Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 00177

 

    Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Г.А , түүний өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Ш.Т , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шижирбаатарын Ш.Т т холбогдох эрүүгийн 1715000650025 дугаартай, 132/2017/0171/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ш.Т 

Холбогдсон хэргийн талаар:

Ш.Т  нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт Хялганат тосгоны харъяат хохирогч Г.А ыг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т ын өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Г.А тай 17 цагийн үед яриад уулзах уу? гэж асуухад тэгье гэхээр нь Улаан худагны тэнд байна хүрээд ир гэхэд ирсэн. Тэгээд бид хэд дэлгүүр ороод 0.75 летрийн нэг шил архи, ундаа, идэх зүйл аваад Хялганат тосгоноос гарах уу? гэхэд бүгд тэгь гэж хүлээн зөвшөөрөөд гарсан. Явж байгаад замдаа зогсоод жолооч Сүхбаатар архи задалж нэг нэг хундага архи хийж өгсөн. Хийж өгсөн архийг нь уучихаад Г.А ыг уухгүй гэхэд нь баяр ёслол болж байгаа юм байна нэг татчих гэхэд Г.А  нэг татсан. Түүнээс хойш Г.А ыг дахиж архи уу энэ тэр гэж шахсан зүйл байхгүй. Тэгээд цаашаа явж байгаад Харцагын гүүрэн дээр зогсож жолооч Сүхбаатар машинаас буугаад бие засчихаад ирье гээд явсан. Тэр хооронд Г.А  бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Ямар ч эсэргүүцэл байгаагүй. Цаашаагаа хөдөлж Сэлэнгэ сумын Ингэт гэх газарт очиход гараажны хажууд Лхагвасүрэн найз нөхдийн хамтаар уугаад сууж байсан. Тэгээд бид очиж хамт уугаад суусан. Орой тоглолт болж байхад манай ангийн хүүхдүүд цуглаж байна гэхээр нь очиж уулзчихаад эргээд ирье гэж бодоод явсан. 30-40 минутын дараа эргээд ирэхэд Г.А  болон тэр газар байсан хүмүүс бүгд байхгүй байсан. Тэр үед Лхагвасүрэн байгаагүй бол би ажлаа хийгээд л, Г.А  сургуульдаа сураад байж байх байсан. Г.А  намайг хүчээр машинд суулгаад хүлээд аваад явчихсан гэж мэдүүлдэг. Тэр үед машинд суулгаад явж байгаад зогсоод дэлгүүр ороход Сүхбаатар бид хоёр орсон. Үнэхээр би хүчээр авч явсан бол жолооч бид хоёрыг дэлгүүр орох хооронд зугтаах боломж зөндөө байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А ын өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр над руу Ш.Т  утсаар залгаж Улаан худгын тэнд байна хүрээд ир гэж залгахаар нь яваад очсон. Намайг явж очоод машинд суухад нэг танихгүй ах, Ш.Т  хоёр байсан. Тэгээд намайг машинд суулгаад хөдлөөд дэлгүүр орох үед жолоо барьж байсан ах дэлгүүр орсон. Ш.Т  надтай хамт машин дотор байсан ба тэр хооронд намайг нэг найзыгаа дуудчих, орой би хүргээд өгье гээд байсан. Тэгэхэд нь би дуудаагүй. Дэлгүүрээс архи, чихэр, талх, хиам зэргийг авчихсан гарч ирсэн. Тэгээд цаашаа явж байгаад замдаа зогсож байгаад архи задалж уусан. Намайг архи уу гэхээр нь уухгүй гэхэд ам хамрыг маань барьж байгаад хүчээр уулгасан. Би архи ууж чаддаггүй болохоор амархан согтсон. Жолоочийг машинаа бариад явж байх хооронд намайг хүчиндсэн. Энэ үед би ухаангүй байсан болохоор юу болж байгааг сайн мэдэхгүй байсан. Нэг сэрээд харахад машин дотор байсан ба гадаа харанхуй болсон байсан. Машинаас гараад ирэхэд Ш.Т , Лхагвасүрэн нар болон танихгүй хүмүүс тойроод суучихсан архи, пиво уугаад сууж байсан. Лхагвасүрэн намайг чирээд явж байхад Ш.Т  хажууд байсан мөртлөө надад огт туслаагүй. Намайг чирээд нүх рүү оруулсан гэв.

1715000650025 дугаартай эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэрч Ө.Алтанзулын өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөөний 06 цагийн үед манай ээлжийн сувилагч Эрдэнэчимэг надруу утсаар дуудаад эмэгтэй хүн хүчиндүүлсэн дуудлага ирлээ гэж эмнэлэг дээр дуудсан. Тэгэхээр нь өглөөний 06 цаг өнгөрөөд эмнэлэг дээр очиход хэсгийн төлөөлөгч Отгонбаяр, танихгүй нэг охин байсан. Тэр Г.А  гэх охин нь 18-19 насны гэмээр харагдсан ба асуумж асуухад Хялганат тосгонд байдаг, гар утасандаа нэгж авах гээд дэлгүүр явахад цагаан өнгийн машинтай хүмүүс машиндаа суулгаад согтоогоод хүчиндсэн гэж ярьсан. Хойд зүгээс ирсэн гэсэн ба ямар нэгэн баримжаа байхгүй, асуултанд хариулаад байгаа боловч орж гарсан байдалтай согтуу байсан. Охины биед нь үзлэг хийхэд их эмч Бүжинлхамыг шаардлагатай гэж бодоод дуудуулсан. Уг охины биед Бүжинлхам эмчийн хамт үзлэг хийхэд: Плажтай, турсик байхгүй байсан ба плаж нь хормой хэсгээрээ урагдсан байсан. Зүүн талын эгэм дээр нь хөхөрсөн, бөгс, гуяан дээр арьс нь шалбарсан шинэ шархтай, бэлэг эрхтнээс нь цусархаг зүйл гараад гуяанд нь наалдсан мөн үс наалдсан байдалтай байсан. Бэлэг эрхтэн болон анусны орчим гадна бэлэг эрхтэн дээр бэлгийн үү /ургацаг/ 3-4 ширхэг гарсан байсан. Тэгэхээр нь тухайн охины бэлэг эрхтэнээс арчидас авч хэсгийн төлөөлөгчид өгсөн. Мөн охины биед үзлэг хийсэн талаараа тэмдэглэл бичсэн. Зүрх, даралт, амьсгал нь хэвийн биед өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

Гэрч Г.Ганцэцэгийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 09-ний орой Сэлэнгэ сумын Соёлын төвд 19 цагаас тоглолт болно гэж байсан болохоор нөхөр Ганзоригийн хамт Соёлын төвд очсон. Тэгээд Соёлын төвийн гадаа Ш.Т тай тааралдахад халамцуухан байсан. Тэндээсээ Ш.Т , Ганзориг хоёр юм ярьж явсаар байгаад Соёлын төвийн ар талд байх дугуй засварын хажуу талд очиход Лхагвасүрэн, танихгүй 2 залуу, нэг танихгүй охин байсан. Тэд нарын хажуу талд Сүхээ гэх хүний саарал өнгөтэй суудлын машин байсан. Ганзориг бид хоёр явлаа гэхэд ажил хийж ирчихээд ахдаа ганц пиво аваад өгчих гэж Лхагвасүрэн хэлэхэд Ганзориг бид хоёр яваад нэг шил 0.75 литрийн “Хар чингис” нэртэй архи, нэг сав 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво авч өгсөн. Пивыг тэр хүмүүс ууж байхад нэг цагаан өнгийн машинтай хүмүүс ирээд Ш.Т тай уулзаад яваад өгсөн. Тэдгээр хүмүүс нь архи пивоноос уугаагүй. Ганзориг бид хоёр явах гэсэн чинь Ганзоригийг андтайгаа хэсэг байж байгаад яваач гэхээр нь би Ганзоригийг аваад явсан. Тэр үед цаг хэд болж байсныг мэдэхгүй харанхуй болж байсан. Тэнд хүмүүс хоцорсон.

...тэр танихгүй охин их согтсон байсан..., би Ш.Т т чи яах гэж эмэгтэй хүнийг ийм олон залуучуудын дунд авч явж байгаа юм бэ гэхэд удахгүй гэрт нь хүргэж өгнө гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

Гэрч Э.Сүхбаатарын өгсөн: Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн үед хотоос өөрийн **-**УБҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Хонда инсайт маркийн машинтайгаа найз Ш.Т , Лхагваа, Сайнаа нарын хамт Сэлэнгэ суманд ирж хөдөө Ш.Т ынд хоносон. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 09-ний 12 цагийн үед хөдөөнөөс сумын төв руу Ш.Т  түүний 2 эмэгтэй дүү, Лхагваа, Сайнаа, Охиноо нарын хамт наадам үзэх гэж ирсэн. Ингээд 15 цагийн үед Лхагваа, Сайнаа нарын хамт голын эрэг орж тэнд пиво задлаад байж байтал Төмөрөө Батаагаар хүргүүлж ирсэн. Араас нь Лхагваа, Төмөрөө нарын найз гээд морь, мотоцикль, машинтай залуучууд ирж 2 шил архи, 2.5 литрийн пиво 2-ыг хувааж уусан. Тэгээд Лхагваа, Төмөрөө, Сайнаа нарын хамт голын хойшоо 2 дугаар баг руу явсан. Тэгтэл Төмөрөө нэг эмэгтэй хүн руу залгаад мэнд мэдээд уулзах уу, хаана байгаа юм бэ гэж яриад 2 уулаа улаан худагны хажууд уулзъя гээд ярьж байсан. Тэгээд Төмөрөө намайг Хялганат яваад ирье тэндээс найзыгаа аваад ирье гэхээр нь Ш.Т  бид хоёр Хялганат явж Улаан өнгийн гүний худагны хажууд зогсоход цагаан торон плажтай хүүхэн ирсэн. Тухайн үед Төмөрөө машин барьж явсан бөгөөд би дэлгүүр оръё гээд Төмөрөө нэг хүнсний дэлгүүрийн гадаа очиж зогссон. Тэгтэл Төмөрөө нэг шил архи аваарай гэхээр нь дэлгүүрээс 0.5 литрийн Улаанбаатар архи нэг шил 2.5 литрийн кола ундаа, 3 ширхэг хиам, бохь, тамхи авсан. Ингээд Төмөрөө Сэлэнгэ сумын зүг модон дундуур явж байснаа зогсоод намайг архиа задлаад тойруулчих гэхээр нь би задлаад цаасан нэг удаагийн аяганд архи хийж Төмөрөөд өгсөн. Дараа нь Амараа гэх эмэгтэйд өгөхөд авахгүй байсан тэгтэл намайг машинаа жолоод гээд Төмөрөө өөрөө арын суудал дээр Амраагийн хажууд суугаад Амраад архи уулгаад аягыг нь надад өгсөн. Тухайн архинаас Төмөрөө, Амраа гэх эмэгтэй нэг нэг хундага уусан би жолоогоо барьж цааш явсан. Хэсэг явж байтал Төмөрөө “та зогсчих архиа нэг тойруулчих” гэхээр нь би машинаа зогсоож Төмөрөөд эхлээд өгсөн дараа нь Амраад өгөхөд тэрээр шууд л уугаад өгсөн. Тэгээд цааш явахад Төмөрөө, Амараа хоёр бие биенийгээ “хайраа” гэж дуудаад тэврэлдээд үнсэлдээд байсан. Тэгээд Шаварын гүүр өнгөрөөд явж байтал миний саарал өнгийн Жордан гэх бичигтэй урд талын 2 сандалын дунд байсан цамцыг авч хаалт хийсэн байхаар нь би толио дээшлүүлсэн энэ үед тэр 2 үнсэлдээд л байсан. Хэсэг яваад би зогсож хүндээр бие засчихаад машинаа жолоодож цааш явсан. Тэгээд сумын соёлын төвийн хойно байрлах модны тэнд зогсож би машиныхаа түлхүүрийг Төмөрөөд өгсөн. Тэгтэл араас Лхаваа, Сайнаа нар мотоцикльтой ирж 5 уулаа архиа задалж уусан. Ингээд ар араасаа сумын залуучууд ирж архи, пиво уугаад л байсан энэ үед харанхуй болсон байсан болохоор хэн хэн байсныг нь танихгүй байсан. Ямар ч байсан жоохон Зоригоо, эхнэр Ганцэцэгийн хамт ирээд надад архи авч өгөөд хувааж уучихаад явсан. Би нилээн согтоод соёлын төвийн гадаа байж байтал Нямжав ирээд дээшээ айлд оччихоод намайг Төмөрөөгийн гэрт унтуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

Гэрч Г.Алтансүхийн өгсөн: ...тэнд Лхагвасүрэн ах, Ш.Т  ах, танихгүй нэг эмэгтэй, Сүхээ ах, Сайнаа гэх ах нар архи ууж байсан. Ингээд байж байтал Ш.Т  ах надад хандан “чи энэ эмэгтэйг Хялганат руу хүргээд өгчих гээд машинд суулгасан тэгэхээр нь би шатахуун багатай байгаа та 10000 төгрөг олоод өгчих гэсэн чинь за тэр бол асуудалгүй гэж хэлсэн. Тэр хүүхэн машинд суусны дараа намайг Хялганатад хүргээд өгөөч аав, ээж дээрээ очмоор байна гээд согтчихоод уйлаад байсан. Машинд 5-10 орчим минут байсны дараа би машинаас бууж найз Хишигбаатарт хандан наад эмэгтэйгээ машинаас буулгачих бөөлжих гээд шүлсээ хаяад байна гэж хэлсэн. Тэгтэл Лхагвасүрэн ах хаалгыг нь онгойлгоод Хишигбаатар буулгасан. Хэсэг хугацааны дараа миний барьж явсан машины эзэн урдаас мотоцикльтой ирээд машинаа авсан. Би мотоциклийг нь унаад гэр руу нь явсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

Гэрч Б.Ганзоригийн өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 09-ний 19 цагийн үед хөдөө Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг Нугад байх гэрээсээ эхнэр Ганцэцэгийн хамт мотоцикльтой сумын төв руу орж ирсэн. Тэгээд 21 цаг өнгөрч байхад эхнэрийн хамт Соёлын төв орсон. Хэсэг юм үзэж байтал гэрээс залгаж хүүхэд чинь уйлаад байна гэхээр нь эхнэрийн хамт Соёлын төвөөс гараад явж байтал дугуй засварын хажууд хүмүүс байхаар нь очиход Лхагвасүрэн ах, Ш.Т , цагаан инсайт машины жолооч Сүхээ, танихгүй тарган залуу нар байсан. Тэгээд надаас Лхагвасүрэн ах ганц шил юм аваад өгөх боломж байна уу гэсэн. Би Сүхээ ахтай уулзаагүй удсан байсан болохоор тэгье гээд дэлгүүр явж 0.75 литрийн Чингис нэртэй архи 2.5 литрийн пиво авч очсон. Би эхлээд пиво тойруулаад байж байтал машины цаанаас нэг эмэгтэй Төмөрөө би чамд хайртай гээд орилоод байсан. Бид нар модон дээр суугаад пиво архиа ууж дуусаад би эхнэрийн хамт явсан. Тэнд Лхагвасүрэн ах, Ш.Т , Сүхээ ах, нэг танихгүй залуу 4-лээ үлдсэн, би эхнэрийн хамт гэр руугаа явсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 199 дугаартай дүгнэлтэнд: Г.А ын биед зүүн шуу, хоёр өвдөг, баруун шилбэ, нуруу, хоёр өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.А ын бэлгийн бойжил гүйцсэн байна. Урьд бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Охин хальс гэмтэлгүй байх бөгөөд охин хальсны шинж чанар биеийн өсөлт хөгжилтэй холбоотой охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой байдаг. Хэрэг учрал болсон гэх өдрөөс хойш 7 хоногийн дараа Г.А ыг үзэхэд үтрээ бэлэг эрхтэн орчим цус болон үрийн шингэн тодорхойлогдоогүй. Жирэмсэн эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 42 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаартай дүгнэлтэнд: Г.А ын биед зүүн шуу, хоёр өвдөг, баруун шилбэ, нуруу, хоёр өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.А ын бэлгийн бойжил гүйцсэн байна. Урьд бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Охин хальс гэмтэлгүй байх бөгөөд охин хальсны шинж чанар биеийн өсөлт хөгжилтэй холбоотой охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой байдаг. Хэрэг учрал болсон гэх өдрөөс хойш 7 хоногийн дараа Г.А ыг үзэхэд үтрээ бэлэг эрхтэн орчим цус болон үрийн шингэн тодорхойлогдоогүй. Г.А  нь одоогоор жирэмсэн болоогүй байна. Г.А  нь хламид өвчтэй гэх дүгнэлт /хх-ийн 46 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаартай дүгнэлтэнд: Ш.Т ын бэлэг эрхтэнд ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. Ш.Т  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Шинж тэмдэг илрээгүй бол өвчтэй эсэхээ мэдэхгүй байж болно. Ш.Т  нь бэлгийн чадвартай байна. Үр тогтоох эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 53 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаартай дүгнэлтэнд: Ш.Т ын бэлэг эрхтэнд ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. Ш.Т  нь бэлгийн замын халдварт хламид өвчтэй байна. Шинж тэмдэг илрээгүй бол өвчтэй эсэхээ мэдэхгүй байж болно. Ш.Т  нь бэлгийн чадвартай байна. Үр тогтоох эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 60 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 6988 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цагаан дугуй дүрстэй плаж, Г.А ын бэлэг эрхтнээс авсан гэх арчдас гэж хаягласан шилэн наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн. Бусад зүйлс дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. 2. Хар өнгийн цагаан дугуй дүрстэй плаж, саарал өнгийн футболк дээр цус илэрсэн. Бусад зүйлс дээр цус илрээгүй. 3 Г.А ын бэлэг эрхтнээс авсан гэх арчдас гэж хаягласан шилэн наалдаснаас авч ДНХ-ийн шинжилгээ хийх боломжгүй. 4 Хар өнгийн цагаан дугуй дүрстэй плаж дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Г.А ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 5. Саарал өнгийн футболк дээрх цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй. 6. Хар өнгийн цагаан дугуй дүрстэй плажнаас авсан дээж дээр 2 эрэгтэй хүний холимог тогтоц илэрсэн. Уг холимог тогтоц нь сэжигтэн Г.Лхагвасүрэн, Ш.Т  нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов гэх дүгнэлт /хх-ийн 73-74 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83 хуудас/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ш.Т  нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт Хялганат тосгоны харъяат хохирогч Г.А ыг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харилцаанд орсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т ын...өгсөн архийг нь уучихаад Г.А ыг уухгүй гэхэд нь баяр ёслол болж байгаа юм байна нэг татчих гэхэд Г.А  нэг татсан..., Харцагын гүүрэн дээр зогсож жолооч Сүхбаатар машинаас буугаад бие засчихаад ирье гээд явсан. Тэр хооронд Г.А  бид хоёр бэлгийн харьцаанд орсон..., манай ангийн хүүхдүүд цуглаж байна гэхээр нь очиж уулзчихаад эргээд ирье гэж бодоод явсан. 30-40 минутын дараа эргээд ирэхэд Г.А  болон тэр газар байсан хүмүүс бүгд байхгүй байсан гэх, хохирогч Г.А ын...замдаа зогсож байгаад архи задалж уусан..., намайг архи уу гэхээр нь уухгүй гэхэд ам хамрыг маань барьж байгаад хүчээр уулгасан..., би архи ууж чаддаггүй болохоор амархан согтсон..., жолоочийг машинаа бариад явж байх хооронд намайг хүчиндсэн. Энэ үед би ухаангүй байсан болохоор юу болж байгааг сайн мэдэхгүй байсан..., Лхагвасүрэн намайг чирээд явж байхад Ш.Т  хажууд байсан мөртлөө надад огт туслаагүй гэх,

-гэрч Ө.Алтанзулын...ямар нэгэн баримжаа байхгүй, асуултанд хариулаад байгаа боловч орж гарсан байдалтай согтуу байсан..., плажтай, турсик байхгүй байсан ба плаж нь хормой хэсгээрээ урагдсан байсан..., зүүн талын эгэм дээр нь хөхөрсөн, бөгс, гуяан дээр арьс нь шалбарсан шинэ шархтай, бэлэг эрхтнээс нь цусархаг зүйл гараад гуяанд нь наалдсан мөн үс наалдсан байдалтай байсан..., биед өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй гэх,

-гэрч Э.Сүхбаатарын...Төмөрөө, Амараа хоёр бие биенийгээ “хайраа” гэж дуудаад тэврэлдээд үнсэлдээд байсан. Тэгээд Шаварын гүүр өнгөрөөд явж байтал миний саарал өнгийн Жордан гэх бичигтэй урд талын 2 сандалын дунд байсан цамцыг авч хаалт хийсэн байхаар нь би толио дээшлүүлсэн энэ үед тэр 2 үнсэлдээд л байсан гэх мэдүүлэг,

-гэрч Г.Алтансүхийн...тэнд Лхагвсүрэн ах, Ш.Т  ах, танихгүй нэг эмэгтэй, Сүхээ ах, Сайнаа гэх ах нар архи ууж байсан. Ингээд  байж байтал Ш.Т  ах надад хандан “чи энэ эмэгтэйг Хялганат руу хүргээд өгчих гээд машинд суулгасан тэгэхээр нь би шатахуун багатай байгаа та 10000 төгрөг олоод өгчих гэсэн чинь за тэр бол асуудалгүй гэж хэлсэн гэх,

-гэрч Г.Ганцэцэгийн...тэр танихгүй охин их согтсон байсан..., би Ш.Т т чи яах гэж эмэгтэй хүнийг ийм олон залуучуудын дунд авч явж байгаа юм бэ гэхэд удахгүй гэрт нь хүргэж өгнө гэсэн гэх,

-гэрч Б.Ганзоригийн...машины цаанаас нэг эмэгтэй Төмөрөө би чамд хайртай гээд орилоод байсан гэх мэдүүлэгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 6988 дугаартай дүгнэлтээр...хар өнгийн цагаан дугуй дүрстэй плаж, Г.А ын бэлэг эрхтнээс авсан гэх арчдас гэж хаягласан шилэн наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн..., хар өнгийн цагаан дугуй дүрстэй плажнаас авсан дээж дээр 2 эрэгтэй хүний холимог тогтоц илэрсэн. Уг холимог тогтоц нь сэжигтэн Г.Лхагвасүрэн, Ш.Т  нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууддаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Ш.Т ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг шүүгдэгч Ш.Т т Эрүүгийн хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирох бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг, эмчилгээ болон эд зүйлийн үнэлгээний зардал 2615478 төгрөг нийт 12615478 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүгдэгч Ш.Т  нь хохирол төлбөрт 875000 төгрөг төлсөн ба хохирогч хэн аль маргаагүй байх тул эмчилгээ болон эд зүйлийн үнэлгээ нийт 2615478 төгрөгний нэхэмжлэлээс хасч үлдэх 1740478 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, үлдэх сэтгэл санааны хохирлын 10000000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн байх тул хохирогч цаашид энэ хэрэгтээ холбоотой гаргасан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч хохирогчтой харилцан тохиролцон бэлгийн харилцаанд орсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэж үйлдсэн байдаг тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урдуураа цагаан хөх өнгөтэй Gant  гэсэн бичвэртэй, хойгуураа хар хөх өнгөтэй Gant гэсэн бичвэртэй дотоож, машины шар өнгийн суудлын хивс тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:  

1. Б овогт Ш.Т ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Т ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.   

  4. Шүүгдэгч Ш.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урдуураа цагаан хөх өнгөтэй Gant гэсэн бичвэртэй, хойгуураа хар хөх өнгөтэй Gant гэсэн бичвэртэй дотоож, машины шар өнгийн суудлын хивс тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ш.Т аас 1740478 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А д олгож, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай. 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Ш.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН