Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2022/00119

 

 

2022 12 15                                              207/МА2022/00119

 

 

Д.Б нэхэмжлэлтэй,

хариуцагч ОАЗДд

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01269 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОАЗДд холбогдох,

Урьд эрхэлж байсан ОАХЗТын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бн, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Б миний бие нь Хүүхэд, залуучуудын театрын захирлаар 27 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд үүрэгт ажил албан тушаалаа зохих ёсоор гүйцэтгэж байсан. Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар Д.Б намайг Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан, биелүүлж ажиллах хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байсан бөгөөд үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулахаар зохих албан тушаалтанд хүргүүлсэн боловч надаас үл шалтгаалах байдлаар одоог хүртэл батлаагүй нь миний буруутай үйлдэл биш юм. Мөн албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан гэх боловч одоог хүртэл миний бие ямар ч ажилд томилогдоогүй байна. Иймд миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй тул албан тушаал бууруулах үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан боловч энэхүү хорооны бүрэлдэхүүнийг томилох ажиллагаа явагдаж байгаа тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/600 дугаартай гомдлын хариуг аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Миний бие хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй. Иймд хүүхэд, залуучуудын театрын захирлаар ажиллаж байсан Д.Б намайг ажил албан тушаал бууруулсан Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бн шүүхэд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Д.Б нь хүүхэд залуучуудын театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2020, 2021 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангаж ажиллаагүйн улмаас гэрээг дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ийнхүү 2022 онд хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль болон Д.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01269 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дугаар зүйлийн 69.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л овогт Д-ийн Б /РД:/-ыг ОАХЗТын захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин 6.942.546 төгрөгийг хариуцагч ОАЗДас гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар хариуцагч ОАЗДас улсын тэмдэгтийн хураамж 196.231 /нэг зуун ерэн жургаан мянга хоёр зуун гучин нэг / төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Б.Бн нь иргэн Д.Б нэхэмжлэлтэй ОАЗДд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01269 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ...үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлийг хөдөлмөрийн гэрээнд сахилгын зөрчилд тооцохоор зохицуулаагүй байхад уг үндэслэлээр түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан аймгийн Засаг дарга болон Хүүхэд залуучуудын театрын захирал Д.Бтэй 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар дутуу үнэлж шийдвэр гаргасан. Уг Хөдөлмөрийн гэрээний 4.36-д үр дүнгийн гэрээний биелэлт ажпын үр дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан бол хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож, гэрээний 4.2-д заасны дагуу ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Ажилтан Д.Б нь үр дүнгийн гэрээ байгуулаагүй, 2020, 2021 оны үр дүнгийн гэрээг үнэлэх боломжгүй талаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас ирүүлсэн албан тоотоор тогтоогддог. Гэтэл шүүхээс тухайн зөрчлийг гаргасан болохыг ажил олгогч тогтоогоогүй байж хэмээн дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д ажилгүй байсан 117 хоног гэж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцсон нь аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаар захирамж гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааг бүхэлд нь оруулан тооцсон байна. Д.Б албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт ажлын байраар хангахыг Соёл, урлагийн газрын дарга А.Ут даалгасан. Захирамжийн хэрэгжилтийг хангаж Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Бийг тус газрын Соёл урлагийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг анхан шатны шүүхээс тооцохдоо буруу тооцож гаргасан болно.Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Б би, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01269 дугаартай шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тус хэргийн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй, энэ нь анхан шатны шүүхэд гаргаж өгсөн баримт нь хэрэгт ач холбогдолгүй байсан төдийгүй өөрийн татгалзлын үндэслэлээ баримтанд тулгуурлаж тайлбарлаж, үндэслэлтэй няцаалт өгч чаддаггүй зэргээс харагддаг. ОАЗД анхнаасаа хууль бус шийдвэр гаргаагүй байсан бол нэхэмжпэгч намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг нөхөн олгох, мөн өөр албан тушаалд томилох гэсэн асуудал огт үүсэхгүй, үүсэх ёсгүй байсан. Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцож нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, харин нэхэмжлэгч өөр ажил албан тушаал хашсан хугацааны цалин хөлстэй холбогдуулан ажил олгогч маргаан үүсгэх тохиолдолд тухайн ажил олгогч нь бие даасан тусдаа нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй юм. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, энэ нь хэрэгт цугларсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01269 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ОАЗДд холбогдуулан урьд эрхэлж байсан ОАХЗТын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дугаар зүйлийн 69.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л овогт Д-ийн Б /РД:/-ыг ОАХЗТын захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин 6.942.546 төгрөгийг хариуцагч ОАЗДас гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Д.Б нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс ОАЗДтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ОАХЗТын захирлаар ажиллажээ.

Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар Д.Бийг аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан, биелүүлж ажиллах хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй... гэх үндэслэлээр түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Тушаалд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсгийг баримталжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Д.Бийг ОАХЗТын захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Бийг тус газрын Соёл урлагийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон байх ба нэхэмжлэгч Д.Б дээрх албан тушаалд одоо ажиллаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 117 хоногоор тооцсон буруу ба дээрх тушаал гарснаас хойшх хугацаа нь 99 хоног байх тул ОАЗДас 5.875.452 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгох нь зөв болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бн нь шүүхэд давж заалдсан гомдол гаргагч байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч ОАЗД давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01269 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дугаар зүйлийн 69.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л овогт Д-ийн Б /РД:/-ыг ОАХЗТын захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин 6.942.546 төгрөгийг хариуцагч ОАЗДас гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгосугай... гэснийг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар нэхэмжлэгч Д. Бэхбилэгийг ОАХЗТын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5.875.452 төгрөгийг хариуцагч ОАЗДас гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгосугай... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар хариуцагч ОАЗДас улсын тэмдэгтийн хураамж 196.231 төгрөг гаргуулж улсын орлогод хэвээр үлдээсүгэй... гэснийг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар хариуцагч ОАЗДас улсын тэмдэгтийн хураамж 108.957 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай... гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар хариуцагч ОАЗД улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б