Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02132

 

 

Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/04101 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д ийн

 

Хариуцагч х нарт холбогдуулан гаргасан

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд, бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол-1, Олимпын гудамж, 12В байрны 1 тоот, зоорийн давхрын 1-2 тоот хаягт тус тус байршилтай 157.19 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С,  с, Э., хариуцагч Г ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, хариуцагч Т ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х , хариуцагч Ж.Э гийн өмгөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:  Д нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д тай зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол 1 Олимпын гудамж 12в байрны 1 тоот 157,19 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 1-2 тоот гараажийг 400,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш 5 сарын дараа Д нь зээлийн төлөгдөөгүй гэх хүүг нэмж 112,000,000 төгрөгөөр дахин зээлийн гэрээ байгуулахыг шаардсаны дагуу 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэг сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүрэгт мөн орон сууц, гараажийг 450,000,000 төгрөгөөр барьцаалсан. Тус өдөр Д гаас нэг ч төгрөг аваагүй.

2.Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа Д нь нөхрийнхөө дүү Г г дагуулан ирж орон сууцаа барьцаалан зээл авч өөрийн зээлийг төлөхийг шаардсан. Г нь зээл, барьцааны гэрээ байгуулахгүйгээр худалдах худалдан авах гэрээ байгуулж барьцаалах юм бол мөнгө зээлдүүлнэ, зээлээ төлсний дараа орон сууцыг буцаан шилжүүлнэ, нэр шилжүүлэхгүй бол мөнгө зээлдүүлэхгүй' гэсэн. Г тэй орон сууцаа барьцаалан зээлийн гэрээ байгуулах, орон сууцаа худалдах хүсэлгүй байсан ч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Г гээс зээлийн үлдэгдэл гэж 4,400,000 төгрөгийг Д ийн дансанд шилжүүлснээс өөр мөнгө аваагүй. Г нь нотариатаас гараад мөнгөө машинаас аваад өгнө гэсэн ч бид хоорондоо мөнгөө өгөөд авчихна гэж Г , Д нар хэлээд явсан. Энэ нь зээлийн болон барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна.

3.Мөн Г нь Ж.Э д 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр миний орон сууц, гараажийг худалдсан. Ж.Э нь цагдаагийн газар өгсөн мэдүүлэгтээ "байрны гэрчилгээ Г гийн нэр дээр байсан түүнтэй хамт н.Болд гэх хүн байсан нь байрны өмнөх эзэн ба байрыг Г д 150,000,000 төгрөгийн барьцаанд тавиад авч чадахаа болиод зарж байгаа гэж байсан. н.Болд, н.Тэлмэн нартай худалдах худалдан авах гэрээ байгуулж нэр дээрээ шилжүүлж авсан гэдэг. Д.Болд, С.Бямбасайхан нар худалдах худалдан авах гэрээ байгуулсан ч 204,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө мөнгийг төлбөл гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон. Энэ нь бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгө Г д шилжээгүй, худалдаагүй, барьцаалсан болох нь харагдана.

4.Мөн Ж.Э нь тус орон сууц, гараажийг салган 2 тусдаа гэрчилгээтэй болгож орон сууцыг 12в байрны 1 тоот хаягтай 134.11 м.кв талбайтай, гараажийг 12в байрны зоорийн давхар 1-2 тоот хаягтай 22.98 м.кв талбайтай автозогсоол болгон авсан. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ж.Э нь Г тэй Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж орон сууцыг бэлэглэсэн. Энэ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн үндсэн дээр байгуулсан тул хүчин төгөлдөр бус юм.

5.Хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар Д ийн өмчлөх эрх сэргэх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.10-т зааснаар дээрх Д , Г нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэн, мөн Г , Ж.Э нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, мөн Ж.Э , Г нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүргийн, 1-р хороо, 13-р хороолол 1 Олимпын гудамж 12в байр 1 тоот 157.19 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн зоорийн давхрын 1-2 тоот хаягт байх 22.98 м.кв талбайтай гараажийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Г гийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцыг Д т буцаан худалдахаар тохиролцоогүй ба гуравдагч этгээдэд илүү үнэ хүргэж борлуулах боломжийг олгосон. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр талуудын хүсэл эрмэлзлийн дагуу худалдсан. 2016 оны 07 дугаар сарын дундуур Д нь "Могул скай ХХК-ийн захирал н.Болд 4 өрөө байраа хямд үнээр яаралтай зарах гээд зээлийн барьцаанаас чөлөөлсөн байгаа" гэсний дагуу байрыг үзэж, лавлагаа авсан. Г нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Д тэй тохиролцож Сүхбаатар дүүргийн 1 хороо, 13-р хороолол, Олимпын гудамж 12в байрны 1 тоот, зоорийн 1-2 тоот хаягт байрлах 4 өрөө байрыг 141,875,000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээ байгуулахдаа зах зээлийн үнээс хямдруулан зарж байгаа, банкнаас орон сууцны зээл хөөцөлдөх хугацаа зэргийг харгалзан 3 сарын хугацаанд бусдад илүү үнэ хүргэж борлуулах гуйлтыг зөвшөөрч, зээлийн гэрээний ард гуравдагч талд борлуулахыг зөвшөөрсөн нэмэлт тэмдэглэл хийсэн. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар төлөхөд 1,200,000 төгрөгийг, мөнгө олоод өгөөч гэсний дагуу нэмж 4,400,000 төгрөг шилжүүлсэн.

7. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д , н.Болд нар Ж.Э түүний нөхөр н.Бямбаа нарт илүү үнээр борлуулахаар тохирсон тул байрны гэрчилгээ, түлхүүрийг шилжүүлж өгөхийг хүсэн, тэдний шаардлагын дагуу байр СӨХ-ны төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Ингээд Ж.Э гийн нөхөрт түлхүүрийг хүлээлцүүлсэн нь тэд тус хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзлээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч гэрээг сайн дурын үндсэн дээр хийсэн, гэрээний дагуу мөнгө аваагүй гэдэг ч нотариат дээрх баримтад гарын үсэг зурж 141,000,000 төгрөг авсан акт үйлдсэн. Г уг байранд амьдраагүй нь түүнийг байраа бусдад худалдах эрхийг хязгаарлахгүй. Санхүүгийн хүндрэлээс байраа хямдхан зарчихаад дараа нь зарах сонирхолгүй байсан гэх үндэслэлгүй. Гэрээ хүчин төгөлдөр хэлцэл юм. Орон сууцны өмчлөх эрх хууль ёсоор бусдын өмчлөлд шилжсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.3-т заасан үндэслэлийг хэрхэн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, Д Г нарын хооронд өөр гэрээ байхгүй тул халхавчилсан зүйл байхгүй гэжээ.  

8. Хариуцагч Ж.Э гийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Э нь тухайн орон сууцны өмчлөгч Г тэй орон сууц худалдах худалдан авах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм. Тухайн үед Г тэй хамт уг орон сууцны өмнөх өмчлөгч н.Болд гэх хүн хамт байсан тул Ж.Э , нөхөр С.Бямбасайхан нар хаширлан н.Болдтой орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 5-р зүйлд 2017.05.11-ний өдрөөс өмнө 204 сая төгрөг төлж гэрчилгээг шилжүүлнэ, 6.2-т сарын 6 хувь, 6 хугацаатай, хугацаа сунгахгүй гэсэн нь н.Болд, С.Бямбасайханд 6 сарын дотор 204,000,000 төгрөг олж ирвэл орон сууцаа буцаан авахаар тохиролцож, 6 сарын хугацаа хэтэрвэл нөхцөл нь хүчингүй болно гэдгийг мэдэж байснаас гадна 6 сарын дараа байрыг буцаан авч чадахгүй болсон гэдгийг н.Болд нь С.Бямбасайханд хэлсэн нь Ж.Э гийн мэдүүлгээр нотлогддог.

9. Ж.Э уг байрыг худалдан авсны дараа нөхөр С.Бямбасайхан нь н.Доржпаламаас 200,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж зээлээр худалдан авч, уг байрыг барьцаанд тавьсан. Зээлээ төлж чадаагүйн улмаас 2020 онд тухайн орон сууцыг зээлийн өрөнд шилжүүлсэн. Бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу Г ээс Ж.Э д тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль ёсоор шилжсэн. Харин Д ийн хувьд үл хөдлөх хөрөнгөө худалдах хүсэл зоригийнхоо дагуу эрх зүйн үр дагаврыг нь ойлгож, Г тэй гэрээ байгуулан, өмчлөх эрхээ түүний нэр дээр шилжүүлсэн. Д ийн н.Бурмаатай байгуулсан зээлийн гэрээ, Г тэй байгуулсан гэрээ, мөнгө солилцсон асуудлын талаар Ж.Э гийн хувьд мэдэхгүй, мэдэх ч үүрэггүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Хариуцагч Г ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Д гэдэг хүнтэй гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй, уулзаж байгаагүй. Ж.Э гаас Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимпын 12в байрны 1 тоот 4 өрөө орон сууцыг түүнд 2020 оны 6 сард өгсөн Хьюндай 500 маркийн экскаваторын өрөнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж 2021 оны 3 сард өмчлөх эрхийг авсан. Уг байр нь Д , Г нарын маргааны зүйл болсон гэдгийг мэдээгүй. Г ээс зээлээр авсан экскаваторын үнийг өгөх боломжгүй байсан тул Ж.Э д зээлээр худалдаж, гэрээний барьцаанд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дээрх орон сууцыг барьцаалсан. Ж.Э экскаваторын үнийг төлж чадаагүй тул 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр барьцааны хөрөнгийг Г ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байрны үнийн зөрүү 67,900,000 төгрөгийг Ж.Э д шилжүүлж тооцоо дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Д , хариуцагч Г нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, хариуцагч Г , хариуцагч Ж.Э нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, хариуцагч Ж.Э , хариуцагч Г нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Г ээс улсын бүртгэлийн Ү-2203016562 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол-1, Олимпын гудамж, 12в байрны 1 тоотод байх 134,14 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг, хариуцагч Ж.Э гаас дээрх хаягт байх улсын бүртгэлийн Ү-2203043540 дугаарт бүртгэгдсэн зоорийн давхрын 1-2 тоот авто зогсоолын зориулалттай 22.98 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч х нараас улсын тэмдэгтийн хураамжид 761,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

12. Хариуцагч Ж.Э гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

12.1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын харилцааг зөвөөр дүгнэж чадаагүй тухайд

а. Г , Ж.Э нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэвч шүүх Ж.Э маргаж буй эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байгаагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэж дүгнэсэн. Орон сууцыг барьцаалсан бол Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх заалтыг хэрэглэх ёстой ба өөр этгээдэд худалдахгүй байх нь ойлгомжтой. Г , Х нарт барьцаалж, бэлэглэх үйлдэл хийснийг хэрхэн тайлбарлах нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх хуулийг буруу тайлбарласан.

б. Өмчлөх эрхийг сэргээх шаардлагатай холбоотой ойлгомжгүй шийдвэр гаргасан. Г ээс орон суүцны, Ж.Э гаас авто зогсоолын өмчлөх эрхийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэсэн. Иргэний хуулийн үндсэн зарчим бол харилцаанд оролцогчийн тэгш эрхийг хангах, хуулиар зөрчигдөж буй эрх, ашгийг хамгаалах байтал хохирооход чиглэгдээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн дүгнэлтүүд ямар ч логик уялдаагүй, гэрчийн мэдүүлгээр Д.Болд нь байраа зарж байгаа, С.Бямбасайхан 150,000,000 төгрөгөөр хүдалдан авсныг тогтоосон. Гэтэл 204,000,000 төгрөгийн гэрээг үндсэн гэрээ гэж тодорхойлж түүнийг зээлийн гэрээ хэмээн дүгнээд энэ гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий үл хөдлөхийг барьцаалах зорилготой учир дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь хоорондоо зөрчилдөөнтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчсөн.

в. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 343 дугаар магадлалын үндэслэх хэсгийн 7а, 8, 9, 10.а-д заасныг шүүх харгалзаагүй. Ж.Э , Г нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ татвар төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Татвар төлөх нь иргэний үүрэг мөн ч татвар төлөөгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрээний үндсэн шинжийг бүдүүлгээр зөрчиж хуулийг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасан бүртгэл үнэн зөв байх зарчим ч зөрчигдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

13. Хариуцагч Г гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

13.1. Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд

а. Д нь хууртагдан мэхлэгдсэн, хууль зөрчсөн хэлцэл гэх мэтээр өөр өөр үндэслэл гаргаж Г г хариуцагчаар татахдаа худалдах худалдан авах гэрээний үнэ 141,875,000 төгрөгийг бүрэн аваагүй гэж нэхэмжлэлээ тодорхойлсон. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах бус барьцаалах зорилготой байсан гэх боловч Г тэй зээлийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн эрх үүрэг үүсээгүй нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх Г ий хувьд Д тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч, н.Бурмаа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн атлаа Г нь Д тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнээс 60,000,000 төгрөгийг дутуу төлсөн тул гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.5 дахь заалтуудыг үндэслэл болгож өмчлөх эрхийг Д т шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

б. Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үнийг бодитой тогтоогоогүй атлаа орон сууцны үнэд Г гийн Д т өгсөн мөнгийг тооцохдоо нотариатаар гэрчлүүлсэн баримтаар бус Г гийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дүгнэж байгаа нь Иргэний болон Нотариатын тухай хуулийг зөрчсөн. Д , Г нарын хооронд байгуулсан гэрээгээр түүнд бодитоор өгсөн 141,875,000 төгрөгийн нотариатын мөнгө хүлээлцсэн баримтыг нэхэмжлэгчийн тайлбараар үгүйсгэсэн нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нэрийдлээр хэн нь хэндээ ямар хохирол учруулж байгаа нь ойлгомжгүй жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 109.2, Нотариатын тухай хуулийн 46.2, 46.2.1-46.2.4, 46.3-т заасныг үгүйсгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

14. Хариуцагч Г ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэгчтэй хэлцэл хийж эрх зүйн харилцаанд ороогүй, түүнтэй уулзаж байгаагүй Ж.Э , Г нарыг хариуцагч гэсэн шийдвэрээ залруулахын оронд хохиролтой шийдвэр гаргасан хуулиар хамгаалагдсан эрхийг нь зөрчсөн.

14.1. Ж.Э 2020 онд X.Доржпаламаас эксковатор зээлээр худалдан авч төлбөрт нь маргаан бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалж, улмаар 2021 онд эксковаторын үнэд тооцож өгөхдөө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж Г ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Ийнхүү шилжүүлэхдээ Иргэний хуульд хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй байхад Иргэний хуулийн 56.1.1-д заасныг үндэслэл болгон татвар төлөхөөс зайлсхийж хууль зөрчсөн гэж үзсэн нь Г ийг хохироосон алдаатай шийдвэр гаргасан. Д орон сууц барьцаалан зээл авч зээлээ төлж чадаагүй учир эхлээд Г гээр, дараа нь Ж.Э гаар зээлээ төлүүлж, орон сууцаа дамжуулан шилжүүлжээ. Тэд Д ийн өрийг түүний өмнөөс төлж хямд үнээр байрыг нь авч илүү үнээр худалдсан нь ашиг олох зорилготой гэрээний харилцаа байхад Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж шүүх дүгнэн хуулийг буруу ойлгон зальт этгээдийн эрх ашгийг илт хамгаалан олон хүнийг хохирооход хүргэсэн.

Шүүгч шүүх хуралдаанд таны орон сууцаа хариуцагчид руу шилжсэн гэрээнүүдийг хүчингүй болгоод байрыг өөрт чинь олгосон шийдвэр гаргаад өгчихвөл болох юм уу гэж Д ээс улаан цайм асууж байсан нь түүний эрх ашгийг илүүтэйд үзэн шийдвэрээ урьдчилан гаргачихсан байсан нь түүний хууль зөрчсөн ноцтой алдаатай үйлдэл гэж үзэхээс аргагүй. Иймд Ж.Э гаас Г д орон сууц шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцож, нэхэмжлэгч Д ийн Г д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

15. Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Х нь нэхэмжлэгчийг шүүхэд нөлөөлсөн гэх зохисгүй тайлбарыг удаа дараа гаргаж байгаа нь өөрөө шүүхэд нөлөөлж байгаа хэлбэр. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт тухайн харилцааны үйлдэл бүрийг тодорхой дүгнэсэн. Д нь зээлээ буцаан авахын тулд барьцааг өөр хүнд барьцаалуулж мөнгөө авах шаардлагатай болсон гэж тайлбарласан. Талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах хүсэл зориг байсан эсэхийг гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргийг үндэслэн шүүх тодорхой дүгнэсэн. Өмнөх анхан шатны шүүх хуралдаанд Г нь тухайн орон сууцанд нэг ч удаа очоогүй байж 700,000,000 төгрөгөөр орон сууц худалдан авсан гэх тайлбар өгсөн. Үүнд талуудын хооронд хүсэл зориг байсан эсэхийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дүгнэсэн. Хариуцагч Ж.Э нөхцөл байдлыг мэдэж байсан атлаа орон сууцыг бусдад шилжүүлсэн. Түүний нөхөр С.Бямбасайхан нь 204,000,000 төгрөгийн гэрээг Г тэй бус н.Болдтой байгуулсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Г , С.Бямбасайханд орон сууцыг н.Болдынх гэж хэлсэн учраас гэрээ байгуулан хүү тохиролцсон. Анх н.Бурмаагийн 80 сая төгрөгийн зээлээс эхлээд хүү бодогдон дамжиж явсаар 204 сая төгрөгийн хүү болтлоо нэмэгдэж С.Бямбасайхан руу шилжсэн үйл баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д нь хариуцагч Г тэй 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, мөн Г , Ж.Э нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, мөн Ж.Э , Г нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол-1, Олимпын гудамж, 12в байрны 1 тоот 134,14 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт орших зоорийн давхрын 1-2 тоот 22.98 м.кв талбай бүхий автозогсоолын өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг хариуцагч х нарт холбогдуулан гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 161, 236-240, 2хх 230-232, 3хх 226-229/

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч маргаанд холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

4. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол-1, Олимпын гудамж, 12в байрны 1 тоот 157,19 м.кв талбайтай 4 өрөө, мөн хаягт байх зоорийн давхрын 1-2 тоотод орших гараж, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. /1хх 19/

5. Хэрэгт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна.

а. Нэхэмжлэгч Д нь Д гаас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн, мөн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр 112,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлж өмнөх гэрээгээ шинэчлэн байгуулжээ. Зээлийн барьцаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /1хх 12-17, 20-21/

б. Нэхэмжлэгч Д , хариуцагч Г д 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр худалдаж, мөн өдөр Г өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Хариуцагч Г 141,875,000 төгрөгийг бэлнээр, 4,400,000 төгрөгийг дансаар нэхэмжлэгчид шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ. /1хх 38-39, 2хх 81-82/

в. Хариуцагч Г 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Ж.Э тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдах авах гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг 15,000,000 төгрөгөөр худалдаж, Ж.Э 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн. Ж.Э гийн нөхөр С.Бямбасайхан, Г д 150,000,000 төгрөг төлжээ. /2хх 83-84, 241/

г. Хариуцагч Ж.Э 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий 134.14 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Г ийн өмчлөлд шилжүүлж, тэрээр 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн. Харин Ж.Э нь орон сууц, гаражийн өмчлөх эрхийг салгаж 22.98 м.кв талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн байна. /2хх 91-98/

6. Анхан шатны шүүх Д , Г нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан, мөн Г , Ж.Э нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчин хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж зөв дүгнэсэн боловч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлийн эрх зүйн үр дагаврыг анхаараагүй нь хууль буруу хэрэглэсэн алдаанд хүргэжээ.

6.1. Нэхэмжлэгч нь Д гийн зээлийг төлөх зорилгоор хариуцагч нарын хүсэл зориг буюу зээлдүүлэгчийн шаардлагад нийцүүлэн барьцааны бус худалдах-худалдан авах гэрээг хариуцагч Г , Ж.Э нартай байгуулсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. Зохигчид агуулгын зөрүүтэй тайлбар гаргасныг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж, хариуцагч Г , Ж.Э нар дээрх нөхцөл байдлыг анхнаасаа мэдэж хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

6.2. Хариуцагч Г , нэхэмжлэгч Д нар үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах хэлцэл хийсэн, 141,875,000 төгрөг төлсөн тухай баримт үйлдсэн ч хариуцагч Г бодитоор 111,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс зээлдэгч Д д төлсөн нь түүний ХААН банкны 5114112439 тоот дансны зарлагын гүйлгээний хуулгаар тогтоогдож байна. /2хх 240/

Худалдах-худалдан авах гэрээний үнэд Г 141,875,000 төгрөгийг Д т бэлнээр өгснийг шүүх үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар бичгийн баримтыг үгүйсгэсэн гэх хариуцагч Г гийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Д , Г нарыг гэрээ хийх үед хамт байсан гэх гэрч Д гийн мэдүүлэгт Г , Д т хэдэн төгрөг өгснийг ... Г гээс хэдэн төгрөг авснаа санахгүй байна гэх болон авсан мөнгөнөөс нь мөнгөө авсан, мөнгөө бэлнээр аваад явсан гэх зөрүүтэй мэдүүлэг, гэрч Д.Болдын Д ээр мөнгө авсан гэх баримтад гарын үсэг зуруулсан, мөнгө хүлээлцэж аваагүй ... гэх мэдүүлэг, түүний ХААН банкны 5114112439 тоот дансны зарлагын гүйлгээний хуулгаар хариуцагч Г нь 141,875,000 төгрөгийг нэхэмжлэгч Д т бэлнээр өгсөн гэх үйл баримт үгүйсгэгдсэн. Иймд Д , Г нарын 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүйн зэрэгцээ мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч Г гийн тайлбарыг хэргийн бодит байдалд нийцсэн үнэн зөв гэж үзэхээргүй байна. /2хх 53-59/

6.3. Хариуцагч Г 111,000,000 төгрөгийг зээлдэгч Д д төлснөөр мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл түүнд шилжсэн ч нэхэмжлэгч 3 сарын хугацаанд үл хөдлөх эд хөрөнгөө буцаан худалдан авах эрхтэй байхаар талууд тохиролцсон байна. Дурдсан хугацаанд хариуцагч Г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг нэхэмжлэгчээс шаардсан, хүлээн авсан нь баримтаар тогтоогдоогүй, гагцхүү өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлжээ. /2хх 50/

Талуудын 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн хэлцлийн үр дүнд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч Д ийн өмчлөх эрх дуусгавар болж хариуцагч Г д өмчлөх эрх үүсчээ. Өмчлөх эрх нь дуусгавар болсон нэхэмжлэгч Д , түүний нөхөр Д.Болд нар тус үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Э д худалдах санаачилга гаргаж, улмаар хэлцэлд оролцон Д ийн нөхөр Д.Болд нь Ж.Э гийн нөхөр С.Бямбасайхантай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдаж авахаар гэрээ байгуулсныг хариуцагч Г хүлээн зөвшөөрснийг харьцуулан дүгнэвэл 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн хэлцлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Г д шилжүүлсэн хүсэл зориг байгаагүй, барьцаалсан гэх нэхэмжлэгч Д ийн тайлбарыг хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхээр байна. /1хх 201-202, 204/

Түүнчлэн хариуцагч Ж.Э , гэрч С.Бямбасайхан нар нь хариуцагч Г гийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэж мэдүүлсэн ба 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн хэлцлээр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ж.Э д шилжүүлэх үүргийг хариуцагч Г хүлээсэн байна. Гэвч Д.Болд, С.Бямбасайхан нарын үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах хэлцлийн үр дагавартай холбоотойгоор хариуцагч Г үүргээ хэрэгжүүлэхийг хойшлуулсан, ийнхүү хойшлуулсныг хариуцагч Ж.Э эсэргүүцээгүй нь Г , Ж.Э нарын хэн аль нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хариуцагч Г өмчлөгчийн туйлын эрхийг хэрэгжүүлэх боломжгүйг хүлээн зөвшөөрчээ. /1хх 200, 3хх 85/

6.4. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Г нь 111,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар Д гаас шилжүүлэн авчээ. Шаардах эрх шилжсэнтэй холбоотой барьцааны эрхийг нэхэмжлэгчээс өмчлөх эрхийг шилжүүлэх замаар олж авсан гэж үзэх ба үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх жинхэнэ хүсэл зориг байсан гэж үзэхгүй. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар хариуцагч Г нь зээлдүүлэгчийн шаардах эрхийг нэхэмжлэгчид гаргах эрхтэй ба нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Э д шилжүүлснээр (150,000,000-111,000,000-4,400,000=34,600,000) хариуцагч Г гийн шаардлага бүрэн хангагдсан байна.

Иймд нэхэмжлэгч Д , хариуцагч Г нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийг барьцааны эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх замаар олж авсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ талаархи шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Г гийн гомдлыг хангах боломжгүй байна.

6.5. Хариуцагч Ж.Э нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г гээс худалдан авахдаа тухайн хөрөнгө Г д шилжсэн зорилго болон жинхэнэ өмчлөгчийн талаар мэдээлэлтэй байсан гэх үйл баримт тогтоогджээ.

Энэ талаар гэрч С.Бямбасайхан Бурмаатай үеэл ... байрны асуудлыг Болд, Тэлмэнтэй ярихаас өмнө Бурмаатай ярилцсан ... байшингийн эзэн нь Болд гэдгийг ойлгоод гэрээ хийсэн ... би эхнэрийн нэр дээр шилжүүлсэн болохоос чи бид 2-ын наймаа, дараа нь хэл ам байхгүй биз гэхэд Болд тийм гэсэн тул нэр шилжүүлсэн, бүх процессийг бид хамтдаа хийсэн гэж, хариуцагч Ж.Э байрны гэрчилгээ Г гийн нэр дээр байсан, Болд гэх хүн хамт байсан нь өмнөх эзэн нь гэсэн ба байраа Тэлмэнд 150 сая төгрөгийн барьцаанд тавьчихаад авч чадахгүй зарж байгаа гэж хэлсэн гэх мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Мөн өмнө дүгнэснээр (6.3) хариуцагч Г үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг түүнд шилжүүлэхийг хойшлуулсан нөхцөл байдлыг үнэлснээс тодорхой илэрхийлэгдэж байна. /1хх 200, 3хх 84-88/

6.7. Хариуцагч Ж.Э гийн хариуцагч Г тэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр, шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй гэх түүний давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хэрэгт Г , Ж.Э нарын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үнэ 15,000,000 төгрөг, мөн өдөр С.Бямбасайхан, Д.Болд нарын хооронд байгуулсан адил агуулгатай гэрээний үнэ 204,000,000 төгрөг гэж тодорхойлсон ч бодит байдалд Ж.Э , С.Бямбасайхан нар 150,000,000 төгрөгийг Г д төлсөн нь дээрх хоёр хэлцлийн агуулгатай нийцэхгүй байна.

Харин хэлцлийн талууд тухайн хэлцлээр халхавчлан дараах хэлцлийн талаар тохиролцсон гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Д , Д.Болд нар 6 сарын дотор 150,000,000 төгрөгийг 204,000,000 төгрөг болгон хариуцагч Ж.Э , С.Бямбасайхан нарт төлж үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авахаар тохиролцсон талаар хариуцагч Ж.Э , нэхэмжлэгч Д болон гэрч С.Бямбасайхан, Д.Болд нар мэдүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Энэ агуулгаар хариуцагч Г , Ж.Э нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үнэлэх боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Ж.Э нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй.

6.8. Хариуцагч Ж.Э Болд ... 6 сарын дотор 204 сая төгрөгөө олоод ирвэл байрыг өөр дээр нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон ... 6 сар өнгөрсний дараа Болд манай нөхөртэй ирж уулзаад байраа буцааж авч чадахааргүй боллоо гэдгээ хэлсэн гэх, гэрч С.Бямбасайханы ... 204 сая төгрөгийн гэрээний асуудлыг Болд, Тэлмэн бид 3 ярилцсан ... чадвал хүүтэй нь төлөөд байрыг буцааж авна. Надад мөнгөний боломж байхгүй гээд 204 сая төгрөг дээр Болд гарын үсэг зурсан ... тэгээд Болд алга болсон ... сүүлд ирээд мөнгө олдохгүй байна, наад байраа ав гэж хэлсэн гэж мэдүүлжээ. Нэхэмжлэгч Д , түүний нөхөр Д.Болд нар үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагч Ж.Э гийн өмчлөлд шилжүүлэх замаар түүний нөхөр С.Бямбасайханаас 150,000,000 төгрөг зээлж, хариуцагч Г гийн өрийг төлсөн нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар энэ талаархи зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр, хэлцэл бодитой хэрэгжжээ. /1хх 200, 3хх 84-88/

6.9. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хариуцагч Г , Ж.Э нарын хооронд хийгдсэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үр дагавар үүсгэхийг хүсээгүй, гагцхүү барьцааны эрхээ баталгаажуулахаар худалдах-худалдан авах гэрээг хэлбэрийн төдий байгуулан өмчлөх эрхийг хариуцагч Ж.Э гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Талууд барьцааны гэрээг халхавчлах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд тус хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон анхан шатны шүүхийг дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт дараах хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.

Нэхэмжлэгч Д , хариуцагч Г нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр, хариуцагч Г , Ж.Э нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус тус байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилготой хийгддэг дүр үзүүлсэн хэлцэл бус, талуудын жинхэнэ хүсэл зориг болсон өөр (барьцааны) хэлцлийг халхавчлах замаар зорилгодоо хүрэхийн тулд өөр (худалдах-худалдан авах) хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийсний улмаас эрх зүйн өөр үр дагавар бий болгосон нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь зохицуулалтад илүү нийцэх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

8. Хариуцагч Г д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

8.1. Хариуцагч Ж.Э нь 2020 оны 06 дугаар сард X.Доржпаламаас Хьюндай-500 маркийн эксковаторыг зээлээр худалдан авахдаа маргаан бүхий орон сууцыг барьцаалж, улмаар гэрээний үүрэгт тус орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлж, хариуцагч Г д орон сууцны өмчлөх эрх шилжжээ. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараар хариуцагч Г нь Сүхбаатар дүүрэгт орших маргаан бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах үедээ уг орон сууцны өмчлөх эрхийн талаар зохигчид хоорондоо маргаантай, бүртгэл буруу болохыг мэдэж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. /2хх 94-98/

8.2. Нэхэмжлэгчээс хариуцагч Ж.Э , Г нартай хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн бэлэглэлийн гэрээ байгуулсан учир мөн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон хариуцагч Г ийн өмчлөлд шилжсэн орон сууцны өмчлөх эрхээ буцаан сэргээлгэхийг хүссэн. Хариуцагч Г маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй учир тус бэлэглэлийн гэрээний эрх зүйн үндэслэлийг үгүйсгэх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохгүй.

8.3. Дээрх тохиолдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрхийг олж авсан хариуцагч Г ийн хувьд улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцно. Иймд нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна, Г , Ж.Э нар маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш ба Г д орон сууцыг бэлэглэсэн тул эцсийн өмчлөгч Г болон Ж.Э нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар бодитоор Д ийн өмчлөх эрх сэргэх боломжтой гэх тайлбар үндэслэлгүй.

8.4. Анхан шатны шүүх, хариуцагч Ж.Э , Г нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг татвар төлөх үүргээс зайлсхийсэн хэмээн дүгнэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон нь тухай зохицуулалтын зорилго, хэрэглэгдэх эрх зүйн хүрээ болон агуулгыг анхаараагүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хэлцэл нь өөр хэлцлийг халхавчилсан гэж дүгнэхдээ хариуцагчид дээрх эрх зүйн хамгаалалт үйлчлэх эсэхийг харьцуулан дүгнээгүйгээс хуулийг буруу хэрэглэжээ.

8.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Г ийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Д ийн хариуцагч Ж.Э , Г нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Г ээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол-1, Олимпын гудамж, 12в байрны 1 тоотод орших 134,14 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэн орон сууц гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

9. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэгч Д нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавартай холбоотой өөрт нь хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдүүдэд холбогдуулан тухайн асуудлаар хохирол шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

10. Нэхэмжлэгч нь хариуцагч Г тэй байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний үнийн дүн 60,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг, хариуцагч Г , Ж.Э нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний үнийн дүн 15,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг, хариуцагч Ж.Э , Г нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний үнийн дүн 100,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг, нийт 1,348,850 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт заасны дагуу төлөх байжээ. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлснийг анхан шатны шүүх залруулж нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэлгүй шийдвэрлэсэн нь буруу.

Иймд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээр 657,900 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж, хариуцагч Г гээс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг, хариуцагч Ж.Э гаас 232,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагч Г , Ж.Э нарын төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/04101 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 183 дугаар зүйлийн 183.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д , хариуцагч Г нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч Г , хариуцагч Ж.Э нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ж.Э гаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол-1, Олимпын гудамж, 12в байрны зоорийн давхрын 1-2 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2203043540 дугаартай, 22.98 м.кв талбай бүхий, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ж.Э , хариуцагч Г нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Г ээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол-1, Олимпын гудамж, 12в байрны 1 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2203016562 дугаартай, 134,14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...70,200... гэснийг ...657,900... гэж, ...хариуцагч х нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 761,150... гэснийг ...хариуцагч Г ээс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг, хариуцагч Ж.Э гаас 232,950 төгрөг гаргуулж, ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Ж.Э гийн төлсөн 761,150 төгрөг, хариуцагч Г ий төлсөн 867,325 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Э.ЭНЭБИШ