Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2022/00110

 

  2022         11             14                                207/МА2022/00110

 

 

А.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Ц.Ад холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/01229 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ад холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 2.500.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Зээл 3.145.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ц.Аын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.С, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн А.А миний бие Ц.Ад 2.500.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр зээлсэн юм. 2021 оны 11 дүгээр сарын 09-нд 1.500.000 төгрөгийг Ц.А нь банкны зээлийн төлөлтөнд хийгээд өгөөч, удаахгүй буцаагаад өгнө гэсэн тул түүнд итгэж түүний нэрийн “Капитрон” банкны зээлийн данс руу өөрийн ХААН банкны 5023107612 тоот данснаас шилжүүлсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөн Ц.А нь 1.000.000 төгрөг хэрэг болоод байна, урд авсан буюу зээлийн төлөлт хийлгэсэн 1.500.000 төгрөгийн хамт удахгүй буцаагаад өгнө гэж гуйгаад байсан тул итгээд мөн өөрийн ХААН банкны 5023107612 тоот данснаас Ц.Аын эзэмшилийн ХААН банкны 5063230694 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн юм. Ц.А нь манай нөхөр Ц.Аын төрсөн дүү нь тул нөхрөө бодоод өгчихсөн юм. Гэтэл Ц.А нь одоог болтол надаас авсан 2.500.000 төгрөгийг өгөхгүй, өгч чадахгүй шүүхээр яваад аваарай гэсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ц.Ааас 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч надад олгож өгнө үү... гэжээ

Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

А.А нь миний төрсөн ахын эхнэр бөгөөд тэрээр зарим зүйлийг мартаж санаж буруу зөрүү ойлгоод байдаг юм. А.А нь надаас авлагатай биш бөгөөд би А.Агаас авах авлага зөндөө би өөрийн төрсөн ахын эхнэр тул шүүхийн байгууллагад хандаж бие биенээ зовоогоод яахав гэж бодоод тэвчиж дуугүй явсаар ирсэн. Гэтэл нэхэмжлэгч нь надаас өөрийгөө авлагатай гээд нэхэмжлэл гаргасан нь авсан мөнгөө мартаж буруу зөрүү нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Бидний хооронд ах дүү хамаатан сандангийн холбоо байдаг тул бие биедээ мөнгө зээлдүүлж буцааж авч байсан явдал цөөнгүй бий бөгөөд би тооцоогоо гаргавал харин ч нэхэмжлэгчээс авах тооцоо гарна. Түүний нэхэмжилж байгаа 2.500.000 төгрөг нь надаас зээлж аваад буцааж төлсөн мөнгөнүүд байна. Ийнхүү түүний гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь бодит үнэнд нийцэхгүй худал болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Ц.А нь А.Атай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс юм. Тодруулбал хариуцагч А.А нь миний төрсөн ах Ц.Аын эхнэр буюу бэр эгч билээ. Тиймээс бие биедээ мөнгө хэрэгтэй үед нь зээлдэг. Манай ах Ц.А нь надаас мөнгө зээлж авч байсан удаа байхгүй ба харин түүний эхнэр А.А нь нөхрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5037211893 .дугаартай дансаар дамжуулан Ц.А надаас 1.145.000 мөнгө зээлж байсан. Тухайн зээлсэн мөнгөө одоог хүртэл буцааж өгөөгүй. Мөн намайг тамхины бөөний төв ажиллуулдаг байхад бэр эгч А.А нь 2.000.000 төгрөгийн тамхийг зээлээр авсан. А.Агаас зээлүүлсэн мөнгө, зээлж авсан тамхины мөнгөө авья гэж хэлэхээр ах/нөхөр/ Ц.Аод намайг мөнгө нэхээд байна гэх мэтчилэнгээр хов зөөж төрсөн ахаар минь загнуулж, дарамтлуулдаг, зодуулдаг. Ц.А нь миний төрсөн ахын минь эхнэр, миний бэр эгч юм чинь буцаагаад өгөх байх гээд шүүхэд нэхэмжлэл гаргаад яахав дээ гэж бодоод өдийг хүрсэн. Иймд А.Агаас 3.145.000 төгрөгийг гаргуулж Ц.А надад олгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч А.А сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Ц.Ааас гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Надад Ц.Ааас зээлсэн мөнгөө байхгүй, эсрэгээрээ Ц.А л надаас бэлэн мөнгө эсхүл бараа материал /куртик/ зээлээр авч байсан болохоос би өөрөө гуйж зээлсэн төлбөр мөнгө, тооцоо байхгүй. Мөн би тамхи авч байгаагүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/01229 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ааас 2.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.Аын А.Агаас 3.145.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч А.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 65.270 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ааас 54.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

А.Агийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 ны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/01229 дугаартай шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч авж заалдах гомдол гаргаж байна.

1. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч А.А нь хариуцагч надаас 900.000 төгрөгийг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрдөг. 900.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1236 дугаар хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байдаг. Нэхэмжлэгч мөнгө хүлээж авсан болохоо тайлбарласаар байтал анхан шатны шүүх 2.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

2. Тус хэрэгт нэхэмжпэгчийн өмгөөлөгчөөр оролцож буй өмгөөлөгч Н.М нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхэд туслах хийж байсан, цаашлаад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Р.Үгийн туслах хийж байсныг хариуцагч би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа олж мэдсэн. Гэтэл Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2. дахь хэсэгт өмгөөлөгч дараах тохиолдолд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно. 15.2.4. тухайн хэрэг, маргааныг хянан шалгаж, шийдвэрлэж байгаа байгууллагад, эсхүл түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагад ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй гэж заасан байна. Мөн Монгол улсын шүүхийн тухай хууль 51 дүгээр зүйлийн 51.1.-д шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана гэж заасан байтал шүүгч хэргийн оролцогч надад мэдэгдэлгүй хэргийг шийдвэрлсэн нь буруу байна. Иймээс Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/01229 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт заасан үндэслэлээр хянав.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Ц.Ааас зээл 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч А.Агаас 3.145.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигчид шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

            Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Ц.А нь надаас 2.500.000 төгрөг 2 удаагийн шилжүүлгээр зээлж авсан. 1.500.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр банкны зээлийн төлөлтөнд хийгээд өгөөч гэсний дагуу Капитрон банкны данс руу нь шилжүүлж өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг хэрэг болоод урд авсан 1.500.000 төгрөгийн хамт удаахгүй буцаагаад өгье гэхээр нь Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Ц.А нь миний нөхрийн төрсөн дүү учраас итгээд мөнгө зээлсэн. Одоо болтол миний мөнгийг өгөхгүй байна гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч Ц.А нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...нэхэмжлэгч А.А нь миний төрсөн ахын эхнэр бөгөөд зарим зүйлийг мартаж санаж, зөрүү буруу ойлгоод байдаг. Надаас авлагатай биш, харин өглөгтэй. Нэхэмжилсэн 2.500.000 төгрөг нь зээлж аваад буцааж өгсөн мөнгө байна. Би түүнээс мөнгө зээлж байгаагүй” гэсэн татгалзсан тайлбарт үндэслэсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн байна.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч өөрийн Хаан банкны дансаар 1.000.000 төгрөг авсан, Капитрон банкны дансаар 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөгийн зээл төлүүлж, шилжүүлж авсан талаар маргаагүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтанд нийцсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаар хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч А.Ад 1.145.000 төгрөг, 2.000.000 төгрөгийн тамхи зээлээр өгсөн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй болно.

Хариуцагч Ц.А нь хэрэгт депозит дансны дэлгэрэнгүй хуулга нотлох баримтаар гаргасан боловч А.Агийн дансанд мөнгө шилжүүлсэн тухай баримт байхгүй. Харин ах Алдарцогтын дансанд тодорхой хэмжээний мөнгө шилжсэн байгаа боловч түүнийг нэхэмжлэгч А.Ад шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд хариуцагч Ц.Аын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/01229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Аын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ц.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.Б

ШҮҮГЧИД                                                     Б.О

                                                                                                                         С.У