Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2022/00001

 

2022         12               26                               207/МА2023/00001

 Б.Тнэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.Б холбогдох

иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01334 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Тнэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б холбогдох,

“Хөөрөгний үнэ 850.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ж.Б гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т /цахим/, хариуцагч Ж.Б, Нарийн бичгийн дарга Н.О оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Тшүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

“...Ж.Б 1.200.000 төгрөгөөр хуучны манан хөөрөг, зүү ороосон оёдол, зоосон ширээний сүлжмэл эмжээртэй шинэ даалинтай хамт зарсан бөгөөд урьдчилгаа 350.000 төгрөгийг миний өөрийн 5031323543 дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 850.000 төгрөгийг өгье гэж хэлсэн боловч утас, фэйсбүүк чатыг блок хийн одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд үлдсэн 850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...хөөргийг нь үнэ тохирч худалдаж авахаар болсон нь үнэн боловч тухайн өдөр ломбарданд тавьсан мөнгө 350.000 төгрөгөөр ломбарднаас нь авна гээд мөнгө дансандаа авсан. Маргааш өглөө нь би залгаад “энэ хөөргийг чинь авахаа болилоо” гэхэд “надад мөнгө байхгүй, чи наад хөөргөө ломбарданд тавиад мөнгөө олоод ав” гэсэн. Би 2,3 ломбард орсон боловч авах ломбард олдоогүй. Би өөрийнх нь хөөргийг авахаа болиод “мөнгөө авъя” гэхэд өөрөө “мөнгө байхгүй” гэснээр одоо ч хүртэл 350.000 төгрөгийг буцааж өгөөгүй. Мөн “зарж юм уу, ломбарданд тавиад мөнгөө гаргаж ав” гэснээр нь би зараад мөнгөө гаргаж авсан” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Ж.Баас 850.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

            “...Тус хөөргийг авахаар тохиролцсон нь үнэн боловч урьдчилгаа шилжүүлснээс хойш буюу тус өдрийн маргааш нь хөөргөө буцаан өгч урьдчилгаанд өгсөн мөнгөө авъя гээд боломжийг нь харж нэлээдгүй олон хоног хүлээсэн, 850.000 төгрөгийг өгөх боломжгүй. Иймд гомдлыг минь хүлээн авна уу...” гэжээ.

                                                           ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч Б.Т “Хөөрөгний үнэ 850.000 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Б “...би энэ хөөргийг чинь авахаа болилоо гэхэд надад мөнгө байхгүй, чи наад хөөргөө зараад юм уу ломбарданд тавиад мөнгөө олоод ав гэхээр нь би зараад мөнгөө гаргаж авсан...“ гэх тайлбар гаргаж маргажээ.

Шүүх хариуцагч Ж.Баас 850.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ж.Б зүү ороосон оёдол, зоосон ширээний сүлжмэл эмжээртэй шинэ даалинтай, хуучны манан хөөргийг 1.200.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч хөөрөгний үнэ-350.000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл үнийг буцааж төлөөгүй болох нь тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй болно.

Хэдийгээр хариуцагч Ж.Б нь худалдан авсан хөөрөг 1.200.000 төгрөгийн үнэнд хүрэхгүй байсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр энэхүү тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй байна.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “...Надад эрүүл мэндийн асуудал гарсан тул 850.000 төгрөгийг өгөх боломжгүй. Иймд гомдлыг минь хүлээн авна уу...“ гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01334 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4.-т зааснаар Ж.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.Б

       ШҮҮГЧИД                                            С.У

Б.О