Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01073

 

 

 

 

 

 

 

 

2022 06 03 210/МА2022/01073

 

 

Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00993 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,565,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагч Ч.Золжаргал, түүний өмгөөлөгч М.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Э ББСБ ХХК нь Ч-тай 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 04/16 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн 6 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээнд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/16а дугаар зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулан, зээлийн гэрээг 12 сарын хугацаатай сунгаж, дахин 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 04/16в дугаар зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан зээлийн гэрээг 21 сарын хугацаатай тус тус сунгасан. Зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянголын аманд байрлах 2,501 м.кв талбайтай Ч-ийн өмчлөлийн газрыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ч.Золжаргалаас үндсэн зээл 15,912,500 төгрөг, зээлийн хүү 17,689,371 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,963,229 төгрөг, нийт 37,565,100 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Э ББСБ ХХК-аас зээлсэн тайлбарлаж байгаа боловч бэлэн болон бэлэн бусаар мөнгөн хөрөнгийг аваагүй. Өмнө нь МХЗХ 200,000,000 төгрөгийн зээл авсан. Түүнийхээ хүүг Э ББСБ ХХК болон М ХЗХ-ны захирал нар ярилцаж зээлийн хүүү 20,000,000 төгрөгийг зээл хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан. М ХЗХ-ны авсан 200,000,000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг миний нэр зээлийн гэрээ байгуулсан. Э ББСБ ХХК-ийн захирал зээлийн гэрээнд ногоо тарина гэж бичүүлсэн. Тухайн үед зээл авах шаардлага байгаагүй. Зээлийн барьцаалагдсан гэх газрыг М ХЗХ бартераар авсан. М ХЗХ-д бүртгэлтэй боловч захиран зарцуулах, зээлийн барьцаанд байсныг зарж борлуулах үйл ажиллагаа хийгдэх зорилгоор ажилтныхаа нэр дээр түр шилжүүлж болно гэж бүх гишүүдийн хурлын тогтоол гаргасан гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч-д холбогдох 37,565,100 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 415,975.66 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.    Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 451.1, 453.1, 175.1 дэх хэсгийг үндэслэсэн шийдвэрлэснийг шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу Э ББСБ ХХК нь Ч-д 20,000,000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт үйлдэж хүлээлгэн өгсөн тул зээлдэгч нь зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Гэвч анхан шатны шүүх хуулийн энэхүү зүйл, заалтыг үндэслэн Энич финанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуух мөнгөн хөрөнгийг зээлдэгч Ч-д бодитоор өгсөн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Э ББСБ ХХК нь Ч-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээг байгуулж 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Ч-аас зээлийн эргэн төлөлтийг хийж байсан зээлийн эргэн төлөлт бүхий дансны хуулга, бэлэн мөнгө төлсөн баримт хэрэгт авагдсан байхад шүүхээс эдгээр нотлох баримтыг үнэлэлгүйгээр зээлийг бодитоор авсан болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч шаардах эрхтэй нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн.

Шүүх М ХЗХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Д, М.Р, санхүүгийн хэлтсийн дарга О.А нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу. Учир нь эдгээр гэрчүүдийн мэдүүлсэн Ч-ын зээлсэн 20,000,000 төгрөг нь М ХЗХ-ны Э ББСБ ХХК-аас зээлсэн 200,000,000 төгрөгийн хүү гэж үзсэн тайлбар мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асуусан Ч-ын зээлсэн 20,000,000 төгрөг нь М ХЗХ-ны ЭББСБ ХХК-аас зээлсэн гэх зээлийн хэдий хугацааны хэдэн төгрөгийн хүү юу гэх асуултад гэрч  нар зөрүүтэй тайлбар хэлсэн. Хэдэн төгрөгийн хэдий хугацааны хүү гэсэн асуултад хэн аль нь тодорхой хариулт өгөөгүй. Түүнчлэн, М ХЗХ болон Э ББСБ ХХК-ийн хооронд үүссэн 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний асуудлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00284 шийдвэрлэсэн. Тодруулбал, энэ хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, хэргийн материалд гэрч нарын мэдүүлэгт дурдсан 20,000,000 төгрөгийг хүүд тооцож, Ч.З-аар зээл авсан талаар дурдаагүй. Түүнчлэн, эдгээр гэрч нар нь барьцаа хөрөнгө болох Ч.З-ын нэр дээрх газрыг хоршооны өмч гэж тайлбарладаг бөгөөд энэ нь баримтаар нотлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийн хувьд улсын бүртгэлд бүртгэж, эзэмшигчийн нэр дээр гэрчилгээ гарснаар хууль ёсны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч этгээд тодорхойлогддог. Барьцаа хөрөнгө болох газар нь Ч.З-ын эзэмшлийн газар бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, эдгээр гэрч нь ямар ч баримт нотолгоогүй барьцаа хөрөнгийг хүртэл хоршооных гэж худал мэдүүлдэг бөгөөд эндээс үзвэл гэрч нарын мэдүүлэг нь бодит байдалд нийцэхгүй, эргэлзээгүй гэж үзэх нотлох баримтын шаардлага хангахгүй гэдэг нь тодорхой болно.

Э ББСБ ХХК нь М ХЗХ-д 65,000,000 төгрөг зээлүүлэхээр гэрээ байгуулдаг өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ч-д 20,000,000 төгрөг зээлүүлэхээр мөн зээлийн гэрээг байгуулж, зээлийг олгосон. Гэтэл 65,000,000 төгрөгийн зээл олгосон өдрөө 20,000,000 төгрөгийн хүү авсан гэж хариуцагч тал тайлбарлаж, шүүх үүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь алдаатай болсон.

Иргэний хуульд зааснаар зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно. Э ББСБ ХХК нь 20,000,000 төгрөгийг Ч-д хүлээлгэн өгч бэлэн мөнгө хүлээлцсэн кассын баримтад талууд гарын үсэг зурсан. Ч гэх гарын үсэнг зурсан баримт авагдсан боловч гарын үсэг нь хэнийх нь тодорхойгүй тул зээлийн хүүг М ХЗХ төлж байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох бусад хуульд зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч өөрөө төлөх ёстой гэж заагаагүй. Зээлийн эргэн төлөлтийг хэн төлсөн нь хэрэгт ач холбогдолгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Ч нь М ХЗХ-ны өмнөөс түүний өр төлбөртэй холбоотой гэрээнд гарын үсэг зурсан. Энэ зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан тул хүчин төгөлдөр бус. М ХЗХ болон Э ББСБ ХХК-ийн хоорондох 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой хүү 20,000,000 төгрөгт гэрээ байгуулсан. Бэлэн мөнгө өгсөн тухайгаа нэхэмжлэгч нотлож чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар.

 

1.а. Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь хариуцагч Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,912,500 төгрөг, зээлийн хүү 17,689,371 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,963,229 төгрөг, нийт 37,565,100 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... М ХЗХ-ны өмнө нь авсан зээлийн хүүг дахин зээл олгосон гэрээ байгуулж , бэлэн мөнгөний баримтад гарын үсэг зуруулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй ... гэж маргажээ.

 

1.б. Талуудын хооронд 2016 оны 03 дугаар зүйлийн 31-ний өдөр 04/16 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр зээлдэгч Э ББСБ ХХК нь зээлдэгч Ч-д 20,000,000 төгрөгийг зээлэх, зээлдэгч нь 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд сарын 2,5 хувийн хүүгийн хамт гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

2. Зохигчид мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн эсэх талаар маргаантай байна.

 

2.а. Нэхэмжлэгч Энич финанс ББСБ ХХК нь хариуцагч Ч.Золжаргалд зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр олгосон гэж кассын зарлагын баримтыг шүүхэд гаргасан. Харин хариуцагч Ч ... Э ББСБ ХХК-аас М ХЗХ-ны өмнө нь авсан 200,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой 20,000,000 төгрөгийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг шилжүүлэн аваагүй... гэж тайлбарлаж, гэрч асуулгах хүсэлт гарган мэтгэлцжээ.

 

2.б. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь хариуцагч Ч-д зээлийн данс нээсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Ч-ын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн хүсэлтэд ... М ХЗХ-д жолооч ажилтай, сарын 2,900,000 төгрөгийн цалинтай...ногоо тарих зориулалтаар... гэж бичсэн боловч түүнийг бизнес эрхэлдэг талаар баримтгүй байхад хүсэлт гаргасан гэх мөн өдөр нь зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөг олгосон гэж кассын зарлагын баримт үйлдсэн байна. (1 хав-37-38х)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарна. Гэрч М ... Ч манай хоршоонд ажилладаг. 20,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй. 200,000,000 төгрөгийн зээл аваад төлж чадахгүй, түүний хүү нэмэгдсээр 20,000,000 төгрөг болсон. М ХЗХ-ны төлөх ёстой өрөнд гэрээг байгуулсан... гэж мэдүүлсэн байна. (1хав-141х)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Дээрх гэрчийн мэдүүлэг, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн кассын зарлагын баримт, зээлдэгчид хуульд заасан журмын дагуу зээлийн данс нээгээгүй байдал зэрэг талуудын тайлбарыг харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь хариуцагч Ч-д 2016 оны 03 дугаар зүйлийн 31-ний өдөр 04/16 дугаар зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн хариуцагч Ч-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 37,565,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.

 

3. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зуслан Баянголын ам, 2,501 м.кв талбай бүхий Ч-ын өмчлөлийн газрыг барьцаалсан байна. (1 хав-10-12х)

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь хариуцагч Ч-д зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй буюу зээлийн гэрээний үүргийн үндсэн үүрэг үүсээгүй тул гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч Ч-ыг зээлээ буцаан төлж байсан гэх нөхцөл байдлыг нэхэмжлэлээ дэмжих үндэслэлдээ дурдсан боловч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 05 дугаар марын 24-ний өдрийн хоорондох зарлагын болон бэлнээр зээлийн төлбөрийг төлсөн гэх баримтад зурагдсан гарын үсэг хоорондоо адилгүй, Ч эдгээрийг няцаасан тайлбар гаргасан. Нэхэмжлэгч бусад этгээд Ч-ын өмнөөс зээлийг төлсөн байж болно гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. (1 хав-72-81х)

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00993 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 346,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ