Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00661

 

Капитрон банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00160 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 611 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Капитрон банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Мөнхзулд холбогдох,

Б.Мөнхзулын гэрчилсэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч болон түүний өмгөөлөгч Н.Баасанжав нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, Н.Хэрлэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн даргаар э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Отгонцэцэгтэй 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3009-15/11/01 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг, жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, Г.Отгонцэцэгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Y-2205051561 дугаарт бүртгэлтэй, 000282346 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 4662 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч Г.Отгонцэцэг нь зээл, зээлийн хүүгийн олон удаагийн зөрчил үүсгэж, зээлийг төлөхгүйд хүрсэн.Харин зээлдэгч Г.Отгонцэцэг тус банкинд хүсэлт гаргасны дагуу талууд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулж, дээрх орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3009-15/11/01 тоот зээлийн гэрээний үүрэг 55 887 073 төгрөгт тооцож, Капитрон банкны өмчлөлд шилжүүлж авсан. Энэхүү зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслэн байгуулагдсан, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ болно.Капитрон банк уг гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 000445284 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Харин Г.Болдбаатар 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баталгаа /үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл/-г үйлдэж Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 46.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг О.Гэрэлмаа, Н.Айбек нарт худалдсан байна. Уг баталгааг 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзул гэрчилсэн бөгөөд дараах байдлаар хууль зөрчсөн байна.Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч нь хуульд зааснаар дор дурдсан гэрээ, хэлцлийг заавал гэрчилнэ”, мөн 4.1.1.5-д “Үл хөдлөх эд хөрөнгийг /орон сууц, барилга байгууламж, газар/ худалдах, худалдан авах” гэж зохицуулсан болно. Өөрөөр хэлбэл Г.Болдбаатар болон О.Гэрэлмаа, Н.Айбек нарын хооронд байгуулагдсан баталгаа нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бөгөөд уг гэрээг нотариатч нь хууль болон зааврын дагуу заавал гэрчлэх үүрэгтэй. Ийнхүү гэрчлэхдээ нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.10-т заасан журмыг баримтлах үүрэгтэй. Гэтэл Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзул 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 297 тоот бүртгэлийн дугаартай нотариатын үйлдлээр “Баталгаа” гэх хэлцлийг гэрчлэхдээ уг баталгаанд дурдагдсан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 46,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчийн эрхийн гэрчилгээг шалгалгүй бусдын хөрөнгийг худалдан борлуулах боломжийг бүрдүүлж, дээрх хууль, зааварт зохицуулсан журмыг зөрчсөн байна. Учир нь Оюуны өмч, бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаанд тухайн орон сууцны анхны өмчлөгч нь Г.Отгонцэцэг бөгөөд дараагийн өмчлөгч нь Капитрон банк ХХК болно. Харин Г.Болдбаатар нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Болдбаатарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй юм. Түүнчлэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “баталгаа” нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ юм. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хүсэл зоригийн агуулгыг тайлбарлавал иргэн Г.Болдбаатар нь орон сууцыг 7 500 ам.доллараар худалдах, иргэн О.Гэрэлмаа, Н.Айбек нар нь уг орон сууцыг 7 500 ам.доллараар худалдан авах сонирхолтой байсан нь илэрхий байна. Нөгөө талаар уг баталгаанд талуудыг тодорхойлохдоо худалдагч, худалдан авагч гэсэн байгаагаас харахад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна. Гэтэл Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзул нь уг баталгаанд Г.Болдбаатараар гарын үсэг зуруулсан бол иргэн О.Гэрэлмаа, Н.Айбек нараар гарын үсэг зуруулалгүй, нэг талын гэрээ, хэлцэл мэтээр байгуулсныг гэрчилсэн нь хууль бус байна.Иймд Баянгол дүүргийн нотариатч Б.Мөнхзулын “баталгаа”-г гэрчилсэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гарын үсгийн баталгаа гэрчлэх үйлдлийн бүртгэлийн 297 дугаарт Г.Болдбаатарын гарын үсгийн баталгааг гэрчилсэн байна. Гэрчлүүлсэн баримт болох баталгаагаар Г.Болдбаатар нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 46.2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг О.Гэрэлмаа, Н.Айбек нарт шилжүүлэн өгөхөөр баталгаа гаргаж, хугацаа зааж 15 000 000 төгрөг авсан гэдгээ баталж баталгаа гаргажээ. 2008 онд тухайн үйлдлийг гэрчлэх үед 1997 оны 5 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Нотариатын тухай хууль, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалын хавсралт болох нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар хүчин төгөлдөр үйлчилж байсан байна. Үйлдэл эрхлэн хийх зааврын 4.8-д зааснаар бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх үйлдэл хийдэг, зааврын 4.8.1-д нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч нь хуульд харшлаагүй бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ, 4.8.7-д гарын үсгээ гэрчлүүлж байгаа үйлчлүүлэгч биечлэн ирж нотариатын үйлдлийн дэвтэрт гарын үсгээ зурж үлдээнэ гэсэн байна. Г.Болдбаатарын гэрчлүүлсэн баримт агуулгын хувьд О.Гэрэлмаа, Н.Айбек нарт хандаж амлалт өгсөн, тэднээс мөнгө авсан гэдгээ нотолж байгаа баримт бөгөөд Г.Болдбаатарын гарын үсэг үнэн зөв болохыг гэрчлэхдээ Нотариатын үйлдэл эрхлэх зааврын 4.8-ийн 4.8.1, 4.8.7-д заасныг баримтлах бөгөөд Г.Болдбаатар тэр байрны өмчлөгч мөн эсэхийг нотариатч тогтоох шаардлагагүй, уг баримтаар орон сууцны өмчлөл шилжих боломжгүй.Нотариатын үйлчилгээ авахаар хандахдаа зөвхөн тодорхой иргэнд баталгаа гаргаж байгаагаа гэрчлүүлэхийг хүссэн бөгөөд орон сууцны өмчлөл шилжүүлэхээр гэрээ хэлцэл батлуулах хүсэлт гаргаагүй, мөн О.Гэрэлмаа, Н.Айбек нар нотариатаар гэрээ болон бичиг баримт гэрчлүүлэхээр Г.Болдбаатартай хамт нотариатчид хандаагүй. Нотариатч гэрээ хэлцэл батлуулах хүсэлт гаргасан үед гэрээний талуудыг биеэр байлцуулах, өмчлөгч мөн гэдгээ нотлохыг шаардаж үйлдэл хийдэг. Г.Болдбаатарын үйлдсэн баримт нь уг орон сууцыг барьцаалахаас өмнө үйлдэгдсэн байх бөгөөд Капитрон банкны барьцаанд байхад нь гаргасан баталгаа биш байна. Банкны барьцаанд байсан ч Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т зааснаар хуульд харшилсан баримт бичиг биш байна. Нотариатч бол үйлчлүүлэгчийн хүссэн баримтыг баталгаажуулах үүрэгтэй. Болдбаатарын өмнөөс өөр хэн нэгэн хүсэлт гарган, өөрөө гарын үсэг зураагүй, энэ баримтыг үйлдээгүй байсныг баталгаажуулсан бол нотариатчийн үйлдэл хууль бус байх байсан. Болдбаатар энэ баримтыг үйлдсэн гэдэгтэй маргахгүй байгаа. Энэ бол 1 талын амлалт юм. Болдбаатарын хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй буюу үүрэг болгосон зүйл энд байхгүй тул нотариатч гэрээ гэж үзэх боломжгүй байсан гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00160 дугаар шийдвэрээр Нотариатын тухай хуулийн /1997 он/ 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн нотариатч Б.Мөнхзулын “баталгаа”-г гэрчилсэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 611 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Талуудын маргаж буй нотариатч Б.Мөнхзулын гэрчилсэн Г.Болдбаатарын “Баталгаа” гэх эрхийн актыг үйлчлүүлэгчид үлдсэн хувиас нэхэмжлэгч тал Капитрон банк нь нотариатч 203 тамганы дугаартай нотариатч Н.Алтанзулаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуулбар үнэн гэж гэрчлүүлэн хэргийн материалд хавсаргасан байгаа болно.  Иймд нотариатч Б.Мөнхзулын Нийслэлийн архивын газраас хуулбарлан гаргуулсан нотлох баримттай яг ижил байгаа. Ийнхүү хэргийн хоёр тал нь уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 зэрэг зүйл заалтад зааснаар өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах эрх үүргийн дагуу шүүхэд гаргаж өгсөн нь хууль, журмыг зөрчихгүй байна. Энэхүү баримтыг цуглуулах, гаргаж өгөхдөө нь хууль бус аргаар цуглуулаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг зөрчөөгүй. Нотариатч Б.Мөнхзул нь Нотариатч гэрчилсэн баримтыг зохих журмын дагуу архивт шилжүүлэн хадгалуулна гэсэн хуулийн шаардлагын дагуу зохих архивын байгууллагад шилжүүлсэн байх ба маргаан болж буй эрхийн акт болох 2008 онд гэрчилсэн нотариатын баримт бичиг Нийслэлийн архивын газарт хадгалагдаж байгаа бөгөөд нотариатчийн өөрийн мэдэлд 2008 оны материал байхгүй болно. Иймд нотариатч Б.Мөнхзул би Нийслэлийн архивын газрын Төрийн архивын баримт ашиглалтын журмын 2.1.4.4, 2.1.4.5-д заасны дагуу гаргуулж авсан. Архивын ажилтан нь тус журмын 2.2.2 ба 2.2.7-д заасны дагуу 2 сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан суурьт баримтаас лавлагаа, хуулбар авах захиалга ирсэн бол лавлагааны системд хүсэлтийг бүртгэж захиалгыг дэмжлэг үзүүлэх хэсгийн ажилтанд шилжүүлнэ гэсний дагуу тухайн гэрчилсэн баримтын хуулбарыг тус байгууллагын “Хуулбар үнэн” гэж тэмдгээр баталгаажуулан авсан. Энэ журмын дагуу тус баримтыг архивын газрын хариуцсан ажилтан нь гаргаж өгсөн бөгөөд энд нотариатчийн оролцоо байх боломжгүй юм.Архивын газраас хуулбарлан олгосон баримт нь тус журмын 4.1.2-т зааснаар “Архивын баримтаас хайлт хийж баталгаажуулан олгосон лавлагаа хуулбар нь үндсэн эх баримтын адил эрх зүйн хүчин төгөлдөр баримт болно” гэсний дагуу эх баримтын адил хүчин төгөлдөр баримт юм. Үүгээр нь тус баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж байгаатай нийцэхгүй байна.Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий акт нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар”-т заагдсан “хэлцлийг гэрчилсэн”, эсхүл “гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн” үйлдлүүдийн алийг хийсэн болох нь дээрх баримтаас харагдахгүй байна гэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагчийн аль альнийх нь гаргаж өгсөн баримт дээрх нотариатын тамга тэмдэг нь “гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн” гэсэн болох нь тодорхой харагдаж байгаа. Мөн анхан шатны шүүх хурал дээр нотлох баримтыг шинжлэн судлахад уг баримтын бүх тамга тэмдэг зэргийг талууд уншиж судласан ба нотариатч нь баримт бичгийн “гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн” болохыг тогтоосон  ба  нотариатчийн тамга тэмдгийн талаар маргаагүй. Гагцхүү нэхэмжлэгч тал нь баримт бичгийн “гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн” нь буруу гэж маргаж байгаа.Иймд дээрх бүх үндэслэлийг харгалзан үзэж нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг цуглуулах журмыг зөрчсөн бол шийдвэрийн үндэслэл болохгүй гэх шаардлагыг зөрчихгүй байгааг анхаарч давж заалдах шатны шүүхийн 611 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Б.Мөнхзулд холбогдуулан нотариатын 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 дугаартай үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч уг шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч нь нотариатыг дээрх үйлдлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн гэж, харин хариуцагч иргэдийн хоорондох баталгаанд гарын үсэг зурсан этгээдийн гарын үсэгний үнэн зөвийг гэрчилсэн гэж тус тус тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хууль зөрчиж гаргасан нотлох баримтыг үндэслэл болгосон гэж шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон давж заалдах шатны шүүх магадлалын заалтууд учир дутагдалтай болжээ.

1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын хуулбар үнэн гэсэн тамга тэмдэгтэй хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэснийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Гэтэл Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 25.2.-т зааснаар төрийн архив өөрийн сан хөмрөгт байгаа баримтыг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад Үндэсний аpхивын газpаас тогтоосон журмын дагуу ашиглуулдаг бөгөөд иргэд, хуулийн этгээд архивын баримтыг эдгээр баримтаас лавлагаа, хуулбар авах, уншлагын танхимд үзэж судлах хэлбэрээр ашиглах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, архивт хадгалагдаж буй баримтын эхийг хэргийн оролцогч шүүхэд гаргаж өгөх боломжгүй, архиваас гаргаж өгсөн “хуулбар үнэн” тэмдэглэгээ бүхий баримт нь тухайн хуулбарыг авсан этгээдийн хувьд эх баримт болох учиртай юм.

Архивын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журамд зааснаар архивын баримт ашиглах үндсэн хэлбэрт иргэд, хуулийн этгээдэд хуулбар олгохыг мөн хамааруулсан байх ба архиваас олгосон  баримтын хуулбарын үнэн бодит байдлыг лавлагаа гаргасан ажилтан хариуцдаг байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэх зохицуулалтын “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй буюу тухайн хэргийн нэхэмжлэгч, эсхүл хариуцагч тал өөрийн байгууллагын, эсхүл хувийн баримтад “хуулбар үнэн” гэх тэмдэглэгээ дарснаар уг хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Харин хэргийн оролцогч нь өөр байгууллагаас хууль, журмын дагуу нотлох баримт өөрөө гаргуулан авсан, эсхүл шүүхэд хүсэлт гарган хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар шүүхээр бүрдүүлүүлсэн тохиолдолд хэргийн оролцогч биш этгээдийн эрх бүхий албан тушаалтны “хуулбар үнэн” тэмдэглэгээ бүхий баримтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болно.

Давж заалдах шатны шүүх нотлох баримтын хэлбэрийн шаардлагын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан нотлох баримт бүрдүүлэх, 38.9.-д заасан шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг зохицуулсан хуулийн заалтыг зааглан ялгаагүй байна.

2. Арихваас авсан бүртгэл, тэмдэглэгээ нь хариуцагч нотариатч Б.Мөнхзул гэрээ, хэлцлийг, эсхүл гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх үйлдэл хийснийг тогтоохгүй байхад шүүх нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ажиллагаа хийгээгүй, улмаар “хэргийн оролцогчдын нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдсан гэж үзэхгүй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч талаас нотлох баримт архиваас гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, шүүх эдгээр баримтыг бүрдүүлэх ажиллагаа явуулаагүй байна. Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг БГД-ийн бүртгэлийн хэлтсээс гаргуулах” хүсэлт л гаргасан ба шүүх уг хүсэлтийг хангажээ. Нотлох баримт бүрдүүлэх талаар өөр хүсэлт хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргаагүй байна.

Харин хариуцагчийн архиваас авсан “баталгаа” нэртэй баримтын хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн мөн “баталгаа”-ны хуулбарын аль алинд нь нотариатч Б.Мөнхзул нь 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “гарын үсэгний үнэн зөвийг гэрчлэв” гэсэн тэмдэглэгээ дарагдсан болох нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн уг үйлдлийг бүртгэлийн 297-д бүртгэсэн, үйлчилгээний хөлсөнд 1500 төгрөг авсан болох нь тэмдэглэгээнд заагдсан байна. Уг тэмдэглэгээнд зааснаар бүртгэлийн 297-д Боржигон Гүрсэдийн Болдбаатарын регистрийн болон иргэний үнэмлэхийн дугаар, утасны дугаар, оршин суух хаяг бүртгэгдсэн байхаас гадна үйлдлийн агуулгыг “баталгаа- байр худалдаж, урьдчилгаа төлбөр авсан тухай” гэж заасан байна.

Нотариатчийн тэмдэглэгээнд гарын үсэгний үнэн зөвийг гэрчилсэн үйлдэл хийсэн талаар тодорхой заасан, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн гэж үзэх ямар нэг заалт байхгүй байхад энэ баримт нотариатчийн ямар үйлдэл хийснийг тогтоохгүй байна гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй болжээ.

Нөгөө талаар нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг үйлдлийг хийж, архивт хадгалуулсан баримт, нотариатчийн бүртгэлийг нотлогооны ач холбогдолгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нотариатч Г.Болдбаатарын баталгааг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг зөрчөөгүй гэж үзэн, “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 611 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН