Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2022/00115

 

 

Б.Гийн нэхэмжлэлтэй,  

хариуцагч П.Бид

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2022/01238 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Бид холбогдох,

“Машины үлдэгдэл үнэ болох 9.400.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга: 

“...Миний бие нь 2021 оны 10 дугаар сард 49-24 ОРХ улсын дугаартай М f ачааны машиныг П.Бид 18.500.000 төгрөгөөр зарж, 9.100.000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 9.400.000 төгрөгийг 11 сард надад төлөхөөр болж машиныг маань авч явсан. Тухайн үед уг машин миний нэр дээр албан ёсоор шилжиж ирээгүй байсан учраас П.Бтой гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд Ковид дуусмагц нэр дээр нь болгохоор ярилцсан байсан. Гэтэл П.Б нь машиныг маань унагаж эвдсэн байсан бөгөөд “үлдэгдэл мөнгөө авъя машиныг чинь шилжүүлж өгье” гэхээр урдаас “миний мөнгийг өгөөд машинаа аваад яв” гэсэн утгатай юм яриад одоо болтол хөдөлдөггүй. Эвлэрүүлэн зуучлал дээр болохоор “шүүхээрээ явж ав” гэж хэлээд бас шийдвэрлүүлээгүй хаалгасан байсан. “Чи засаад өг” гэхээр мөнгө байхгүй гээд байдаг. Иймд П.Боос машины үлдэгдэл үнэ болох 9.400.000 төгрөгийг гаргуулан авах эсхүл энэ мөнгөндөө эвдэрхий машиныг гаргуулан авахыг хүсч энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Өөрөө худалдаж авъя гэсэн саналаар нь үнэ тохирсон. Би 20.000.000 төгрөгөөр зарна гэсэн боловч 19.000.000 төгрөгөөр ав гээд 500.000 төгрөгөөр кабин халаагчийг нь аваад надад 18.500.000 төгрөг өгчих гэсэн. Гэтэл хариуцагч 15.000.000 төгрөгөөр тохирсон. 10.500.000 төгрөгийг өгсөн гэж яриад байна. Би авсан малынх нь бүх үнийг хажууд нь бичээд, хүмүүст зээлээр тарааж өгсөн... гэж тайлбарласан” гэжээ.

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Миний бие 2021 оны 10 дугаар сард 49-24 орх улсын дугаартай М f маркийн ачааны машиныг Б.Гээс худалдан авсан. Уг машин нь салхины шил хагархай, тормозны аппарат, пар, конс, гар тормоз, хаалганы бариулуудыг засварлаж сольж өгөхөөр нь үлдсэн төлбөр 4.500.000 төгрөгийг өгнө гэж тохирч өөр хүний нэр дээр байсан машиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн. Уг машины бүрэн бүтэн байдлаас болж хөдөлгөхгүй хэд хоноход засвар үйлчилгээ яаралтай хийхийг шаардсан боловч “зүгээр ойр зуур явахад болно” гэж өөрөө барьж үзүүлсэн боловч би “бүрэн бус техник хэцүү хоёулаа наймаагаа буцаая” гэж олон удаа гуйсан. Гэвч наймаагаа буцаахгүй, “чи нэг яваад ир, ирэхээр нь янзын болгоод өгнө” гэдэг байсан. Би анх том машин авмаар байна гэхэд “миний машин сайн” гэсэн. Машиныг нь өөртэй нь анх 17.000.000 төгрөгөөр тохироод хамт малаа ачаад ирсэн. Тэгээд хамт мал аваад явж байгаад Сайханы төв дээр эвдэрсэн. Би бүтэхгүй юм байна гэхэд “зүгээр чи ав” гэсэн. Тэгээд миний малын мөнгийг бүгдийг нь авсан. Бүх малыг маань зараад 9.200.000 төгрөг болоод нэг гүү үлдсэнийг 1.300.000 төгрөг гэж тооцоод 10.500.000 төгрөгийг өгсөн. Тэгээд “чаддаг хүнээр бариул, чи чадахгүй байна” гэсэн. Тэгээд Оросын булаг руу даваад машин нь консгүй болсон. Тэгээд би “машинаа ав” гэсэн. Гэтэл “за би үзье” гэсэн. Тэгээд цуг явж байсан жолооч маань том машины жолооч дуудаад эргээд Орхон аймаг руу ирсэн. Дэнж рүү машинаа янзлуулаад Б.Г рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд эвдэрхий машин авснаас болоод би осолд орсон... Иймд би нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.Г, П.Б нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байна. Мал махны үнэ 9.100.000 төгрөг болсон нь гэрч Т.Сийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, өөрсдийн бичсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Цонх нь буухгүй, цуурсан байсан байна. Үүнийг машины эвдрэл гэмтэл гэж үзэхгүй. Хариуцагч өөрөө энэ машинаар малаа ачиж ирсэн. Мөн энэ машинаар нэхэмжлэгч Хөвсгөл, Булган аймаг руу явж мах авч байсан. Мөн худалдах худалдан авах гэрээг буцаах гэж байна. Өөрөө том машин жолоодох дадал туршлагагүй байж худалдаж авсан нь өөрийнх нь хурал дээр хэлсэн би өөрөө жолоодож чаддаг байсан бол хашаанд аваачиж тавих байсан гэж хэлсэн үгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож ярих ёстой. Мөн хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзаж байгаа асуудлаа баримттай хэлэх ёстой. Хариуцагч нэг ч төгрөг төлөхгүй гэдгээ нотлохгүй байна. П.Боос машины бичиг баримт авах гэхэд байхгүй гэсэн. Эдгээр баримтуудаар П.Боос 9.400.000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлийн 263.1., 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасныг баримтлан хариуцагч П.Боос 9.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.350 /нэг зуун жаран таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

“...Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1238 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй тухай: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн татгалзлыг үндэслэсэн ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зөв зүйтэй шийдвэр болж чадсангүй. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч П.Бид 2021 оны 10 дугаар сард М f ачааны машиныг 18.500.000 төгрөгөнд зарахаар болж туүнээс 6 үхэр, 1 адууг авч махлан үнэлж 9.100.000 төгрөгийг машины үнэнд авсан, үлдэгдэл 9.400.000 төгрөгийг аваагүй байтал машиныг унагаж эвдлэн ашиглах боломжгүй болгосон гэж тайлбарладаг. Хариуцагч П.Б уг машиныг 17.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж 6 үхэр, 2 адуу өгч 10.050.000 төгрөг өгсөн 4.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, уг машин эвдэрхий, чанарын доголдолтой байсан болохоор буцааж өгөх саналыг тавьсан боловч аваагүй , эвдэрхий машинаас болж би осолд орсон одоо юу ч төлөхгүй гэж маргадаг. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ нотолж гэрчээр эхнэр Т.Сийг оролцуулж, түүний өдөр бүрийн мал мах борлуулсан нядалгаанд оруулсан үнийн дүн болон жинг бичсэн тэмдэглэлийн дэвтрийг эх хувиар нь шүүхэд өгсөн бөгөөд уг тэмдэглэлийн дэвтэр дээрх бичилт болон Т.Сийн мэдүүлгээр машин худалдсан үнэ, малын тоо толгой нядлаад хиллэсэн хэмжээ, бодсон тооцоо зэрэг батлагддаг. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Хариуцагчийн тайлбар болох машины чанарын доголдлын талаар болон эвдэрхий машинаас болж осол болсон зэргийг нотолсон ямар нэгэн нотлох баримт байхгүй тул түүний тайлбар үндэслэлгүй байхад түүний амаар хэргийг шийдвэрлэлээ. Хэдийгээр талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч Иргэний хуулийн 263-р зүйлийн 263.4.-д бичгээр хийх журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1.-д зааснаар гэрээ байгуулсан гэж үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хариуцагч тал худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар мэдэж байсан. Уг машиныг шалгаж өөрөө барьж явж дээрх малыг уг машинаар ачиж авчирч махалж зарахад хамт байлцсан зэрэг нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар худалдан авагч доголдлын талаар мэдэж байсан мөртлөө хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Тэрээр 2021 оны 10 дугаар сард машиныг өөрийн гар дээр хүлээж авсан ба 2 сар гаруй унаж хэрэглэж байгаад унагаж эвдсэнээс хойш бүтэн жил өнгөрсөн байхад энэ талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй явж ирсэн. Уг эвдэрхий машинаас болж осолд орж эрүүл мэндээрээ хохирсон гэдэг нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргалаа. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин щийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эын гаргасан “...гэрч Т.Сийн мэдүүлэг болон тэмдэглэлийн дэвтэрт бичсэн хэсгээс  машин худалдсан үнэ, малын тоо толгой, хэмжээ, бодсон тооцоо батлагддаг,  ...шүүх  эдгээр нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгсөнгүй, нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авч, хангах нь үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Б.Г шүүхэд “...Уг машин нь салхины шил хагархай, тормозны аппарат, пар, конс, гар тормоз, хаалганы бариулуудыг засварлаж сольж өгөхөөр нь үлдсэн төлбөр 4.500.000 төгрөгийг өгнө гэж тохирч өөр хүний нэр дээр байсан машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн, ...анх 17.000.000 төгрөгөөр тохироод хамт малаа ачаад ирсэн. Бүх малыг маань зараад 9.200.000 төгрөг болоод нэг гүү үлдсэнийг 1.300.000 төгрөг гэж тооцоод 10.500.000 төгрөгийг өгсөн. Тийм учраас нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй...“ гэсэн тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөх үүрэгтэй, шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх үүрэгтэй.

5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж шүүхэд Т.Сийг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргаснаар шүүх гэрчээр оролцуулсан, шүүх хуралдааны шатанд  хариуцагчаас машины үнэнд тооцож авсан малын үнэ, жингийн талаарх тооцоо хийсэн тэмдэглэлийн дэвтрийг эх хувиар нь шинжлэн судлуулсан байна.

6.Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хариуцагчаас авсан малын үнэ, жингийн талаарх тооцоо хийсэн тэмдэглэлийн дэвтрийг нэхэмжлэгчид буцаан өгч, хуулбар хувийг иргэний хэрэгт хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-д “Шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ” гэж заасныг зөрчсөн байна.

7.Шүүх дээрх нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлт хийж, нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид ногдуулсан нь ойлгомжгүй байна.

8.Түүнчлэн хариуцагч П.Б нь шүүхэд өөрийн гаргасан тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй татгалзлаа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.8-д “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл“ гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

9. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2022/01238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.Б

ШҮҮГЧ                                                                Б.О