Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02050

 

 

 

 

 

 

2022 11 30 210/МА2022/02174

 

К.Б Б.Э.Х.А

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/02855 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч К.Б Б.Э.Х.А нэхэмжлэлтэй, хариуцагч С.Т.М И ХХК, Б.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 414,878,321 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, С.Оюунбилэг, хариуцагч С.Т.М И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Агийн өмгөөлөгч Г.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар К.Б ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасны дагуу К.Б , түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкийг төлөөлөх, удирдах болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. С.Т.М.Ил ХХК нь 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 54 дугаартай зээлийн гэрээг байгуулж 38,500 ам.долларыг 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2009 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл буюу 24 сарын хугацаатайгаар сарын 1.6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөн тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 54 дугаартай Барьцааны гэрээг байгуулан оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгчийн К.Б ин дахь 2000004149 дугаар дансанд 38,500 ам.долларыг шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикт cap бүр төлж байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй бөгөөд 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 7,755.18 ам.доллар нэмэгдүүлсэн хүүгээс 1,749.44 ам.доллар нийт 9,504.62 ам.долларыг төлснөөс хойш дахин зээлийн төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд С.Т.М.Ил ХХК болон түүний захирал Б.А нараас 145,155.74 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны албан ханшаар 414,878,321 төгрөгийг гаргуулж К.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Агийн тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие К.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас ирсэн С.Т.М.И ХХК болон Б.А нараас 145,155.74 ам.доллар буюу 414,878,320.81 төгрөгийг гаргуулж К.Б ХХК-д олгуулахаар гаргасан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 240 тоот нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээж авсан. Би уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2007 онд 38,500 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч, уг мөнгийг бэлэн болон бэлэн бус байдлаар хүлээн аваагүй. 2011 оноос хойш К.Б зээлийн өр төлбөрийн талаар бидэнтэй харьцаа холбоо үүсгээгүй. Түүнчлэн Б.А нь зээлийн гэрээнд компанийн гүйцэтгэх удирдлагын гүйцэтгэх удирдлагын хувьд гарын үсэг зурсан ба хувь иргэний хувьд өөрийгөө уг гэрээнд хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Т.М И ХХК, Б.А нараас 414,878,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К.Б Б.Э.Х.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчингүй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. С.Т.М И ХХК нь 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 54 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 38,500 ам.долларыг 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2009 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл буюу 24 сарын хугацаатайгаар сарын 1.6 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд захирал Б.А нь гарын үсгээ зурсан байна гэж шүүхээс зөв дүгнэсэн атлаа гэрээгээр тохиролцсон 38,500 ам.долларыг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Учир нь банк зээлдэгчтэй зээл болон барьцааны гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч нь 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 7,755.18 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1,749.44 ам.доллар нийт 9,504.62 ам.долларыг төлсөн байдаг нь зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч нотолсон үйлдэл байсныг шүүх дүгнээгүй.

4.б. Мөн зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан гэх баримт байхгүй гэж дүгнэсэн нь бас үндэслэлгүй болсон. Учир нь Банкны эрх хүлээн авагч томилогдсон цагаас эхлэн зээлдэгчтэй холбоо барьж зээлийн төлбөр барагдуулах талаар шаардаж байсан ба мэдэгдлийг шуудангаар явуулж байсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Т.М И ХХК-ийн гүйцэтгэх захирлын нөхрийн танил н.Бат-Өлзий гэх хүн 2002 оны 12 дугаар сард өөрийн орон сууцаа барьцаалж, К.Б ХХК-аас 50,000,000 төгрөгийг зээлсэн. Тус 50,000,000 төгрөгийг С.Т.М И ХХК авч, өөрийн өр зээлэнд тооцож төлсөн. Тухайн үед К.Б ХХК-д өртэй болсон гэж бодож байсан. Гэтэл К.Б ХХК-аас дуудан уулзаж, 50,000,000 төгрөгийг зээл чинь өсөөд байгаа, Монгол банкнаас шалгалт орох гэж байна, 2 гэрээнд гарын үсэг зураад өг гэж хүссэний дагуу 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан боловч тус 38,500,000 ам.долларын зээлийг аваагүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл К.Б ХХК дотооддоо 38,500,000 ам.долларыг зээлийн данс руу орсон мэт бичилт хийсэн байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 38,500 ам.долларыг захиран зарцууулсан харилцах дансны хуулгыг гаргуулахаар хүсэлт гаргаж байсан боловч энэ талаар баримт олдоогүй. Манай компанийн хувьд уг мөнгийг огт аваагүй. 2007 оноос хойш 15 жилийн хугацаа өнгөрсөн. Зээлийн гэрээний хугацаа 2009 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. 2011 онд зээлийн төлөлтийг хийсэн. Учир нь өмнө авсан 50,000,000 төгрөгийг зээлийг автомашин, орон сууц, мөнгөн хэлбэрээр төлж дуусгасан. Сүүлд зээлийн төлөлт хийснээс 11 жилийн дараа К.Б ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хувьд дээрх хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж бодож байсан. К.Б ХХК мөн адил зээлийг төлж барагдуулсан гэж бодож байсан тул 11 жилийн хугацаанд нэг ч удаа хариуцагч нартай холбогдож байгаагүй. Банкны эрх хүлээн авагч томилогдсны дараагаар хуурамчаар хийсэн бичилттэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус зээлийг аваагүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч К.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч С.Т.М И ХХК, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 145,155.74 ам.доллар буюу 414,878,320.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ... 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний дагуу 38,500 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, мөн сарын 28-ны өдөр зээлдэгчийн К.Б ин дахь 2000004149 дугаар дансанд 38,500 ам.долларыг шилжүүлсэн гэж тайлбарласан.

3. Хариуцагч эс зөвшөөрч ... гүйцэтгэх захирал Б.Агийн танил Бат-Өлзий нь 2002 оны 12 дугаар сард К.Б ХХК-аас 50,000,000 төгрөг зээлж, уг мөнгөн хөрөнгийг манай компани ашигласан, 2007 онд банкны зүгээс зээлийн үлдэгдэл 58,500 ам.доллар болсон учраас зээлийн гэрээг салгаж, Б.Мөнхмаагийн нэр дээр 20,000 ам.доллар, манай компанийн нэр дээр 38,500 ам.доллар авсан мэтээр зээлийн гэрээ байгуулсан, 38,500 ам.доллар бэлнээр болон дансаар хүлээн аваагүй, 2011 он хүртэл тодорхой хэмжээний мөнгөн төлөлт, Тоёота прадо 77 маркийн автомашин, Сүхбаатар дүүрэгт байршилтай орон сууц зэргээр төлж барагдуулж дууссан, 11 жилийн хугацаанд зээлийн асуудлаар бидэнтэй холбогдоогүй гэх үндэслэл заан тайлбарласан байна.

4. Дээрхээс үзвэл зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан эсэх асуудлаар талууд маргажээ.

5. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Тодруулбал,

5.а. Хариуцагч талаас 2002 оны 12 дугаар сард байгуулсан зээлийн гэрээний хувийн хэргийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хяэлэлцсэн боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. (хэргийн 45-48 дугаар тал) Талуудын маргаж буй үйл баримтыг тогтооход 2002 оны зээлийн гэрээ ач холбогдолтой байх боломжтой.

5.б. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгад 38,500 ам.доллар зээлийн үлдэгдэл суулгав гэсэн бичилт хийгдсэн байна. (хэргийн 21 дэх тал)

5.в Мөн хариуцагчийн 2011 онд автомашин, орон сууцаар зээлийг төлсөн, 2011 оноос хойш зээлээ шаардаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлан маргажээ. Энэ тохиолдолд анхан шатны шүүх маргаж буй асуудлын талаар талуудаас тодруулж, мэтгэлцүүлэх ёстой байжээ.

 

6. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй, мөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/02855 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч К.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.ЗОЛЗАЯА