Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00655

 

“Ирээдүй энержи групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00131 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 687 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Ирээдүй энержи групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Батхуягт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 464 660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, нарийн бичгийн даргаар Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанийн захирал М.Даваажав, хариуцагч Д.Батхуяг нар нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 013/01 тоот “Цагаан будаа нийлүүлэх гэрээ” байгуулж, БНХАУ-аас 120 тонн цагаан будаа оруулж, 60, 60 тонноор нь хувааж авах, 1 тн цагаан будааг 5150 юань буюу 309 000 юанийг тухайн үеийн ханш болох 305 төгрөгөөр тооцон нийт 94 245 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.Ингээд Д.Батхуяг нь 60 тн будааны урьдчилгаанд 28 273 500 төгрөг өгч будаагаа авсан. Үүний дараа манай компанийн 60 тн будаа буюу 2400 шуудай будааг зарахаар болж, 1 шуудай будааг 48 000 төгрөгөөр тооцон хариуцагчид өгсөн.Хариуцагч Д.Батхуягаас эхний 60 тн будааны үнэ болох 94 245 000 төгрөг, дараагийн 2400 шуудай будааны үнэ болох 115 200 000 төгрөг, нийт 209 445 000 төгрөг авах ёстойгоос дансаар 192 980 338 төгрөг, бэлнээр 3 000 000 төгрөгийг тус тус авсан тул үлдэгдэл 13 463 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд хандсан байсан боловч 3 000 000 төгрөгийг мөн дансаар шилжүүлсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 10 463 000 төгрөгийг Д.Батхуягаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ хэзээ байгуулсан асуудал яригдана. Хариуцагчийн хувьд М.Даваажаваас 1 вагон буюу 60 тонн будааг 309 000 юаниар буюу 94 245 000 төгрөгөөр худалдан аваад мөнгийг төлж дуусгасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь будаа нийлүүлсэнээс хойно байгуулагдсан. Өөрөөр хэлбэл будааг 2015 оны 12 дугаар сард нийлүүлсэн бөгөөд гэрээг байгуулах үед будаа зарагдсан, урьдчилгаа мөнгө ч орж ирсэн байсан.Дараа нь нэхэмжлэгчийн 2400 шуудай будааг борлуулж өгсөн.Талуудын хооронд нэг шуудай будааг хэдэн төгрөгөөр тооцож зарсан бэ гэдэгт маргаан үүссэн. Хариуцагч нэг шуудай будааг 46 000 төгрөгөөр зарсан, харин нэхэмжлэгч 48 000 төгрөгөөр тооцсон гэдэг. Үүнийг нотлохын тулд манай талаас гэрч н.Батмөнхөөс мэдүүлэг авахуулсан бөгөөд гэрч нэг шуудай будааг 46 000 төгрөгөөр зарсан гэж мэдүүлсэн. Ингээд нэг шуудай будаанаас 2000 төгрөгийн зөрүү гарсан ба нийт 4 800 000 төгрөг болж байна. Ингээд 2400 шуудай будааг 46 000 төгрөгөөр тооцоход нийт 110 400 000 төгрөг болох ба үүн дээр өмнөх 60 тн будааны үнэ 94 245 000 төгрөгийг нэмэхээр нийт 204 645 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх ёстой байжээ.Үүнээс 192 980 338 төгрөг өгсөнд маргаагүй, харин зөрүү нь 12 000 000 төгрөг болж байгаа. Д.Батхуяг тайлбарлахдаа М.Даваажавт 8 000 000 төгрөг бэлнээр, 3 000 000 төгрөг дансаар, нийт 11 000 000 төгрөг өгсөн гэдэг тул үлдэгдэл 1 371 500 төгрөг болж байна. Үүнээс нэхэмжлэгч будааны хорогдол 706 836 төгрөгийг хасч тооцоход 664 662 төгрөг төлөхөөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр зөвшөөрнө, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00131 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Батхуягаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 664 662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ирээдүй энержи групп” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 799 998 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Батхуягаас 105 585 төгрөг гаргуулан “Ирээдүй энержи групп” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 687 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00131 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 105 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааны талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэрэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хариуцагчаас 5 664 662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон болно.Учир нь маргаан бүхий хэргийг хянан хэлэлцэхээр товлосон 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас 8 000 000 төгрөгийг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөгөөр багасаж 8 463 000 болгож өөрчилсөн нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр тэмдэглэгдсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж буй үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагчаас 8 000 000 төгрөгийг бэлнээр авсан тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 3 000 000 төгрөгийг хасаж гаргасан тул үлдэх 5 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж нэхэмжлэлийн шаардлага багасгаж байна хэмээн тайлбарласан. Гэвч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж тус өдрийн шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулаагүй мөн шүүх хуралдааны тэмдэглэлийг бүрэн хөтлөөгүйн улмаас нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараасаа эргэж буцан шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ ноцтой зөрчих боломжийг анхан шатны шүүх олгосон байдаг.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулалгүй болох нь 102/Ш32016/26806 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх 8 000 000 төгрөгийг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөгөөр багасгасан байтал шүүх хуралдааны бичлэг хийгдээгүйгээс уг тайлбараасаа буцаж, үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн гэж тайлбарласан. Гэвч дээрх тохиолдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчигдсөн гэж үзэхгүйн гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй юм...” хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн энэхүү хариуцлагагүй үйлдлээс болж хариуцагч өөрийн шударгаар гүйцэтгэсэн үүргээ дахин гүйцэтгэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.                                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Ирээдүй энержи групп” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас 13 464 660 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Д.Батхуяг нь гэрээний төлбөрт 664 662 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн оролцох шүүх хуралдаан давхацсан учир хариуцагч Д.Батхуяг шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байх ба шүүх уг хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102\Ш32016\26806 захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулжээ. Хүсэлтийг шийдвэрлэсэн уг хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэлийн үнийн дүнг 5 сая төгрөгөөр багасгаж, одоо 8 463 000 төгрөг нэхэмжилж байна” гэж хэлсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан \хх-ийн 65, 66 дугаар тал\ байх ба хариуцагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг тайлбарыг хяналтын журмаар гаргасан гомдлынхоо үндэслэл болгожээ.

Шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцсэн хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 5 сая төгрөгөөр багасгаж байна гэж хэлсэн боловч хэргийг агуулгаар нь хянан хэлэлцсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “нэхэмжлэлийн шаардлагаа 3 сая төгрөгөөр багасгаж, 10 463 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ \хх-ийн 94 дүгээр тал\.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эсэх, хэдий хэмжээгээр багасгах нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэгдсэн нэхэмжлэгчийн бүрэн эрхийн асуудал юм. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5 сая төгрөгөөр багасгахаар тайлбарласан байгаа ч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээг өөрчилж болохгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул “шүүх хуралдааны бичлэг хийгдээгүйгээс нэхэмжлэгч тал уг тайлбараасаа буцаж, үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагыг 5 сая төгрөгөөр багасгахаар шүүхэд мэдүүлсэн болохоо үгүйсгээгүй харин багасгах хэмжээг өөрчилсөн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарлажээ. Нэхэмжлэгч компанийн захирал М.Даваажав нь хариуцагч Д.Батхуягтай 7 500 000 төгрөгөөр эвлэрэн хэлэлцэхээр тохиролцсон байсан боловч хариуцагч мөнгөө төлөхгүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд эвлэрэн хэлэлцэх тохиолдолд шаардлагаа энэ хэмжээнд тохируулан 5 сая төгрөгөөр багасгах боломжтой байсан гэх тайлбар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ \хх-ийн 95-р тал\.

Нэхэмжлэгч “Ирээдүй энержи групп” ХХК-иас өөрийн төлөөлөгч И.Эрдэнэцэцэгт 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 554 дугаартай итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг тухайлан заагаагүй боловч түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрх олгогджээ. Нэхэмжлэгч өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн асуудлаар гомдол гаргаагүй байна.  

Дээрх байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлүүлэгчийн олгосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг 3 сая төгрөгийн хэмжээнд багасгасан гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч Д.Батхуяг худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байдлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00131 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 687 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН