| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 185/2019/0737/Э |
| Дугаар | 594 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 594
Ж.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 913 дугаар магадлалтай, Ж.Э, Ж.Ц, Т.Т, О.Б нарт холбогдох 1809053820393 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Э болон шүүгдэгч Ж.Цын өмгөөлөгч Д.Минжүүрдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байгаа, Б овогт Ж-гийн Э.
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотоод засал чимэглэлчин мэргэжилтэй, 96 дугаар сургуульд урлаг хариуцсан багш ажилтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ж-ийн Ц.
3. Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, урьд ял шийтгэлгүй, Х овогт О-гийн Б.
4. Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч, урьд ял шийтгэлгүй, О овогт Т-ын Т.
Шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйл болох “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт, шүүгдэгч Ж.Ц, О.Б , Т.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл болох “Дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Боржигон овогт Жаргалангийн Энхбаясгаланг хүүхдийг хүч хэрэглэхээр заналхийлж насанд хүрээгүй Т.Т, О.Б нарыг гэмт хэрэгт татан оролцуулсан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Б овогт Ж-гийн Э, Т овогт Ж-ийн Ц, өсвөр насны шүүгдэгч Х овогт О-гийн Б, О овогт Т-ын Т нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Ж.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Тд ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж,
Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ж.Э д оногдуулсан ялуудын хөнгөн ял болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хүнд ял болох 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э гийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 5 сар 14 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялын нийт хэмжээг тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э , Ж.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э гийн цагдан хоригдсон 241 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э гийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 282 /хоёр зуу наян хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж өөрчилж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Э гаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн үнэ 534.000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг албадан гаргуулж, улсын орлого болгосугай” гэсэн нэмэлт заалтыг оруулж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Э гаргасан гомдолдоо “... миний бие 2019.01.08-ны өдрөөс цагдан хоригдож 2019.01.23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хоригдож байхад прокурор ирж хэргийн материалтай танилцуулж 534.000 төгрөгийн хохирол гарсан гэж хэлсэн. Хохирлыг төлөх сэтгэл байсан боловч утсаар болон биечлэн ар гэрийнхэнтэйгээ уулзах боломж байхгүй байсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 болон 16.1 дүгээр зүйлийн 1-ээр анхан шатны шүүхээс 3 жил 5 сар 14 хоногийн ялаар шийтгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
2020.04.24-ний өдөр анхан шатны шүүх дахин хуралдаж надад 5 жил 5 сар 14 хоногийн хорих ялыг оногдуулж давж заалдах гомдол гаргасан боловч хохирлын хэмжээг Ж.Ц, О.Б , Т.Т нартай хамтран төлөлцөөгүй учир ялыг минь хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд хохирлоо төлөлцөх хүсэлт байсан боловч нөхцөл байдал нь бүрдээгүй хоригдож байсан учир мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна, эрх зүйн байдал болон хувийн байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Д.М гаргасан гомдолдоо “... магадлалыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Ж.Цыг бусадтай бүлэглэн 2018 оны 12-р сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Ай фоне 7 маркийн гар утсыг дээрэмдсэн гэх хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон.
Насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... хурууныхаа хээг уншуулья гэсэн чинь “ална шүү” гээд хэлүүлээд утсыг аваад яваад өгсөн гэх мэдүүлгээс харахад миний үйлчлүүлэгч Ж.Ц бусдын эд хөрөнгийг авахдаа хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэх шинжтэй идэвхтэй үйлдэл хийгээгүй, мөн гар утас эзэмшигчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон шинж үгүй, тухайн заналхийлэл нь биелэгдэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан идэвхтэй байдлаар илрээгүй гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 09-ний өдрийн 913 тоот магадлалд өөрчлөлт оруулан шүүгдэгч Ж.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дахь хэсгийн 1-д зааснаар зүйлчилж өгнө үү” гэжээ.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Ж.Э , О.Б , Т.Т, Ж.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсвэл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд цагдан хоригдсон хоногийг эдэлсэн ялд оруулан тооцсон, шүүгдэгч Ж.Э гаас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнийг гаргуулсан өөрчлөлтүүдийг оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ж.Э, шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Б.М нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Э , Ж.Ц, Т.Т, О.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Ж.Э нь насанд хүрээгүй Т.Т, О.Б нарт хүч хэрэглэхээр заналхийлж, гэмт хэрэгт татан оролцуулсан, Ж.Э , Ж.Ц, Т.Т, О.Б нар бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, Ай фоне 7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Э , Ж.Ц, Т.Т, О.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Ж.Ц, Т.Т, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн хоёр шатны шүүх шүүгдэгч Ж.Э , Ж.Ц, Т.Т, О.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М-ийн “... Ж.Ц бусдын эд хөрөнгийг авахдаа хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэх шинжтэй идэвхтэй үйлдэл хийгээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд тус тусдаа хуульчлагдсан. Тухайлбал, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдэгддэг дээрэмдэх гэмт хэргийн хувьд хүч хэрэглэсэн үйлдэл нь эд хөрөнгийг нь хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг бие махбодод нь хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой байдаг бол хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн тухайд огт хүч хэрэглээгүй, эсвэл дээрх зорилгогүй хүч хэрэглэсэн байдал, тухайлбал эд хөрөнгийг хохирогчоос холдуулах, эзэмшлээс нь гаргах, алдагдуулах зорилгоор хохирогч төвөөс гадагш чигтэй хүч хэрэглэсэн, энэ нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах чадваргүй, довтолгооны шинжгүй байдгаараа эдгээр гэмт хэргүүдэд хэрэглэсэн хүч хоорондоо ялгагдана.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгдэгч Ж.Ц, насанд хүрээгүй О.Б нараас хохирогч Б.Билгүүнийг худал үг хэлж, зайдуу газар аваачиж “... утсаа өг, ална шүү” хэмээн хохирогчийг айлган сүрдүүлж сэтгэл санааны хувьд хүч хэрэглэн довтолсон үйлдэл хийсэн бөгөөд шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг авсан нь нийгэмд аюултай, гэм буруутай, санаатай гэмт хэрэг юм.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Э д тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээнд буюу 5 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Э , шүүгдэгч Ж.Цын өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Анхан шатны шүүх шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нарыг учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” гэжээ. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан бөгөөд үүнийг урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхаар ойлговол зохино.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, мөн хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангах ёстой. Тодруулбал, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч Ж.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан оногдох хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэж хорих ялыг хөнгөрүүлэв” гээд хуулийн баримтлах зүйл заалтыг орхигдуулсан байх бөгөөд үүнийг зөвхөн тогтоох хэсэгт дурдсан зөрчил гаргасан байгааг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 913 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН