Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2022/00052

 

******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 435 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК,

 

Хариуцагч ******* холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүүний төлбөр 14,902,166.64 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оджаргал /цахим/, хариуцагч ******* /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 

Зээлдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* банктай ******* дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан 8500000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4%-ийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон гэрээ байгуулан Цалингийн зээлийг авсан болно. ...Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө 2017 оны 10 дугаар сараас хойш огт төлөхгүй байгаа. ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелэгдэх хугацаа дуусгавар болсныг үндэслэн зээлдэгч *******эд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргаж байна. Үндсэн зээл 7,949,528.88 төгрөг, Үндсэн хүү 6,544,199.76 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 408,438 төгрөг нийт дүн 14,902,166.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

 

Би 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* банкнаас 8400000 төгрөгийн зээлийг хүүтэй нь нийт 12442485 төгрөг төлөхөөр график гаргаж гарын үсэг зурж авч байсан. Тэгээд одоо 14,000,000 төгрөг гэсэн нь миний гэрээ хийснээс өөр тоо гарч ирсэн байгаа учраас энэ мөнгийг төлнө гэхэд надад хэцүү байна. Би гарын үсэг зурснаараа 12442485 төгрөг төлье гэж бодоод байгаа. Мөн энэ мөнгөнөөс миний төлсөн мөнгө хасагдсан байх ёстой. Тийм учраас ******* банкнаас нэхэмжилсэн 14,902,166.64 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 435 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс зээлийн төлбөрт бүгд 11,481,537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,420,630 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232460 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 198655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дугаар 435 Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн Хариуцагч ******* нъ зээлийн төлбөрт 550,471.00 төгрөг, зээлийн хүүд 818,915.00 төгрөг төлснийг хасаж тооцон, Ж Батсүхээс 11,481.537.00 төгрөгийг гаргуулж ******* банкинд олгож. нэхэмжлэлийн шаардлагаас 3,420,630.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэснийг, мөн тухайн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт-ыг дараахь үндэслэлээр үл зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.Талуудын хооронд байгуулсан Дугаар *******Зээлийн гэрээний дагуу зээлдэгч ******* нь хүү төлөх үүрэг хүлээсэн, мөн графикт хугацааг зөрчвөл нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байтал зээлийн хүүг хасагдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.Зээлдэгч ******* нь зээл авснаасаа хойш 2017 оны 10-р сараас хойш зээл, зээлийн хүүгээ огт төлөөгүй, гэрээний үүргийн гүйцэтгэлээс санаатай зайлсхийж байсан ба, үүргээ гүйцэтгэж байх үеийн төлбөрийг, гүйцэтгээгүй үед хамааруулж, нэмж 2,051,244.00 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасагдуулж тооцож байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаар 435 шийдвэрийн дээрхи хэсэгт өөрчлөлт шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...авсан зээлээ төлөх үүрэгтэйгээ ойлгож байгаа. Иймээс анхан шатны шүүхэд гаргасан тайлбарт дурдсаныхаа дагуу ******* банкнаас гаргаж өгсөн зээл төлөх графикт заасан 12442485.58 төгрөгнөөс зээл зээлийн хүүд төлсөн 1399588 төгрөгийг хасаад 11042897.58 төгрөг төлөхөөс өөр боломжгүй болно, мөн сар бүр багаар хувааж төлөх хүсэлтэй байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцэв.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэргийн үйл баримт буюу зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эрх зүйн дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагын талаар: Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч *******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,902,166.64 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байх ба хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй гэсэн үндэслэлээр гэрээний хүүг багасгах, гэрээний хариуцлагаас чөлөөлүүлэх талаар маргажээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн байх ба тухайн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргажээ. Нэхэмжлэгч ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх гэрээгээр хүлээсэн зээлийн хүү төлөх үүргээ зөрчсөн байхад зээлийн хүүг хасагдуулж тооцсон гэжээ.

 

5. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар: Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж тус гэрээгээр ******* банк нь хариуцагч *******эд 8.500.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4%-ийн хүүтэй зээл олгох, хариуцагч ******* нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна. Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч *******эд 8.500.000 төгрөгийн зээл олгосон, зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 1.369.584 төгрөг төлж, зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргийг 2017 оны 11 дүгээр сараас эхлэн зөрчсөн, анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоосон, зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй байна.

 

7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн /зээлдэгчийн / гэрээний үүрэгт төлсөн 1.369.584 төгрөг төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч ******* банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлдэгч *******ийн гэрээний үүрэгт төлсөн 1.369.584 төгрөгийг хасаж тооцсон байхад дахин хасаж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан талаараа дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

8. Хариуцагч нь сар бүр зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг зөрчигдсөн, эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

 Мөн зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

9. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа ...ажлаасаа халагдаж орлогогүй болсон, ажлаас халагдсаны дараа мал малласан боловч малын гоц халдварт шүлхий өвчин гарч мал нь хорогдсон, улмаар дэлхий нийтийг хамарсан Ковид өвчин туссаны улмаас хүндээр өвдсөнөөр өрхийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсонтой холбоотой санхүүгийн боломж доройтсон тул төлөлт хийгээгүй, зээлийн хүү хэт өндөр байгаа тул зээлийн хүүг багасгаж өгнө үү... гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

10. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчийг зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөх хуулийн зохицуулалт байхгүй боловч хариуцагч нь 2017 онд цалингийн зээлийг жилийн 20.40 хувийн хүүтэйгээр байгуулсан байх ба 2017 оноос хойш Монгол банкнаас мөнгөний бодлогын талаар Төв банкнаас удаа дараа эрх зүйн акт гарч, Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар Төв банкны мөнгөний бодлогын хувь хэмжээг шинэчлэн тогтоосноор зээлийн жилийн хүү тодорхой хэмжээгээр буурсан, өнөөдрийн байдлаар банкнаас олгож буй зээлийн хүү дунджаар жилийн 15 хувь байгаа, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас хүндээр өвчилсөн хариуцагчийн хувийн байдал зэрэг байдлуудыг харгалзан үзэж шүүхээс талуудын хооронд байгуулсан зээлийн хүү нь хэт өндрөөр тогтоогдсон гэж үзэн зээлийн хүүд тооцсон 6.544.199 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаас 60 хувь буюу 3.926.520 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2.617.520 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 435 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7.949.528 төгрөг, хүү 3.926.520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408.438 төгрөг нийт 12.284.486 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.617.520 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.460 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 212.502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 69.680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН Top of Form

 

Bottom of Form