Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00160

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж-4 Улаанбаатар-28 өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2677377, Капитрон банкны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын 21-1 давхар А хэсэгт байрлах, тус дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзулд холбогдох

 

Б.Мөнхзулын гэрчилсэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, Н.Хэрлэн, хариуцагч Б.Мөнхзул, түүний өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тус банк Г.Отгонцэцэгтэй 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 3009-15/11/01 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг, жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн.Мөн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, Г.Отгонцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2205051561 дугаарт бүртгэлтэй, 000282346 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрах, 46,2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч Г.Отгонцэцэг нь зээл, зээлийн хүүгийн олон удаагийн зөрчил үүсгэж, зээлийг төлөхгүйд хүрсэн.Харин зээлдэгч Г.Отгонцэцэг тус банкинд хүсэлт гаргасны дагуу талууд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж, дээрх орон сууцыг 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 3009-15/11/01 тоот зээлийн гэрээний үүрэг 55 887 073 төгрөгт тооцож Капитрон банкны өмчлөлд шилжүүлж авсан.Энэхүү зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан заалтуудыг үндэслэн байгуулагдсан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ болно.Капитрон банк уг гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 000445284 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.Харин Г.Болдбаатар 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баталгаа /үл хөдлөх хөрөнгө худадах, худалдан авах хэлцэл/-г үйлдэж Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 46,2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг О.Гэрэлмаа, Н.Айбек нарт худалдсан байна.Уг баталгааг 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзул гэрчилсэн бөгөөд дараах байдлаар хууль зөрчсөн байна.Нотариатч аливаа хэлцэл, гэрээ, итгэмжлэлийг хуульд заасны дагуу гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу нотариатын үйлдлийг эрхлэн хийх зааварыг баримтлахаар заасан байна.Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааварын 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч нь хуульд зааснаар дор дурдсан гэрээ, хэлцлийг заавал гэрчилнэ” гээд 4.1.1.5-т “Үл хөдлөх эд хөрөнгыг /орон сууц, барилга байгууламж, газар/ худалдах, худалдан авах” гэж зохицуулсан болно. Өөрөөр хэлбэл Г.Болдбаатар болон О.Гэрэлмаа, Н.Айбек нарын хооронд байгуулагдсан баталгаа нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бөгөөд уг гэрээг нотариатч нь хууль болон зааврын дагуу заавал гэрчлэх үүрэгтэй байна.Ийнхүү гэрчлэхдээ нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “гэрээ, хэлцлийн агууллагыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг гэрчлэхийг хориглоно”, 4.1.10-т “хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ уул хөрөнгө тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшилд байгаа эсэхийг магадлах бөгөөд ингэхдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг өмчлөх, эзэмших эрхийг нотлох бичиг баримтыг үндэслэл болгоно” гэсэн журмыг баримтлах үүрэгтэй байна.Гэтэл Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзул 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 297 тоот бүртгэлийн дугаартай нотариатын үйлдлээр “Баталгаа” гэх хэлцлийг гэрчлэхдээ уг баталгаанд дурдагдсан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрах, 46,2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийн гэрчилгээг шалгалгүй бусдын хөрөнгийг худалдан борлуулах боломжийг бүрдүүлж, дээрх хууль, зааварт зохицуулсан журмыг зөрчсөн байна. Учир нь Оюуны өмч, бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаанд тухайн орон сууцны анхны өмчлөгч нь Г.Отгонцэцэг бөгөөд дараагийн өмчлөгч нь Капитрон банк ХХКомпани болно.Харин Г.Болдбаатар нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хууьд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажина”, 18 дугаар зүйлийн 18.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэгдсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж заасны дагуу Г.Болдбаатарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй юм.Түүнчлэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “баталгаа” нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ юм.Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “хүсэл зоригийн агууллагыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу талуудын хүсэл зоригийн агууллагыг тайлбарлавал иргэн Г.Болдбаатар нь орон сууцыг 7500 ам доллараар худалдах, иргэн О.Гэрэлмаа, Н.Айбек нар нь уг орон сууцыг 7500 ам доллараар худалдан авах сонирхолтой байсан нь илэрхий байна.Нөгөө талаар уг баталгаанд талуудыг тодорхойлохдоо худалдагч, худалдан авагч гэсэн байгаагаас харахад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.Гэтэл Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзул нь уг баталгаанд Г.Болдбаатараар гарын үсэг зуруулсан бол иргэн О.Гэрэлмаа, Н.Айбек нараар гарын үсэг зуруулалгүй, нэг талын гэрээ, хэлцэл мэтээр байгуулсныг гэрчилсэн нь хууль бус байна.Иймд Баянгол дүүргийн нотариатч Б.Мөнхзулын “баталгаа”-г гэрчилсэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

             Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Банк 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатын үйлдлийг хүчингүй болгох хүсэлт гаргасан.Иргэн Болдбаатар баталгаа гаргах хэлцлийг Гэрэлмаа, Айбек нартай хийж нотариатаар баталгаажуулсан. Иргэн Болдбаатар гарын үсэг зурсан нь үнэн болно гэсэн баталгааг гаргасан гэж хариуцагч бүртгэлийн дэвтэр дээр 2003 оны Хууль зүйн сайдын баталсан зааврын 4 дүгээр зүйлийн 4.8-д бичиг баримтын үнэн зөв эсэхийг гэрчлэх буюу хуульд харшлаагүй бичиг баримтанд зурсан гарын үсгийг батлах үүрэгтэй гэж заасан байдаг.Баталгаан дээр бичигдсэн 2 өрөө орон сууцыг Болдбаатар нь Гэрэлмаа, Айбек нарт худалдаж байгаа гэдгийг баталж байгаа юм.Гэтэл тухайн орон сууц Болдбаатарын орон сууц биш байсан ба 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Отгонцэцэгийн нэр дээр байсныг Капитрон банкны өмчлөлд шилжүүлсэн байдаг. Сандэй компанийн орон сууц бэлэглэх тухай жуух бичиг дээр 1 өрөө орон сууц гэж байдаг.Гэтэл нотариатын баталгаан дээр 2 өрөө гэж байна.Хуульд харшилсан байхад нотариатч энэхүү баримтыг баталсан байна.Мөн энэ үйлдэл 2008 онд хийгдсэн тул 1997 онд батлагдсан хуулийн дагуу явагдах ёстой ба энэ хууль нь 2011 онд хүчингүй болсон байдаг.Энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш байхад буюу Отгонцэцэг гарын үсэг зурах эрх олгоогүй байхад Болдбаатар мөн гэж гарын үсгийн баталгаа хийж өгсөн нь хууль бус тул нотариатын үйлдлийг хүчингүй гэж үзэж байгаа юм. Иргэн Отгонцэцэг Капитрон банктай 2015 оны 2 дугаар сард зээлийн болон зээлийн барьцааны гэрээ хийсэн байдаг.Гэрээний үүрэг биелэгдээгүй тул зээлийн барьцаанд тавьсан байрыг зээлийн гэрээний үүргээр хангуулсан байдаг.Болдбаатар гэдэг хүний өмч гэдэг баримт Улсын бүртгэл дээр ч байдаггүй.Энэ асуудлыг  Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул иргэний хэргийн анхан шатны шүүх 2013 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шийдэхдээ 2008 онд талуудын баталгаажуулсан хэлцэл нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр байна гэж үзэн шийдвэр гаргасан байдаг.Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр үйлдэн нотариат баталгаажуулсан байна гэж үзэн шийдвэр гаргасан.Иргэн Отгонцэцэг уг байрны өмчлөгч нотариатч Б.Мөнхзулын өмчлөх эрхгүй этгээдийн хийгдсэн баталгааг баталгаажуулсан тул Капитрон банкны өмчлөх эрх зөрчигдөж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

             Хариуцагч Б.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа:Би ­2008 оны 6 дугаар сарын 28-нд гарын үсгийн баталгаа гэрчлэх үйлдлийн 297 бүртгэлийн дугаарт Гүрсэдийн Болдбаатарын гарын үсгийн баталгааг гэрчилсэн байна.Гэрчлүүлсэн баримт болох баталгаагаар Г.Болдбаатар нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрах, 46,2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг Орсоо овогтой Гэрэлмаа, Нурланбек овогт Айбек нарт шилжүүлэн өгөхөөр баталгаа гаргаж, хугацаа зааж 15 000 000 төгрөг авсан гэдгээ баталж баталгаа гаргажээ.2008 онд тухайн үйлдлийг гэрчлэх үед 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Нотариатын тухай хууль, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалын хавсралт болох нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.Үйлдэл эрхлэн хийх зааврын 4.8-д зааснаар бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх үйлдэл хийдэг, зааврын 4.8.1-т нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч нь хуульд харшлаагүй бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ, 4.8.7-д гарын үсгээ гэрчлүүлж байгаа үйлчлүүлэгч биечлэн ирж нотариатын үйлдлийн дэвтэрт гарын үсгээ зурж үлдээнэ гэсэн байна.Аливаа иргэн байгууллага, иргэнд хандаж өргөдөл, хүсэлт, тодорхойлолт, амлалт, баталгаа гаргаж болох бөгөөд нэг талын үйлдсэн тухайн баримт нь хуульд харшлаагүй л бол нотариатч уг баримтад зурсан гарын үсэг нь баримтыг үйлдсэн хүний гарын үсэг  мөн болохыг гэрчилдэг, баримтыг үйлдсэн этгээд үйлдсэн баримтынхаа үнэн зөвийг хариуцдаг.Бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхэд тухайн бичиг баримт нь хуульд харшлаагүй, алдаагүй, засваргүй, гаргацтай байхыг шаарддаг бөгөөд гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх нь тухайн баримтад дурдсан үйл баримтыг биш зөвхөн тодорхой этгээдийн гарын үсэг мөн болохыг гэрчилсэн. Г.Болдбаатарын гэрчлүүлсэн баримт агуулгын хувьд О.Гэрэлмаа, Н.Айбек нарт хандаж амлалт өгсөн, тэднээс мөнгө авсан гэдгээ нотолж байгаа баримт бөгөөд Г.Болдбаатарын гарын үсэг үнэн зөв болохыг гэрчлэхэд Нотариатын үйлдэл эрхлэх зааврын 4.8-ийн 4.8.1, 4.8.7-д заасныг баримтлах бөгөөд Г.Болдбаатар тэр байрны өмчлөгч мөн эсэхийг нотариатч тогтоох шаардлагагүй, уг баримтаар орон сууцны өмчлөл шилжих боломжгүй.Нотариатын үйлчилгээ авахаар хандахдаа зөвхөн тодорхой иргэнд баталгаа гаргаж байгаагаа гэрчлүүлэхийг хүссэн бөгөөд орон сууцны өмчлөл шилжүүлэхээр гэрээ хэлцэл батлуулах хүсэлт гаргаагүй, мөн О.Гэрэлмаа, Н.Айбек нар нотариатаар гэрээ болон бичиг баримт гэрчлүүлэхээр Г.Болдбаатартай хамт нотариатчид хандаагүй.Нотариатч гэрээ хэлцэл батлуулах хүсэлт гаргасан үед гэрээний талуудыг биер байлцуулах, өмчлөгч мөн гэдгээ нотлохыг шаардаж үйлдэл хийдэг.Г.Болдбаатарын үйлдсэн баримт нь уг орон сууцыг барьцаалахаас өмнө үйлдэгдсэн байх бөгөөд Капитрон банкны барьцаанд байхад нь гаргасан баталгаа биш байна.Банкны барьцаанд байсан ч Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т зааснаар хуулинд харшилсан баримт бичиг биш байна. Нэхэмжлэгч нь нотариатын гэрчилсэн гарын үсгийн баталгааг өөрийн дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл гэж үзэн, гэрээ хэлцэл гэрчлэхэд тавигдах шаардлагыг нотариатч баримтлаагүй гэж шаардага гаргасан байна.Г.Болдбаатарын О.Гэрэлмаа, Н.Айбек нарт өгсөн амлалт нь 2015 онд орон сууцны өмчлөгч болсон Капитрон банкны өмчлөгчийн эрхийг хөндөх боломжгүй бөгөөд банкны эрх ашгийг яаж хөндөөд байгаа нь тодорхойгүй, харин Г.Болдбаатарын үйлдсэн баримтаар О.Гэрэлмаа, Н.Айбек нар нь амлалтаа биелүүлэхийг Г.Болдбаатараас хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхтэй байх гэжээ.

 

             Хариуцагч Б.Мөнхзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний хийсэн үйлдэл бол нотариатын тухай хуулийн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Болдбаатарын гарын үсэг болохыг баталсан.Энэ үед 1997 оны нотариатын тухай хууль болон 2003 оны Хууль зүйн сайдын тушаалыг баримтлан гэрчилсэн байдаг. Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 болон 23.2.8-д заасан гарын  үсгийн үнэн зөвийг гэрчлэхээр тусгасан байна.Зааврын 4 дүгээр зүйлийн 4.8-д бичиг баримтанд зурсан гарын үсгийг гэрчлэх тухай болон 4.8.1-т нотариатч хуульд харшлаагүй бичиг баримтад зурсан гарын үсгийг гэрчлэнэ гэсэн байдаг.Мөн 4.8.4-т ямар баримтад зурсан гарын үсгийг гэрчлэх тухай буюу Төрийн эрх бүхий байгууллагаас олгогдох иргэний, гэр бүлийн бүртгэл буюу төрсөн, гэрлэсэн, нас барсан гэх мэт эдгээр баримтад зурсан гарын үсгийг гэрчлэхгүй тухай тусгаж өгсөн байдаг.Иргэн Болдбаатар баталгаа гэсэн баримт үйлдэн энэ баримтад зурсан гарын үсгээ гэрчлүүлэхээр ирсний дагуу гэрчилсэн байдаг.Болдбаатарын үйлдсэн баримтын гол зорилго нь Гэрэлмаа, Айбек нараас мөнгө авсан гэдгийг гэрчлүүлэх байсан. Орон сууц худалдан авахаар тохиролцон түүний дагуу авч байгаа урьдчилгаа төлбөр юм.Мөнгө авч байгаа тул дараагийн үйлдлүүдийн тухай хугацаа заан тухайн хүмүүстээ амлалт өгч байгаа.Энэ баримт бол ямар нэгэн байдлаар баталгаажуулж болохгүй гэсэн баримт биш юм.Хувь хүний өгсөн амлалт тул гарын үсэг баталгаажуулахгүй байх үндэслэл болохгүй.Иргэний хуулийн 13.2-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэсний дагуу Болдбаатарыг бичсэн баталгаа хуулиар хориглосон болон гэмт хэргийн шинж агуулаагүй байсан тул заавал гэрээ хийх ёстой гэсэн шаардлага тавьж гэрчлэхээс татгалзах ёсгүй.Болдбаатар нэг талаас өөрийнхөө хүсэл зорилгыг илэрхийлж байгаа Гэрэлмаагийн эрх, үүргийг заасан зүйл байхгүй.Нотариатч бол үйлчлүүлэгчийн хүссэн баримтыг баталгаажуулах үүрэгтэй.Болдбаатарын өмнөөс өөр хэн нэгэн хүсэлт гарган, өөрөө гарын үсэг зураагүй, энэ баримтыг үйлдээгүй байсныг баталгаажуулсан бол нотариатчийн үйлдэл хууль бус байх байсан. Болдбаатар энэ баримтыг үйлдсэн гэдэгтэй маргахгүй байгаа.Энэ бол 1 талын амлалт юм.Болдбаатарын хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй буюу үүрэг болгосон зүйл энд байхгүй тул нотариатч гэрээ гэж үзэх боломжгүй байсан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Капитрон банк нотариатч Б.Мөнхзулд холбогдуулан түүний гэрчилсэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай шаардлагыг гаргажээ.

 

             Гүрсэдийн Болдбаатарын 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бичсэн “Г.Болдбаатар би Сандэй ХХКомпанид мужаан ажилтай бөгөөд тус компаниас 2007 оны 11 дүгээр сард бэлгэнд авсан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Хасбаатарын гудамж 1-1-18 тоот 42 метр квадрат 2 өрөө байрыг Орсоо овогтой Гэрэлмаа, Нурланбек овогтой Айбек нарт худалдахаар нийт 36 000 000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 15 000 000 төгрөгийг авлаа, О.Гэрэлмаад 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өөрсдийн эзэмшилд буй байрыг суллан хүлээлгэж өгнө. Худалдагч тал доорх үүргийг хүлээж байна.Үүнд:өмчлөх эрхийн гэрчилгээг 2008 оны 8 дугаар сарын 1-ний дотор Гэрэлмаагийн нэр дээр гаргуулж өгнө, гэрчилгээ гарсны дараа банкны орон сууцны лизингийн зээлд хамруулж өгч үдэгдэл төлбөрөө авна, дээрх тохиролцооноосоо эргэж буцахгүй, үнэ өөрчлөгдөхгүй, баталгаа үнэн хэвээр байна” гэсэн баталгааг нотариатч 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрчилж, нотариатын үйлдэл хийсэн байна.

 

Нотариатын тухай хуулийн /1997/ 23 дугаар зүйлд нотариатч нь хэлцэл, гэрээ, итгэмжлэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг, өв залгамжлах эрх, гэрээслэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрх, бичиг баримтын хуулбарын үнэн зөв, орчуулсан бичиг баримт, бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх, өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох, нотариатчийн мэдэгдэх хуудас бичих,  хууль тогтоомжид заасан бусад үйлдэл хийнэ гэж заасан байна.

 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 4 дүгээр зүйлд нотариатын тодорхой үйлдэл хийх журмыг тодорхойлсон байх бөгөөд 4.1.5-т “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хэлцлийг гэрчлэхээр заасан байна.

Г.Болдбаатарын бичсэн баталгаа нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинж илэрээгүй тул нотариатч гэрчилсэн байна.

 

Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 4 дүгээр зүйлийн 4.1.10-т “хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эсэхийг магадлах бөгөөд ингэхдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг өмчлөх, эзэмших эрхийг нотлох баримтыг үндэслэл болгоно” гэж заасан байх боловч Г.Болдбаатар уг баталгаандаа тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй гэдгийг дурдсан байхад түүнээс өмчлөх эрхийг нотолсон баримтыг шаардах боломжгүй байна.

 

Нөгөө талаар Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн лавлагаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Гүрсэдийн Отгонцэцэг бүртгэгдсэн байгаа нь дээрх үйл баримтыг давхар нотолж байна.

 

Иймд нотариатч нь Г.Болдбаатарын баталгааг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг зөрчөөгүй байх тул Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн /1997 он/ 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн нотариатч Б.Мөнхзулын “баталгаа”-г гэрчилсэн 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 297 тоот нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай Капитрон банкны нэхэмжлэлийн шарадлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

 

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН