| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0168/Э |
| Дугаар | 00178 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 00178
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
шинжээч эмч О.Нансалмаа,
хохирогч Б.Э , түүний өмгөөлөгч Т.Батчулуун, Б.Цэрэнбат,
шүүгдэгч Б.Эр, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, Ж.Шинэжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батсүхийн Б.Эрад холбогдох эрүүгийн 1815001630145 дугаартай, 163/2018/0168/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Эр
Холбогдсон хэргийн талаар:
Б.Эр нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хамтран амьдрагч хохирогч Б.Э тай маргалдан улмаар нуруун дээр нь дарж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эр мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Батцэрэн, Дайриймаа хоёр мод зүсүүлэхээр ирсэн. Ирэхдээ 0.75 литрийн архи авчирсан байсан. Тэрнээс би жаахан амсчихаад гадаа гараад хамт ирсэн залуутай нь хамт модоо зүссэн. Тэгэхэд гэрт Б.Э , Батцэрэн, Дайриймаа гурав үлдэж үлдсэн архиа хувааж уусан. Тэгж байтал хоол ид гэж дуудахаар нь гэрт ортол нөгөө архи нь дуусаж байсан. Хоолоо идчихээд дахиад нэг шил архи задалсан. Шинэ задалсан архинаас нь амссан. Намайг Батцэрэн, Дайриймаа хоёртой хамт ирсэн залуутай гэрт ороход Б.Э , Батцэрэн, Дайриймаа гурав нилээн халамцуу байдалтай байсан. Үүнийг надтай хамт мод зүсэж байсан залуу гэрчилнэ. Архи нь дундаа орж байхад би ядраад унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа сэрэхэд Батцэрэн, Дайриймаа хамт ирсэн залуу гурав явчихсан байсан. Харин Б.Э нь нилээн согтсон байдалтай сууж байсан. Тэгэхээр нь би “за өвгөөн унт, би ороо засаадхая” гэж хэлчихээд гараад бие засаадхая гээд босоод гарах гэтэл араас зууралдаж байгаад хойшоо саваад унасан. Тэгээд орж ирээд ороо засаад унтуулсан. Шөнө нь нуруу өвдөөд байна гэхэд нь за байз яасан юм болоо гэж бодоод унтсан. Өглөө нь Б.Э орноосоо босохгүй байсан. Архи уухаараа шартаад босдоггүй юм. Босохгүй болохоор нь яаж байна гэж асуухад бие өвдөөд, толгой ангалзаад байна гэсэн. Тэгэхээр нь би гарч яваад Шуурай гуайн гэрээс толгойны эм авчирч өгсөн. Нуруу өвдөөд байна гэхээр нь Баттөмөр гэх бариач залууг авчирч бариулахад хугарч барьсан зүйл байхгүй байна. Далных нь завсар мах хавчуулагдсан байх маргааш ирж бариулаарай гэж хэлчихээд яваад өгсөн. Маргааш нь бид хоёр Батцэрэнгийн гэрээс очиж мод зүсүүлснийхээ хөлсөнд адууны өрөөл авах байсан. Махаа авангаа замаараа Баттөмөр гэх залууд бариулсан. Адууны гэдэс арилгаж янзалж байхдаа нуруу өвдөөд болохгүй байна гэхээр нь за тэгвэл хоёулаа маргааш Эрдэнэт орж эмнэлэгт үзүүлье гэж хэлээд хариад амарсан. Эрдэнэт орж “Медипаст” гэх эмнэлэгт үзүүлж томографийн хоёр зураг авахуулсан. Тэгэхэд 580000 төгрөг болсон ба үүний би төлсөн. Эмч нь болохоор нугасны зөөлөн эдийн гэмтэл байна гэж зөвлөгөө өгсөн. Тэгээд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Би тухайн үед эмчилгээний зардал, эм тариануудыг авч өгч байсан. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж харамсаж байна. Би эрүүл саруул болтол нь эмчилгээнийх нь зардлыг төлнө. Эхнэр Б.Э бид хоёр урьд нь мод зүсдэг хөрөө рамнаас болж хэрэлдэж байсан. Тэрнээс хойш бидний хэрүүл маргаан эхэлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Батцэрэн, Дайриймаа хоёр банз зүсүүлэх гээд ирсэн. Банзаа гадаа зүсэж янзалж байхаар нь хоол хийчихээд Б.Эр, Батцэрэн, Дайриймаа нарыг дуудсан. Гэрт орж ирэхдээ үнэртүүлчихсэн байсан. Тэгэхээр нь би та хэд архи уугаа юу гэж асуухад тиймээ, гадаа даараад байхаар нь жаахан юм уучихлаа гэсэн. Хоол идэж дуусчихаад дахиад нэг шил архи гаргаж өгсөн. Архиа уучихаад нөгөө хэд нь явсан. Тэгэхэд Б.Эр архи уумаар санагдчихлаа, хоёулаа дахиад архи уух уу? гэж хэлэхэд нь үгүй, юун архи уух вэ?, цаана чинь олон хүмүүс өрөө нэхээд амар заяа үзүүлэхгүй байна гэж хэлэхэд “уучийлдаа” гээд гуйгаад байсан. Тэгээд шинэ архи задлангуут очоод буцаалдахад надад өгсөн. Өгөнгүүт ер нь архи ууж яадаг байнаа, амьдрал нь ямар хуу байдалтай байгааг ойлгохгүй байгаа юм байхдаа гэж бодоод архийг нь буцаалдаж аваад гал руу шилтэй нь хамт хийчихсэн. Тэгэхэд надад уурлаад намайг 2, 3 удаа өшиглөөд авсан. Тэгэнгүүт нь босоод орон дээр очоод суусан. Над руу хүрээд ирэхээр нь нүүр ам руу цохих юм байхдаа гэж бодоод доошоо тонгойход миний толгойн дээр дарсан. Тэгээд улам хүчтэй дараад өвдөг эрүү хоёрыг нийлүүлсэн. Тэр үед би амьсгаа авч чадахгүй байсан ба хүүшээ би үхлээ ш дээ гээд хамаг үгээ хэлэхэд дээрээс дараад байсан. Сүүлдээ миний чадал барагдаад, хамаг хүйтэн хөлс гараад амьсгаа боогдоод ухаан алдаад өгсөн. Нэг мэдэхэд намайг дээш нь харуулаад хэвтүүлсэн байсан. Тэгэхэд амьсгаа ч авч болохгүй, хүзүү хоолой өвдөөд нуруу өвдөөд байна. Юм хавчуулагдсан байх эмнэлэг дуудаач гэж хэлэхэд утсыг минь аваад дээшээ хувцасны шүүгээн дээр тавьчихсан. Ядаж бариач дуудаж бариулъя гэхэд утас байхгүй болохоор болохгүй байсан. Хүзүүний доод талд хавдчихсан өвөөд байсан. Өвдөөд болохгүй болохоор нь тэр оройноо давстай хар цайгаар шавшиж жин тавиад хоносон. Өглөө хавдар нь буугаагүй хорсож өвдөөд хүрэхийн аргагүй болсон байсан. Тэгж байтал хашааны хаалган дээр нэг машин ирээд зогссон. Б.Эр орноосоо босож харахад Дайриймаа, Батцэрэн хоёр ирж байсан. Тэр хоёр манайд орж ирэх үед би хэвтэж байсан. Дайриймаа намайг яасан, юу болсон бэ? гэж асуухад нь өчигдөр орой та хоёрыг явсны дараа Б.Эрыг архи уух гээд байхаар нь өгөөгүй юм. Тэгээд намайг дээрээс дараад ийм зүйл болчихлоо гэж хэлэхэд өө яана тийм зүйл болоо юу? гэсэн. Тэгэнгүүт нь би өвчин намдаах эм байна уу?, өвдөөд босож, хөдөлж болохгүй байна. Ядахдаа босож бие засмаар байна гэж хэлэхэд Б.Эр, Батцэрэнтай хамт айлаас явж өвчин намдаах 4 ширхэг эм авчирч өгсөн. Авчирч өгсөн эмийг нь уучихаад арай гэж босоод бие зассан. Бие засчихаад эргэж хэвтсэн. Өвдөөд болохгүй болохоор нь төв рүү орж эмнэлэгт үзүүлмээр байна гэхэд Б.Эр “яах гээд байгаа юм бэ? нэг мөсөн Батцэрэнгийнхээс юмаа авчихаад оръё, төв рүү орвол нэг хэсэгтээ гарч ирэхгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгээд Батцэрэнгийн гэрт очоод арай гэж гэдэс арилгаж дуусаад Булганы төв рүү орж ирээд эмнэлэгт үзүүлсэн. Тэгэхэд нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж зөвлөсөн. Би төрөхөөс өөр эмнэлэг рүү явж үзээгүй. Эрдэнэт хотын улсын эмнэлэгт зураг авахуулахад шаардлага хангахгүй байна гэхээр нь “Медипас” эмнэлэг рүү явж эмра хийлгэж, томографикйн зураг авахуулсан. Тэгэхэд намайг үзэж байсан эмч юу болсийн бэ?, халтирч унахад хэзээ ч ингэж гэмтэхгүй, эсвэл чи авто осолд орчихоод нуугаад байгаа юм биш биз дээ гэж хэлэхээр нь чимээгүй зогсоод байгаад гарч ирсэн. Энэ үед Б.Эр хажууд байсан болохоор юм хэлүүлээгүй. Тэгээд Булганд эргэж ирээд Сожид гэх хувийн эмнэлэгт 12 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэгэхэд ямар ч үр дүн гарахгүй, өвчин маань зүгээр болохгүй байсан. Үр дүн гарахгүй болохоор нь надад өвчин намдаах тариа хийж өгөөд чи хот руу явж гэмтлийн эмнэлэгт үзүүл. Би чамд магадлагаа бичиж өгье гэсэн. Тэгээд Улаанбаатар хот руу явж 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэмтлийн эмнэлэгт очиж шинжилгээ өгч, зураг авахуулахад нурууны хугарал болох нь тогтоогдсон. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан. Дараа нь мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Үүний дараа Монгол уламжлалт эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тэгж байтал цагаан сар болсон. Шинийн 4-ний өдөр Хөвсгөл аймаг руу явж бариачид бариулж байгаад эргээд иртэл Булганд малын гоц халдварт өвчин гарсан. Оруулахгүй гэхээр нь Улаанбаатар хот руу явж давтан зураг авахуулахад уйланхай томорсон байсан. Би рам ажиллуулсныхаа үр дүнд амьдралаа авч явдаг байсан. Миний бие нуруу, нугасны гэмтэлтэй болсон учир ажил хийж орлого олж чадахаа больсон. Тухайн үед чамаас болж би ийм эрэмдэг, зэрэмдэг болчихлоо ямар ч байсан хуучин байсан байдалд оруулж өг гэж хэлж байсан. Урьд нь шүүгдэгч Б.Эр нь архи уун агсам тавьж, цохиж зодон хэл амаар доромжилж байсан. Одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Би шүүгдэгч Б.Эраас нийт 29.043.972 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: эмчилгээний зардал 830505, нааш цааш явсан замын зардлын мөнгө, өмгөөлөгчийн хөлс 1250000 төгрөг, ажилгүй байсан хугацааны хөлс 8.573.000 төгрөг зэрэг зардлууд багтаж байна. Би гомдолтой байна гэв.
Шинжээч эмч О.Нансалмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай шүүх эмнэлэг нь гэмтлийн зэрэг тогтоодог байгууллага юм. Дүгнэлтэд яагаад нурууны 3, 5 дугаар үеийн хугарал гэмтлийг тусгасан бэ? гэхээр 3, 5 дугаар үеийн ясны хугарал нь гадны нөлөөгөөр буюу хүчний үйлчлэлээр учирдаг гэмтэл байсан. Хүний нуруунд нугалам хоорондын зөөлөн эд гэж байдаг. Энэ зөөлөн эд нь дарагдахаар цүлхийгээд нугасруугаа дарж аажим аажмаар үйл ажиллагааны архаг өвчин болдог. Хүн цохингуут хүний биед хэзээ ч яс ургахгүй. Энэ бол хүний өөрийнх нь архаг хууч өвчин юм. Харин 3, 5 дугаар үеийн хугарал байна гэдэг маань гэмтэл юм. Гэмтэл нь гадны нөлөөгөөр буюу гадны ямар нэг хүчний үйлчлэлээр үүсдэг юм. Бусад ясны ургалт, нурааны дарагдал гэдэг бол тухайн хүний үйл ажиллагаа, бие махбодоос үүсдэг архаг өвчин юм. Нурууны жийргэвч гэмтэх асуудал нь хүнд аажим аажмаар илэрдэг бөгөөд тухайн хүний ажил мэргэжлийн байдал, жингийн илүүдлээс болж үүсдэг үйл ажиллагааны архаг өвчин юм. Тийм учраас би гэмтлийн зэрэг тогтоох гэж байгаа болохоос биш хүний архаг хууч өвчинг тогтоохгүй. Хүчний үйлчлэлээр учирсан гэмтлүүдийг түүж ялган дүгнэлтдээ оруулсан байгаа гэв.
1815001630145 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:
Гэрч Д.*******ийн өгсөн: 2018 оны яг хэдэн сар гэдгийг нь санахгүй байна.
Б.Э гэх хүн манай эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлж байсан санагдаж
байна. Яг хэд хоног хэвтэн эмчлүүлсэн талаар санахгүй байна..., эхлээд надад 2
метр өндөр амбаар дээрээс унасан гэж хэлж байснаа хэд хоногийн дараа би
лавлаж асуутал намайг хүн толгой дээрээс дарсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг
/хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч Ж.*******гийн өгсөн:...манай эхнэр гарч ирээд эм дөхүүлээд өгөөч гэнээ Б.Эр маажуулчихсан байна гэж л хэлсэн. Түүнээс өөр зүйл мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,
Гэрч Г.*******гийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Эрынд өвөлжөөний дээврийн мод зүсүүлэх ажлаар нөхөр *******гийн хамт машинтай очсон. Өвөлжөөгөө бариулахаар аймгаас найз Нямжавыг дуудан байсан ба бид 2-ын араас тэднийд ирсэн. Модоо зүсүүлээд дуусахын алдад бид 2 ганц шил архи гаргасан ба тэрийгээ гэрт нь бид хэд уусан. Манай найз Нямжав, Б.Эр 2 мод зүсэж дуусаагүй байсан тул орж гарч яваад нээх их уугаагүй ба Б.Эр Б.Эр эрүүл байсан ба 2-3 хундага л уусан. Тэгээд хоол хийгээд модоо зүсүүлж дуусаад байхад эхнэр нь 1 шил архи гаргаж ирсэн. Манай найз магин барьж байгаа гээд уугаагүй ба манай нөхөр би Б.Э бид 3 хувааж уугаад хоол идээд явсан. Энэ үед Б.Эр бүхэлээрээ орон дээрээ унтаж байсан. Биднийг гарахад сэрээгүй үлдсэн. Маргааш өглөө нь найз Нямжавтайгаа нөхөр бид 3 зүсүүлсэн банзаа авах гээд тэднийд очсон. Б.Эр гэрээсээ гарч ирж харчихаад буцаад гэрлүүгээ орчихсон..., би гэрт нь ороход Б.Э орон дээрээ нүүрээ бүтээчихсэн, Б.Эр гүүрээ маажуулчихсан байдалтай байсан ба яачихваа та хоёр залуу хүүхдүүд шиг гэсэн Б.Эр юм дуугараагүй, Б.Э бие өвдөөд хүзүү хөдөлж болохгүй байна Бат балай дарчихсан гэсэн ба зодоодоон хийчихсэн юм уу 2 хүүр чинь тэр хоёр юм дуугараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,
Гэрч Б.*******ийн өгсөн:...2017 оны 11 дүгээр сард би Буриадад байсан учраас яг юу болсон тухай мэдэхгүй. 2017 оны 11 сард би Булганд ирчихсэн байсан ба тэр үед ээж ирээд Б.Эр ахтай хамт бид 3 Орхон аймагт эмнэлэгээр хамт явсан. Энэ жил амралтаараа ирээд Б.Эр ахыг хугалсан гэж мэдсэн. Ээж болохоор тухайн үед Б.Эр ахыг хугалсан гэж хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06
дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаар: Б.Э гийн биед цээжний 3, 5 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул
гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 59-61 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 258 дугаар: Магадлуулагч Б.Э гын биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 70-72 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 2-3 хуудас/, түргэн тусламжийн хуудас /хх-ийн 75 хуудс/, өвчний түүх /хх-ийн 81-99 хуудас/, / хохирлын баримтууд 186-198 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 117 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эр нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хамтран амьдрагч хохирогч Б.Э тай маргалдан улмаар нуруун дээр нь дарж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрын...би тухайн үед эмчилгээний зардал, эм тариануудыг авч өгч байсан. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж харамсаж байна. Би эрүүл саруул болтол нь эмчилгээнийх нь зардлыг төлнө гэх, хохирогч Б.Э гийн...мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Э гийн...над руу хүрээд ирэхээр нь нүүр ам руу цохих юм байхдаа гэж бодоод доошоо тонгойход миний толгойн дээр дарсан. Тэгээд улам хүчтэй дараад өвдөг эрүү хоёрыг нийлүүлсэн. Тэр үед би амьсгаа авч чадахгүй байсан ба хүүшээ би үхлээ ш дээ гээд хамаг үгээ хэлэхэд дээрээс дараад байсан..., Улаанбаатар хот руу явж 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэмтлийн эмнэлэгт очиж шинжилгээ өгч, зураг авахуулахад нурууны хугарал болох нь тогтоогдсон гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.*******ийн...Б.Э гэх хүн манай эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлж байсан санагдаж байна…, эхлээд надад 2
метр өндөр амбаар дээрээс унасан гэж хэлж байснаа хэд хоногийн дараа би
лавлаж асуутал намайг хүн толгой дээрээс дарсан гэж хэлж байсан гэх, гэрч Ж.*******гийн...манай эхнэр гарч ирээд эм дөхүүлээд өгөөч гэнээ Б.Эр маажуулчихсан байна гэж л хэлсэн..., гэрч Г.*******гийн...би гэрт нь ороход Б.Э орон дээрээ нүүрээ бүтээчихсэн, Б.Эр гүүрээ маажуулчихсан байдалтай байсан ба яачихваа та хоёр залуу хүүхдүүд шиг гэсэн Б.Эр юм дуугараагүй, Б.Э бие өвдөөд хүзүү хөдөлж болохгүй байна Бат балай дарчихсан гэсэн гэх, гэрч Б.*******ийн...ээж ирээд Б.Эр ахтай хамт бид 3 Орхон аймагт эмнэлэгээр хамт явсан..., амралтаараа ирээд Б.Эр ахыг хугалсан гэж мэдсэн..., ээж болохоор тухайн үед Б.Эр ахыг хугалсан гэж хэлээгүй гэх мэдүүлэгүүлэгүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Эр нь хохирогч Б.Э тай нэг гэрт хамт амьдардаг байсан бөгөөд эхнэр, нөхрийн холбоотой гэр бүлийн гишүүд байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Б.Эрыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч Б.Эр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Э гийн нуруун дээр нь дарж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Эрад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч нар нь эмчилгээ болон шатахууны зардал, өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан үеийн олох байсан орлого гэж 29043972 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж шүүгдэгчээс оношлогооны зардал 2841201 төгрөг, эмчилгээ эм тарианы 830505 төгрөг, замын зардал, өмгөөлөгчийн хөлс 1280000 төгрөг, шатахууны зардал 508016 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2888500 төгрөг нэхэмжилж нийт 8348222 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан болох 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн эмийн үнэ 26000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн эмийн үнэ 16000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн эмийн үнэ 5586 төгрөг, эмийн үнэ 8000 төгрөг, эмийн үнэ 5050 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн эмийн үнэ 52450 төгрөг, эмийн үнэ 7100 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн эмийн үнэ 41050 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн эмийн үнэ 1650 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Эрдэнэт-Улаанбаатар замын зардал Б.Э 9000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн эмийн үнэ 25000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн эмийн үнэ 1200 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн эмийн үнэ 8450 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн эмийн үнэ 22400 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн эмийн үнэ 2500 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн эмийн үнэ 2500 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн эмийн үнэ 3900 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн эмийн үнэ 12280 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн эмийн үнэ 3250 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн эмийн үнэ 4400 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн эмийн үнэ 10000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн эмийн үнэ 3750 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн эмийн үнэ 34614 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн эмийн үнэ 36750 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн эмийн үнэ 27300 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн эмийн үнэ 4950 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн эмийн үнэ 4775 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн эмийн үнэ 9100 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн эмийн үнэ 48550 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн эмийн үнэ 38700 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн эмийн үнэ 4900 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн эмийн үнэ 134000 төгрөг, эмийн үнэ 25100 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1150 төгрөг, эмийн үнэ 1600 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эмийн үнэ 28000 төгрөг нийт 671005 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Э д олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 7677217 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хохирогч ажилгүй байсан хугацааны цалингаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжлэнэ гэж байгаа хэдий ч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Мөн өмгөөлөгчийн хөлс 1280000 төгрөг нэхэмжилж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдохгүй бөгөөд хохирогч хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсний төлбөрт төлсөн хөлс тул шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хохирогч энэ цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж шийдвэрлэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрад зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөр, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Эр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Эрыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрад оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Эраас 671005 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э д олгож, үлдэх 7677217 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
5. Шүүгдэгч Б.Эр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН