Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2022/00114

 

И М Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                       хариуцагч Ч.Бд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/01287 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: И М Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Бд холбогдох,

“ Зээлийн гэрээний үүрэгт 2.645.850 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И М Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Ч.Б нь тус компаниас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийг 3.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд хүүний төлөлтийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Зээл авснаас хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1.500.000 төгрөг, хүү 395.850 төгрөг, алданги 750.000 төгрөг нийт 2.645.850 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ

Хариуцагч Ч.Б нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/01287 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2.-т заасныг баримтлан хариуцагч Б овогт Ч Бат-Э /РД:ФБ99042191/-ээс 1.895.850 /нэг сая найман зуун ерэн тав мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И М Н ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 750.000 /долоон зуун тавин мянга / төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар И М Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.284 /тавин долоо мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бэс улсын тэмдэгтийн хураамж 45.284 /дөчин таван мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И М Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

“Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/01287 дугаартай шүүхийн шийдвэрт дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Ч.Б нь тус компаниас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1.500.000 төгрөгийг 3.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаанд огт төлөлт хийгээгүй. Манай байгууллага нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-д заасны дагуу алданги тооцож нэхэмжилсэн болно.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, 750.000 төгрөгийг нэмж гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү”гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.-д заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч И М Н ХХК нь хариуцагч Ч.Бэс зээлийн гэрээний үүрэгт 2.645.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, холбогдох нотлох баримтаа гаргаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ч.Б нь тус компанитай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Ч.Б нь И М Н ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.500.000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай үнэт эдлэл худалдан авах зориулалттай зээлж авсан байна. Хариуцагч Ч.Б зээлийн гэрээний хугацаанд зээл эргэн төлөх графикийн дагуу зээлийн төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч И М Н ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “ зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заажээ.

Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй иргэний хуульд нийцсэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчид барьцаат зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр тохиролцоогүй, банк зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй гэсэн хориглосон заалт байхад алданги төлүүлэхээр заасан нь зөрчилтэй тул алдангид нэхэмжилсэн 750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тын давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/01287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.Б

ШҮҮГЧИД                                                     Б.О

                                                                                                                         С.У