Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02046

 

 

 

 

 

 

 

2022 11 25 210/МА2022/02046

 

 

 

 

И ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02893 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.З холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5,499,533 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.Золбоот нь И ББСБ ХК-тай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр В17019120309 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,744,820 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь уг зээлээр Сайн интернэшнл ХХК-аас гар утас худалдан авсан бөгөөд зээлдэгчийн зөвшөөрлөөр уг компанийн Хаан банкны *** тоот дансанд 2,744,820 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 2,588,100.76 төгрөг, зээлийн хүү 913,757.5 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 3,510,858.27 төгрөг нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн хүү 2,093,250.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,071 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 5,802,180.09 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа 5,449,533 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Золбоот нь төрөлхийн оюун ухааны хөнгөн хомсдол гэсэн оноштой хөгжлийн бэрхшээлтэй, бие даан хэлцэл байгуулах иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй тул уг төлбөрийг хариуцах боломжгүй юм. Зээлдүүлэгчээс зээлдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогүйгээс уг асуудал үүссэн. Мөн уг олгосон зээлээр гар утас болон телевизор авах гэрээ хийсэн боловч Сайн интернэшнл ХХК-аас уг зүйлийг хүлээлгэн өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Золбоотоос 4,879,421 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 570,112 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И ББСБ ХК-аас улсын тэмдэгтийн төлсөн 122,736 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Золбоотоос 93,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Б.Золбоот нь төрөлхийн оюуны хомсдолтой гэсэн эрүүл мэндийн дүгнэлттэй, группэд байдаг иргэн. Одоо 29 настай боловч, өөрийнхөө төрсөн жил, насыг ч мэддэггүй, ойр зуурын тоо бодож чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, гэрээ хэлцэл хийж чадна гэж дүгнэсэн СЭМҮТөв эмнэлгийн эмч нарын дүгнэлттэй санал нийлээгүй, илтэд илэрхий хүнийг иргэний эрх зүйн чадвартай гэж дүгнэсэн тул шүүх хуралдааны өмнө хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Төрөлхийн оюуны хомсдол бол хэзээ ч эдгэшгүй өвчин гэдэг нь хэнд ч илэрхий, СЭМҮТ-ийн эмч нарын дүгнэлт үндэслэлгүй гарсан тул эрх зүйн чадамжийг дахин өөр баг бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн шинжээчийн багаар тодорхойлуулж, хариуцагчийн хувийн байдлыг тогтоох нь маргааны хувьд чухал ач холбогдолтой үйл баримт юм.

4.б. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүү нийт 3,854,584 төгрөг төлөх байтал шүүхээс нэхэмжлэл гаргасны дараа ч хүүгийн төлбөр нэмж тооцон гаргуулсан нь буруу. Учир нь зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дууссан, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хүүгийн төлбөр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн зогсох ёстой. Иймд үндэслэлгүй их хэмжээний хүү төлүүлэхээр шийдвэрлэж, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.а. Хариуцагч Б.Золбоотыг оюуны хомсдолтой талаар тайлбар гаргаж, СЭМҮТ-ийн шинжээчээр дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал гаргасныг шүүх хангаж шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Б.Золбоотыг иргэний эрх зүйн чадамжтай, гэрээ хэлцэл байгуулах, түүнтэй холбоотой эрх эдлэх, үүрэг хүлээх чадамжтай гэж дүгнэсэн нь бодит нөхцөлд нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт. Б.Золбоот нь нэр болон зээл авч байх үеийн үйл явдал, ойр зуурын асуулт, тоо нэмэх, хасах зэргээр хариу үйлдэл үзүүлж байсан талаар дурдсан ба өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна гэж үзсэн.

5.б. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй ба анхан шатны шүүхээс нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Б.З холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,449,533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэх үндэслэлээр маргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Б.Золбоотын хэлцэл хийх эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2022/09002 дугаар захирамжаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ. (хэргийн 105-106 дахь тал)

 

3.а. Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийх, тодруулбал тухайн этгээд хэрэгт хувийн сонирхолгүй, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг урьдчилан тодруулахаар заасан боловч уг ажиллагааг шүүх гүйцэтгээгүй байна.

 

3.б. Үүнээс гадна нэр бүхий 3 шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ажиллагаа зохих ёсоор хийгдээгүй. Хэрэгт авагдсан хууль тайлбарласан тухай баримтад огноо тусгаагүй, 2 хүний гарын үсэг байх боловч нэр бичигдээгүйгээс хэнийх болохыг тодорхойлох боломжгүй байна. (хэргийн 107 дахь тал)

 

4. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаарх нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт зөрүүтэй тусгагдсанаас зохигч талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрхэн мэтгэлцсэн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй байна.

 

Мөн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг өөрчилж нэмэгдүүлсэн талаар шүүх үндэслэл бүхий тооцоолол, дүгнэлт хийгээгүй, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхэд анх нэхэмжилсэн хүү 913,757.5 төгрөгийг давхар тооцсон, мөн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн өдрөөр тооцсон баримт шүүхэд гаргасныг тус тус нэхэмжлэгчээс тодруулж, маргааны үйл баримтыг тогтоогоогүй. (хэргийн 114 дэх тал)

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, мөн хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02893 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Золбоотын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА