Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02072

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02072

 

 

 

 

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/03010 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч ХХК-ийн

 

Хариуцагч Дт холбогдуулан гаргасан

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,403,504.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ, Г.Баярбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр цалингийн барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 7,300,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар нэхэмжлэгчээс зээлж авсан. Банк зээлийн мөнгийг Дийн данс руу тухайн өдөр нь шилжүүлсэн. Хариуцагч үндсэн зээл 297,309 төгрөг, үндсэн хүүд 549,911 төгрөг, нийт 847,220 төгрөгийг төлсөн ба гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,002,690 төгрөг, зээлийн хүү 4,149,513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 251,300 төгрөг, нийт 11,403,504 төгрөг байна. Д нь зээл аваагүй, баримтад гарын үсэг зураагүй гэх боловч түүний дансанд 7,300,000 төгрөг шилжүүлсэн, мөн өдрөө 7,192,910 төгрөгийг данснаасаа татаж авсныг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Зээлээ хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн эрх. Тэрээр зээл авсан болохоо зөвшөөрч хуваарийн дагуу зээл төлж байсан. Засгийн газраас нас барсан хүний зээлийг тэглэх тогтоол гарсан бол энэ тухай банканд хүсэлт гаргах боломжтой байсан ба Д нь 7,192,910 төгрөгийг эхийнхээ тэтгэврийн зээлийн данс руу тушааж зээлээ хаасан. Тус тэтгэврийн зээлийн гэрээнд Д хамтран зээлдэгчээр оролцож, батлан даалт гаргасан. Иймд Дээс цалингийн зээлийн гэрээний үүрэгт 11,403,504.78 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн зээл хаах баримтад миний гарын үсэг байхгүй, хүчин төгөлдөр бус юм. Мөн хэргийн 43 дугаар талд авагдсан баримтад Дийн гарын үсгийг хуулбарлан бичсэн байна. Нэхэмжлэгч 7,190,910 төгрөгийг тус баримтаар тушаагаагүй, мөнгийг аваагүй. Нэхэмжлэгч нь анхны гэрээний талаар ярихгүй байна. Зээлийг нэхэмжлэгчийн нэр дээр бэлнээр олголгүй, Д.Дулмаагийн зээлийн гэрээг цалингийн зээл болгож хөрвүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын тогтоолын дагуу тэтгэврийн зээлтэй хүн нас барсан бол улсаас зээлийг нь тэглэж өгнө гэсэн заалтад хамрагдаж зээлийг хаах бүрэн боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-ийн, хариуцагч Дээс 11,403,504.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.1. Чингис хаан банк ХХК нь Дтэй байгуулсан цалингийн зээлийн гэрээний үүргээ биелүүлж 7,300,000 төгрөгийг түүний 5101001633 тоот дансанд шилжүүлсэн. Д уг мөнгийг данснаасаа авч захиран зарцуулсан нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа. Тэрээр зээл авснаас хойш 549,911.35 төгрөг төлж өөр төлбөр төлөөгүй. Иргэний хуулийн199 дүгээр зүйлийн 199.3-д зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч нь Дээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Чингис хаан банк ХХК-ийн зээлийн үйл ажиллагааг зохицуулах журмын 4.2.5.4-т "хэрэглээний зориулалтаар олгосон 4 болон орон сууцны зориулалтаар олгосон зээлийн зориулалтын хяналтыг хийхгүй" гэж заасан. Банк нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгын дагуу зээл олгосон ба зээлийн үйл ажиллагааны журмын дагуу хэрэглээний зээлийн зарцуулалтад хяналт тавихгүй. Цалингийн барьцаат зээлийн гэрээ нь нэхэмжлэгч үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй бөгөөд эдгээр журмуудыг гаргуулахгүйгээр банк зээлийн зарцуулалтад хяналт тавиагүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Цалингийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус. Д зээл судалж Чингис хаан банк ХХК-аас зээл олгож, зээл олгосон данснаас талийгаач эхийн зээлийг эргүүлж татсан. Хэрэгт авагдсан баримтад сарын орлого 500,000-700,000 төгрөг гэж бичсэн атал 7,000,000 төгрөгийн зээл олгосон гэжээ.

ХЯНАВАЛ:

1.    Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.    Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК, хариуцагч Дт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,403,504.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.    Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

4.    Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 7,300,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6-7/

 

5.    Талууд зээлийн гэрээг хариуцагч Дийн эх Д.Дулмаагийн тэтгэврийн зээлийг хаах зорилгоор байгуулж нэхэмжлэгч зээлийг олгосон нь 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн Дээс Чингис хаан банкны 0000000 тоот дансанд 7,192,910 төгрөг шилжүүлсэн харилцах зарлага, д ын 000000000 тоот зээлийн дансны хуулга, тус дансанд 7,190,909.57 төгрөг шилжүүлсэн Зээл хаах бэлэн гүйлгээний баримт, хариуцагчийн тайлбар, зээлийн дансны хуулга, тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээгээр тогтоогдсон байна. /хх 40-43, 48-52/

 

6.    Банкны шаардлагаар ээж Д.Дулмаагийн тэтгэврийн зээлийг хаах зорилгоор гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэх хариуцагчийн татгалзал, тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д Банк ... тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар ... мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг ... зээл ... гэнэ гэж заажээ.

7.    Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн хэлцэл болохыг анхан шатны шүүх үйл баримтын хүрээнд зөв дүгнэсэн боловч хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэлийг буруу тодорхойлжээ. Чингис хаан банк ХХК нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар зээл олгох тусгай зөвшөөрөл, үндсэн үйл ажиллагааны хүрээнд зээл олгох явцдаа банканд хуулиар хориглосон хэлцлийг хариуцагчтай байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэлд хамаарна.

 

8.    Энэ тохиолдолд зохигчдын хооронд гэрээний үүрэг үүсэхгүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

9.    Хариуцагч нь 7,300,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлээгүй гэх боловч зээлийн гэрээ, дансны хуулга болон эх Д.Доржпаламын тэтгэврийн зээлийг хаасан үйл баримтаар дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн авсан нь тогтоогдсон. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болсон нь хариуцагчийг бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгох үндэслэл болохгүй.

 

10.  Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн 7,300,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй тул хариуцагч Дээс 7,002,690 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,400,814 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/03010 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Дээс 7,002,690 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,400,814 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... 57 дугаар зүйлийн ... гэсний өмнө ... 56 дугаар зүйлийн 56.2 ... гэж нэмж, ...үлдээсүгэй... гэсний дараа үлдээж, хариуцагч Дээс улсын тэмдэгтийн хураамжид 126,993 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,406 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Э.ЭНЭБИШ