Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/04405

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/04405

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: В.А

Хариуцагч: МО

УБТЗ ХНН-ийн Ббийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцүү олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.А, өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн төлөөлөгч О.Б, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч В.А хариуцагч МОд холбогдох Ббийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцүү олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч В.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.О хамт гаргасан тайлбартаа: 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр УБТЗ-ын ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанд Ббаар томилогдон ажиллаж байгаад Замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар Б/II/33 тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, шалгалтын бүрэлдэхүүнд ороогүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж хөдөлмөрийн сахилгын шийтгэл гаргасан гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Тушаал нь хуулийн үндэслэлгүй, сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.8, 5.3.14-т заасан ажил үүрэгтэй холбоотой батлагдан гарсан дүрэм, журам зөрчсөн гэсэн үндэслэлийг заасан. Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 1, 2, 3 дугаар зүйлд УБТЗ-ын ХНН-ийн харьяа алба хэлтэс, төв тасаг, салбар нэгжийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шинжилгээ үнэлгээ хийх, хяналт шалгалт хийх гэсэн үндсэн зорилттой. Мөн удирдлагаас хариуцуулсан бусад үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай мэдээлэл зөвлөмжөөр хангаж ажиллах үндсэн үүрэгтэй ажилладаг. Замын даргаас тусгайлан байцаагч нарт олгогддог тодорхой тусгай эрхүүдийг эдэлдэг байцаагчийн үнэмлэхтэй. Хариуцагч тал В.Аийг Б.Бод хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжид нэр нь ороогүй байхдаа хяналт шалгалтын багт орж ажилласан гэж буруутгадаг. Уг багт орж ажиллах үүргийг дээд албан тушаалтан Дотоод аудит хяналт шалгалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан Ж.П өгсөн гэдгээ гэрчээр мэдүүлсэн. УБТЗ-д үйлчилж байгаа, өмнө нь үйлчилж байсан дүрэм журамд хяналт шалгалтын албаны орлогч даргын эрхийг заасан бөгөөд шалгагч нэмж, хасах нь энэ хүний эрх. Тиймээс хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, үнэмлэхд заасан эрх хэмжээ үүргийг гүйцэтгэж яваад ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш эсхүл зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Б.Бод явуулсан хяналт шалгалтын удирдамжийг Замын дарга 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр баталсан. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Боос, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эхнэрээс нь, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б.Бын хадам эгч н.Эгаас тус тус тайлбар авсан. Энэ өдрүүдээс хойш 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Бод хийсэн хяналт шалгалтын тайлан 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гарч хариуцагч тал мэдсэн тул сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн. Хяналт шалгалтыг байгууллагын дүрэм, үнэмлэхд зааснаар явуулсан тул мөрдөн байцаагч шиг мөшгөсөн гэж үзэхгүй. Б.Б өөрөө ч эндээ шалгуулна, холбогдох баримт нотолгоог гаргаж өгье гэдгээ сайн дураараа хэлсэн. Дансны хуулга баримтаа өөрсдөө гаргаж өгч шалгуулсан. Байцаагчийн үнэмлэхд иргэнээс мэдүүлэг авах эрхтэй гэж байгаа, тухайн үе Ковидын нөхцөл байдалтай байсан тул гадаа машинд уулзаж тайлбар авсан. Б.Б жил гаруй шалгуулж явахдаа цагдаа шүүхэд өөрийгөө хэзээч хилсээр мөрдөн мөшгүүлсэн гэж огт яриагүй. Б.Бын эхнэр өөрөө эгчээсээ мөнгө зээлээд өгсөн гэснийг би тэрийг чинь яаж мэдэх вэ гэхэд эгчтэйгээ яриулъя гээд утасныхаа спикер дээр тавиад ярьсан. Б.Б гомдол саналгүй, мөрдөж мөшгөөгүй гэж өөрөө хэлсэн тул Прокурор дээр хэрэг хаагдсан байгаа. Б.Бтой холбоотой асуудал цагдаа шүүхээр шалгагдаж 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон. Шалгалтын удирдамжид орох бүрэлдэхүүнийг удирдамжид заадаг. Хүн нэмж оруулах хасах талаар зохицуулалт дүрэмд байхгүй. Амаараа үүрэг өгөөд явдаг. Иймд үндэслэлгүй шалгалт явуулж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлаар нотолгоо баримтгүйгээр сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн тул өмнө эрхэлж байсан УБТЗ-ын ХХН-ийн Ббийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч МО шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. В.А нь Улаанбаатар төмөр замын ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны ббаар ажиллаж байхдаа ажилтан Б.Бын гэр бүлийн гишүүнээс мэдүүлэг, байцаалт авсан, банкны дансны мэдээллийг нь хууль бусаар шаардаж авсан, албаны даргын баталсан удирдамжгүй хяналт шалгалтын ажиллагаа явуулсан нь Хувь хүний нууцын тухай хуулийн 5.3, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь заалтыг зөрчсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 123.2.5, УБТЗ-ын ХНН-ийн Хөдөлмөрийн дотоор журмын 14.1.4, Дотоод аудит хяналт шалгалтын албаны дүрмийн 5.14, Дотоод аудит, хяналт шалгалт зохион байгуулах журмын 1.15, 4.3, Хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.14, 5.3.8-д заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргах эрх зүйн үндэслэл болсон нь УБТЗ ХХН-ийн Удирдлагын асуудал хариуцсан Замын орлогч дарга Н.Эын удирдан хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл болон бусад холбогдох баримт материалаар тогоогдсон. Өөрөөр хэлбэл УБТЗ ХНН-ийн ажилтан бус этгээдийн халдашгүй эрхэд халдаж мэдүүлэг байцаалт авах, банкны дансны мэдээллийг нь шаардаж авах, өөрийг нь шууд харъяалах албаны даргын баталсан удирдамжгүй дур мэдэн хяналт шалгалтын ажиллагаа явуулах эрх УБТЗ-ын ХНН-ийн ямар ч албан тушаалтан, ажилтанд хууль, дүрэм, журмаар олгогдоогүй. Энэ үйлдэлтэй холбоотой маргаан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилж тухайн ажилтныг хууль бусаар мөрдөн шалгасан энэ үйл баримтыг үндэслэн шүүхээс Б.Быг ажлаас үндэслэлгүй халсан гэж эрхийг нь сэргээсэн. Энэ хугацаа хүртэл В.Атэй холбоотой асуудал үргэлжилсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Байгууллагын дүрэм, журамд зааснаар энэ хүнд удирдамжгүйгээр шалгалтын ажиллагаанд оролцох эрх үүрэг олгогдоогүй. Манайд үйлчилж байгаа дүрмээр шалтгалын удирдамжийн бүрэлдэхүүнд орсон байцаагч л удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх үүрэгтэй. Энэ хүнд тухайн ажилтны гэр бүл, төрсөн эгч найз нөхдөөс нь тодруулга байцаалт, мэдүүлэг авах эрх байхгүй. Замын даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн удирдамжаар Б.Б түүний эхнэр Д.Эгийн хамт хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор Нийгэмлэгийн нэр болон ажил үүргийн эрх мэдэл давуу талаа ашиглан үйл ажиллагаа явуулдаг эсэх ажлын хүрээнд хяналт шалгалт хийхийг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Бб И.Бл хийж гүйцэтгэхээр бүрэлдэхүүнийг томилсон. Гэтэл энэ ажиллагаанд ямар ч удирдамжгүйгээр В.А орсон. Ж.П гэрчийн мэдүүлэгтээ би амаар үүрэг өгсөн гэдэг боловч УБТЗ-д өнөөдөр амаар үүрэг даалгавар өгөх тухай ойлголт байхгүй. Ийм эрх хэмжээг хэн ч эдэлдэггүй. Тусгай эрхийн үнэмлэхтэй гэж тайлбарлалаа. Ийм үнэмлэх олгогдсон албан ёсны эрхтэй гэсэн үнэмлэх УБТЗ-д байхгүй. Говьсүмбэр аймагт очоод хүнийг цагдаагаас явна, дүүг чинь ажлаас халуулна гэж сүрдүүлэх замаар банкны гүйлгээг нь гаргуулж хувь хүний санхүүгийн нууцад халдаж, мэдүүлэг авсан байгаа явдал урьд өмнө байгууллагын хэмжээнд гарч байгаагүй. Мэдүүлгийг мөрдөгчийн эрхтэй цагдаагийн байгууллагын мөрдөгч, прокурор авч болно. Түүнээс нэг байгууллагын дотоод хяналт шалгалтын албаны ажилтан хүнээс мэдүүлэг авдаггүй юм. Ийм эрхийг хуулиар тусгайлан эрх олгосон субъект буюу төр эдэлдэг. Гэтэл мөрдөн байцаагчийн мэдүүлэг авах бланкийг ашиглаад үйл ажиллагаа хийгээд байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Шалгалт хийх удирдамжийн бүрэлдэхүүнд В.А байхгүй. Эрүүгийн хэргийг хохирол учраагүй гэж хэрэгсэхгүй болгосон. Байцаагчийн үнэмлэхд иргэнээс мэдүүлэг авч болно гэсэн тул авсан гэж байх шиг байна. Та галт тэргэнд явж байх үед бичиг баримтгүй, өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй, согтуурч мансуурсан ийм хүнийг эрх бүхий байгууллагад шилжүүлж өгөх хүртэл хамгаалалтанд авна гэдэг тухай ойлголт болохоос огт хаа хамаагүй гэр бүлийн хүн, хамаатан саданг нь очоод айлган сүрдүүлээд, санхүүгийн бичиг баримтыг нь аваад тэрийгээ хавтаст хэрэгт хавсаргах, ажилтны гэр лүүгээ явдаг марштрутыг авч түүнийг хянан шалгах эрх гэсэн ойлголт ярихгүй ээ. Энийг мөрдөн шалгах ажиллагаа гэж үзнэ. Танд удирдамжаар хэн ч ийм эрхийг олгоогүй тул өнөөдөр УБТЗ-д үйлчилж байгаа дүрэм, журмыг та зөрчсөн. УБТЗ-ын ХНН-ийн Замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар УБТЗ-ын ХНН-ийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст нэхэмжлэгч гомдол гаргасан боловч 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №9 хуралдаанаар гомдлыг хэлэлцэж ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж В.Аийн гомдлыг хангахгүй шийдвэр гаргасан гэв.

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар Б/II/33 В.Аийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт,

4. Хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хуралдааны тэмдэглэл, УБТЗ ХНН-ийн дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрэм, УБТЗ ХНН-ийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журам, 2022 оны 03 дугаар сарын 28-нд Дотоод аудит, хяналтын албанд хууль бусаар байцаасан тухай Б.Бын эхнэр Д.Эгийн гаргасан тайлбар болон Бб И.Бл нь удирдамжийн дагуу Б.Бын ажлыг шалгасан материалууд, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн огноотой иргэн Б.Боос гаргасан дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын хэлтсийн дарга О.Б, шалгалт явуулсан байцаагч нар албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн гэх асуудлыг шалгасан Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тайлан, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б.Быг шалгах удирдамжийн хугацааг сунгуулах илтгэх хуудас, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн огноотой Б.Боос тайлбар авсан тухай И.Блын тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн огноотой В.А нь Б.Боос авсан тайлбар, УБТЗ ХНН-ийн Замын нэгдүгээр даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж, Удирдах ажилны ёс зүйн дүрэм, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 09 УБТЗ ХНН-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 102/ШШ2022/00542 шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл,

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Пийг гэрчээр асууж мэдүүлэг авах, В.Аийн ажлын үнэмлэх, Тээврийн Прокурорын газраас 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 131 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан,

6. Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа И.Блын нэхэмжлэлтэй хэргээс плаш хуулбарлан СД-нд авч үзлэг хийж бэхжүүлэх ажиллагааг хийж, баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч нь Дотоод аудит хяналт шалгалтын албаны орлогч даргын амаар өгсөн үүргийн дагуу Б.Бод холбогдох төлөвлөгөөт бус шалгалтын бүрэлдэхүүнд орж ажилласан. УБТЗамаас олгосон эрхийн үнэмлэхд иргэнээс тайлбар авах, санхүүгийн болон бусад баримт бичигт хяналт шалгалт явуулах эрх байдаг. Тайлбар авсан болохоос мөрдөн мөшгих ажиллагаа хийгээгүй. Өөрсдөө сайн дураар баримтаа гаргаж өгсөн. Дээд албан тушаалтны өгсөн үүргийг биелүүлснээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Замын даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн удирдамжаар Б.Бтой холбоотой мэдээллийг шалгаж шалгалт явуулахыг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Бб И.Блд даалгасан. Гэтэл ямар ч удирдамжгүйгээр В.А орж тусгай эрхийн үнэмлэхд заасан гэж тайлбарлан байгууллагын дүрэмд заагдаагүй мөрдөн байцаагчийн ажиллагааг явуулж хууль зөрчсөн үйлдэл гаргаж УБТЗ-д үйлчилж байгаа дүрэм, журмыг зөрчсөн. Энэ зөрчилтэй холбоотой асуудал 2023 оны 04 дүгээр сар хүртэл үргэлжилсэн тул сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тушаал үндэслэлтэй гарсан гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.1 МОын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний дугаар Б/II/33 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, УБТЗ ХНН-ийн Хөдөлмөрийн дотоор журмын 14 дүгээр зүйлийн 14.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.14, 5.3.8, Хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, и заалт , Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 5.14, Дотоод аудит хяналт шалгалтын зохион байгуулах журмын 1.15, 4.3, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Эын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын шалгалтын байцаагч В.А нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, шалгалтын бүрэлдэхүүнд ороогүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, Маргаан таслах комиссын хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 09 тэмдэглэлээр гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ.

4.1.2 МОын Замын даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжаар Б.Б нь эхнэр Д.Эгийн хамт хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор Нийгэмлэгийн нэр болон ажил үүргийн эрх мэдэл давуу талаа ашиглан үйл ажиллагаа явуулдаг эсэхд хяналт шалгалтыг 2021 оны 06 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Дотоод аудит хяналт шалгалтын албаны бб И.Бл хийж гүйцэтгэхийг үүрэг болгожээ.

2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр И.Бл нь бб В.Аийн хамт удирдамжийн дагуу мэдээллийн мөрөөр төлөвлөгөөт бус шалгалтыг хийж гүйцэтгэсэн ба удирдамжийн хугацааг 2021 оноы 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгаж өгөх илтгэх хуудас бичиж 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалтыг хийж гүйцэтгэн тайланг хүргүүлсэн байна.

Тус тайланд тендерийн үнийн комиссын нарийн бичгийн дарга Б.Бын эхнэр Д.Эг 6,5 сая төгрөг бэлнээр авч 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бэлэн бусаар шилжүүлэн өгсөн үйлдэл нь тогтоогдсон, энэ үйлдэл Эрүүгийн хуулийн 22.4-т заасан хахууль авах гэмт хэргийн шинжтэй тул хууль зүйн албаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах санал, Б.Быг албан ажлын хүрээнд олсон мэдээллийн хадгалалт, хамгаалалтанд хайнга хандсан үйлдэл нотлогдсон нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гаргаж, Замын даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар Б.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Төмөр замын Цагдаагийн газарт хариуцагч байгууллага гомдол гаргасныг шалган 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 588 Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.

Б.Быг тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 102/ШШ2022/00542 шийдвэрээр Замын даргын тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эргүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх үйл баримтад талууд маргаагүй.

4.1.3. УБТЗ ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 5.6-д зааснаар албаны ажилтан Замын даргын баталсан удирдамжийн хүрээнд шалгалтыг явуулахдаа албаны орлогч даргын зөвшөөрлөөр баримт шаардаж авах, холбогдох албан тушаалтан нараас тайлбар тодорхойлолт авах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагаар харилцагч банк болон бусад хуулийн этгээдэд хандан нотолгоо гаргуулах саналыг боловсруулан замын удирдлагаар шийдвэрлүүлэх, хууль тогтоомж, дүрэм, журам, ёс зүйн нийтлэг хэм хэмжээг баримтлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж шалгалтын эцсийн хариуцлагыг хүлээх, шүүх хууль хяналтын байгууллагад УБТЗ ХНН-ийг төлөөлж шалгалтын эцсийн үр дүнг хамгаалж оролцох эрх, үүрэг,

УБТЗ ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журамд Шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэх ба ажилтнаас нөхцөл байдлын талаар мэдүүлснийг бэхжүүлэн тэмдэглэл үйлдэх, 3.2.8-д зааснаар шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн алба, хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, эрх бүхий хууль хяналтын байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талаар санал боловсруулан удирдлагад танилцуулах, 5.13, 7.4-т шалгагч нар удирдамжид заасан хугацаанд шалгалтыг ердийн ажлын цагаар явуулна, шалгах ажиллагааг хойшлуулашгүйгээс бусад тохиолдолд ажлын бус цагаар явуулахыг хориглоно гэж тус тус заажээ.

4.1.4. Шүүх хуралдаанд В.А нь албаны орлогч дарга үүрэг болгосноор удирдамжид заасан бүрэлдэхүүнд орж ажилласан, ажлын үнэмлэхд заасан эрхийг хэрэгжүүлсэн гэж тайлбарласан боловч УБТЗ ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 5.4.2-т албаны орлогч дарга нь шалгалтын ажлын төлөвлөгөө удирдамж боловсруулах, батлуулах шалгалтын бүрэлдэхүүнийг томилох, тайлан тавих ажлыг зохион байгуулж албаны даргад танилцуулж батлуулах үүрэгтэй болохоос удирдамжаар баталсан бүрэлдэхүүнд шалгагч нэмэх эрх олгогдоогүй байна.

В.Ат олгосон Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Эрхийн үнэмлэх №26 УБТЗ-ын харъяа бүх алба хэлтэс, алба нэгж, байгууллагын байр, объект тээврийн хэрэгсэл, бүх төрлийн галт тэргэнд ямар ч цагт саадгүй нэвтэрч, албан тушаалтан иргэдээс тайлбар авах, санхүүгийн болон бусад баримт бичиг, эд зүйл, ачаа, тээшинд үзлэг хийх, галт тэрэгний бригад зорчигчийн бичиг баримтыг шалгах, зөрчилд холбогдох баримт сэлт эд зүйлийг асуудал шийдэгдэх хүртэлх хугацаанд түр хураах, согтуурсан мансуурсан этгээдийг түр саатуулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөх зэргээр хяналт шалгалт явуулах эрхтэй гэж зааснаас дүгнэхэд В.А нь Замын даргын удирдамжид заагдаагүй буюу шалгалтын бүрэлдэхүүнд ороогүй байхдаа УБТЗ ХНН-ийн ажилтан бус Д.Эгээс ажлын бус цагаар автомашин дотор тайлбар, мэдүүлэг авах, иргэн н.Цэрэнбат, Д.Э нарын банкны дансны хуулгыг гаргуулан авах, албан томилолтгүй Говьсүмбэр аймаг явж иргэн Д.Эгаас тайлбар авах зэрэг эрхийг уг үнэмлэхээр олгогдсон гэж үзэхгүй. Тэрээр байгууллагын дүрэм, журамд заагаагүй эрхийг хэрэгжүүлсэн, түүнд олгосон ажлын үнэмлэхд энэ талаар эрх олгогдоогүй тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.П гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Албаны бүх ажиллагаа Дотоод хяналт шалгалтын дүрэм, журмын хүрээнд зохион байгуулагдаж явагдах ёстой. Говьсүмбэр аймагт очсон эсэхийг нь мэдэхгүй. Байцаагч мэдүүлэг авдаггүй, тайлбарыг асуумж байдлаар, эсвэл нөгөө хүн нь тайлбараа бичиж өгөх гэсэн хоёр хэлбэртэй байдаг гэсэн мэдүүлгээр В.А нь байгууллагаас авсан томилолтгүй, улмаар Говьсүмбэр аймаг явж өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж иргэнээс тайлбар мэдүүлэг авч, иргэний банкны дансны хуулгыг баримтаар гаргуулж авсан буруутай байна.

4.1.5. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хугацаа дууссан гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.

Нэхэмжлэгч В.А нь хяналт шалгалтыг хийхдээ УБТЗ ХНН-ийн дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрэм, Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журамд зааснаар албаны ажилтанд олгосон хууль тогтоомж, дүрэм, журмыг баримтлан үйл ажиллагаанд мөрдлөг болгох, шалгалтыг хууль тогтоомж, заавар журмын дагуу явуулах, шалгалтыг зөвхөн удирдамжийн хүрээнд зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу шалгалтыг хийж гүйцэтгэх, эрх бүхий хууль хяналтын байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, дүрэмд заасан нийтлэг эрхийг хэрэгжүүлэхдээ аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөх, шалгалтыг ердийн ажлын цагаар явуулах гэж заасныг зөрчсөн.

Дүрмийн 5.7.16 шалгалтын эцсийн хариуцлагыг хүлээх, шүүх хууль хяналтын байгууллагад байгууллагыг төлөөлж шалгалтын эцсийн үр дүнг хамгаалж оролцох үүрэгтэй гэж заасан, Б.Бын ажлыг шалгасан дүгнэлттэй холбоотой шүүхийн шийдвэр 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хугацааг энэ үндэслэлээр дуусаагүй гэж үзэв.

4.1.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажил олгогч ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгож ажилтны хэзээ гаргасан ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгахаар зохицуулсан.

Ажилтан В.А нь Хөдөлмөрийн гэрээний 4.1.4 ажил үүргээ гүйцэтгэх явцад дүрэм, зааврын шаардлагыг бүрэн хангаж биелүүлнэ, 5.3.8 өөрт нь дүрмээр заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, 5.3.14 ажил үүрэгтэй нь холбоотой батлагдан гарсан хууль, дүрэм журам, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмаар тухайлан хориглосон заалтыг зөрчсөн тул ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгож цуцласан тушаал хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

4.1.7. Хариуцагч МОын Замын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Төлөвлөгөөт бус хянгалт шалгалтын удирдамжийг үндэслэн В.А нарт явуулсан УБТЗ ХНН-ийн Дотоод аудит хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг зөрчиж шалтгалт явуулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хувь хүний нууцад халдаж хувийн мэдээллийг гаргуулан авсан эсэх асуудлын хүрээнд төлөвлөгөөт бус шалгалтыг явуулж 2022 оны 03 дугаар сарын 29-ний хяналт шалгалтын тайланг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн В.Атэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэл ногдуулсан хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Замын даргын тушаалаар В.Аийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын ногдуулсан тушаал хууль зөрчөөгүй байна.

5. Иймд хариуцагч МОд холбогдох УБТЗ ХНН-ийн Ббийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцүү олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч В.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан МОд холбогдох УБТЗ ХНН-ийн Ббийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцүү олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч В.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА