Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 15

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Ц.Сувдаа

         Шүүгдэгч                                               М.Д

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                         М.Даваасүрэн

         Хохирогчийн өмгөөлөгч                       С.Чулуунцэцэг

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолтой М.Д-д холбогдох 1815001410185 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, В.Энхболд нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .... Ш овогт М.Д.

Шүүгдэгч М.Д нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт **-** УБИ улсын дугаартай “Ниссан тида” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас М.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206  дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг  дурьдаж, торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч М.Д-гаас гэм хорын хохиролд 37941586 /гучин долоон сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20000 /хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Энэ хэрэгт шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: ... Хохирлыг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлыг өөр байгууллагаас төлөгдсөн эсэхийг тогтоолгүйгээр бүрэн гарган шийдвэрлэснийг шүүгдэгч эс зөвшөөрч байгаа юм. Тухайлбал хохирогч албан томилолтоор ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтэл авсан тул нийгмийн даатгалаас нөхөн төлбөр авсан эсэх, үйлдвэрлэлийн ослын акт гаргуулсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. ...Эмнэлгийн байгууллагыг сонгон үйлчлүүлэх эрхтэй хэдий ч хохирогчид учирсан гэмтэл Монгол улсад эмчлэгдэхгүй өвчний жагсаалтанд ороогүй, гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь тогтоогдсон баримт хэрэгт авагдаагүй. Хүзүүний бэхэлгээ зүүгээд 1 сар болоход эдгээгүй тухай ярьдаг боловч МУ-ын эмнэлэгүүдэд үзүүлж оношлуулсан ямарч баримт хэрэгт байдаггүй. Энэ нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зардлыг гаргахдаа зайлшгүй гэдгийг тогтоосон байхтай нийцэхгүй байна. Шүүгдэгч М.Д нь бага насны 1 хүүхэдтэй багшийн цалингаар түүнийхээ ихэнхийг зээлд өгч амьдардаг өрх толгойлсон эмэгтэй байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хохиролыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг үндэслэн гэм хорын хохиролыг нөхөн төлөх хэмжээг багасган шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруутайд тооцох хэсэгт “...Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн  хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.” /тогтоолын 4 дүгээр тал дээрээс 1-3 дахь мөр/, “...Түүний гэм буруутай үйлдэл нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хор уршиг, шалтгаан нөхцлийн талаар хохирогч М.Д, насанд хүрээгүй гэрч Д.Ө, Н.Ө нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Д-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг...” /тогтоолын 4-р талд/, “...хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд нотлогдсон байх тул” /тогтоолын 4-р талд/ гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ”, 2 дахь хэсэгт заасан “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн заалтууд мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эд зүйл, бичиг баримт, ачаа тээш, мал амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Үзлэгийг эзэмшигчийн эзгүйд хийсэн бол 3 хоногийн дотор эзэмшигчид, боломжгүй бол эзэмшигчийн оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргад мэдэгдэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх ба энэ нь ЭХХШТ хуулийн 16.1-р зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж ”авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсэн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болж байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Тухайн үед би авто машины хойд суудалд хоёр хүүхдийнхээ хамт сууж явсан юм. Машиныхаа суудлын бүсийг бүслэх гэсэн боловч бүс байгаагүй” гэсэн мэдүүлгийг /хх-ийн 26-27-р талд/ болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлийг /хх-ийн 10-16-р талд/ яллах нотлох баримтаар дурьдаж иш татсан байх боловч энэ талаарх шүүгдэгчийн мэдүүлэгтэй харьцуулаагүй, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ уг тээврийн хэрэгслийн суудлын хамгаалах бүсийг шалгаж тэмдэглэлд тусгаагүй өөрөөр хэлбэл ЭХХШ тухай хуульд заасан /хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4, болон 1.6 дахь хэсэг/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй.

... Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогч М.Д нь БНСУ-д эмчлүүлэх заавар зөвлөмжийг хаанаас, хэнээс авсан, энэ эмчилгээг тус улсад хийлгэх зайлшгүй шаардлага байсан эсэх, тус улсад чухам ямар мэс ажилбар эмчилгээг ямар хэмжээний төлбөртэйгөөр хийлгүүлсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй энэ талаараа үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, дүгнэлтэндээ ч тусгаж дурьдаагүй байхад хохирогч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Би Солонгос улс руу явж яаралтай хагалгаанд орох болсон” /хх-ийн 26-27-р тал/ гэсэн эх сурвалжаа тодорхой заагаагүй мэдүүлгийг яллах нотлох баримтаар дурьдаж, шүүхэд огт гаргаж өгөөгүй баримтыг /эмчилгээний төлбөр төлсөн тухай/ агуулга, хэргийн хамаарал нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад түүний нэхэмжилсэн 37961586 төгрөгийн нэхэмжлэлээс 20000 /хорин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож 37941586 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв /тогтоолын 5-р тал/ шийдвэрлэсэн ба шүүхийн тогтоолыг уншин танилцуулахдаа “Хохирогч М.Д-гийн Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэсэн гэх цаг хугацаа нь осол гарч гэмтсэн гэх цаг хугацаатай давхцаж байгаа учраас нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэсэн нэг талыг барьсан, ойлгомжгүй хийсвэр дүгнэлтийг үзэмжээрээ хийж хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ дээрх хууль бус дүгнэлтийг хийлгүйгээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байсаар байхад /ЭХХШ тухай хуулийн 36.3-р зүйлийн 3 дахь хэсэг/ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолын  тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дурьдалгүйгээр /ЭХХШ тухай хуулийн 36.7-р зүйлийн 2.3 дахь хэсэг, 39.8-р зүйлийн 1.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн/ шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.18-ны өдрийн 2018/шцт/206 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч М.Д-гийн өмгөөлөгч М.Даваасүрэн, В.Энхболд нарын давж заалдах гомдлыг үндэслэн М.Д-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

            Шүүгдэгч М.Д нь 2018 оны 05 дугаар сарын 06-ний өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд **-** УБИ улсын дугаартай NISSAN TIIDAA маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүйн улмаас тээврийн хэрэгсэлд шарвалт үүсэж, тэнцвэржилт алдах үед зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зорчих хэсгээс гарч онхолдон, зам тээврийн осол гаргаж, зорчигч М.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгч М.Д-гийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтанд үндэслэн түүнд хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн Солонгос улсад явж эмчлүүлсэн хохирлыг гаргуулж хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох агуулгатай гомдол гаргасан байна.

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээ нотлогдсон байдлыг харгалзан эрүүгийн хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэдэг.

Шүүгдэгч М.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсны улмаас Солонгос улсад оношлогоо, эмчилгээ хийлгэж хагалгаанд орсон зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардлуудыг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал, тогтоох хэсэгт шүүгдэгч М.Д-гийн нэрийг М.Д гэж буруу бичсэнийг зөвтгөн өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5,39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3,4,5,6 дахь заалтын М.Д гэснийг М.Д болгон өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  ...

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, В.Энхболд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР 

                 ШҮҮГЧ                                                          С.ЦЭЦЭГМАА

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН