Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02039

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            Б , Л нарын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/02606 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б , Л нарын

Хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан

 

Доголдолтой эд хөрөнгө шилжүүлсний улмаас учирсан хохирол 12,611,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц худалдах худалдах авах гэрээний үлдэгдэл төлбөр болон гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алданги 5,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяа, шүүх хуралдааны нарийн бичгий

 

н дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Т ХХК-тай Хан-Уул дүүргийн 20-р хороонд байрлах Эрчим 52 дугаар байранд 45,17 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээг дутуу байгааг мэдээгүй. Байрны сантехникийн шугам хоолой маш муу хийгдсэнээс 4-5 удаа ус алдаж, бохир хальсны улмаас паркетан шал солих, засвар, хэмжилтийн явцад байрны м.кв зөрүүтэй байгааг мэдэж 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны талбай хэмжих тусгай зөвшөөрөлтэй “Брайт Пойнт” ХХК-аар хэмжилт хийлгэхэд 38,40 м.кв гэж тогтоосон ба гэрээний 1.2, 1,3-т зааснаар орон сууцны нийт талбайн хэмжээ 45,17 м.кв байхаас 6,77 м.кв-аар дутсан. Гэрээнд орон сууцны 1 м.кв талбайг 1,700,000 төгрөг буюу нийт 76,789,000 төгрөгөөр худалдаж авсан. Дутуу 6,77 м.кв-ийн үнэ болох 11,509,000 төгрөгийг гаргуулна. Мөн орон сууцыг хүлээлгэн өгөхдөө зарим эд зүйлсийг дутуу хүлээлгэн өгсөн тул засварын зардал 1,102,000 төгрөг, нийт 12,611,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Т ХХК нь Хан-Уул дүүргийн 20-р хороонд байрлах Эрчим 52 дугаар орон сууцны барилгыг барьж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулсан. Б нь тус байрны А блокийн 1 давхарт байрлах 45,17 м.кв орон сууцыг худалдан авахаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Байрыг худалдаж авах үедээ байрны үнэ, талбайн хэмжээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан 3 жил орчим амьдарсан атлаа талбайн зөрүүтэй гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б , Б.Энхзул нар маргаан бүхий 2 өрөө орон сууцыг 76,789,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Урьдчилгаа 14,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 62,789,000 төгрөгийг Голомт банкны 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцон банкнаас зээл авч 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 56,914,000 төгрөгийг, бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 71,914,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 3,800,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Гэрээний 2.2-т нэхэмжлэгч нь байрны үлдэгдэл 62,789,000 төгрөгийг Голомт банкны 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж төлөхөөр үүрэг хүлээсэн боловч зээлийг гаргуулан авснаас хойш төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй. Гэрээний 3.7-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүн болох 3,800,000 төгрөгөөс 0,1 хувийн алданги тооцож зээл гаргуулан авч төлбөр төлсөн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 762 хоногийн алданги 2,895,600 /3 800 000*0,1%*762/ төгрөг болно. Иймд Б , Б.Энхзул нараас орон сууцны төлбөрийн үлдэгдэл 3,800,000 төгрөг, алдангийг 50 хувиар тооцож 1,900,000 төгрөг, нийт 5,700,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Т ХХК орон сууцыг 45,17 м.кв талбайтай гэж худалдсан боловч орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалын дагуу хэмжилт хийлгэхэд талбайн хэмжээ 38.40 м.кв болох нь тогтоогдсон. 6.77 м.кв талбай дутуу байсан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б нь Т ХХК-д орон сууцанд дутуу хийгдсэн засвар болох хагархай цонх шиллэх, дундын шугамаас ус алдсан тааз болон ханын эмульс засах, бохирын шугамд үл буцаагч тавих, паар засах, өрөө тасалгаа, дундын ханын хагарал, суулт өгсөн зааг, хагарлуудыг бүрэн засаж хүлээлгэж өгснөөр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгахаар тохиролцож баталгаа гаргаж өгсөн. Гэтэл Т ХХК өнөөдрийг хүртэл дээрх засварыг хийж дуусгаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Т ХХК-аас 8,959,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б , Л нарт олгож, нэхэмжлэлээс 3,652,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б , Л нараас 5,700,000 төгрөг гаргуулж хариуцагч Т ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 245,044 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 123,350 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 156,694 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б , Л нарт, нэхэмжлэгч Б , Л нараас улсын тэмдэгтийн хураамжид 106,150 төгрөгийг гаргуулан хариуцагч Т ХХК-д олгож, нэхэмжлэгч Б , Л нараас шинжээчийн ажлын хөлс 100,000 төгрөгийг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Гэрээний 9.2 дахь заалт нь түлхүүр гардуулах үед байрны дотор талбайг хэмжих үед м.кв-ын зөрүү гарсан тохиолдолд 1,5 хувийн зөрүү хэвийн гэсэн ойлголт байхад шүүх түлхүүр гардуулах үед хэмжилт хийгээгүй талаар дүгнэсэн атлаа 1,5 м.кв талбайг хасаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон. Нэхэмжлэгч түлхүүр гардуулах үед м.кв-ыг хэмжээгүй бөгөөд хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хэмжилт хийлгэж мэдсэн нь гэрээний 9.2-т хамаарахгүй тул нэхэмжлэлээс 2,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

6.2. Нэхэмжлэлээс 1,102,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон. Ямар төрлийн гэмтэл гарсан, уг гэмтэл нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 эсвэл Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т хамаарах эсэхийг дүгнээгүй.

6.3. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Л нь Т ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан ч Т ХХК гэрээний үүргээ зөрчиж м.кв-ын зөрүүтэй байр хүлээлгэн өгсөн тул алданги тооцож авах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага 5,552,000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Орон сууцыг хүлээн авах үед цонх, паар, сангийн доголдол байгаагүй. Хэрэв доголдол байсан, доголдлыг арилгах үүрэг хүлээсэн бол талууд доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан гэж гэрээнд, засан сайжруулах талаар тусгах байсан. Орон сууц доголдолгүй учраас талууд гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж орон сууцандаа 3 жил амьдарсны дараа биет байдлын доголдолтой гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг үндсэн гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй, гэрээний 3.7-д заасан үндэслэлээр алданги нэхэмжилсэн. Орон сууц биет байдлын доголдолтой байсан бол хүлээн авсан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдэх боломжтой байсан. Доголдлыг арилгах талаар баримт үйлдээгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

8. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас 8,959,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна.

8.1. Гэрээнд орон сууцны м.кв-ыг 45.17 м.кв байхаар тохиролцож, нийт м.кв-ын хэмжээнээс хамаарч орон сууцны 1 м.кв-ын үнийг тогтоосон. Нэхэмжлэгч гэрээнд заасан 45.17 м.кв-аар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан орон сууцыг хүлээн авч 2 жил гаруй амьдарсны дараа м.кв-ын зөрүүтэй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Орон сууцыг барих зардал, компанийн ашгийг нэмж орон сууцны нийт м.кв-аас 1 м.кв-д ногдох үнийг тогтоож, уг үнийг зөвшөөрсөн худалдан авагчид борлуулах хүсэл зоригтой байсан. Үүнийг Б , Л нар зөвшөөрч орон сууцыг хүлээж авч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Энэ үедээ м.кв-ын хэмжээг зөвшөөрөхгүй байсан бол худалдахгүй байсан. Иймд нэхэмжлэгч нарын хэмжилт хийлгэсэн “Брайт Пойнт” ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилтийн тайланг үгүйсгэж, маргах шаардлагагүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн орон сууцны м.кв-ын зөрүүд 8,959,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

9. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Улсын комисс 2017 онд орон сууцыг хүлээж авсан ба нэхэмжлэгч нар 2018 онд орон сууцыг худалдаж авсан. Гэрээгээр худалдан авагч талд үүрэг хүлээлгээгүй, акт үйлдэж болно гэж заасан. Тухайн үед улсын комисс байрыг ашиглалтад аваад 1 жил болж байгаа гэхэд итгэн худалдан авсан. Орон сууцны талбайг энгийн нүдээр харж дутуу байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй. Анх байранд ороход паар нь эвдэрхий, сантехникийн эвдрэл гарснаас болж 4-5 удаа ус алдаж, шалны паркетыг хэрэглэх боломжгүй болсон. Паркетаа солихоор хэмжээ авсан боловч паркет илүү гарч 2021 оны 06 дугаар сард мэргэжлийн байгууллагад хандахад талбайн зөрүү гарсан. Гэрээнд заасан талбайн хэмжээнээс дутуу байгаа байрыг буцаах боломжгүй тул зөрүү мөнгөө нэхэмжилсэн. Улсын дээд шүүхийн тайлбар зөвхөн худалдагч талд хүлээлгэсэн үүрэг. Худалдагч тал тухайн орон сууцыг худалдахаас өмнө улсын комисс хүлээн авсны дараа м.кв-ыг тодорхойлж худалдан борлуулдаг. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

  1. Нэхэмжлэгч Б , Л нар нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 11,509,000 төгрөг, доголдолтой эд хөрөнгийн үнэ, доголдлыг арилгасан зардал 1,102,000 төгрөг, нийт 12,611,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 5,700,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

  1. Талууд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, худалдагч Т ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 52 дугаар байрны 1-5 тоот 45,17 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, худалдан авагч Л орон сууцны урьдчилгаа төлбөрт 14,000,000 төгрөг төлж үлдэх 62,789,000 төгрөгийг Голомт банкны 8 хувийн зээлээр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. Гэрээний дагуу худалдан авагч орон сууцыг эзэмшилдээ авч, төлбөр 72,989,000 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. /хх 3-7/ Гэрээ хүчин төгөлдөр, талуудын хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

  1. Нэхэмжлэгч тал худалдан авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнээс дутуу байсан гэх үндэслэлээр орон сууцны талбайн зөрүүд 11,509,000 төгрөг гаргуулахаар шаардсан, энэ нь талуудын маргааны зүйл болжээ.

 

4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2 /3/-т орон  сууцны үндсэн талбайн хэмжээг “45,17 м.кв” гэж, 9.2-т “түлхүүр гардах үед талуудын оролцоотойгоор байрны доторх талбайн хэмжилтийг хийж акт үйлдэх ба талбайн хэмжээ гүйцэтгэлээр гэрээний 1.1-д зааснаас өөр гарвал нийт хэмжээний 1,5 хувь хүртэл зөрүүг хэвийн гэж үзэх ба 1,5 хувиас хэтэрсэн зөрүүний үнийг зохих тал гэрээний 2.1.а, б-д заасан үнээр тооцож нөгөө талдаа нөхөн төлөх буюу буцаан олгоно” гэж тус тус заажээ.

 

4.2. Нэхэмжлэгч нар орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авахдаа гэрээний 9.2-т зааснаар талбайг хэмжиж акт үйлдэн хүлээн аваагүй байна.

 

4.3. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

 

“Брайт пойнт” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцны талбайд хэмжилт хийсэн тайлангаар маргааны зүйл болох орон сууцны талбай 38,40 м.кв болохыг баталгаажуулсан байна. Уг хэмжилтэд хариуцагч маргаагүй. /хх21-24/

 

Гэхдээ нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээг дутуу болохыг мэдэх боломжтой байсан гэж үзэх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагчаас 11,509,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй.

 

5. Мөн нэхэмжлэгч нар орон сууцыг эзэмшилдээ авснаас хойш 31 сарын дараа “... паркетан шал солих, засвар, хэмжилтийн явцад байрны м.кв зөрүүтэй байгааг мэдэж ... хэмжилт хийлгэсэн ...” гэсэн нь орон сууцны талбайн хэмжээ гэрээний гол нөхцөл байгаагүй, талбайн хэмжээ дутуу нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т “Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүйгэж зааснаар тухайн хоёр өрөө орон сууцыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглахад хэмжээний доголдолтой гэж дүгнэхгүй.

 

6. Анхан шатны шүүх “Брайт пойнт” ХХК-ийн хэмжилтийг үндэслэн талбайн зөрүүд 8,959,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д нийцэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан дүгнэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

7. Түүнчлэн анхан шатны шүүх орон сууцны доголдол арилгах зардалд 1,102,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч нар орон сууцыг хүлээн авахдаа доголдлыг мэдэж байсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Төлбөр төлөх баталгаа” гэх баримтаар хариуцагч нь доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгсөн болох нотлогдоно гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч уг баримтад 2 тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй, нэг талын баримт байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон өөр баримтыг хэрэгт ирүүлээгүй. Иймд тэрээр Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д заасны дагуу орон сууцны доголдол арилгах зардал 1,102,000 төгрөгийг шаардах эрхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул гомдол үндэслэлгүй. /хх109/

 

8. Хариуцагч орон сууцны үлдэгдэл төлбөр 3,800,000 төгрөгийг, алданги 1,900,000 төгрөгийн хамт нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас 5,700,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор анхан шатны шүүх зөв шийдвэрлэжээ.

 

Талууд гэрээний 6.2-т “захиалагч нь орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний 4.3-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул хариуцагч нь гүйцэтгээгүй үүрэг 3,800,000 төгрөгөөс алданги тооцож шаардсан нь зөв. Иймд хариуцагч тал гэрээг зөрчин дутуу талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр алданги шаардах эрхээ алдсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/02606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б , Л нарын хариуцагч Т ХХК-аас 12,611,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б , Л нараас 5,700,000 төгрөг гаргуулан хариуцагч Т ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтын “... 56.2...” гэснийг “... 56.1 ...” гэж, “... хариуцагч Түмэн-Алт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 156 694 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б , Л нарт ...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 158,294 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч талаас төлсөн 104,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.ЦЭНД

                    ШҮҮГЧИД                                       Т.БАДРАХ

                                                                               Э.ЭНЭБИШ