Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/00178

 

Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03771 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Г, Б.У нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30,066,178 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тилеген, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Зээлдэгч Ц.Г, Б.У нар Т.Б ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 105400326038 тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 105400326038 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Хамба *** гудамж *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах *** м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг барьцаалуулсан.

1.2.Банк зээлийн гэрээний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлдэгч Ц.Гийн Т.Б ХХК дахь 10540032601 тоот харилцах дансанд 30,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитой олгосон.

1.3.Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг cap бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг өгч, биечлэн уулзаж шаардлага тавьж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй.

1.4.Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлд 9,552,387.29 төгрөг, хүүд 12,766,841.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 772,105.28 төгрөг, нийт 23,091,333.78 төгрөг төлсөн, өнөөдрийг хүртэл зээл 20,447,612.71 төгрөг, үндсэн хүү 9,405,659.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,905.01 төгрөг, нийт 30,052,177.67 төгрөгийн төлбөр хуримтлагдсан.

Иймд зээлдэгч нараас дээрх төлбөр болон нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 30,066,177.67 төгрөг гаргуулж өгнө үү.

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Б.У-ийг хариуцагчаар татсан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь нэхэмжлэгчтэй зээлийн эрх зүйн харилцаа үүсгээгүй.

2.2.2019-2022 онуудад давагдашгүй хүчин зүйл үүссэн буюу Ковид-19 цар тахлын улмаас зөвхөн бид гэлтгүй Монгол Улс өртөж, Монгол Улсын Засгийн газраас банкны зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулах арга хэмжээ авсан байтал Т.Б ХХК биднийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд зээлийн гэрээ цуцлах нөхцөл үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Ц.Г, Б.У нараас 20,510,421.35 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,555,756.32 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Н.Ц-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Хамбын *** дугаар гудамж *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаар, Г-*** дугаартай, *** м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Хамбын *** дугаар гудамж *** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн *** дугаар, Ү-*** дугаартай, *** м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай (хувийн сууцны зориулалттай) үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,480.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 260,502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 9,555,756.32 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон зээлдэгчтэй утсаар ярьсан тэмдэглэл зэргийг үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагч нар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээл, хүү тооцооллын хуудсаар тогтоогдож байхаас гадна хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй. Иймд банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

4.2.Хариуцагч Б.У нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ковид-19 цар тахлаас шалтгаалан зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг банкинд гаргаж байсан ч тухайн хүсэлт гаргах өдрийн байдлаар нийт 5,002,860.58 төгрөгийн зөрчилтэй байсан. Тухайн зөрчлийг бүрэн арилгасан тохиолдолд хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байсан ч зөрчлөө арилгаагүй тул шаардлага хангаагүй. Зөрчил арилгаагүй нь зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтээр нотлогдоно.

4.3.Гэрээг цуцалсан гэж шүүхийн үзсэн хугацаа болох 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2021 оны 10 дугаар сарын 27, 2022 оны 03 дугаар сарын 02, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд хариуцагч нарт зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай нэмэлт хугацаа олгож мэдэгдлийг 3 удаа гардуулсан бөгөөд тухайн мэдэгдэл тус бүрд зээлийн гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөр, түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг өссөн дүнгээр нэмэгдүүлж байсан. Банк өөрийн эрхийн хүрээнд зээлдэгч нарт хугацаа олгож зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг өгч байсан.

4.4.Мөн зээлийн төлөлтийг хойшлуулахаар тохиролцсон гэж үзэх, банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлөлтийг шаардах эрхээ өөрт ашигтай байдлаар ашигласан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байхад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.8, 19.3 дахь хэсгийг баримтлан үндсэн зээлийн төлбөр төлөгдөж эхлээгүй гэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээг цуцалсан гэж үзэж, 9,555,756.32 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль болон гэрээний заалтыг илтэд зөрчиж байна Банкны дотоод үйл ажиллагаанд мөрдөгддөг Зээлийн үйл ажиллагааны журамд хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээлийн зориулалтыг Банкнаас хянахгүй гэсэн зохицуулалттай байдаг тул хариуцагч нарын зээлд хяналт тавих боломжгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн 30,066,177.67 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 9,555,756.32 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож 30,066,177.67 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг бүхэлд нь хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Т.Б ХХК нь хариуцагч Ц.Г, Б.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 20,447,612.71 төгрөг, үндсэн хүү 9,405,659.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,905.01 төгрөг, нийт 30,066,177.67 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 30,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 13-15 дахь тал)

Дээрх гэрээгээр нэг талын илэрхийлсэн хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон, гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, мөн гэрээгээр хүү тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид зээл 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 23,091,333.78 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй.

 

5.Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дууссаны дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцлагдсан гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Шүүх хариуцагч талын мэтгэлцээгүй үндэслэлээр буюу зээлдэгч зээлийг өөр зориулалтаар ашигласан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлдүүлэгч банкны мэдэгдлүүдийн дагуу зөрчлийг арилгаагүй, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон буюу банкны санаачилгаар зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал бий болсон гэх дүгнэлт хийсэн нь буруу байна. Хариуцагч тал зээлийн гэрээг цуцлах үндэслэл үүсээгүй гэсэн тайлбар гаргасан байгааг анхаараагүй байна.

Гэрээг цуцлах нь эрх бүхий этгээдийн хэрэгжүүлэх эрх бөгөөд энэ эрхээ шударгаар хэрэгжүүлэх ёстой ч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал бий болсон гэх баримт хэрэгт авагдаагүй.

 

6.Харин хариуцагч нар нь 2019-2022 онуудад давагдашгүй хүчин зүйл болох Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас улмаас Монгол Улсын Засгийн газраас банкны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авсан байхад Т.Б ХХК биднийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэгчийн мэдэгдэл, хариуцагч Б.Ууганцэцэгийн хүсэлтээс үзэхэд, хариуцагч нар нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоол, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А-100 дугаар тушаалаар батлагдсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журамд заасны дагуу зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах хугацааны талаар тодорхой санал гаргаагүй, түүнчлэн тухайн үед зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 179 хоногоор хэтрүүлж 5,002,860 төгрөг төлөөгүй зөрчлийг хэрхэн төлөх, гэрээний төлбөрийн хуваарийн өөрчлөлтөд тусгаж хойшлуулах эсэх хүсэл зоригоо илэрхийлээгүй байна. (хэргийн 32, 35 дахь тал)

Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдал зээлдэгчийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлснийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

7.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний хариуцлага болох хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Талууд зээлийн гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд ... хугацаандаа төлөөгүй зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 198,905 төгрөг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 20,447,612.71 төгрөг, зээлийн хүү 9,405,659.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,905.01 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэстэй.

 

9.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд, анхан шатны шүүхээс тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

9.1.Нэхэмжлэгч Т.Б ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Ц.Г, Б.У нартай байгуулж, Н.Цэцгээгийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Хамба *** гудамж *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, ***м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай, ** м.кв талбайтай өмчлөлийн газрыг тус тус барьцаалахаар тохирчээ. (хэргийн 16-17, 24-28 дахь тал)

9.2.Хариуцагч Ц.Г, Б.У нар нь Н.Цэцгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар барьцааны гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.

Өөрөөр хэлбэл, дээрх барьцааны гэрээний барьцаалуулагч нь Н.Цэцгээ бөгөөд барьцаалагч Т.Б ХХК нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг барьцаалуулагч болох Н.Ц-д гаргах учиртай.

9.3.Нэхэмжлэгч нь барьцаалуулагч Н.Ц-г хариуцагчаар тодорхойлоогүй, уг барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Ц.Г, Б.У нараас шаардах эрхгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ. Иймд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь барьцаалуулагч Н.Ц-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад тус магадлал саад болохгүй.

 

10.Мөн шүүхийн шийдвэрт хариуцагч нараас нотариатын зардал 14,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн атлаа маргаанд хамаарах Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

11.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт болон хариуцагч нараас 30,066,177 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, 2 дахь заалтад хариуцагч нарт холбогдуулан гаргасан Н.Ц-ийн өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, мөн 3 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/03771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Г, Б.У нараас 30,066,177 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.Г, Б.У нарт холбогдох Н.Ц-н өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, угаар хороо, Хамба *** гудамж *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, ** м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-***дугаартай, *** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж,

3 дахь заалтын 260,502 гэснийг 308,281 гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,843 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА