиймээс нарийн мэргэжлийн инженер нь тэр төхөөрөмжүүдийг хариуцдаггүй. Мэргэжилтэн бол зөвхөн цахим программ, санхүүгийн программаа хариуцах ёстой. Хэрвээ цахим тендерийн үед доголдол гарах юм бол төв сервертэйгээ холбогдож доголдлыг арилгадаг. Өөрөөр хэлбэл бид нар төв серверийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн засварлах эрх байдаггүй учраас заавал инженер мэргэжилтэй хүн худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр ажиллах шаардлага байхгүй гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлөх тушаалын тухайд эхлээд надад Б/6 дугаар тушаалыг өгсөн юм. Тэгээд сарын дараа бичиг хэрэг нь яриад тушаалаа буруу гаргасан байна. Та хүрээд ирэх боломж байна уу? гэсэн тэгээд би яваад очиход Б/06 дугаар тушаалыг өгсөн. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж гаргах байсныг дарга гэж буруу гаргасан тухайгаа тайлбарласан. Тийм учраас би шүүхэд Б/6, Б/06 дугаар тушаалуудыг хоёуланг нь гаргаж өгсөн юм. Энэ тушаалуудын агуулга найруулга яг адилхан байгаа.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд  ажиллах агентлагуудыг  тогтоосон. Уг тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамж гарган Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, Орон нутгийн өмчийн газрыг байгуулж, тус газрын шинэ бүтцийг баталсан. Энэ шийдвэрийн дагуу Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа программ, хангамж хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан. Г.Нямдаваагийн ажлын байр нь Орон нутгийн өмчийн газрын шинэ бүтэц зохион байгуулалтаар орон тоо нь хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт, аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамж зэргийг тус тус үндэслэн чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэгийг олгосон. Орон нутгийн өмчийн газар шинээр байгуулагдахад аймгийн Засаг дарга бүтэц орон тоог батлаад өгчихсөн байгаа. Өмнөх Худалдан авах ажиллагааны албанд ийм эрх зүйн баримт бичиг байхгүй болохоор хэдэн хүний орон тоотой байсан гэдэг нь харагдахгүй байна. Хуучин Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнүүд нэг хүний хийх ажлыг гурвуулаа хийдэг байсан байна лээ. Ийм учраас орон тоог нягтруулах үүднээс хандсан, ажлын байрны давхардлыг арилгах гэж оролдсон юм. Өмнө нь ажиллаж байсан гурван мэргэжилтнүүд 2013-2016 онуудад жилд 10-30 орчим тендер шалгаруулсан байдаг. Тэр тусмаа 2016 онд нийт 16 тендер шалгаруулсан байна лээ. Тэгэхээр энэ байгууллагад ажлын цалгардал гэдэг зүйл маш их байсан. Ажлын чиг үүргийн тухайд Г.Нямдавааг худалдан авах ажиллагаа болон программ хангамж хариуцсан мэргэжилтэн, харин М.Урантуяаг худалдан авах ажиллагаа болон архив, бичиг хэрэг, дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, нөгөө хүнийг нь ахлах мэргэжилтэн гээд ажлын байрны тодорхойлолтонд заасан байдаг. Ингээд энэ гурван хүний ажлын байрны тодорхойлолтонд заасан үндсэн зорилтыг харахаар яг адилхан байна.

Г.Нямдаваа, М.Урантуяа хоёрыг буцаагаад ажилд авъя гэхэд энэ хоёр хүний нэг нь заавал инженер мэргэжилтэй хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл мэдээллээ цахимд оруулна, үнэлгээний хороо цахимаар шийдвэрээ гаргана. Цахимаар үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж байх явцад шилэн кабель, UTP кабель, Router кабель, жанпер кабель, медиа конветер, свич зэрэг төхөөрөмж доголдсон тохиолдолд үүнийг засварлах чадвартай хүн ажиллах ёстой. Г.Нямдаваагийн ажлын байрны тодорхойлолт дээр программ хангамж, төлөвлөлт гэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь үндсэн таван чиглэлтэй. Үүнд: Нэгдүгээрт төлөвлөлт, хоёрдугаарт зохион байгуулалт, гуравдугаарт хяналт, дөрөвдүгээрт өргөдөл гомдол шийдвэрлэх, тавдугаарт хариуцлага юм. Төлөвлөлт гэдгийг жилд нэг л удаа гаргадаг бөгөөд улсын төсөв батлагдсанаас хойш 10 хоногийн дотор төлөвлөлтөө Сангийн яаманд хүргүүлнэ. Зохион байгуулалт гэдэг бол бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад тендер шалгаруулна гэсэн үг. Гэтэл Г.Нямдаваа, М.Урантуяа, Ганболд нарын ажлын байрны тодорхойлолтын зорилт чиг үүрэг нь нэг байдаг. Үүнээс үзэхэд энэ гурван хүн ажлын ачаалалгүйгээр дөрвөн жил ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл Г.Нямдаваа өнөөдөр ажлаа хийж байхад нөгөө хоёр хүн нь ажилгүй суудаг. Энэ гурван хүн ил тод байдлын самбар хийгээгүй, шилэн данс руу хүртэл мэдээллээ оруулаагүй байсан. Ийм байдлуудыг шийдвэрлэхийн тулд чиг үүргийг оновчтой болгож өөрчилсөн юм.

Шинээр томилогдсон хоёр мэргэжилтний тухайд Т.Алтанзул нь инженер мэргэжилтэй, М.Өлзиймаа нь нягтлан бодогч, дизайнер мэргэжилтэй, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа учир энэ хүмүүсийг ажилд томилсон. Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахдаа Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс аргачлалыг нь авч, тухайн ажлын чиг үүрэг болон хуулинд нийцүүлж гаргасан. Ганцхан мэдээлэл технологийн инженер гэж тогтоолгүйгээр барилгын инженер, хоол технологийн инженер ч байсан болохоор байгаа. Тэгэхээр нэг мэргэжилтнийг л зайлшгүй инженер мэргэжилтэй байхаар зааж өгсөн. Харин нөгөө мэргэжилтэн нь эдийн засагч, нягтлан бодогчийн мэргэжилтэй байж болно. Ажлын байрны тодорхойлолтонд мэргэжлийн шалгуурыг шаардлагатай, чухал шаардлагатай гээд ангилсан байгаа. Чухал шаардлагатай гэдгийг инженер мэргэжилтэй байна гээд тайлбарласан. Тэгэхээр хоёр мэргэжилтний нэг нь л инженер мэргэжилтэй байна гэж үзсэн. Түүнээс биш заавал хоёулаа инженер мэргэжилтэй байна гэж хэлээгүй. Цахимаар үнэлгээний хороо хуралдаж байтал төхөөрөмж доголдвол яах уу. Хэрвээ доголдол гарлаа гэхэд хаана нь, ямар доголдол гарсан гэдгийг оношлоод засчих чадвартай хүн тэнд ажиллах ёстой. Үүнийг төв байгууллагаас ч зөвлөж байгаа. Би мөн адил хоёр мэргэжилтний нэг нь инженер мэргэжилтэй хүн байх нь зөв гэж бодож байна. Хэрвээ барилгын инженер байвал бүр зохимжтой. Программ бол мэдээж төв сервертэйгээ холбогдоно. Үүнээс хамааралгүйгээр сүлжээ тасарлаа гэхэд Монголын цахилгаан холбоо компанийг дуудахад 48 цагийн дотор ирж засварладаг. Тэгэхээр энэ хугацаанд цахим тендер хүлээгээд байж байх уу? Зөвхөн программ хангамж дээр ярих боломжгүй. Үүнээс гадна байгууллагын дотоод сүлжээ гэж байдаг. Хэрвээ энэ дотоод сүлжээ тасалдлаа гэхэд UTP кабельд байна уу? эсхүл  Router кабельд байна уу? Медиа конветерт байна уу?  гэдгийг бид нар мэдэхгүй. Төв сервертэй холбогдлоо гэхэд танай дээр алдаа байна гээд хэлчихвэл яах ёстой вэ? Ийм учраас л инженер мэргэжилтэй хүн зайлшгүй байх шаардлагатай.

Худалдан авах ажиллагааны албыг 2012 оны 12 дугаар сарын Засгийн газрын тогтоолоор батлаад, даргаар нь Пүрэвжаргалыг томилж байсан шиг санагдаад байгаа юм. Яг тухайн үед л байгууллагын бүтэц орон тоог баталж өгөх ёстой байсан. Одоогийн байгаа дүрэм бол хийсвэр ойлголт юм. Нэг хүнийг бараа худалдан авах ажиллагаан дээр ажиллуулах нь ашиг сонирхлын зөрчил гарах магадлалтай гэж хэллээ. Гэхдээ ийм байдлаар ашиг сонирхлын зөрчил орохгүй. Өөрөөр хэлбэл үнэлгээний хороонд долоон хүн хуралдаж шийдвэрээ гаргадаг байгаа. Тийм учраас бараа, ажил, үйлчилгээ гэж ангилах зайлшгүй шаардлагатай. Өмнө нь бараа худалдан авах ажиллагааг бараг хийдэггүй байсан байна лээ. Шинээр байгуулагдсан худалдан авах ажиллагааны алба одоогийн байдлаар 60 гаруй бараа худалдан авах ажиллагааны тендер зохион байгуулахад бэлэн болсон байна.

Би шинэ орон тоонууд дээр хэд хэдэн хүний дунд сонгон шалгаруулалт зарлах сонирхол байгаагүй. Шууд Төрийн албаны салбар зөвлөлд хандаад сонгон шалгаруулалт зарлах захиалгаа өгсөн. Одоо ажиллаж байгаа хүмүүс бол түр томилгоотой байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар орон тоо нь хасагдсан тохиолдолд өөр ажилд шилжүүлэх, сургалтанд хамруулах, гурван сарын тэтгэлэг олгоод ажлаас чөлөөлөх гэж заасан байгаа. Энэ хуулийн дагуу би шийдвэрээ гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэв.

Миний бие Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байгаа. Манай бичиг хэрэг эхлээд энэ маргаан бүхий тушаалыг гаргахдаа дарга гээд гаргасан байсан. Үүнийг дараа нь засуулаад даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж гаргуулсан. Тэгэхээр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гээд гарын үсэг зурсан Б/06 дугаар тушаал нь зөв. Зөвхөн үүн дээр л засвар хийсэн байгаа. Тушаалын агуулгыг зассан зүйл байхгүй. Иймд Г.Нямдавааг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Гуравдагч этгээд М.Өлзиймаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2012 оноос Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сард байгууллага татан буугдаж, Халамж үйлчилгээний хэлтэстэй нэгдэн ажилгүй болсон. Үүнээс хойш ажил идэвхтэй хайж байсан. 2016 оны 10 дугаар сарын 24-нд Орон нутгийн өмчийн газарт худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтнээр түр томилогдон орсон. Шүүх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохыг хүсэхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Т.Алтанзул шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие идэвхтэй ажил хайгч байсан ба аймгийн Засаг дарга болон бусад холбогдох албан тушаалтанд ажил хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл болон анкет бөглөсөн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байна. Шүүх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Нямдаваа нь Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих дансанд төвлөрүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг даалгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг  тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж, маргаан бүхий захиргааны актыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1. Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Нямдаваа “Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албыг шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт шилжүүлснээр урьд миний эрхэлж байсан бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа, урьд эрхэлж байсан ажлын чиг үүргүүд нь шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын “бараа зөвлөх үйлчилгээний мэргэжилтэн”, “худалдан авалт хариуцсан мэргэжилтэн” гэж нэрлэгдсэн албан тушаалуудад салж, хувиарлагдан хадгалагдаж байгаа учраас аль нэг албан тушаалд нь эгүүлэн томилогдох үндэстэй” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нь “Худалдан авах ажиллагааны алба нэгэнт эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр татан буугдаж, Г.Нямдаваагийн эрхэлж байсан мэргэжилтний албан тушаал нэгэнт хасагдаж, цөөрсөн тул түүнийг чөлөөлсөн нь үндэстэй, шинээр бий болсон мэргэжилтнүүдийн ажлын байранд инженерийн мэргэжил эзэмшсэн хүн ажиллах нь чухал шаардлагатай болсон” хэмээн маргаж байна.

Маргаан бүхий Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжийг тус тус үндэслэн “Худалдан авах ажиллагааны албыг татан буулгасан” гэх үндэслэлээр программ хангамж, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Г.Нямдавааг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, гурван сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож, ажлыг нь хүлээлцүүлэх асуудлыг шийдвэрлэжээ.

 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд  ажиллах агентлагуудыг  тогтоохдоо Орон нутгийн өмчийн газар нь Худалдан авах ажиллагааны албатай байхаар заажээ.

Уг тогтоолын дагуу Завхан аймгийн Засаг дарга нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжаар Орон нутгийн өмчийн газрыг Худалдан авах ажиллагааны алба гэсэн нэгжтэй байхаар шинээр байгуулан, үйл ажиллагааны дүрмийг баталсан байна.  Мөн захирамжийн 3 дугаар заалтаар өмнө ажиллаж байсан Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, төсвийг нь шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжаар өмнөх Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, түүний эрх үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-д зааснаар хуулийн этгээдийг татан буулгах нэг үндэслэл нь үүсгэн байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр бөгөөд аймгийн Засаг даргын дээрх А/231 дүгээр захирамжийг Худалдан авах ажиллагааны албыг татан буулгах талаар үүсгэн байгуулах эрх бүхий албан тушаалтнаас гарсан шийдвэр гэж хариуцагч тодорхойлж, маргаан бүхий захиргааны актад түүнийг үндэслэжээ.

Орон нутгийн өмчийн газарт харьяалагдах худалдан авах ажиллагааны албыг дарга, бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, хуулийн мэргэжилтэн гэсэн 4 орон тоотой байхаар тогтоосон байна.

Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааны дүрмийн 1.2-д зааснаас харахад тус газрын Худалдан авах ажиллагааны алба нь  “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт заасан өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг орон нутагт хуулийн дагуу зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг худалдан авах ажиллагааны мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх” чиг үүрэг бүхий нэгж байна.

Уг чиг үүргийг урьд нь Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх бие даасан нэгж болох Худалдан авах ажиллагааны алба бүхэлд нь хэрэгжүүлж ирсэн нь аймгийн Засаг даргаас баталсан уг албаны үйл ажиллагааны дүрмийн мөн 1.2 дахь заалтаас тодорхой харагдаж байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 144 дүгээр тогтоолын дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан өмнөх Худалдан авах ажиллагааны алба нь зохион байгуулалтын бүтцийн хувьд өөрчлөн байгуулагдаж, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын бүтцэд багтаж, өмнөх чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байх тул уг алба нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь зохицуулалтын дагуу нэгтгэх байдлаар өөрчлөн зохион байгуулагдсан байна.

Нэгэнт Худалдан авах ажиллагааны албаны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тул  уг албаны мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч Г.Нямдаваагийн тухайд төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах нөхцөл үүссэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Г.Нямдаваа нь Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар захирамжаар уг Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр анх жинхлэн томилогджээ. /Тухайн үед зэрэгцээ байх өөр нэг мэргэжилтний албан тушаалд М.Урантуяа хамт томилогдож, адил үүрэг гүйцэтгэдэг байсныг энд тэмдэглэж байна./

Г.Нямдаваагийн дагаж хэрэгжүүлж ирсэн Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааны өмнөх дүрмийн заалтаас харахад тус алба нь дарга, ахлах мэргэжилтэн болон 2 мэргэжилтний орон тоотой байсан байх ба шинээр байгуулагдсан Худалдан авах ажиллагааны бүтэц орон тоотой харьцуулж үзэхэд зөвхөн ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж, бусад орон тоонууд, тодруулбал 2 мэргэжилтний орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн байна.

Дээрх дүрмээс харахад Худалдан авах ажиллагааны алба нь ямар бүтэц бүрэлдэхүүн, орон тоотойгоор ажиллаж ирсэн нь тодорхой байх бөгөөд худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тооны хувьд цөөрсөн, хасагдсан гэж үзэх үндэслэлгүй байгаа учраас “уг албаны бүтэц орон тоо хасагдсан цөөрсөн, уг албаны бүтэц, орон тоог тогтоосон баримт байхгүй“ гэх хариуцагчийн тайлбар үндэсгүй юм.

Нэгэнт Худалдан авах ажиллагааны алба нь бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөн байгуулагдсаны улмаас мэргэжилтний орон тоо цөөрөөгүй, хасагдаагүй, зөвхөн мэргэжилтнүүдийн ажил үүргийн хуваарийг шинэчилэн тогтоосон байхад хариуцагч маргаан бүхий Б/06 дугаар захирамжинд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэсэн нь буруу байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “... тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан уг зохицуулалтуудыг хуулийн этгээд татан буугдсан болон бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөн байгуулагдсаны улмаас зөвхөн орон тоо нь хасагдсан буюу тухайн ажлын байрны чиг үүргийг цаашид огт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагагүй болсон нөхцөлд  хэрэглэхээр байна.

Хариуцагч Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулахдаа ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд мэргэжил, мэргэшлийн шаардлагын хувьд “шаардлагатай“ гэх шалгуурт эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалтанд хамрагдаж, сертификат авсан байх, “чухал шаардлагатай” гэх шалгуурт эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч, инженер мэргэжилтэй А3 сертификаттай байх, бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд мэргэжлийн шаардлагын хувьд “шаардлагатай“ гэх шалгуурт инженер, нягтлан бодогч, “чухал шаардлагатай” гэх шалгуурт эдийн засагч, инженер, эрх зүйч гэж тус тус заажээ.

Уг ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагааны үндсэн зорилго, зорилт, чиг үүргүүдийг нэхэмжлэгч Г.Нямдаваагийн урьд эрхэлж байсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасантай харьцуулж үзэхэд түүний гүйцэтгэж ирсэн үндсэн чиг үүрэг, зорилтууд дээрх шинээр бий болсон гэх ажлын байруудад ажил худалдан авалт болон бараа, үйлчилгээний чиглэлээр салгаж хуваарилагдсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Нямдаваа нь дээрх шинээр бий болсон мэргэжилтний албан тушаалыг эрхлэх мэдлэг, мэргэжил эзэмшиж, мэргэшсэн болох нь хэрэгт авагдсан нягтлан бодогч, бизнесийн удирдлагын дээд боловсролтой, бакалавр, магистрын зэрэг эзэмшсэн, худалдан авах ажиллагааны үндсэн суурь, мэдлэг олгох сургалтын А3 сертификат зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний урьд хэрэгжүүлж байсан чиг үүргүүдийг салган хэд хэдэн ажлын байруудад ийнхүү хуваарилсан тохиолдолд шинээр бий болсон ажлын байруудын алинд нь түүнийг томилох асуудлаар хариуцагч шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан шалгаруулалтын журмыг адилтган төсөөтэй хэрэглэж болохоор байна. 

Тиймээс хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан зохицуулалтад нийцүүлэн Орон нутгийн өмчийн газрын ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтний албан тушаалуудын алинд нь Г.Нямдавааг томилохыг заавал шийдвэрлэхээр байна.

Гэтэл хариуцагч шинээр бий болсон албан тушаалын аль нэгэнд Г.Нямдавааг шалгаруулан томилох үүргээ биелүүлээгүй байх ба Г.Нямдаваагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан дээрх тушаалын аль нэгэнд түүнийг томилохоор байна.

Өөрөөр хэлбэл, Г.Нямдаваа нь дээрх хоёр албан тушаалын алиных нь шалгуур үзүүлэлтийг илүү хангаж байгаа эсэхэд шалгаруулалт явуулж, түүнийг уг албан тушаалд томилох асуудлыг шийдвэрлэж, захиргааны шинэ акт гаргах зайлшгүй шаардлагатай байна гэж үзлээ.

Дээрх шалгаруулалтыг хариуцан зохион байгуулж, шийдвэрлэх нь хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй буюу нэмж шалгаж, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах, нотлох баримт цуглуулах хүрээ хязгаараас хэтэрсэн байна.

Учир нь Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааны дүрмийн 1.7-д заасны дагуу байгууллагын ажилтныг тус газрын дарга томилохоор эрх олгогджээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай.

Түүнчлэн Захиргааны байгууллага нь Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлээр тогтоосон журам, үндэслэлийг баримтлах ёстой бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөгдөх” аль ч үндэслэл бүрдээгүй буюу орон тоо нь хасагдаагүй байхад түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан  хууль дээдлэх, 4.1.5-д заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмуудад нийцээгүй төдийгүй, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн “төрийн албанаас халагдахгүй байх” нөхцөл баталгааг зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргад даалгаж, тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Тодруулбал, Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга нь шинээр бий болсон ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтний албан тушаалуудын алинд нь Г.Нямдавааг томилох талаар Төрийн албаын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан журмаар шалгаруулалтыг явуулаагүй тохиолдолд дээрх зохицуулалтын дагуу маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаар тушаал хүчингүй болох юм.

Иймд хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/-аас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн дотор Г.Нямдавааг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу шалгаруулан ажилд томилох талаар захиргааны акт гаргахыг даалгаж, маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Маргаан бүхий захиргааны актыг хариуцагч 2 өөрөөр батлан гаргасан байх ба энэ талаар хариуцагч “Б/06” гэж дугаарлагдсан тушаалыг зөв гэж тайлбарлаж байгаа ба энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байна. Учир нь Б/6 гэж дугаарлагдсан тушаалд “0” тоог орхиж бичсэн, мөн Д.Батмэнд нь Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байх ба Б/6 дугаартай тушаалд “дарга” гэж илэрхий алдаатай бичигдсэнийг зөвтгөн Б/06 дугаартай захирамжийг гаргасан хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан уг Б/6, Б/06 дугаартай тушаалууд нь дээрх байдлаар зөрүүтэй боловч агуулга, найруулга, үг, өгүүлбэрийн хувьд адил байх тул тушаалыг батлан гаргасан эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч өөрөө энэ талаар биечлэн тайлбарлаж байгаа тул түүний тайлбарыг үнэн зөв гэж үзэж энэ хэрэгт маргаж буй захиргааны актыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаартай тушаал гэж тодорхойлсон болно.

2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд холбогдох бичилт хийлгүүлэхийг даалгуулах шаардлагын тухайд:

Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/06 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үргэлжлүүлэн ажиллах нөхцлийг тасалдуулсан байх тул түүнд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох үндэстэй гэж үзлээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу сарын хуанлид заасан ажлын өдрүүдийг үндэслэн нэхэмжлэгч Г.Нямдаваагийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 88 хоногоор тооцож олговрыг олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан Г.Нямдаваагийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудын дундаж цалин хөлс /1 067 996 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс 49 674 / төгрөг/-ийг тооцон гаргасан болно.

Шүүх Г.Нямдаваагийн ажилгүй байсан 88 хоногийг дээрх 1 хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоход  түүнд 4 371 333 төгрөгийн нөхөн олговор олгогдохоор байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана“ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгох дээрх олговрыг хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулах нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1-д зааснаар ажилтнууд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулахаар байх ба 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийн 2 хувийг аж ахуйн нэгж, байгууллага эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр байна.

Иймд Г.Нямдаваагийн дээрх олговроос ажилгүй байсан хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нь холбогдох бичилт хийлгүүлэхийг  хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/-д даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргад даалгаж, тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Нямдаваад 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны   ажилгүй  байсан  88  хоногийн  дундаж  цалин  хөлстэй  тэнцэх  олговор  4 371 333 төгрөгийг Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, нэхэмжлэгч Г.Нямдаваад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтний албан тушаалуудын аль нэгэнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгуур үзүүлэлтүүдээр сонгон шалгаруулж, томилох талаар хариуцагчаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд гаргаагүй тохиолдолд тус Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн Б/06 дугаартушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нямдаваад олгосугай.

5. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ