Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00131

 

2017 оны 01 сарын 06 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00131

Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

                                  

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-54, Пийс тауэр /Peace tower/, 1207 тоотод оршин байгаа “Ирээдүй энержи групп” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 33 дугаар байрны 24 тоотод оршин суух Хөн дан овогт Доржхандын Батхуяг /РД-ЧК75042075/-т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,464,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, гэрч Ч.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ирээдүй энержи групп” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанийн захирал М.Даваажав, хариуцагч Д.Батхуяг нар нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 013/01 тоот цагаан будаа нийлүүлэх гэрээ байгуулж, БНХАУ-аас 120 тонн цагаан будаа оруулан ирж, 60, 60 тонноор нь хувааж авахаар 1 тн цагаан будааг 5150 юань буюу 309,000 юанийг тухайн үеийн ханш болох 305 төгрөгөөр тооцон нийт 94,245,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.

Ингээд Д.Батхуяг нь 60 тн будааны урьдчилгаанд 28,273,500 төгрөг өгч будаагаа авсан. Үүний дараа манай компанийн 60 тн будаа буюу 2400 шуудай будааг зарахаар болж, 1 шуудай будааг нь 48,000 төгрөгөөр тооцон хариуцагчид өгсөн.

Хариуцагч Д.Батхуягаас эхний 60 тн будааны үнэ болох 94,245,000 төгрөг, дараагийн 2400 шуудай будааны үнэ болох 115,200,000 төгрөг, нийт 209,445,000 төгрөг авах ёстойгоос дансаар 192,980,338 төгрөг, дараа нь захирал М.Даваажав нь бэлнээр 3 сая төгрөгийг тус тус авсан тул үлдэгдэл 13,463,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд хандсан байсан боловч 3 сая төгрөгийг мөн дансаар шилжүүлсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10,463,000 төгрөгийг Д.Батхуягаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Батхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ хэзээ байгуулагдсан бэ гэдэг асуудал яригдах нь байна. Хариуцагч Д.Батхуяг нь М.Даваажаваас 1 вагон буюу 60 тонн будааг 309,000 юаниар буюу 94,245,000 төгрөгөөр худалдан аваад мөнгийг төлж дуусгасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь будаа нийлүүлсэнээс хойно байгуулагдсан. Өөрөөр хэлбэл будааг 2015 оны 12 дугаар сард нийлүүлсэн бөгөөд гэрээг байгуулах үед будаа зарагдсан, урьдчилгаа мөнгө ч орж ирсэн байсан.

Дараа нь нэхэмжлэгчийн 2400 шуудай будааг борлуулж өгсөн.

Талуудын хооронд нэг шуудай будааг хэдэн төгрөгөөр тооцож зарсан бэ гэдэг дээр маргаан үүссэн гэж бодож байна. Хариуцагч нэг шуудай будааг 46,000 төгрөгөөр зарсан, харин нэхэмжлэгч нь 48,000 төгрөгөөр тооцож өгсөн гэдэг.

Үүнийг нотлохын тулд манай талаас гэрч н.Батмөнхөөс мэдүүлэг авахуулсан бөгөөд гэрч ... нэг шуудай будааг 46,000 төгрөгөөр зарсан гэж мэдүүлсэн. Ингээд нэг шуудай будаанаас 2000 төгрөгийн зөрүү гарсан ба нийт 4,800,000 төгрөг болж байна. Ингээд 2400 шуудай будааг 46,000 төгрөгөөр тооцоход нийт 110,400,000 төгрөг болох ба үүн дээр өмнөх 60 тн будааны үнэ 94,245,000 төгрөгийг нэмэхээр нийт 204,645,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх ёстой байжээ. Үүнээс 192,980,338 төгрөгийг өгсөн гэдэг дээр маргаагүй бөгөөд зөрүү нь 12 сая төгрөг болж байгаа юм.

Хариуцагч Д.Батхуяг надад тайлбарлахдаа “би М.Даваажавд 8 сая төгрөг бэлнээр, дансаар 3 сая төгрөг, нийт 11 сая төгрөг өгсөн” гэдэг тул үлдэгдэл 1,371,500 төгрөг болж байна. Үүнээс нэхэмжлэгч тал будааны хорогдол 706,836 төгрөгийг хасч тооцоход 664,662 төгрөг төлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Ирээдүй энержи групп” ХХК нь Д.Батхуягаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,463,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа багасган, 10,463,000 төгрөг болгож байна.

Хариуцагч тал уг шаардлагын зарим хэсэг буюу 664,662 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлсөн гэж маргадаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Ирээдүй энержи групп” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Д.Батхуягтай 014/01 тоот “Цагаан будаа нийлүүлэх” гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч компани нь Д.Батхуягийн захиалгаар 60 тн цагаан будааг 309,000 юаниар нийлүүлэхээр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч “Ирээдүй энержи групп” ХХК нь гэрээний дагуу барааг нийлүүлж, Д.Батхуяг нь гэрээний үнэ болох 94,245,000 төгрөгийг төлж дуусгасан байжээ.

Улмаар нэхэмжлэгч компанийн оруулж ирсэн 60 тн буюу 2400 ширхэг цагаан будааг хариуцагч Д.Батхуяг худалдан борлуулахаар амаар тохиролцон, барааг хүлээн авсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараар тогтоогдож байна. /хх-94-95 дугаар хуудас/

Зохигчдын дээрх тохиролцооны агуулга болон үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Д.Батхуяг нь “Ирээдүй энержи групп” ХХК-иас 2400 шуудай цагаан будаа хүлээн авч, цааш борлуулсан байх бөгөөд будааны үнийг тус компанийн болон захирал М.Даваажавын дансаар төлж байсан байх тул шүүх, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзлээ.

Талуудын хэн аль нь дээрх үйл баримтын талаар маргаагүй.

Харин зохигчид нэг шуудай будааг ямар үнээр өгч, авахаар тохиролцсон асуудлаар буюу нэхэмжлэгчийн хувьд нэг шуудай будааг 48,000 төгрөгөөр, хариуцагч нь 46,000 төгрөгөөр худалдаж авсан гэж  маргаж байна.

Хариуцагч тал нэг шуудай будааг 46,000 төгрөгөөр тооцож авсан гэх үйл баримтаа нотлохоор Н.Батмөнхөөс гэрч мэдүүлэг авахуулдаг ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчийн “... нэг шуудай будааг 46,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлгийг үгүйсгээгүйн зэрэгцээ “Ирээдүй энержи групп” ХХК нь Д.Батхуягтай нэг шуудай будааг 48,000 төгрөгөөр борлуулахаар тохиролцсоныг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийг маргааны үндэслэлээ нотлоогүй гэж үзлээ. /хх-78 дугаар хуудас/

Шүүх хариуцагчийн худалдан авсан барааны үнэд төлөх ёстой төлбөрийг тооцоход Д.Батхуяг нь эхний 60 тн цагаан будааны үнэд 94,245,000 төгрөг, дараагийн 2400 шуудай цагаан будааны үнэд 110,400,000 /2400 шуудай будаа х 46,000 төгрөг/ төгрөг, нийт 204,645,000 төгрөг төлөхөөс нэхэмжлэгч  компанийн болон захирал М.Даваажавын дансаар 195,980,338 төгрөг, бэлнээр 3 сая төгрөг, нийт 198,980,338 төгрөг төлж, одоо 5,664,662 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. /хх-20-35, 81-85 дугаар тал/

Хариуцагч нь нэхэмжлэгчид бэлнээр 8 сая төгрөг өгсөн гэж мэтгэлцэн, гэрч н.Энхтайванаас мэдүүлэг авахуулсан боловч гэрч, энэ талаар мэдэхгүй байх тул хариуцагчийг уг үйл баримтаа нотолж чадаагүй гэж үзнэ. /хх-96 дугаар хуудас/

Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Батхуягаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,664,662 /таван сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ирээдүй энержи групп” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,799,998 /дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 105,585 төгрөг гаргуулан “Ирээдүй энержи групп” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Батхуягаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,664,662 /таван сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ирээдүй энержи групп” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,799,998 /дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Батхуягаас 105,585 төгрөг гаргуулан “Ирээдүй энержи групп” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД