Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2023/00002

 

2023         01             05                                  207/МА2023/00002

                                    Ч.Ц-н нэхэмжлэлтэй,

хариуцагч М.Гд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/01388 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Ц-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Гд холбогдох,

“Гоо сайханы бүтээгдэхүүний үнэ болох 2.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Ч.Ц-н шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.О оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ч.Ц нь 2022.01.05-ний өдөр М.Гд 2 сая төгрөгний үнэтэй Солонгос Улсын "Р" гоо сайхны бүтээгдэхүүн өгсөн юм. Энэ гоо сайхны бүтээгдэхүүн нь алмазны үйлчилгээтэй нүүрийг мэсгүйгээр залуужуулдаг бүтээгдэхүүн болно. Би М.Гд энэ бүтээгдэхүүнийг танилцуулаад хамтарч ажиллах санал тавьсан ба үүнийг хүлээн зөвшөөрөөд надад олон сайхан найз нөхөд байгаа, эхлээд би үр дүнгийг нь үзэх хэрэгтэй гээд 2 сая төгрөгний бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа явуулдаг урт цагаанд байрладаг ажлын өрөөнд ирээд аваад явсан байдаг. Тухайн үед миний хажууд Л.Э бүтээгдэхүүнээ сурталчилаад сууж байсан ба М.Ггийн нүүрэнд бүтээгдэхүүнийг түрхэж өгөөд тайлбарлаж байсан хүн юм. Энэ талаар Л.Э сайн мэднэ, гэрчилэх хүн юм. Би М.Гд 3-тай алмазан сет, 3-тай витамин С-тэй сет, Тонер 1 ширхэг, гуужуулагч маск 1 ширхэг , тэжээлийн маск 1 ширхэг, нүүр угаагч 1 ширхэг, крем 1 ширхэг, нарны тос 1 ширхэг, бохирдлоос хамгаалах тос 1 ширхэг, өдрийн тос 1 ширхэг тус тус өгсөн юм. М.Г нь өнөөдрийг хүртэл миний бүтээгдэхүүний мөнгийг өгөхгүй маш их удаж байна. Би мөнгөө өгөхийг шаардахад өгөхгүй гэсэн, шүүхдээд ав гэсэн хариу өгсөн. Тйимээс би аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд М.Ггаас бүтээгдэхүүний үнэ болох 2 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие М овогтой Г иргэн Ц-С 2022 оны 01 дүгээр сарын 25-нд гоо сайханы бүтээгдэхүүн хийлгэх гэж хэдэн өдөр дагуулж яваад гэрт ирээд зээлээр хийж болно. 10 хоногийн дотор арьс тэжээл өгч үрчлээ арилгана гэж хэлээд алтан утас түрхээд өгье гээд түрхсэн. Гэтэл надад харшил өгч нүүр аймаар болгосон. Тэгсэн зүгээр гээд харшилын тос түрх гээд түрхүүлсэн. Би маргааш нь буцаая гэсэн буцаагаагүй элдэв үгээр доромжлоод мессэж бичсэн. Тэрний өмнө манай охиноос 2022 оны 02 дугаар сарын 25-нд 5.000.000 төгрөг хүүтэй зээлдээд хүүгээ өгөхгүй 45 хоносон. Тэгээд бөөн хэл ам болж үндсэн 5.000.000 төгрөгөө 2 хувааж, ээж чинь луйварчин, залилан гэж доромжилж 45 хоногийн хүү болох мөнгийг өгөхгүй доромжилж загнасан байсан.Тэгэхлээр нь би чиний мөнгөний хүүг 10%-иар бодож бүтээгдэхүний мөнгөнд чинь суутгана гэсэн чинь намайг С хүнтэй явалддаг байсан, хүнтэй явалддаг гэдгийг чинь нөхөрт чинь хэлнэ юу, юу гэнээ баахан мессежээр доромжилж сэтгэл санаагаар минь дарамталсан. Энэ бүтээгдэхүүний алтан утас гээд байгааг нь 500.000 төгрөгийг хасаад 1.500.000 төгрөг өг гэхээр нь би чадахгүй, гээд тэр дор нь буцаая гэхэд хүн загнаж доромжилж буцаахгүй гэсэн. Энэ бүтээгдэхүүний мөнгөндөө манай охиноос зээлсэн мөнгөний хүүг суутга гэж хэлсэн. Дээр нь энэ харшил өгсөн тосыг яах юм бэ гэхэд түрхээд байхаар зүгээр болно гээд загнаад байсан. Надад одоо тал нь тэр чигээрээ байна. Би бас дээрээс нь сэтгэл санааны хохирол, хүүхдийн мөнгөний хүү энэ бүгдийг суутгаж авсан. Харин ч би гомдол гаргаад явбал явах байсан. Тийм учраас би хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Өөрөөс нь хүүтэй мөнгөө нэхэмжлэх хэрэгтэй байна. Гоо сайхны тохирохгүй бүтээгдэхүүн шахаж хүн доромжлох бас хуультай байх, би гомдол гаргах учраас хүлээн зөвшөөрөхгүй маш их гомдолтой байна” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/01388 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч М.Ггаас 2.000.000 / хоёр сая / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Ггаас 46.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Г шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие М овогтой Г Ч.Цгаас авсан R гоо сайханы бүтээгдэхүүн харшил өгсөн учраас буцаах хүсэлт гаргасан боловч тэр зөвшөөрөөгүй. /Баримт нь байгаа/. Алмаз ком нь задлаагүй байгаа. Хэрэглээд хоёр хоноод харшил өгч, нүүр хуурайшиж байсан учраас буцаах гэтэл харшлын эсрэг тос түрхээд, эм уугаад дахиад хэрэглэ гэсэн. Гэвч би үүнийг зөвшөөрөөгүй тул дөнгөж задарснаараа бүтээгдэхүүн нь байгаа. Миний хувьд маш их гомдолтой байна. Иймд энэ шийдвэр болох 2.000.000 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч  М.Гд холбогдуулан  “Гоо сайханы бүтээгдэхүүний үнэ болох 2.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч М.Ггаас 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Цгаас хариуцагч М.Г нь R брендийн гоо сайханы бүтээгдэхүүн 2.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч М.Ггаас гоо сайханы бүтээгдэхүүний үнэ болох 2.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цд олгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч М.Г шүүхэд давж заалдсан гомдол гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч М.Г нь биелүүлээгүй байна.

Хариуцагч М.Ггийн  шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт  авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч М.Ггийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 46.950 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/01388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Ггийн  шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч М.Ггийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 46.950 төгрөгийг   төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   С.У

ШҮҮГЧ                                                                            Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.Б