Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02030

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02030

 

 

 

Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01816 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Дийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А ХХК нь чацаргана тариалахаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас чацарганын суулгац зээлээр авч үйл ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болж, ашиг, орлого олж чадаагүйн улмаас төлбөрийн чадваргүй болж Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 1937 дугаартай шийдвэрээр А ХХК-аас 27,059,283 төгрөг гаргуулж Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгохоор шийдвэрлэсэн. Тус компани сүүлийн 10-аад жил үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн хөрөнгөгүй.

 

1.2. Шийдвэр гүйцэтгэх газраас А ХХК-ийн төлбөрийг Доос гаргуулахаар түүний дансыг битүүмжилж, шүүхийн шийдвэрт заагаагүй үйл ажиллагаа явуулж, хууль зөрчиж байна. А ХХК-ийн хөрөнгө Дийн хөрөнгөтэй холилдож нийлээгүй, энэ талаар баримтгүй. Дийн харилцах данснаас хасалт хийх тогтоолын талаар түүнд танилцуулж, тайлбар аваагүй. Нэхэмжлэгчийн Төрийн банк ХХК-ийн зээлээ төлөх зорилгоор Итгэлт капитал ББСБ-аас авсан зээлийг нь хариуцагч битүүмжилж 25,405,713 төгрөг татан авсан.

 

1.3. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяагийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 18250467/01 тоот тогтоолоор А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Дийн мөнгөн хадгаламж, харилцах данснаас 27,059,283 төгрөгийн хэмжээгээр хасалт хийхийг үүрэг болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч А ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй нь тогтоогдсон. А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Дт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д зааснаар 2018.05.28-ны өдрийн 3/9196 тоотоор шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн. Тэрээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Дийн арилжааны банкин дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилж, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлж улмаар 2021.06.16-ны өдөр Дийн харилцах данснаас 27,059,283 төгрөг татагдсан.

2.2.Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир хуульд заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн арилжааны банкнууд дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан ажиллагаа хийгдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч Дийн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд

Хариуцагч Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж, нэхэмжлэгч мөн адил хариуцагч нь уг заалтыг буруу хэрэглэж хууль зөрчсөн гэж маргаж байхад шүүхээс Компанийн тухай хуулийн 9.4-т заасныг үндэслэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Энэ тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 04 дүгээр дүгнэлтэд, уг заалт нь компанийн эрх бүхий албан тушаалтан хууль бус үйл ажиллагааныхаа улмаас компанид хохирол учируулсан бол хохирлыг нөхөн төлөх зохицуулалт байхад шүүх хууль зүйн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн тул хувьцаа эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хохирол үүссэн гэдгийг нотлох ёстой байсан. Энэ талаар талууд маргаагүй, хэрэгт нэхэмжлэгчийн буруутайг нотлох баримт байхгүй байхад шүүх хуулийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон.

4.2. Хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тухайд,

а. Хариуцагч тайлбартаа, Компанийн тухай хуулийн 9.5-д зааснаар нэхэмжлэгчийн арилжааны банкнууд дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн гэдэг. Гэтэл Компанийн тухай хуулийн 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигч болон компанийн эд хөрөнгө зааглагдаагүй, холилдсон тохиолдолд л хувьцаа эзэмшигч хариуцлага хүлээхээр зохицуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгч болон төлбөр төлөгч компанийн эд хөрөнгө холилдсон гэдгийг нотлох үүргээ биелүүлээгүй, энэ талаар баримт бүрдүүлээгүй, хяналт шалгалт хийхгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус байхад шүүх анхаарахгүйгээр нэхэмжлэгчид нотлох үүргийг хуваарилан шийдвэрлэсэн нь хууль бус байна.

б. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.5-д заасныг зөрчиж нэхэмжлэгчийн дансыг битүүмжлэх арга хэмжээг авахдаа түүнд мэдэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчид мэдэгдэх ажиллагаа явуулаагүй тухай баримт хэрэгт авагдсан боловч шүүх хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөнийг дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсон.

в. Үндсэн Хуулийн цэцийн 2012 оны 04 дүгээр дүгнэлтээр компанийн хувьцаа эзэмшигч хөрөнгөө зааглан тусгаарлаагүй тохиолдолд Компанийн тухай хуулийн 9.5-д заасны дагуу хариуцлага хүлээхээр зохицуулсан тул хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад А ХХК, нэхэмжлэгч нарын хөрөнгө тусгаарлагдсан эсэх талаар шалгалт явуулж, нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах ёстой байтал тодорхой ажиллагаа явуулахгүйгээр шийдвэр гаргаж хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Д нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2015/01937 дугаар шийдвэрээр А ХХК-аас 27,059,283 төгрөг гаргуулан, Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн А ХХК-иас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

3.1 Хариуцагч байгууллага 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 18250467/01 дугаар, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 148/18250467 дугаар тогтоолуудаар А ХХК, хувьцаа эзэмшигч Д нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр тэдгээрийн арилжааны банкнууд дахь мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг 27,059,283 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, дээрх дүнгээр төлбөрийг шилжүүлэхийг арилжааны банкнуудад даалгаж, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Дийн харилцах данснаас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих уг дүнг суутгаж, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. /хх 64-70/

4. Төлбөр төлөгч А ХХК-ийн эд хөрөнгө нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Дийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй, хэргийн бодит нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх зохигчоос тодруулж, хувьцаа эзэмшигч хязгаарлагдмал хариуцлага хүлээх хүрээ, хязгаарын талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлээр А ХХК-д оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь Дийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс нь зааглагдсан талаархи А ХХК-ийн 2010 оноос хойших татварын тайлан, санхүүгийн тайлан, арилжааны банкнууд дахь дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримт зэргийг нэхэмжлэгчээс шаардсан байх ба уг баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хамаарал бүхий, нотолгооны ач холбогдолтой байж болохоор байна.

5. Түүнчлэн, А ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаагаар тус компани 1,000,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй гэснээс өөр компанийн өөрийн хөрөнгийн талаархи мэдээлэл хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар компани нь үйл ажиллагаагаа явуулахуйц балансдаа тусгагдсан өөрийн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч тухайн хөрөнгийг компанид оруулсан байх хуулийн зохицуулалттай. /хх 60/

5.1 А ХХК нь Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт чацаргана тариалахаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн түрээсийн болон зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээн авсан тоног төхөөрөмж, чацарганы суулгацыг 2010 онд хүлээн авч улмаар өр үүссэн нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1937 дугаар шийдвэрээр тогтоогджээ.

Дээрх зардлыг (газар эзэмшиж ашигласны хураамж, ажилтны цалин, татвар, даатгал, ариутгал, шатахуун, харуул хамгаалалт г.м) нэхэмжлэгч санхүүжүүлсэн бол ямар хэлбэрээр хөрөнгө оруулалт хийсэн, хөрөнгө оруулалтын зардлыг компанийн балансад (өр төлбөр, зээл, буцалтгүй тусламж, хувьцаа нэмж гаргах г.м) ямар нөхцөлтэй тусгагдсан эсэх нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримт болно. Мөн санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээн авсан гэх тоног төхөөрөмжийг хэрхсэн нь тодорхойгүй байна.

6. Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй, талууд энэ талаар бүрэн мэтгэлцээгүйг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Э.ЭНЭБИШ