Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02054

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02054

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/02874 дүгээр шийдвэртэй,

А-ийн нэхэмжлэлтэй Б ОНӨААТҮГ-т холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, хүн амын орлогын татвар болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянга, хариуцагчийн төлөөлөгч Ц.Цогтсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс Б ОНӨААТҮГ-т хуулийн зөвлөх, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажилд томилогдон ажиллаж байгаад захирлын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/98 тоот тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авсан. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ гаргасан боловч 4 сарын дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгууллагаас өргөдлийн хариу болгож Б ОНӨААТҮГ-ын Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03 тогтоолоор орон тоо хасагдсан тул ажилд эргүүлж авах боломжгүй тухай албан бичгийг өгсөн.

Ажил олгогч ажлаас чөлөөлсөн шийдвэр, мэдэгдэх хуудсыг өгөөгүй атлаа ажил үүрэг гүйцэтгэх боломжоор хангахгүй байна. Иймд хуулийн зөвлөхийн албан тушаалтай дүйцэхүйц ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилдаа орох өргөдөл гаргасан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, хүн амын орлогын татвар болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А- нь тус газрын хуулийн зөвлөх, ТУЗ-ийн нарийн бичгийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Б ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоо, цалингийн санг Төлөөлөн удирдах зөвлөл баталдаг. ТУЗ-ийн 2021 оны 02 дугаар сарын 26, 2021 оны 08 дугаар сарын 31, 2021 оны 10 дугаар сарын 13-ны тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог батлахдаа хуулийн зөвлөх шаардлагагүй гэж орон тоог нь хассан, гүйцэтгэх захирал нь тогтоолыг зөрчиж бүтэц орон тоо, цалингийн санд өөрчлөлт оруулах бие даасан эрх үүрэггүй байдаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаар шийдвэр гарах боломж байхгүй.

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан орон тоо бүтэц, цалинг мөрдөх дүрэмтэй бөгөөд тус газрын захирал уг дүрэм журмыг зөрчиж орон тоо, цалингийн тушаал гаргах эрх байхгүй бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргатай хийсэн гэрээ контрактын дагуу ТУЗ-ийн шийдвэрийг мөрдлөг болгон ажиллах шийдвэртэй байдаг.

Түүнчлэн А- нь ТУЗ-ийн нарийн бичгийн ажлыг хавсарч гүйцэтгэдэг байсан үед албан ёсоор ТУЗ орон тоо цалин батлаагүй байсныг бүтэц орон тоондоо оруулж ТУЗ-ийн нарийн бичгийн орон тоо, цалинг баталж түүнд ажиллах хүнийг ТУЗ-ийн хурлаар баталсан. Ер нь ТУЗ-ийн гишүүн болон нарийн бичгийн орон тооны хүнийг ХУД-ийн ИТХурлаар баталдаг тул тус газарт ямар нэгэн ТУЗ-ийн гишүүн болон нарийн бичгийн батлах эрх олгогдоогүй. Дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж, ажилтанд өөр ажил албан тушаалын орон тоо санал болгосон өргөдлийн хариуг өгсөн. Энэ асуудлаар ТУЗ-тэй маргах ёстой гэж үзэж байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.4 дахь хэсэгт заасныг баримтлан А-тэй Б ОНӨААТҮГ-ын хуулийн зөвлөхийн ажлын байртай адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг Б ОНӨААТҮГ-т даалгаж, нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулж, хүн амын орлогын татвар болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам-ыг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны А/06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журам-д зааснаар нийслэлийн буюу орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл нь тухайн байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн санг батлах эрхтэй байх бөгөөд гүйцэтгэх захирлын дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Мөн Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнээс үзвэл ОНӨААТҮГ-ын захиралд байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн санг дур мэдэн, бие даан тогтоох, нэмэх, хасах эрх хэмжээ олгогдоогүй буюу тухайн шийдвэрийг бие даан гаргах боломжгүй. Шүүх уг асуудалд зөв дүгнэлт хийж, төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар тогтоолоор тус байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн батлахдаа хуулийн зөвлөхийн орон тоог байхгүйгээр тогтоосон талаар зөв дүгнэлтийг хийсэн атлаа нэхэмжлэгчийн ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.4,135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т заасан зохицуулалтыг харахад ажлын байрыг нь хэвээр хадгалах үүргийг хуульчилж өгсөн байх бөгөөд энэ үүрэг ОНӨААТҮГ-ын захиралд олгогдоогүй болох нь дээр дурдсанаар тогтоогдсон. Нэгэнт энэ үүргийг хэрэгжүүлэх боломж байхгүй болох нь тодорхой байхад үүргээ хэрэгжүүлээгүй мэтээр дүгнэлт хийж, хариуцагчийг буруутгаж буй нь буруу. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт ажилтантай тохиролцсоны үндсэн дээр хэрэгжих боломжтой байхаар тусгагдсан. Хариуцагчийн зүгээс А-т сул байгаа бодит орон тоог санал болгож, зөвшилцөх оролдлогыг хийсэн боловч А- нь хүлээн зөвшөөрөөгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсгийн зохицуулалт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглох талаарх зохицуулалт байх бөгөөд А-ийг ажлаас чөлөөлсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон зүйл огт байхгүй буюу энэ талаар захирлын тушаал, шийдвэр огт гараагүй. Харин ч өнөөдрийг хүртэл хугацаанд түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөөр ирсэн тул хуулийн энэхүү зохицуулалтыг шүүхийн шийдвэр гаргах үндэслэлээ болгосон нь буруу гэж үзэж байна. А-ийн өмнө эрхэлж байсан ТУЗ-ийн нарийн бичгийн ажил, албан тушаалд эргэн ажиллах боломжтой талаар түүнд танилцуулж байсан боловч тэрээр зөвхөн орон тоо хасагдсан хуулийн зөвлөх-ийн ажил, албан тушаалдаа орох сонирхолтой байна гэдэг. А- нь орон тоог хасаж баталсан Төлөөлөн удирдах зөвлөлтэй буюу тухайн зөвлөлийн гаргасан тогтоол, хуулийн зөвлөхийн орон тоог үндэслэлгүйгээр хассан, буцаан нэмж батлаагүй эс үйлдэхүй буюу хуулийн зөвлөхийн эрхлэх ажил, албан тушаалын чиг үүргийг өөр ажлын байр руу шилжүүлээгүй эс үйлдэхүйтэй маргах, хариуцагчаар Төлөөлөн удирдах зөвлөлийг татаж, маргах ёстой байсан гэж үзэж байна.

Шийдвэрт ...нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажил албан тушаал нь одоогийн ямар албан тушаал, ажлын байртай тохирохыг тогтоох боломжгүй гэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд энэ талаарх асуудал хэлэлцэгдсэн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалтай дүйцэхүйц ганц л албан тушаал байгаа нь хүний нөөцийн мэргэжилтний ажил, албан тушаал болох талаар тайлбарладаг. Тухайн албан тушаалд А-ээс өмнө томилогдсон ажилтан ажиллаж байгаа, өөр дүйцэхүйц ажил, албан тушаал байхгүй болох нь ч төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, орон тоог баталсан тушаалаас тодорхой харагддаг.

Дүйцэхүйц ажил, албан тушаал байхгүй болох нь тодорхой байгаагийн зэрэгцээ өөр ажилд авч ажиллуулах боломж буюу эрх хэмжээ, цалингийн сан хариуцагчид байхгүй, эрх олгогдоогүй болох нь тогтоогдсоор атал даалгасан шийдвэр гаргаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагч нь А-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн ижил төстэй орон тоо буюу хүний нөөцийн орон тоонд хүн авсан учраас тухайн орон тоонд томилох боломжгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ОНӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, хүн амын орлогын татвар болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч А- Б ОНӨААТҮГ-т 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тус газрын хуулийн зөвлөх, ТУЗ-ийн нарийн бичгийн ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан ба тус газрын захирлын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/98 дугаар жирэмсний амралт олгох тухай тушаалаар хуулийн зөвлөхийн албан тушаалаас жирэмсний амралт авсан байна /хх 54-61, 97, 103/.

 

4. Б ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот тогтоол, 2021 оны 10 дугаар зүйлийн 13-ны өдрийн 06 тоот тогтоолоор тус тус байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа хуулийн зөвлөхийн орон тоог хассан /хх 66-72, 81-83/.

 

4.а Нэхэмжлэгч А- нь хүүхэд асрах чөлөөтэй байх үедээ 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орох хүсэлтийг бичгээр гаргасан, уг хүсэлтэд тус газрын захирал Ц.Цогтсайхан нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 51 тоот албан бичгээр ...Б ААТҮГ-ын ТУЗ-ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот тогтоолоор шинэчлэн баталсан бүтэц орон тоонд таны гүйцэтгэж байсан хуулийн зөвлөх гэх орон тоог тус газарт шаардлагагүй гэж үзэн хасаж баталсан... гэх хариу өгчээ.

 

4.б Б ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлд тухайн байгууллагын бүтэц, орон тоог батлах бүрэн эрх хадгалагдаж буй нь хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг ажил олгогч хэвээр хадгална, 135 дугаар зүйлийн 135.1-д Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ.

Иймд хэдийгээр бүрэн эрхийн дагуу хариуцагч байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл нь хуулийн зөвлөхийн орон тоог хассан байх боловч нэхэмжлэгч А-ийн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа эрх зүйн байдлыг хуулиар хамгаалсныг мөрдөж, түүний ажлын байрыг хариуцагч нь ажил олгогчийн хувьд хадгалах үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, урьд ажиллаж байсан хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж заасны дагуу хуулийн зөвлөхийн ажлын байртай адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

4.в Нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд уг асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

5. Хариуцагч байгууллагын зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлөөс орон тоог хассан, үүнээс давсан шийдвэрийг гүйцэтгэх захирал гаргах боломжгүй, ажлын байрыг хадгалах үүргийг захиралд олгоогүй, энэ асуудлаар ТУЗ-тэй маргах ёстой байсан, өөр ажил санал болгоход нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, одоо санал болгох өөр ажлын орон тоо байхгүй гэж давж заалдах гомдол гаргасан.

 

5.а Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.4, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар Б ОНӨААТҮГ нь нэхэмжлэгчийн ажлын байрыг хадгалах үүрэгтэй байсан талаар эрх зүйн дүгнэлтийг өмнөх хэсэгт өгсөн. Төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх захирал тухайн асуудлыг хариуцах эсэх нь Б ОНӨААТҮГ-ын дотоод бүтцийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүхээс гарах шийдвэрт энэ нь нөлөөлөхгүй.

 

5.б А- ажилдаа эргэн орохоор хүсэлт гаргасан байхад ажил олгогч нь ТУЗ-ийн тогтоолыг үндэслэн орон тоо хасагдсан үндэслэлээр ажил үүргийг гүйцэтгүүлээгүй буюу шийдвэрлээгүй нөхцөлд түүнийг ажлаас чөлөөлсөнтэй адилтган үзэж санал болгох өөр ажлын байр байгаа эсэхээс үл хамааран Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт зааснаар хуулийн зөвлөхийн ажлын байртай адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг даалгасан нь үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

 

6. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний дараах өөрчлөлтийг оруулна.

 

6.а Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзээд шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэх зохицуулалтад нэхэмжлэгчийн гомдол хамаарах байхад шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримталсан,

мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

6.б. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг дутуу бичихийн зэрэгцээ хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт холбогдох тэмдэгтийн хураамжийг гаргуулаагүйг зөвтгөнө.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/02874 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...158 дугаар зүйлийн 158.1.1... гэснийг ...158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 гэж өөрчилж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж өөрчилж, ...Улсын тэмдэгтийн хураамжийн... гэсний дараа ...тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2... гэж нэмж, ...дурдсугай гэснийг дурдаж, хариуцагч Б ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ