Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/02110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/028006 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 96,602,447,994.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б ХХК, Х ХХК нар 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 00000 тоот зээлийн гэрээ байгуулж, түүнээс хойш 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 00000-2 тоот, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 00000-2 тоот, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 00000-3 тоот, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 00000-4 тоот, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 00000-5 тоот, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 00000-6 тоот, 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 00000-8 тоот, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 00000-2 тоот, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 00000-9 тоот, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 00000-10 тоот, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 00000-11 тоот зээлийн нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулж, Б ХХК нь 19,270,000 ам.долларыг эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэхээр, нэг сарын 1 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. Хариуцагч 00000 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Б ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөрлийн MV-017038 дугаартай, Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Гашуу толгой-1 нэртэй газарт орших 37 221,42 гектар талбай бүхий уурхай зориулалттай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн MV-019036 дугаартай, Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Гашуу толгой-1 нэртэй газарт орших 12 380,72 гектар талбай бүхий уурхайн зориулалттай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн тус компанийн бараа материал, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, техник, эдийн засгийн үндэслэл болон тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлогын мөнгөн хөрөнгийг тус тус барьцаалсан.

Б ХХК нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19,088,231 ам.доллар, үндсэн хүү 12,378,134 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,437,788 ам.доллар, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 20,000 төгрөг, нийт 33,904,154 ам.доллар болсон. Зээлдэгч нь 204 тоот зээлийн төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй нийт 1,800 гаруй хоног хэтрүүлж, гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Гэрээний үүрэг болох 33,904,154 ам.доллар нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол банкны ханшаар 96,602,427,994.60 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 20,000 төгрөг нийт 96,602,447,994.60 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Гэвч хариуцагчийн барьцаалсан тусгай зөвшөөрлүүд нь цуцлагдсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндрөөр тооцож нэхэмжлэл гаргасан нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны А-236, 2018 оны А-203 дугаар тушаалуудыг зөрчсөн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүг ердийн хүү байхаар харилцан тохиролцсон нь хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх баримтаас тодорхой харагддаг. Гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн тухай хуульд заасны дагуу зээлдэгч хугацаандаа зээлээ төлж чадаагүй тохиолдолд нэмж төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээнд заасан хүү байна гэж тохиролцсон боловч нэхэмжлэгчийн зүгээс тоо тооцооллын илэрхий алдаа гаргаж нийт тооцсон нийлмэл хүүгийн 20 хувиар бодож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн №ЗГ204 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ гэх №3Г204, 1-00000-11 гэрээнүүд нь хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар хариуцагч Б ХХК-аас 96,602,447,994.60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан Б ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, бараа материал, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, техник, эдийн засгийн үндэслэл болон тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,240,390 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 483,170,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд

2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч өөр шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Өмнөх 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн төлөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшилсон ба дараагийн хурлын товыг мэдсэн даруй шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байсан. Тус хэргийн шүүх хуралдааны товыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр надад мэдэгдсэн тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус шүүхэд өгсөн. Гэвч шүүх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16359 дугаар захирамжаар төлөөлөгч өөр шүүхэд өмгөөлөгчөөр оролцож байгаа нь энэхүү шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээд өмгөөлөл хийх боломжгүй гэх агуулгаар тайлбарласан шүүгчийн захирамж, дүгнэлт нь Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, төлөөлүүлэгч байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, өмгөөлөгчийн хуулиар олгосон эрхийг хориглосон хууль бус шийдвэр болсон.

4.2. Хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй тухайд

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлохоор 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Х ХХК-иас Б ХХК-ийн зээлийн хувийн хэргийг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй үлдээж хариуцагчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн.

4.3. Шүүхийн шийдвэрийн тухайд:

Шүүхийн шийдвэрийн Г хэсэгт шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч шаардах эрхээ 3 үндэслэлээр гаргасан ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйл 118.4-т зааснаар үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн шаардах эрхийн үндэслэл бүрд хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй. Гэтэл шүүх дээрх шаардах эрхийг хэрхэн дүгнэж үндсэн төлбөр хэдэн төгрөг, тухайн төлбөрийг хэзээнээс эхлэн тооцсон нь тодорхойгүй, хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хэрхэн тооцсон эсэх нь тодорхойгүй буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувьд талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээ гэх 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/204-01-ЗГ/204-11 дугаартай зээлийн нэмэлт гэрээнүүд нь хуульд нийцээгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 317204-01-ЗГ/204-11 дугаартай зээлийн нэмэлт гэрээнүүдэд хүүгийн хэмжээг харилцан тохиролцоогүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Гэтэл Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 21, 22 дугаар зүйл, талуудын тохиролцоогүй гэрээний нөхцөлийг шүүх хэрхэн дүгнэж шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хэрэг үүссэнээс хойш жил гаруй хугацаанд шүүх хуралдаан товлогдоогүй, хурал олон удаа хойшлогдож, хурлыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр товлож хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч талаас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг дахин гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Х ХХК-иас Б ХХК-ийн зээлийн хувийн хэрэг гаргуулах шаардлага, ач холбогдол байгаагүй. Б ХХК-ийн зээлийн хувийн хэргийг нэхэмжлэгч тал бүхэлд нь хэрэгт гаргаж өгсөн. Хариуцагч нь 2011-2015 оны хооронд нийт 12 удаагийн зээлийн нэмэлт гэрээ байгуулж, анх авсан зээлийн дүнгээ нэмэгдүүлсэн. Тухайн зээлийн дүнг нэмэгдүүлж, сүүлд нь 19,270,000 ам.долларын зээлтэй болсон. Зээлийн нэмэлт гэрээнүүдэд үндсэн гэрээндээ дурдсан нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгээ давтан дурдах шаардлагагүй. 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗГ/204 тоот зээлийн гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр үйлчилнэ.

Хариуцагч тал давж заалдах гомдолд үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүг зөвшөөрөхгүй гэх агуулгаар 34,800,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Гэтэл тус төлбөр нь нэмэгдүүлсэн хүү буюу 2,400,000 ам.доллараас төлсөн атлаа нэмэгдүүлсэн болон хэтэрсэн хугацааг зөвшөөрөхгүй гэж гаргасныг анхан шатны шүүх хүлээж авсан нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхэд гомдлоо тодруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн 34,800,000 төгрөгийн хэмжээнд давж заалдах гомдол гаргаж зөвхөн нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргах ёстой байсан. Анхан шатны шүүхээс 2,400,000 ам.долларын хүүг зөвшөөрөөгүй тохиолдолд үндсэн өр төлбөр болон үндсэн хүүг тодруулах нь зүйтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 19,088,231.19 ам.доллар, зээлийн хүү 12,378,134.10 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,437,788.74 ам.доллар, нийт 33,904,154.03 ам.долларыг, зардал 20,000 төгрөгийн хамт шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,894.28 төгрөгөөр тооцож нийт 96,602,447,994.60 төгрөг гаргуулахаар шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч бүхэлд нь татгалзжээ.

 

3. Талууд 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 00000 дугаартай Зээлийн гэрээгээр Б ХХК нь 1,000,000 ам.долларыг эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор сарын 1 хувийн хүү, 12 сарын хугацаагаар зээлэх, үүргээ гүйцэтгээгүй бол 0,20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх, Х ХХК нь зээлийг олгох үүргийг харилцан хүлээжээ. /хх 22-24/

 

3.1. Дээрх ЗГ/204 тоот зээлийн гэрээнд талууд 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн гэрээний 3.1-д заасан зээлийн хэмжээг ихэсгэн 19,270,000 ам.доллар болгож, мөн гэрээний 4.1-д заасан хугацааг 60 сар буюу 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгажээ. Гэрээний бусад нөхцөлд өөрчлөлт ороогүй байна. /хх 25-38/

 

3.2. Талууд ЗГ/204 тоот зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ЗБ/204 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулсан, тус гэрээний 3.1-д заасан барьцааны зүйлийг нэмэгдүүлж гэрээнд гурван удаа өөрчлөлт оруулсан байна. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ТЗБ/204 тоот Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээг шинээр байгуулжээ. /хх 39-54/

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар зээл олгогдсон байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

6. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор нэхэмжлэгч 19,203,308.745 ам.долларыг хариуцагчид зээлдүүлснээс хариуцагч 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд нийт 8,322,690.91 ам.долларын буцаан төлжээ. Хариуцагчийн төлсөн зээлийг хасч 33,904,154.03 ам.доллар, зардал 20,000 төгрөг буюу нийт 96,602,447,994.60 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлага, зээлийн тооцоолол бодитой, зөв байна. /хх 13-21/

 

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны А-236, 2018 оны А-203 дугаар тушаалыг зөрчсөн, нэмэгдүүлсэн хүүг нийт тооцсон нийлмэл хүүгийн 20 хувиар бодож нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй тул хариуцагч тал татгалзлаа тодорхой тооцоолол, тоон илэрхийлэл, баримтаар нотлоогүй.

Тодруулбал, хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч буруу тооцсоны улмаас хэдэн ам.доллар буюу төгрөгийн зөрүү гарсан, нэхэмжлэлийн шаардлагаас хэдэн ам.доллар буюу төгрөг хасагдах ёстойг тодорхой илэрхийлж зохих баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 

Иймд зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

7. Талууд гэрээний 2.1.5-д зээлийн нэмэгдүүлсэн хүүг тодорхойлж, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй бол сарын 0.20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээний 3.4-т заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна. Хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардсан үндсэн хүү 12,378,134.10 ам.долларын 20 хувь нь 2,475,626.82 ам.доллар байх тул нэмэгдүүлсэн хүү 2,437,788.74 ам.доллар нь хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрээгүй байна.

 

7.1. Нэхэмжлэгч, Монгол банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг тооцсон /1255,11=19,088,231.19*12%*20%-365 хоног/ тооцоолол зөв байна. Иймд хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүд 2,437,788 ам.доллар гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль болон талуудын тохиролцоонд нийцсэн байна.

 

8. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй болон шүүхэд гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан тухай гомдлыг хангах боломжгүй байна.

 

8.1. Хариуцагчийн төлөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойшхи 318 хоногийн хугацаанд хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг нийт 8 удаа хойшлуулжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн шүүх хуралдаанаар хязгаарлагдахгүй учир хэргийн оролцогч шүүх хуралдааны бус үед ч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой. /хх 67, 82, 88, 95, 103, 111, 116, 123-124, 230/

 

Хариуцагч талын хүсэлтээр өмнөх шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан шүүх хуралдааныг дахин хойшлуулах үндэслэлгүй гэж үзсэн нь талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг тус тус харгалзан хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгахгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж үзэхгүй тул энэ талаархи хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Шүүх эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

 

8.2. Хариуцагчийн төлөөлөгчөөс зээлийн хувийн хэргийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Хүсэлтийн агуулгаас үзвэл тус зээлийн хувийн хэргийг бүхэлд нь хэрэгт нотлох баримтаар авах нь хариуцагчийн татгалзлыг нотлохуйц ямар ач холбогдолтой нотлох баримт байгааг дурдаагүй буюу хүсэлтийн үндэслэл тодорхойгүй байна. Мөн хариуцагчийн хүсэлтээр зээлтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхийн журмаар гаргуулсан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн хувийн хэрэгт байгаа баримтуудыг шүүхэд гаргасан гэж тайлбарласан ба хэрэгт цугларсан нотлох баримтаас өөр ямар баримтыг зээлийн хувийн хэргээс гаргуулахыг дурдаагүй байна. /хх 13-66, 127, 182-216/

 

Иймд хариуцагч талын татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлэх эрхийг нь шүүх хязгаарласан, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, энэ талаархи гомдлыг хангах боломжгүй байна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/028006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,887,664 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ