Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02040

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02040

 

 

Вийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/03228 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Алтантүлхүүрийн,

 

Хариуцагч М нийгэмлэгт холбогдуулан гаргасан,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Отгонням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: В би 2020.07.08-ны өдрөөс Мийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанд дотоод хяналт шалгалтын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад Замын даргын 2022.04.04-ний өдрийн Б/II/33 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Намайг ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, шалгалтын бүрэлдэхүүнд ороогүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж хөдөлмөрийн сахилгын шийтгэл гаргасан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуульд нийцээгүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.

Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга С нь 2022.04.01-ний өдөр хэлтсийн дарга О, байцаагч И нарыг өрөөндөө дуудаад Отай хамтарч ажиллахгүй гээд өөр ажил санал болгоход зөвшөөрөөгүй тул төлөвлөгөөт бус шалгалт явуулж биднийг халсан. Намайг халах үндэслэл болсон 2021 онд Б дээр явуулсан хяналт шалгалтын удирдамжийг замын дарга баталсны дагуу удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж, танилцуулж Б, хадам эгч н.Э нараас тайлбар авсан. Энэ үйл явдлаас хойш 8, 9 сарын дараа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ажлаас халсан. 2022.04.01-ний өдрийн хурлаар шалгалтын тайланг танилцуулалгүй, дүгнэлтийг товчхон уншиж өгөөд нэг талыг барьж хуралдсан. О дарга удирдамжийг боловсруулж н.Пунцаг дарга Бтой холбоотой мэдээлэлд шалгалтыг надаар хийлгэх үүрэг өгсний дагуу ажилласан тул оролцох ёсгүй шалгалтад оролцсон гэж үзэхгүй, хяналт шалгалтыг хууль бус гэж үзэхгүй гэдгээ хэлсэн. Иймд Мийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт, шалгалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,517,265 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэл үндэслэлгүй. Улаанбаатар төмөр замын ажилтнууд бусад хүнийг мөрдөн мөшгөдөг үйл ажиллагааг анх удаа гаргаж байна. Дотоод аудит, санхүүгийн байгууллага нь цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах үйл ажиллагааг нийгэмлэгийн ажилчид явуулж хууль зөрчин дүрэм, журам, албаны дотоод журам, хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүргийг биелүүлээгүй. Бын гаргасан өргөдлийн дагуу шалгалтын ажиллагаа явуулах удирдамж 2022.03.29-ний өдөр батлагдан, тус тайлангаар энэ хүмүүсийн хууль зөрчсөн үйлдлүүд тогтоогдсон. 2022.04.01-ний өдрийн тайлангийн хуралд тайлантай танилцах боломжийг биечлэн олгож тайлбар, хүсэлт, нотлох баримт байхгүй гэж хурлаа үргэлжлүүлсэн. Замын орлогч дарга 2022.04.01-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь маргааны зүйлийг тодорхой тусгаагүй, үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Вийн хариуцагч Мт холбогдуулан урьд эрхэлж байсан Дотоод аудит, хяналт шалгалтын албан дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17,517,265 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх ажил олгогчийн тушаалын үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй тухайд

а. Шүүх Вийг ажлаас чөлөөлсөн 2022.04.04-ний өдрийн Б/Н/ЗЗ дугаар тушаалын үндэслэл болон талуудын маргаанд хууль зүйн дутуу дүгнэлт хийсэн. Дүгнэлтийг хангалттай ойлгомжтой тайлбарлаагүй, маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл нь бүрэн тогтоогдсон эсэхийг дүгнээгүй.

Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан талаар шүүх тодорхой тайлбарлаагүй. Хөдөлмөрийн гэрээний 5-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах гэсэн зохицуулалт нь ноцтой зөрчил гэж үзэн цуцална гэсэн зохицуулалтгүй. Вийн ... нараас тайлбар авах, ажиллагааг хийж гүйцэтгэхэд оролцсон гэх үйлдэл нь хөдөлмөрийн ноцтой зөрчил мөн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь дээд шатны албан тушаалтны амаар даалгасны шийдвэрээр уг байцаалт авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

б. Ажил олгогч тушаалаа хөдөлмөрийн гэрээний 5.3.14-т ажил үүрэгтэй нь холбоотой батлагдан гарсан хууль, дүрэм заавар болон алба, салбар нэгжийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмаар тухайлан хориглосон заалтыг зөрчсөн гэж заасан. Гэтэл шүүхээс яг аль салбар нэгжийн ямар дүрэм, журмыг хэрхэн яаж зөрчсөн эсэхийг шүүх дүгнээгүй. В шүүх хуралдаанд тухайн үед Б дээр явуулсан хяналт шалгалтын удирдамжийг 2021.06.18-ны өдөр замын дарга баталж Б, түүний эхнэр, Бын хадам эгч н.Э нараас тайлбар авсан. Энэ үйлдлээс хойш 8, 9 сарын дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг зөрчиж намайг ажлаас халсан гэж тайлбарлан маргасан байхад шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн маргаж буй хөөн хэлэлцэх хугацааны үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

в. 2022.04.04-ний өдрийн Б/Н/ЗЗ дугаартай тушаал нь дээрх зөрчлүүдийг гарснаас хойш 8 сарын дараа гарсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.16-ны өдрийн 00542 дугаар шийдвэр болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тус нийгэмлэгийн удирдлагууд мэдсэн ба зөрчлийг илрүүлснээс хойш сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн худалдан авалтын албаны ажилтан Бын үйл ажиллагаанд шалгалт хийхээр дотоод аудит хяналт шалгалтын алба, мөн замын даргаас н.Батжаргал байцаагчийг томилсон. Гэтэл В нь ямар нэгэн удирдамжгүйгээр шалгалтын ажиллагаанд оролцсон нь Хөдөлмөрийн гэрээний 5.3.8, 5.3.14-т тус тус заасныг зөрчсөн. Мөн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах, ноцтой зөрчилд заасан 5.3.8, 5.3.14-т тус тус зааснаар өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн. 2022.02.16-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Быг Улаанбаатар төмөр замын худалдан авах, борлуулалтын албаны мэргэжилтэн албан тушаалд томилсон. Гэтэл тухайн шийдвэр гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасны дагуу Вт сахилгын шийтгэл оногдуулсан. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга шүүхийн шийдвэрийг хэзээ гардаж авсан хугацаанаас хойш илрүүлсэн 1 сар нь хэрхэн яаж тооцогдсон гэх баримт хэргийн материалд байхгүй. Улаанбаатар төмөр замын ямар ч ажилтанд бусдаас байцаалт авах, өөрийнх нь болон гэр бүлийнх нь хувийн мэдээллийг гаргуулж авах боломжгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгч В, хариуцагч Мт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Талууд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, сахилгын шийтгэл ногдуулах хуулиар тогтоосон хугацаа өнгөрсөн эсэх талаар маргаж байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульчилсан.

Вт сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн эсэх асуудлаар зохигч эсхүл аль нэг тал нь маргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх тодруулж, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шалгалтаар Вийн гаргасан зөрчлийг илрүүлсэн, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайланд В гарын үсэг зурсан байсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Гэтэл В нь замын даргын удирдамжгүйгээр шалгалт явуулсныг нотолно гэх хариуцагч талын тайлбартаа дурдсан 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайлан хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, тус баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх боломжтой байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/03228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Э.ЭНЭБИШ