Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02044

 

 

 

 

 

 

 

 

 

2022 11 25 210/МА2022/02044

 

 

Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/03131 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.С ХХК, Х.Ж, Т.М нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 77,918,760.74 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 24,534,386 төгрөг зээлийн төлбөрөөс хасч тооцуулах, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран гудамж, 25а байрны 58 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Г.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А.С ХХК болон Х.Ж Т.М нар нь Х.Б ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/201843665265 тоот зээлийн гэрээ, БГҮ/201843665265 тоот барьцааны гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Т.Мгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, *** дүүрэг, *** хороо, Улаанхуаран гудамж, *** байрны ** тоот хаягт байрлах, ** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Х.Я-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, *** дүүрэг, *** дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, *** дүгээр байрны *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар зээлд 21,615,626 төгрөг, хүүнд 18,421,719 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 35,096 төгрөг, нийт 40,072,441 төгрөг төлсөн боловч эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, бичгээр мэдэгдэл өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн ч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд А.С ХХК, Х.Ж, Т.М нараас зээлийн үлдэгдэл 53,384,373 төгрөг, зээлийн хүү 24,409,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,891 төгрөг, нотариатын зардал 21,500 төгрөг, нийт 77,940,260 төгрөг гаргуулж, Т.Мгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** хороо, Улаанхуаран гудамж, *** байрны *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Х.Я-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол /16064/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, *** дүгээр байрны *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Зээлдэгч нар Х.Б ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийг Улсын их дэлгүүрийн 5 дугаар давхарт үйл ажиллагаа явуулах А.С кинотеатрын үйл ажиллагаа, тохижилтод зориулан авч, бүрэн ашигласан. Барьцаанд Т.Мгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Улаанхуаран гудамж, *** байрны *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 17,290,000 төгрөгөөр, Х.Я-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ***дугаар хороо, *** дүгээр хороолол *** дүгээр байрны *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 59,198,300 төгрөгөөр, нэр бүхий тоног төхөөрөмжийг 41,667,304 төгрөгөөр тус тус үнэлж тавьсан. Гэрээний үүргийн дагуу зээлд 21,615,626 төгрөг, хүүнд 18,421,719 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 35,096 төгрөг, нийт 40,072,441 төгрөг төлсөн. 2019 оны 12 дугаар сараас зээлийг эргэн төлөхөд санхүүгийн хүндрэл гарч, ковид-19 цар тахал дэгдэж, хорио цээрийн дэглэмийн улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон. Хорио цээрийн дэглэм үргэлжлэх хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын их дэлгүүрийн 2-7 дугаар давхарт гал гарсны улмаас А.С кинотеатр тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарч байна. Тухайн үед зээлийн гэрээний эргэн төлөлт доголдох болсон шалтгаан, үүссэн байдлын талаар банкинд мэдэгдэж гэрээг цуцлан зээлийн хүүг зогсоох талаар мэдэгдсэн ч хариу өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Х.Жгийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2019 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийг хийхэд санхүүгийн хүндрэл гарсан. Улмаар дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирусын цар тахал дэгдэж, хорио цээрийн дэглэмийн улмаас бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Хорио цээрийн үед 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын их дэлгүүрийн 2-7 дугаар давхарт гал гарч, А.С кинотеатр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэж байна. Мөн тухайн үед зээлийн гэрээний эргэн төлөлт доголдох болсон шалтгаан, үүссэн нөхцөл байдлын талаар Х.Б инд мэдэгдэж зээлийн гэрээг цуцлан зээлийн хүүг зогсоох талаар мэдэгдэж, хэд хэдэн удаа уулзсан боловч үр дүнд хүрээгүй. Хөл хорионы үеэр албан бичгээр хүртэл хүсэлт гарган бичгээр хариу авахыг хүссэн боловч хариу өгөөгүй болно. Сөрөг нэхэмжлэлээр үндсэн зээлийн хүү 24,409,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,891 төгрөг, нийт 24,534,386.7 төгрөгийг нэхэмжлэлээс хасуулж, улсын бүртгэлийн Ү-2204055912 дугаартай Баянзүрх дүүрэг, ***дугаар хороо, Улаанхуаран гудамж, *** байрны ***тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү.

Барьцаатай холбоотой шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нь зээлдүүлэгчийн буруутай үйлдэл бус болно. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд зээлээ хуваарьт хугацаанд төлөх үүрэгтэйг үүрэг гүйцэтгэгч мэдэж байгаа бөгөөд мэдэхгүй гэх үндэслэл байхгүй, энэ талаар хэрэгт баримтаар нотлогдоогүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү тооцох талаар гэрээний 2.1.5-д тохирсон. Мөн нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс 20 хувиар тооцно гэсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасантай нийцсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.5 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн гэрээнд хүү жилийн 21.6 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь гэж тохиролцсон нь талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох шаардлагыг хангасан. Банк тухайн үед хариуцагч нартай эвлэрлийн гэрээ байгуулах санал удаа дараа хүргүүлсэн ч өөрсдөө эвлэрэхгүй хугацаа алдагдуулсан нь зээлдүүлэгч нарыг буруутгах үндэслэл болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.С ХХК болон Х.Ж, Т.М нараас 62,613,782 төгрөг гаргуулан Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 15,304,978 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Т.Мгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Улаанхуаран гудамж, ** байрны ** тоот хаягт байрлах, *** м.кв талбай бүхий сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Х.Я-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** хороолол /16064/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, *** дүгээр байрны * **тоот хаягт байрлах, *** м.кв талбай бүхий сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Х.Б ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 24,409,495.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,891.47 төгрөг нийт 24,534,386.7 төгрөгийг хасуулах хариуцагч Х.Жгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Т.Мгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Улаанхуаран гудамж, *** байрны *** тоот хаягт байрлах, *** м.кв талбай бүхий сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч Х.Ж татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671,019 төгрөг, хариуцагч Х.Жгээс төлсөн 280,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С ХХК, Х.Ж, Т.М нараас 541,219 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Хэрэгт авагдсан баримтаар болон хариуцагч нарын тайлбарын дагуу хугацаа хэтрүүлэх үндэслэлд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй, гэрээг албан ёсоор цуцлаагүй байхад шүүх зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар хэрэгт баримт авагдаагүй. Харин хариуцагчийн хүсэлтийн дагуу тус зээлийг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээр талууд харилцан тохиролцсон боловч хариуцагч Х.Ж нь Т.Мгийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж, нас барсан өмчлөгч Х.Я-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг байдлаар эвлэрлийн гэрээ байгуулахгүй хугацаа хэтрүүлсэн нь зээлдүүлэгчийн буруутай үйлдэл гэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. Иймд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.5, 451, 452, 453 дугаар зүйлийг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

6.б. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан нэмэгдүүлсэн хүүг тайлбарласан.

6.в. Зээлийн гэрээнд зээлийн хүү жилийн 21,6 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэссэн хуулийн шаардлагыг хангасан болно.

6.г Мөн тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Т.Мгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Улаанхуаран гудамж, *** байр, *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Х.Я-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол /16064/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, *** дүгээр байр, *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалан БГҮ/201843665265 тоот барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 153, 156 дугаар зүйлд заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм.

Гэтэл шүүхээс Х.Яг нас барсан, мөн Х.Я-тэй барьцааны бичгээр байгуулсан, эсхүл хуульд зааснаар олгосон итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй, барьцааны гэрээний Х.Я-д холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, нөгөө талаас зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтаар талуудын маргаагүй зүйлд дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд тус хөрөнгийн өмчлөлийн асуудал буюу өв нээгдсэн тохиолдолд жич нэхэмжлэх эрхийг шүүхийн шийдвэрт тусгаж өгөх талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан боловч шүүх үүнийг анхаарч үзэхгүйгээр өмчлөгч нас барснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг дуусгавар болсон гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч А.С ХХК, Х.Ж, Т.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 53,384,373 төгрөг, зээлийн хүү 24,409,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,891 төгрөг, нотариатын зардал 21,500 төгрөг, нийт 77,940,260 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Х.Ж зээлийн хүү 24,409,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,891 төгрөг, нийт 24,534,386 төгрөгийг нэхэмжлэлээс хасуулж, Т.Мгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Улаанхуаран гудамж, *** байрны *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран гудамж, 25а байрны 58 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагын зарим хэсгээс татгалзсан байна.

 

3. Х.Б ХХК, А.С ХХК, Х.Ж, Т.М нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/201843665265 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Х.Б ХХК нь 75,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч А.С ХХК, Х.Ж, Т.М нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргийг тус тус хүлээсэн. (хэргийн 10-12 дахь тал)

 

4. Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГҮ/201843665265 тоот барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055912 дугаартай, хариуцагч Т.Мгийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран гудамж, 25а байрны 58 тоот хаягт байрлах, 19 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцсон, түүнчлэн тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. (хэргийн 13-14 дэх тал)

 

5. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

6. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээл 75,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь зээлд 21,615,626 төгрөг, зээлийн хүүнд 18,421,719 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 35,096 төгрөг, нийт 40,072,441 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

7. Анхан шатны шүүх хариуцагчийн А.С кино театрын үйл ажиллагаа явуулж байсан Улсын их дэлгүүрт 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гал гарсны улмаас тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаа явуулах боломжгүй давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүсч, гэрээг үргэлжлүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх үндэслэл бий болж, хариуцагчийн санаачилгаар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр зээлийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэж, зээлийн үлдэгдэл 53,384,373 төгрөгийг уг хугацаагаар тооцсон хүү 8,745,718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,891 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж шийдвэрлэжээ.

 

8. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл болох гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.

 

9. Гэвч хариуцагчийн зүгээс үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоолгох, хасуулах, зээлийн гэрээнээс татгалзах санал, шаардлага нэхэмжлэгч банкинд гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, банкинд удаа дараа мэдэгдсэн ч хариу өгөөгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Шүүхэд нотлох баримтаар гаргасан хариуцагч Х.Жгийн өргөдөл нь нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэлд хариу өгсөн агуулгатай, дээрх үйл баримтад хамааралгүй байна. (хэргийн 150 дахь тал)

 

10. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцлагдсан гэж дүгнэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр тооцон 15,304,978 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хангах үндэстэй.

 

11. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нотариатчаар нотлох баримтуудыг гэрчлүүлэн 21,500 төгрөг төлсөн гүйлгээний баримт, нотариатчийн мөнгөний тасалбарыг тус тус нэхэмжлэлд хавсаргасан байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсныг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

12. Нэхэмжлэгч Х.Б ХХК нь барьцааны гэрээнд тусгагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050384 дугаартай, Х.Ядамсүрэнгийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 71 дүгээр байрны 71 тоот хаягт байрлах, 44.51 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Х.Ядамсүрэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан баримт хэрэгт авагджээ. (хэргийн 15-16, 149 дэх тал)

 

13. Барьцаалуулагч нас барснаар маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжсэн эсэх нь тодорхой бус, уг шаардлагыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийж шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

14. Хариуцагч Х.Жгийн гаргасан зээлийн хүү 24,409,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,891 төгрөг, нийт 24,534,386 төгрөгийг нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн нэхэмжлэлээс хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй боловч үндсэн нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэл буюу сөрөг нэхэмжлэл гэж үзэхгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байгааг дараах байдлаар зөвтгөнө.

Хариуцагч нь сөрөг шаардлагынхаа үндэслэл болох цар тахал, гал түймрийн нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоолгох, хасуулах, зээлийн гэрээнээс татгалзах санал, шаардлага нэхэмжлэгч банкинд гаргасан, банк хариу өгөөгүй гэх байдлаа нотлох баримтаар нотлоогүй тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болно.

 

15. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/03131 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.С ХХК, Х.Ж, Т.М нараас 77,940,260 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтын Х.Ядамсүрэнгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205050387 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хороолол /16064/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 71 дүгээр байрны 71 тоот 44.51 м.кв талбай бүхий сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Х.Б ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчА.С ХХК, Х.Ж, Т.М нарт холбогдуулан гаргасан Х.Ядамсүрэнгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050387 дугаартай, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол /16064/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 71 дүгээр байрны 71 тоот хаягт байрлах, 44.51 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн төлсөн 234,475 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА