Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 207/2022/01801/и

 

2023          01             05                                207/МА2023/00003

“Х банк” ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй хариуцагч П.С-д

холбогдох иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/01507 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х банк” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: П.С-д холбогдох,

 

 “Зээлийн гэрээний үүрэгт 9.582.049,82 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, Д.Н, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ний Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Зээлдэгч П.С нь 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ЗГ201843399989-тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ЗГ201843439035 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5.445.428,77 төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 4 сарын 10-ны өдөр ЗГ201843529898-тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 13.359.620,44 /Арван гурван сая гурван зуун тавин есөн мянга зургаан зуун хорь зууны дөчин дөрвөн/ төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 5 сарын 17-ны өдөр ЗГ201843610417-тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 13.384.067,12 төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр авсан, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЗГ201843650261-тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 17.644.271,27 төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр тус тус авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 16.208.769,01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.981.112,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.240,41 төгрөг, нийт 18.193,122 төгрөгийн төлбөрийг хийсэн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод 132 хоног өнгөрсөн, банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг 7 удаа шаардаж, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, тус тус мэдэгдэх хуудсыг өгсөн, мөн удаа дараа утсаар холбогдож мэдэгдсэн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгч П.С-с 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 1.891.230,99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7.511.175,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 179.643,02 төгрөг, нийт 9.582.049,82 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Х банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн мөнгөн дүнг бүтнээр нь төлөх боломжгүй тул 9.582.049 төгрөгөнд нэмж хүү тооцуулахгүй, сард 500.000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байгааг хүлээн авч шийдэж өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/01507 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3.-д заасныг баримтлан хариуцагч П.С-гаас зээлийн гэрээний үүрэгт 1.891.230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.690.819 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б давж заалдсан гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, үүргийн гүйцэтгэлийг Х банк ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна” гэж тус тус дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Х банк ХХК ээлдэгчид 2020 оны 10 дугаар сарын 20, 2021 оны 02 дугаар сарын 18, 2021 оны 08 дугаар сарын 17, 2021 оны 10 дугаар сарын 05, 2022 оны 01 дүгээр сарын 04-нд удаа дараа зээл төлөх мэдэгдэл өгсөн байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-д үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224.2.-д хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг, үр дагавар үүснэ, 224.2.3.-д мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү авах эрхээ алдах гэж заасан. Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1.-д заасан үүргээ гүйцэтгээгүйгээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан, тодруулбал хариуцагч 2019 оны 01 дүгээр сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн хугацаа хэтэрч, хүү нэмэгдсэн, энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үндэслэл болно гэж дүгнэв. Хариуцагч шүүхэд “П.С миний бие нь Х банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн мөнгөн дүнг бүтнээр нь төлөх боломжгүй тул 9.582.049 төгрөгөнд нэмж хүү тооцуулахгүй сард 500.000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдэж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч шүүх хуралдаанд оролцоогүй учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх боломжгүй болохыг дурьдав. Иймд хариуцагч П.Сгаас үндсэн зээлийн үлдэгдэл 1.891.230 төгрөг гаргуулж Х банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.690.819 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” байгаа нь ямар ч үндэслэлгүй болно. ...Нэг талаараа үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийн дан ганц буруутай үйлдэл биш юм. Өөрөөр хэлбэл шүүх ингэж хэт нэг талыг барьсан, хэт туйлширсан шийдвэр гаргаж байгаа нь өөрөө цаашид зээлийн гэрээний үүргийн харилцаатай холбоотой асуудалд буруу жишиг тогтоох, мөн зээлдэгч нарын зээлийн гэрээний үүргийн сахилга, хариуцлагыг хэт задгайруулж, сулруулах сөрөг нөлөөтэй. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч талын зүгээс хүлээн авсан мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нэмэлт үүргээ биелүүлээгүй болохыг шүүхээс анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнээд шаардсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүх ингэж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрх яг хэзээнээс үүссэн, уг эрхээ нэхэмжлэгч хэдий хугацаанаас эхлэн хэрэгжүүлээгүй болохыг, үүнээс шалтгаалан банк яг хэдэн төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас үндэслэлгүй шаардсан болохыг нь шүүхээс нарийвчлан тооцож, дүгнээгүй атлаа шууд банкны шаардсан хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхлээр нь хэрэгсэхгүй болгож байгаа нь өөрөө буруу бөгөөд үүнийг ялгаж, зааглаж байж хасаж тооцсон бол шийдвэр үндэслэл бүхий гарах байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Нөгөө талаас хариуцагч П.С нь өөрөө шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөөр байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 7.690.819 төгрөг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа үндэслэлгүй байна. Шүүхээс 7.690.819 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хассан үнийн дүнг хэрхэн тооцож гаргасан талаар ямар нэгэн үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлтийг өгөөгүй нь өөрөө шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/01507 дугаартай шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.С давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

   “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний байдалд би маргаагүй. Харин үндсэн зээлийн үлдэгдэл 1.981.112 төгрөгийг сар бүр 500.000 төгрөгөөр төлж барагдуулна, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадахгүй, боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн тайлбарыг анхан шатны шүүхэд өгсөн юм. ...Х банк намайг 2019 онд зээлийн төлөлт хийх боломжгүйг мэдсээр байж өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийхгүй байсаар, нэг талаас гэрээгээ цуцлах боломжтой байхад 3 жилийн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж нэхэмжилсэн нь илтэд надад хохиролтой байна. ...Иймд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01507 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бгийн гаргасан гомдолд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

2.Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төв шүүхэд “...үндсэн зээлийн төлбөр 1.891.230,99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7.511.175,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 179.643,02 төгрөг, нийт 9.582.049,82 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.С “...нэмж хүү тооцуулахгүйгээр сард -500.000 төгрөг төлөх саналтай байна“ гэх тайлбар гаргасан байна.

3.Шүүх үндсэн зээл-1.891.230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 7.690.819 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.Хариуцагч П.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1., 25.2.2.-д зааснаар шүүхэд хариу тайлбар ирүүлсэн, тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байхад шүүх “...хариуцагч шүүх хуралдаанд оролцоогүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх боломжгүй“ гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

 5.Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д “...нэхэмжлэгч түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд  гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлэх ёстой.

         6.Хариуцагч П.С анх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3.500.000 төгрөгийн зээлийг 4 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж авснаас хойш хэд хэдэн удаа зээл нэмж авсан, хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээл-17.644.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн хугацаа 2022 оны 06 дугаар сард дуусгавар болжээ.

         7.Хариуцагч П.С нь зээлийн гэрээний 4.2.2-д “...зээлийн төлбөрийг сар бүр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх” гэж заасан үүргээ зөрчсөн ба нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд заасан зээлийн төлбөр төлөхийг удаа дараа тухайлбал 2021 оны 2,8,10 дугаар сард 2022 оны 1,9 дүгээр сард тус тус мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн байна.

         8.Хариуцагч П.С зээлийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө зээлийн гэрээнд заасан үндсэн зээл, зээлийн хүү төлж байсан, мөн 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 3 дугаар сарын хооронд төлсөн нийт 14.191.600 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч банк нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасч тооцохгүйгээр үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцсон, гэрээний дагуу хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээ үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс илүү хэмжээгээр тооцогдсон зэрэг нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         9.Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн, хариуцагч зээлийн төлбөрийг тодорхой хугацаанд төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүх “...2019 оны 01 дүгээр сараас хариуцагч хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байхад нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөнийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн хугацаа хэтэрч, хүү нэмэгдсэн, энэ үүрэг нь гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үндэслэл болно” гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3., 223 дугаар зүйлийн 223.2.-д заасантай нийцээгүй байна.

        10.Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг няцаасан нотлох баримтыг хариуцагч П.С шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хариуцуулсан нь буруу юм.

          11.Хариуцагч П.С нь Зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үндсэн зээл-1.891.230,99 төгрөг, зээлийн хүү-7.511.175,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-179.643,02 төгрөг нийт 9.582.049,82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч банкнаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бгийн гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” тухай давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/01507 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П.С-гаас үндсэн зээл-1.891.230,99 төгрөг, зээлийн хүү-7.511.175,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-179.643,02 төгрөг, нийт 9.582.049,82 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбарт олгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...45.210 төгрөг гэснийг 168.262 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 138.003,10 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.Б

                          ШҮҮГЧИД                           С.У      

                                                                                                            Б.О