Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00226

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00226

 

 

Л.С , Д.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02335 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.С , Д.Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Э д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С , Д.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нотариатч Б.Э нь Баянгол дүүргийн 8-р хороо 16-р байрны 5 тоот байрны өмчлөгч байсан Б.Сумъяагийн өвийг тогтоож 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээг Ц.Энхтуяад олгосон байдаг. Ц.Энхтуяа нь тус оронг сууцыг барьцаалж Д.С , Д.Ц нараас 2010 онд 15,000,000 төгрөг, 2011 онд 10,000,000 төгрөгийг зээлсэнч зээлээ төлж чадахгүй байсаар 2013 онд нас барсан. Нотариатч Б.Э гийн Ц.Энхтуяад олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 101/ШШ2016/00264 дугаар захирамжаар хүчингүйд тооцсон. Ц.Энхтуяагийн гэрчилгээг хүчингүй болсноор Д.С , Д.Ц нарын Энхтуяад олгосон зээл төлөгдөх боломжгүй болж барьцаа хөрөнгөгүй болсон. Б.Э нь Б.Сумьяагийн байрны өвийг буруу тогтоосноос болж нэхэмжлэгч нарын эрх, ашиг хөндөгдөж 42,982,500 төгрөгийн хохирол учирсан. Ц.Энхтуяад олгосон зээлийн үндсэн зээл, хүү, алдангийг тооцоход 42,982,500 төгрөг болсныг тайлбарлаж байна. Иймд олох байсан орлогыг хүүгийн тооцооллоор тооцон хохиролд 35,000,000 төгрөг гаргуулахаар Б.Э гээс нэхэмжилж байна.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нотариатч Б.Э нь хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон ба гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн баримтгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох Монголын нотариатчийн танхимаас авсан гарын авлагын 4.10заасан. Тухайн үед н.Энхтуяа нь өвлөх эрхийн хүсэлт гаргаж баримтуудаа өгсөн байдаг. Б.Сумъяа нь 4 хүүхэдтэй, охин н.Нямхишиг нь гадаадаас 2013 онд маргаан үүсгэсэн ба Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамж гаргаж өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Гэм хорын хохирол гээд нотариатч Б.Э гээс нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ нь Нотариатын тухай хууль болон бусад актуудаар хангалттай нотлогдож байгаа. Нотариатын тухай хуулийн 4.10.1-10.13 дахь хэсэг хүртэлх заалтуудаар нотариатч материал хүлээж авч өвлөх эрхийн гэрчилгээ олгох ёстой. Нотариатч хуульд заасан үндэслэлээр үйлдэл хийсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С , Д.Ц нарын хариуцагч Б.Э гээс 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С , Д.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нь намайг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хариуцагчтай харилцан тохиролцож зээл олгосон нь үнэн ч Иргэний хуулиар иргэд хоорондоо чөлөөтэй зээлийн гэрээ байгуулж болно гэснээр гэрээ байгуулсан. Б.Энхтуяа нь надтай барьцааны гэрээг хуулийн дагуу байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч Б.Энхтуяа зээлээ бүзрэн төлж дуусгалгүй нас барсан. Би Б.Э гээс хохирол нэхэмжилсэн болохоос Б.Энхтуяатай байгуулсан барьцааны гэрээний дагуу төлүүлнэ гэж хэлээгүй. Гэтэл анхан шатны шүүхээс Б.Э төлөх үүрэггүй гэж үзсэн. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар нотариатчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан бол нөхөн төлүүлнэ. Мөн Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-т нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлнэ гэж заасан. Гэтэл нотариатч Б.Э үнэн зөв байдлыг хангаагүй, үл хөдлөхийн газраас лавлагаа аваагүй. н.Сумьяагийн үр хүүхдүүд хэдэн хүүхэд байгаа гэдгийг тодруулаагүй н.Энхтуяад өвлөх эрхийн гэрчилгээ бичсэн нь Б.Сумьяагийн өвлөх эрхийн гэрчилгээ буруу хийснийг нь шүүх хүчингүй болгосон. Б.Э нь шүүхэд би н.Сумьяагийн өвийг буруу хийсэн нь үнэн гэж зөвшөөрсөн. Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор Б.Энхтуяад олгосон зээлийн үлдэгдэл 42,900,000 төгрөгийг авах үндэслэлгүй болсон учир Б.Э гээс 35,000,000 төгрөгийг төлүүлэхээр гэм хорын тухай нэхэмжлэл гаргасан. Иймд миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд нь буцаав.

2. Нэхэмжлэгч Д.С , Д.Ц нар нь хариуцагч Б.Э д холбогдуулан гэм хорын хохиролд 35,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02017 дугаартай шийдвэр нотлох баримтаар авагдсан байх ба уг шийдвэрээр нэхэмжлэгч Д.С , Д.Ц нарын, хариуцагч С.Нямхишигт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. /2хх 136-141/

5. Нэхэмжлэгч Д.С , Д.Ц нарын хариуцагч Б.Э д холбогдуулан нотариатчийн үйлдэлтэй холбоотойгоор учирсан гэм хорын хохиролд 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дээрх 102/ШШ2022/02017 дугаар шүүхийн шийдвэртэй иргэний хэргийн маргааны зүйл, түүний үндэслэлтэй давхцах эсэх, хоорондоо харилцан хамааралтай эсэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулж, шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Учир нь нэхэмжлэгч нар нь талийгаач Ц.Энхтуяад олгосон зээл, хүү, алдангийг тооцоход 42,982,500 төгрөг болсон, түүнээс 35,000,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч Б.Э гээс нэхэмжилсэн гэж үндэслэлээ тодорхойлсон. Дээрх 102/ШШ2022/02017 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.С , Д.Ц нар нь хариуцагч С.Нямхишигт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэжээ.

6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02017 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй. Энэ талаарх үйл баримтыг шүүх тодруулаагүй, хэргийн оролцогчид шүүхэд мэтгэлцээгүй байна.

Дээр дурдсан шүүхийн шийдвэр буюу нотлох баримтыг анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хэргийн бусад баримттай харьцуулан дүгнэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

7. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.С нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн 181/ШЗ2023/00074 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ